Казахстан
Бүгд Найрамдах Казахстан Улс | |
---|---|
Төрийн дуулал: Менің Қазақстаным (Казах) Menıñ Qazaqstanym "Миний Казахстан" | |
Нийслэл | Астана 51°10′N 71°26′E / 51.167°N 71.433°E |
Томоохон хот | Алматы 43°16′39″N 76°53′45″E / 43.27750°N 76.89583°E |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд | |
Шашин | |
Ард түмний нэршил | Казахууд Казахстанчууд[a] |
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч-намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
Касым-Жомарт Токаев | |
Олжас Бектенов | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Мажилис | |
Түүх | |
1242 | |
1465 | |
• Алаш | 12 сарын 13, 1917 |
8 сарын 26, 1920 | |
6 сарын 19, 1925 | |
• ЗСБНКазУ | 12 сарын 5, 1936 |
• Бүрэн эрхт байдлын тунхаглал | 10 сарын 25, 1990 |
• Бүгд Найрамдах Казахстан Улс болон дахин байгуулагдсан | 12 сарын 10, 1991 |
• ЗХУ-аас тусгаар тогтнов | 12 сарын 16, 1991 |
12 сарын 26, 1991 | |
8 сарын 30, 1995 | |
Газар нутаг | |
• Нийт | 2,724,900 км2 (9) |
• Усны эзлэх талбай (%) | 1.7 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 19,398,331[6] (64) |
• Нягтаршил | 7/км2 (236) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $596.666 тэрбум[7] (41) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $30,827[7] (53) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $224.338 тэрбум[7] (55) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $11,591[7] (69) |
ОТББИ (2018) | 27.8[8] бага |
ХХИ (2021) | ▼ 0.811[9] маш өндөр · 56 |
Мөнгөний нэгж | Тенге (₸) (KZT) |
Цагийн бүс | UTC+5 / +6 (Баруун / Зүүн) |
Огнооны формат | жжжж.өө.сс[b] |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +7 (6xx / 7xx) |
Домэйн нэр |
Казахстан эсвэл Казах Улс (хас. Қазақстан, Орос: Казахстан; 1991 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улс) — Дундад Ази болон Дорнод Европыг дамнан оршдог бүрэн эрхт улс. Хойд талаараа Орос, зүүн урд талаараа Хятад, урд талаараа Киргиз, Узбекистан, Туркменистантай хиллэж, баруун талдаа Каспийн тэнгист эрэгтэй далайд гарцгүй орон. Нийслэл нь —Астана.
Алтайн нуруунаас Ижил мөрөн, Баруун Сибирийн тэгш талаас Кызылкум, Тэнгэр уул хүрсэн 2 сая 725 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай дэлхийн 9-р том, далайд гарцгүй хамгийн том орон болно. 2019 онд тооцсоноор нийт хүн ам – 18 сая 400 мянга Үүнээс 69,7 хувь нь казах үндэстэн. Мөн орос, узбек, украин, уйгур, татар, герман, солонгос зэрэг 130 нэрийн ард түмэн амьдардаг. 70 илүү хувь нь ислам (суннит), 25 хувь нь христийн буюу үнэн алдартны шашин шүтлэгтэй.
Урьд цагт Казахстаныг Скиф, Түрэг, Монгол угсаатан эзэрхэж явсан. Казахын Хант Улс 15-р зуунд үүсч 18-р зуунд Оросын ивээлд орж сүүлд ЗХУ-ын мэдэлд киргизийн автономит БНУ гэж буюу ЗСБНОросУ-ын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1936 оны 12 дугаар сарын 5-нд уугуул нэрээрээ шинэчлэн зохион байгуулагдаж ЗХУ-ын бүрэлдэхүүн дотор «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс» болон өнөөгийн хил хязгаарын ерөнхий дүр зураг тогтжээ. 1991 онд ЗХУ нуран задарч БНКазУ 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарлаж 1992 оны 3 дугаар сарын 2-нд НҮБ-ын 168 дахь бүрэн эрхт гишүүн болжээ. Түрэг төрлийн бөгөөд үндсэн ард түмний казах хэл болон хуучин байсан орос гэсэн хоёр хэлийг албан ёсоор хэрэглэдэг.
Казахстан бол хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (420 тэрбум ам.доллар) дэлхийд 43-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээгээр (24000$) Дундад Азидаа тэргүүлж байна. Каспийн нам доор газраас газрын тос олборлодог. Мөнгөний нэгж — тенге. НҮБ, ЕАБХАБ, ТУХН, ШХАБ, ЕАЭЗН зэрэг олон улсын байгууллагуудын гишүүн.
Нэр
Тус улсыг казах үндэстний улс болохоор «Казах улс» гэнэ. Монгол оноосон нэр нь «Казах». Мөн -стан (улс, орон гэсэн утгатай) дагавар залгагдаж орос нэрээс «Казахстан», казах хэлнийхээс «Казакстан» (Қазақстан) гэж бичих нь бий. Энд к үсэг нь къ гэж хатуу дуудлагаар дуудагдана.
Түрэг—монгол хэлний авиа, үсэг сэлгэцээр түрэг үгийн К (Қ) нь монгол бичигт Х/Г болдог. Жишээ нь: қазақ (казах, казак) — казах, қара — хар, аймақ — аймаг.
Мөн үгийг казак (казак, козак) гэсэн славян гаралтай цэрэг ардын нэртэй андуурч болохгүй.
Газар зүй
Казах орон 2,724,900 км² нутаг дэвсгэртэй. Алжирын урд буюу дэлхийн 9-р байрын том , Монголоос том буюу далайд гарцгүй хамгийн том орон юм.
Байрлал
Уралын нуруу, Эмбе голоор таслагдаж,[10] үндсэн бие нь Ази, бага хэсэг нь Европ тивд хамаардаг. Хойд өргөргийн 40° — 56°, зүүн уртрагийн 46° — 88° дотор багтана.
Умардаас нар зөв тойруулвал Орос (хилийн урт 6846 км), Хятад (1533), Киргиз (1051 км), Узбекистан (2203 км), Туркменистан (379 км) гэсэн таван оронтой 12012 километр зурвасаар хиллэж, 1,894 км газар Каспийн тэнгист захалдаг.
Газрын тогтоц
Нутгийн 36% цөл, 18% говь, 35% тал гэдэг.[11]
Нутгийн төв хэсэгт казахуудын Сары-Арка («шар нуруу») гэж нэрийддэг өндөрлөг, түүнээс хойшлоход намссаар Ишим гол, Сибирийн тэгш тал гэж байна. Дорнод Европын тэгш тал, Каспийн нам доор газар орны өрнө хэсгийг төлөөлдөг ба Мугалжар зэрэг Уралын нурууны бага шиг уулс бий.
Нутгийн дорно тал уулархаг, Зайсан нуурын ар Алтай, өвөр нь Тарвагатайн нурууных гэдэг. Зүүн өмнөд хилээр бараг долоон мянган метр өндөртэй Тэнгэр уул, түүний ар хормой салбар уулс, түүнээс баруунш Сырдарья, Арал тэнгис хавийн нам доор, цөлөрхөг говь газар, хээр тал Каспийн тэнгис хүртэл оршиж байгаа.
Уул нуруу |
Гол мөрөн |
Нуур |
Уур амьсгал
Эх газрын уур амьсгалтай. Зундаа 30 °C-ээс дээш халж, өвөлдөө −20 °C-ээс илүү хүйтэрнэ.
Ургамал амьтан
Казах оронд 6000 зүйлийн ургамал ургадаг. Үүнээс 88 зүйл мод байх ба нутаг дэвсгэрийн 5.9%-ийг ой бүрхжээ.
590 зүйлийн шувуу, 178 зүйл хөхтөн, 39 зүйл хэвлээр явагч, 12 зүйл хоёр нутагтан, 107 зүйл загас, 30 гаруй шавж байна.
Хүн ам зүй
Он | Шашин шүтлэг [12] |
---|---|
Ислам | 70.2% |
Христ | 26.2% |
Бурхангүй | 2.8% |
Хариулаагүй | 0.5% |
Он | Хүн ам [13] |
---|---|
1926 | 6,198,465 |
1959 | 9,309,847 |
1989 | 16,464,464 |
2015 | 17,476,141 |
Казах улс 2015 онд 17,476,141 хүнтэй (дэлхийд 61-р олон) байв. 22 хувь нь 0–14 насны багачууд, 70% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 8 нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 54 хувь хотод, 46% хөдөө оршин суудаг. Жилд 1.7%-аар өсөж байан. Хүн амын нягт — 6.4 хүн/км2, жилийн өсөлт — 1.7 хувь, дундаж наслалт — 67.9 жил, хүйсийн харьцаа — 0.97.
Ард түмэн
Яс үндэс | Хүн ам (2012 он)[14] |
Хувь |
---|---|---|
Казах үндэстэн | 11,244,547 | 65.5% |
Орос үндэстэн | 3,685,009 | 21.5% |
Узбек үндэстэн | 521,252 | 3.0% |
Украин үндэстэн | 301,346 | 1.8% |
Уйгур үндэстэн | 246,777 | 1.4% |
Татар үндэстэн | 203,108 | 1.2% |
Герман үндэстэн | 181,928 | 1.1% |
Солонгос үндэстэн | 105,400 | 0.6% |
бусад ард түмэн | 671,479 | 3.9 % |
ЗХУ-д байсан улсын жишгээр олон үндэстний улс болсон. Хүн амын 65 хувь (11 сая) казах үндэстэн. Удаагаар нь орос 21 хувь (3.7 сая), узбек 3 хувь (520 мянга), украйн 1.8%, уйгур 1.4%, татар 1.2 хувь, герман 1.1%, солонгос 0.6%, турк, азербайжан, дунган, беларусь гээд 100 гаруй яс үндэс байна. 1959 оноос, ялангуяа ЗХУ бутарсанаас хойш оросын эзлэх хувь буурч казахынх өсчээ. Казахын өсөлтөд мөн Хятад, Орос, Монгол, Узбек зэрэг улсаас нүүн ирэгсэд (оралман) нөлөөлсөн. Казах үндэстэн малчин нүүдэлчин, узбек, орос нь тариачин суурин соёлтой. Казах, узбек нь адил түрэг угсаатан, ислам шашинтан, орос, украйн нь адилхан слав угсаатан, христос шашинтан.
Хэл, шашин
Хүн амын 70% ислам шашинтан (түрэг, дунган ард). Суннит дэгийг үндсэндээ барьдаг. 26% христосын шашинтан (орос, украйн). 3% шашингүй. 1990 оноос хойш шашин чөлөөтэй болж, сүм хийдийн тоо 4170 болж нэмэгджээ.
Казах хэл, орос хоёр хэл албанд хэрэглэгдэнэ. Казах хэл түрэг салбарын кыпчак бүлэгт хамаарах ба бөгөөд хархалпак, киргиз хэлтэй ойр төрөл юм. 1940 оноос кирилл үсгээр бичдэг болсон. Кирилл казах цагаан толгой 42 үсэгтэй (монголынхоос Ә, Ғ, Қ, Ң, Ұ, Һ, І үсгээр илүү).
Хот суурин
Казах улсад 86 хот байна.Улсын ач холбогдолтой 3 (Нурсултан, Алматы, Байконур), мужийн харьяа 38, районы 46 хот байна.
1. Алматы (Алма-Ата) |
10. Костанай |
Эш түүх
Эрт үе
Казах оронд шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан ул мөр байдаг. Тал хээр зонхилсон энэ газар эртнээс малчин нүүдэлчний өлгий байв. Эрт үед скиф, сака зэрэг иран угсаатан суурьшиж байв.[15] Алматы орчмоос «Алтан хүн» хэмээгдсэн сака хүний алтан хувцас олдсон. 6-р зуунаас түрэг угсаатан тус нутагт зонхилсон. Өмнөд нутгаар усунь, дорнод нутгаар хүннү, өрнөд нутгаар угор хүмүүс оршин байв. 556 оноос Түрэг улсын мэдэлд орсон. Чүй, Талас гол, Сырдарья мөрний эргийн балгадаар Торгоны зам дайрч худалдаа хөгжив. Каспи хавиар Хазар улс (650—969), Долоон уснаар Харлуг улс (756—940) тогтжээ. Арабын байлдан дагууллаар ислам шашин, араб үсэг дэлгэрсэн. X зуунаас Мавераннахр газарт Хар ханы улс, Арал, Каспи хавиар огуз түрэг байв. XI зуунд кипчак аймгууд тал нутагт түрэв.
Их Монгол Улс Дундад Азийг байлдан дагуулж, 1223 онд Зэв, Сүбээдэйн цэрэг кыпчактай тулалдаж байв. 1237 оноос Зүчийн улсын Бат ханы мэдэлд Казахын тал нутаг, харин Цагаадайн улсын харьяанд Мавераннахр оржээ. 1391 онд Төмөр хаан ялагдсанаар Дундад Азид суусан цөөн ноёрхогч монгол бүрэн түрэгжив.
Казахын Хант Улс
Зүчийн улсын доор кыпчак хэл соёл дэлгэрч казах үндэстэн бүрэлджээ. онд 1458 онд Абулхайр хан, Жанибек, Керей нар нэгдсэнээр Казахын Хант Улс (1465—1847) тогтов. 1635 оноос ойрад монгол, Зүүнгар улсынхан довтолсоор 1718 онд казахууд их жуз (өмнөд нутагт), дунд жуз (дорнод), бага жуз (өрнөд) болон гурав хэсэг ялгарчээ. 1730 оноос хойш Абулхайр, Аблай зэрэг түүхэн хан тодорч байв.
Орос, Зөвлөлтийн үе
Орос Улс Казах орон руу худалдаачин, колоничлогч казак цэргийг явуулж байв. Урал голын эрэгт Яик шивээг 1613 онд босгосноос ахиулсаар 1731 казахын бага жузийг мэдэлдээ авсанаас хойш 1818 он гэхэд олон аймаг Оросын ивээлд орсон байлаа. 1846 онд казахын сүүлчийн Кенесары хан оростой байлдаад дийлээгүй. Оросууд Оренбург, Алматы зэрэг олон суурин үүсгэжээ. Орост тэр үед казахуудыг «киргиз-кайсак» (хиргис казах), хиргисийг «кара-киргиз» (хар хиргис) гэж нэрийдэж байлаа. Оросын иргэний дайны үед «Алаш орд» (1917 -1920) автономит улс түр тогтоод няцаагдсан.
ЗХУ-ын доор 1920 онд «Хиргис» нэртэй үүссэн автономит улс 1925 онд «Казах» (казах) хэмээн нэрээ сольж, 1936 онд ЗХУ-ын бүрэлдэхүүн 15 улсын нэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс (ЗСБНХасУ) болсон нь 1991 он хүртэл хэвээр байв. 1927 онд Алма-Ата нийслэл болсон. Бүх нийт бичиг үсэг мэддэг болж, 1940 оноос казах хэлийг кирил үсгээр бичдэг болсон ба ЗХУ-ын нэгдмэл байдлын орчинд орос хэл казах хэлийг их даржээ. Сталины зарлигаар улс төрийн эсэргүү гэгдэн польш, герман, чечень, солонгос гэх мэт олон ардыг Казахын тал руу цөлж байв. 1930-аад оноос хойш аж үйлдвэр хөгжсөн. 1949 онд Семипалатинскийн цөмийн туршилтын талбай нээгдэж, 1955 онд Байконурын сансрын буудал ашиглалтад орж Юрий Гагарин 1961 онд сансарт нисч байв.
Тусгаар Казахстан
Бүгд Найрамдах Казахстан Улс 1991 оны 12 сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1992 онд НҮБ-ын гишүүн бүрэн эрхт улс болжээ. 1989 оноос Зөвлөлт Казахын тэргүүн болсон Нурсултан Назарбаев үргэлжлүүлэн тусгаар Казахын ерөнхийлөгчөөр он удаан жил ажиллаж байгаад 2019 оны 3 сард ерөнхийлөгчийн албан тушаалаа өөрийн саналаар шилжүүлсэн. 1998 онд улсын нийслэлийг Алматаас Акмола руу шилжүүлэн Астана (нийслэл) хэмээн нэрийдсэн. Улмаар Назарбаевыг ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа, 2019 оны 3 сард нийслэл хотоо Нурсултан гэж нэрлэжээ.
Төр улс
Төр засаг
Казах улс ардчилсан дэглэм, ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагтай.
Төр улсын тэргүүн нь ерөнхийлөгч байна. Тусгаар тогтносноосоо хойш ганцхан ерөнхийлөгчөөр удирдуулж ирсэн бөгөөд одоогоор ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч нь Кассым-Жомарт Токаев. Ерөнхийлөгч гүйцэтгэх байгуулагын тэргүүн ерөнхий сайдыг томилно. 1991 оноос 2019 хүртэл 9 хүн ээлжилсэн бөгөөд 2019 онд Аскар Мамин ерөнхий сайдаар томилогдсон.
Хоёр танхимт Улсын хурал (᠌Парламент) хууль тогтоон баталдаг. Дээд танхим нь 47 гишүүнтэй Сенат (чуулган), доод танхим нь 107 суудалтай Мажилис (хурал) байна. Тус улсад нэг нам зонхилдог. 2012 оны Мажилисийн сонгуулийн дүн:
- «Нур-Отан» (гэрэлт эх орон) ардчилсан нам — 83 суудал
- «Ак жол» (цагаан зам) ардчилсан нам — 8 суудал
- «Казах ардын коммунист (эв хамт) нам» — 7 суудал
Засаг захиргааны хуваарь
Казах улсын нутаг дэвсгэр их түвшинд 17, дунд шатанд 208, гуравдугаар шатанд 2740 нутаг болж хуваагддаг.[16] 17 их нутгаа «аймақ» (монгол «аймаг»-тай нэг гарлын боловч газар нутаг гэх утгатай) гэж бичдэг. Түүний 14 нь муж (облыс), 3 нь хот (улсын ач холбогдолтой хот) байна. Гурван хотоос Байконурыг 2050 он хүртэл ОХУ түрээсэлсэн.[17] Муж дотроо аудан (хошуу), мужийн хот болж хуваагдах бол улсын хот дотроо дүүрэгт хуваагдана.
Зэрэг | Засаг захиргааны нэгж (казах, оросоор) — тоо |
Нутгийн тоо | ||||
---|---|---|---|---|---|---|
I | муж (облыс / область) — 14 |
улсын ач холбогдолтой хот — 3 (республикалық маңызы бар қала / город республиканского значения) |
17 | |||
II | хошуу — 160 (аудан / сельский район) |
(мужийн) хот — 38 (қала / город) |
дүүрэг — 10 ( аудан / городский район) |
208 | ||
III | баг — 2453 ( ауыл округ / сельский округ) |
суурин — 241 (кент / посёлок) |
(хошууны) хот — 46 (қала / город) |
2740 | ||
Нийлбэр | Гурван түвшний таваас долоон зүйлийн 2965 нутаг |
|
|
Нэг муж дунджаар 1.03 сая хүн, 194 мянган км² талбай хамардаг бол аудан хамгийн багадаа 10 мянган хүн, 1700 км² талбайтай гэнэ. Мужийн хотуудаас 650 мянган хүнтэй том, 5 мянган хүнтэй жижиг нь ч байх бөгөөд энгийн суурины дунд 59,425 оршин суугчтай том байх нь үнэхээр харилцан адилгүй.
Цэрэг зэвсэг
Казахстаны зэвсэгт хүчин хуурай замын, нисэх, агаарын довтолгооноос хамгаалах, тэнгисийн, хүндэт харуулын гэж салбарладаг. Цэргийн албан хаагчийн тоо 31,000. Батлан хамгаалахын зардал ДНБ-ын 1.1%.
Зөвлөлт, Орост үйлдвэрлэсэн зэвсэг техниктэй. Жишээлбэл Т-72 танк — 670 ширхэг, БТР-70 хуягт — 190, БМ-21 пуужин харвагч машин — 190, МиГ-29 сөнөөгч онгоц — 39 байна. Тэнгисийн цэргийн боомт нь Актау.
Гадаад харилцаа
Казах улс хөршүүдтэйгээ найрсаг харилцаатай. НҮБ, ЕАБХАБ, ТУХН, ШХАБ, ЕАЭЗН, ИХАБ зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм. Дэлхийн 130 оронтой, түүнээс Монгол Улстай 1992 оны 1-р сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.[18]
Сансрын буудал бүхий Байконур хотыг Оросын Холбооны Улсад түрээслүүлсэн.
Аж байдал
Эдийн засаг
2014 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 420 тэрбум ам.доллар байсан. Нэг хүнд 24000 $ ноогдоно. Дундад Азид эдийн засгийн чадавхаар тэргүүлдэг. Жилийн өсөлтийн хувь — 8%. Мөнгөний нэгж — тенге.
Газрын тос, шатдаг хийн олборлолтоос их орлого олдог. Мөн нүүрс, өнгөт төмөрлөг, төмрийн хүдэр, үр тариа экспортолдог.
Банкны системийн хөгжил сайн. Банкны нийт хөрөнгийн хэмжээ 50 сая доллар байдгаараа Украйны жишигт хүрсэн. Үнийн өсөлт тогтвортой 10%-аас бага.
Зам тээвэр
Казахстан 189,000 километр авто замтайгийн 108,100 км нь цардмал зам. Улсын хэмжээнд 3,264,400 тээврийн хэрэгсэл байна. Алматаас эхтэй Узбек, Оросын хил хүрсэн таван чиглэлийн хурдны зам тавигдсан байдаг.
Төмөр замын урт 15333 км бөгөөд Казахын төмөр зам ТӨХК ажилладаг. Бүх таван хөрштэйгээ төмөр замаар холбогдсон. Хятад улстай Достык хилийн боомт, Зүүнгарын хаалгаар холбогдоно. Цариг сольдог. Алматы, Астана хоёр хот метротой.
Иргэний агаарын тээврийн Эйр Астана компани Алматын олон улсын нисэх буудал, Астанагийн олон улсын нисэх буудал, Атыраугийн нисэх буудлыг ашиглан дотоод, гадаадын нислэг үйлдэнэ. Улсын хэмжээнд 22 томоохон нисэх буудал бий.
Өв соёл
Боловсрол
Казахын насанд хүрэгчдийн 99.5% бичиг үсэгт тайлагдсан. Хүүхдүүд бага (1-4 анги), дунд (5-9 анги), бүрэн дунд (10, 11, 12) боловсрол эзэмшдэг. Дээд боловсрол бакалавр, магистр, докторын зэрэг гээд шатлана. Томоохон их сургууль:
- Аль-Фарабийн нэрэмжит Казахстан улсын их сургууль
- Лев Гумилёвын нэрэмжит Евразийн улсын их сургууль
- М. Ауэзовын нэрэмжит Өмнө Казахстаны улсын их сургууль
- Е. Букетовын нэрэмжит Карагандын улсын их сургууль
Баяр ёслол
Баяр ёслолын өдрүүд:
- 1 сарын 1 — Шинэ жил — (хас. Жаңа жыл)
- 1 сарын 7 — [Үнэн алдартны шашны] Христийн төрсөн өдөр — (Орос: Рождество Христово)
- 3 сарын 8 — Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр — (Халықаралық әйелдер күні)
- 3 сарын 21-23 — (шинэ жил) Наурызын баяр — (Наурыз мейрамы)
- 5 сарын 1 — Казахын ард түмний эв нэгдлийн баяр — (Қазақстан халқының бірлігі мерекесі)
- 5 сарын 7 — Эх орноо хамгаалагсдын өдөр — (Отан Қорғаушы күні)
- 5 сарын 9 — Ялалтын өдөр — (Жеңіс күні)
- 7 сарын 6 — Нийслэлийн өдөр — (Астана күні)
- 8 сарын 30 — Казахстан улсын үндсэн хуулийн өдөр — (Қазақстан Республикасының Конституциясы күні)
- 10 сарын нэгэн өдөр — Курбан айт — (Құрбан айт)
- 12 сарын 1 — Анхны ерөнхийлөгчийн өдөр — (Тұңғыш Президент күні)
- 12 сарын 16-17 — Тусгаар тогтнолын өдөр — (Тәуелсіздік күні)
Урлаг
Казах үндэстний урлагт суурилдаг. Домбор, кобыз хөгжмийн зэмсэг бий. Гэр урлал, нэхмэл эртнийх.
Казах зохиолч, философич: Абай Кунанбаев, Макатаев, Шакарим, Байтурсынов, Чокан Валиханов, Олжас Сулейменов, Мухтар Ауэзов, Габит Мусрепов гэх мэт.
Шакен Аймановын нэрэмжит «Казакфильм» (Казах кино) студи 1934 онд нээгдэж, олон кино бүтээсэн.
Бешбармак, казы, куырдак, плов зэрэг хоол уламжлан хийж иржээ.
Спорт
Байга, кыз куу, кокпар, казах бөх барилдаан, тогыз кумалак, асык зэрэг уламжлалт тоглоом наадгай байна.
Казахстан улсын баг 1994 оноос хойш өвөл, зуны олимпод орж эхэлсэн. 2015 оны байдлаар Зуны олимпоос нийт 52, үүнээс 16 алт, Өвлийн олимпоос нийт 7, үүнээс 1 алтан медаль хүртээд байна. Бокс, бөх барилдаан, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, гүйлтийн цанаар алтан медаль хүртэж байв. Дугуйчин Александр Винокуров, цаначин Владимир Смирнов зэрэг алдартай тамирчид бий.
Олон нийтийн дунд хөлбөмбөг хамгийн их дэлгэрсэн. Казахын хөлбөмбөгийн дээд лигт 12 баг тоглодог. Казахстан улсын хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 134-р байрыг эзэлж байна. Европын хөлбөмбөгийн холбооны тэмцээнд тоглодог болсон.
Зургийн цомог
-
"Тамгалы-Тас" бурхант хад
-
Буддын сүм (Алматы муж)
-
Зүчийн бунхан
-
Казахын Наурузын баярын үе
-
Казахын мужууд (орос.)
-
Зам тээврийн газрын зураг
-
Физик газар зүйн зураг
Тэмдэглэл
Лавлах, тайлбар
- ↑ "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2023-06-11. Татаж авсан: 2023-07-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ https://stat.gov.kz/api/iblock/element/20969/file/kk/
- ↑ "2021 жылғы Қазақстан Республикасы халқының ұлттық санағының қорытындылары" [Results of the 2021 Population Census of the Republic of Kazakhstan] (Kazakh хэлээр). Agency of Strategic Planning and Reforms of the Republic of Kazakhstan National Bureau of Statistics. Archived from the original on 2 Есдүгээр сар 2022. Татаж авсан: 19 September 2022.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Viktorova, Polina (30 November 2022). "How the Number of Believers Changed in Kazakhstan". CABAR.asia. The Institute for War & Peace Reporting. Татаж авсан: 11 March 2023.
- ↑ Schneider, Johann F.; Larsen, Knud S.; Krumov, Krum; Vazow, Grigorii (2013). [[[:Загвар:GBurl]] Advances in International Psychology: Research Approaches and Personal Dispositions, Socialization Processes and Organizational Behavior] (англи хэлээр). Kassel university press GmbH. p. 164. ISBN 978-3-86219-454-4. Архивласан огноо 27 February 2018.
{{cite book}}
: Check|url=
value (help) - ↑ "Kazakhstan". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 7.0 7.1 7.2 7.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 2 January 2023.
- ↑ "GINI index (World Bank estimate)". data.worldbank.org. World Bank. Архивласан огноо 18 May 2020. Татаж авсан: 25 December 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 25 December 2022.
- ↑ Европа — статья из Большой советской энциклопедии
- ↑ "Информация о Казахстане на официальном сайте Президента РК". Archived from the original on 2009-11-30. Татаж авсан: 2013-07-19.
- ↑ Демоскоп Weekly
- ↑ Демоскоп Weekly
- ↑ "Численность населения Республики Казахстан по отдельным этносам на начало 2014 года". Archived from the original on 2015-04-28. Татаж авсан: 2015-05-20.
- ↑ "Scythian", The New Encyclopædia Britannica, Micropædia, vol. Volume 10 (15th ed.)
- ↑ Географическое положение, природные условия
В республике 14 областей, 86 городов, в том числе 2 города республиканского подчинения (г. Астана, г. Алматы), 168 районов (8 районов в городах), 174 поселка
- ↑ Город Байконур вместе с территорией одноимённого космодрома арендован РФ до 2050 года и, являясь городом федерального значения РФ, одновременно субъектом РФ не является. Система городского управления определяется статьей 5 Соглашения между [[РФ|Российской Федерацией и Республикой Казахстан о статусе города Байконур, порядке формирования и статусе его органов исполнительной власти от 23 декабря 2005 г. (см. Байконур. Юрисдикция)
- ↑ Монгол, Казакстаны харилцааны тухай (Memento 10. Есдүгээр сар 2015 цахим архивт) (2010)