Jump to content

Арал тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Арал тэнгис. 1960 он
Арал тэнгис, 2003 он. 50 жилийн өмнөхтэй харьцуулахад тэнгисийн тал нь ширгэсэн байна
1960–2014

Арал тэнгис (хас. Арал теңізі, Монгол. Арал тэнгис Орос: Аральскοе мοре, узб. [Orol dengizi (Орол денгизи)] Error: {{Lang}}: text has italic markup (help)) нь Төв Азид, Казахстан, Узбекистан хоёр улсын хооронд орших, эх газар дундын тэнгис юм. Уг тэнгис нь нэг га талбайд 1000 ба түүнээс олон аралтай учраас уг нэрийг авжээ. Кайнозойн галавын үед (21 сая жилийн өмнө) зэргэлдээх Каспийн тэнгис, тэр дундаа гадаад их далайтай холбоотой байжээ.

1960-аад оноос эхлэн Арал тэнгис нь маш хурдан ширгэж эхэлсэн нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын үед, Арал тэнгист цутгадаг Амударья, Сирдарья мөрний гольдролыг өөрчлөн урсгасантай холбоотой юм.

1960 онд 68,000 км² талбайтай, 1100 км³ усны нөөцтэй байсан уг тэнгисийн усны нийт эзэлхүүний 80% нь ширгэж, усаар бүрхэгддэг байсан гадаргуугийн 60% нь хуурай болсон байна. 1998 оны байдлаар тэнгисийн гадаргуугийн талбай 28,687 км², 2004 онд 17,160 км² болж багасcан ба 1960-аад онд 10 гр/л байсан усны давсжилт, мөн үед 45 гр/л болж нэмэгджээ. Орос, Казак, Узбек улс болон ОУХН-ын холбогдох байгууллагын оролцоотойгоор Арал тэнгис, түүний сав газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг 2010-2015 хооронд эхний шатанд хэрэгжүүлэхээр болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Амударья, Сырдарья мөрний гольдролыг сэргээн урсгасан ч усны төвшин нь наанадаж 200 жилийн дараа хуучин хэвэндээ орно, түүний ай сав газрын экологи нөхөн сэргэхгүй, хэтэрхий оройтсон арга хэмжээ хэмээн үзэж байна. Арал тэнгисийг аврах найдлага тасарсан ч ширгэлтийг нь бууруулж, бүсийн хүмүүсийн амьдралын нөхцлийг дээшлүүлж болно. Бүсийн орнуудын ганц нэг нь амжилт олсон боловч 20 гаруйхан жилийн түүхтэй Төв Азийн шинэ тусгаар орнуудын хамтын ажиллагаа нь амжилт олоогүй хэвээр байна. Арал тэнгисийг аврах Олон улсын сангийн (АТАОУС) Фолькер Фробарт (Volker Frobarth) Женнифер Зеринг (Jenniver Sehring) нар "Арал тэнгисийн мөхөл буюу бүхнийг эхнээс нь эхлэх оролдлогын хооронд” гэсэн өгүүлэлдээ ийм дүгнэлт хийжээ. Уг өгүүлэл Арал тэнгисийн асуудалд зориулсан Германы Zentralasienanalysen тохимлын зуны тусгай дугаарт нийтлэгджээ.

Аралкум хүрэх зам буюу хагас зууны дотор мөхсөн тэнгис

[засварлах | кодоор засварлах]

Дөнгөж хагас зууны дотор дэлхийд хэмжээгээрээ дөрөвт орох нуур Арал тэнгис "Аралкум" гэх "Аралын цөл" болон хувирав. Харьцангуй саяхан хүртэл Арал тэнгис 68 мянган кв.км талбайтай байсан бол өнөөдөр тэр 10 мянга болж усных нь 90 хувь ширгээд байна. Өдгөө энд “тэнгис” гэхээр зүйл байхгүй, хэд хэдэн тусдаа нуур болоод байгаа. Казахстаны нутгийн хойд хэсэг Сырдарья, өмнөд хэсэг Амударья мөрний усаар ундаалдаг. Байнга ширгэж ирснээс нуурын давсжилт нь далай төвшнийхөөс их болж хавчийн аймгийн ховорхон төрлөөс бусад бүх амьтад, ургамал үгүй болов. Ургамал, амьтны аймаг нь мөхсөнөөс бүсийн хүн амын дунд амьсгалын замын болон хижиг, саа, шар зэрэг бусад өвчнүүд газар авсан байна. Арал нуурын ширгэлтийн гол шалтгаан нь Төв Азийн орнуудын эрчимтэй өсч байгаа хүн амыг ажил, цалингаар хангах гэсэн Зөвлөлтийн эрх баригчдын шийдвэрээр нуурыг усаар хангадаг хоёр мөрнийх нь дагуу услалтын систем байгуулсан нь юм. Бүс нутгийн хүн ам XIX зууны сүүлчээр 10 сая байснаас өдгөө зургаа дахин өсчээ. Арал ба Аралын орчмын сүйрлийг Зөвлөлтөд 1980-аад онд хүлээн зөвшөөрсөн ч өөрчилж чадаагүй юм. 20 жилийн тусгаар тогтнол:

Нийтийн шийдлийн гарц

[засварлах | кодоор засварлах]

Хуучин Зөвлөлтийн Төв Азийн орнууд 1992 он гэхэд Аралыг аврах Олон улсын сангийн (АТАОУС) байгуулан хүчин чармайлтаа нэгтгэхээр зарласан юм. Сан нь одоо Төв Азийн таван оронг нэгтгэсэн ганц байгууллага болж байгаа. Тус бүсийн орнууд хуучин Зөвлөлт холбоот улсаас тусгаар тогтносон 20 жилийн дотор АТАОУС нь НҮБ ба АНУ-ын Засгийн газар, Европын холбоо, Швейцарийн тусламжтайгаар Арал тэнгисийн ширгэлт ба Арал орчмын цөлжилтийн эсрэг 300 сая болон нэг тэрбум гаруй долларын өртөгтэй “Арал тэнгисийн сав нутгийн хөтөлбөрүүд” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлсэн.

Zentralasienanalysen-ийн зохиогчдын хэлснээр сангийн үйл ажиллагаа ил тод биш, төслүүдийн хэрэгжилт удаан, мөн Арал орчмын нөхөн сэргээлтийн зардал хүрэлцээгүй зэргээс 2000-аад оны эхнээс эдгээр төслүүдийн дэмжлэг суларсан гэнэ. Олон саяын санхүүжилттэй төслүүд үр ашиг өгсөнгүй. Харин энэ 10 жилийн сүүлчээр бүсийн хамтын ажиллагаа дахин идэвхжиж байна. Арал орчмын асуудлыг шийдэх нийтлэг шийдвэр олдоогүй байгаа нь үнэн. Төв Азийг ундны усаар хангах үр дүнтэй системийг бий болгохын тулд 40 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсэн тооцоог Дэлхийн банк болон Швейцарийн Хамтын ажиллагаа хөгжлийн агентлагийн мэргэжилтнүүд гаргажээ. Олон улсын өглөгтэй тусламж авсан ч гэсэн тийм хэмжээний мөнгийг Төв Азийн орнууд цуглуулж чадахгүй гэж Фробарт ба Зеринг нарын шинжээчид үзэв.Сырдарья, Амударья мөрнөөс услалтын системээр ус авахыг зогсоосон ч гэсэн тэнгисийн ус 100-150 жилийн өмнө байсан хэмжээндээ нөхөн сэргээгдэхгүй гэж тохимлын нэг өгүүлэгийн зохиогч, сангийн гүйцэтгэх хорооны өнөөгийн дарга Сагит Ибатуллин ярьж байна.

Аварч болох бүхнийг аврах

[засварлах | кодоор засварлах]

Арал тэнгисийн ширгэлт, цөлжилттэй хийж буй сүүлийн 20-род жилийн тэмцлийн бага зэргийн амжилт нь бүсийн орнуудын хамтын ажиллагааны үр дүн биш харин зарим нэг орнуудын хөрөнгө оруулалтын үр дүн гэж герман мэргэжилтнүүд тэмдэглэв. Жишээлбэл, Казахстанд Бага Арал нууранд Кокаральскийн даланг бариулснаар усны төвшинг тогтворжуулан, давсжилтыг бууруулан загасны үржлийг эрс нэмэгдүүлж чаджээ. Хөрш Узбекистанд нь өөр стратегиэр ажиллан Өмнөд Аралын орчмын нутгийнхныг ундааны цэвэр ус ба ажлын байраар хангахыг илүүд үзсэн байна. Аралын цутгалангийн орчимд хэд хэдэн шинэ нуур бий болгохоор ажиллажээ. Энэ хэдийгээр бага зэрэг амжилттай болсон ч бас өөр хүндрэлтэй асуудал байсаар байгаа гэж Zentralasienanalysen тохимлын гурав дахь өгүүллийн зохиогч Искандар Абдуллаев сануулжээ.

Цаашдын ажиллагааны ерөнхий төлөвлөгөө огт тодорхой биш. “Арал тэнгисийн сав нутгийн хөтөлбөрүүд” төслийн гурав дахь нь тохиролцооныхоо төвшинд байгаа ажээ. Тухайлбал, казахууд усны янз бүрийн төвшинтэй ерөнхий тэнгистэй болох санал гаргаж байна. Тэд Бага Аралыг хадгалан харин түүнээс зүүн хэсэгт байгаа нуурын усны төвшинг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Санг ирэх оноос эхлэн гурван жил Узбекистан удирдах бөгөөд тус улс Амударья мөрний цутгалан дахь нууруудын системийг бэхжүүлэх сонирхолтой байна. Харин Туркмений эрх баригчид хэдэн арван сая еврогоор хөрөнгөжүүлэн Арал орчимд асар том цэцэрлэгт ой байгуулахыг илүүд үзэж байгаа ажээ.

 Commons: Арал тэнгис – Викимедиа дуу дүрсний сан