Украин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Украйн» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Украин улс
ᠤᠻᠷᠠᠶᠢᠨ᠌ ᠤᠯᠤᠰ
Україна (украйн)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
укр. «Ще не вмерла України ні слава, ні воля»
(Украины алдар нэр ч, эрх чөлөө ч мөхөөгүй)
Европ (хар саарал) дахь Украины (ногоон) байршил
Европ (хар саарал) дахь Украины (ногоон) байршил
Нийслэл COA of Kyiv Kurovskyi.svg Киев
Том хот Харьков, Одесс
Албан хэл Украин хэл
Албан үсэг кирил үсэг
Ард түмэн 
(2001 он)
77.8% – украин үндэстэн
17.3% – орос үндэстэн
4.9% – бусад ард түмэн[1]
 -  Нутгийн олон 100% – Украиныхан
(Украин улсынхан)
Төр засаг Холимог бүгд
найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Петро Порошенко (2014)
 -  Ерөнхий сайд Володымыр Гройсман (2016)
Улсын хурал укр. «Верховна Рада»
(Дээд Зөвлөл)
Тусгаар тогтносон нь
 -  ЗХУ-аас 1991 оны 8 сарын 24 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 603,628 км2 (46)
 -  Гадаргын ус (%) 7.0%
Хүн ам
 -  Тооцоо (2010) 45,888,000[2] (28)
 -  Тооллого (2001) 48,457,102.[1] 
 -  Нягт сийрэг 77 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $329.497 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $7,233[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $164.960 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $3,621[3] 
ОТББИ (2008) 27.5[4] (дундаж
ХХИ (2011) 0.729[5] (сайн) (76)
Мөнгөний нэгж украин гривна (UAH)
Цагийн бүс ДЕЦ (НЗНЦ+2[6])
 -  Зуны цаг ДЕЗЦ (НЗНЦ+3)
Утас, домэйн +380 / .ua, .укр
Нэр томъёо UA, UKR / байхгүй

Украин (укр. Україна) буюу Украйн нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Трансднистриа) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм.

Украин улсын түүх нь зүүн Славуудаас эхэлжээ. 9-р зууны үеэс Украйны газар нутаг нь Викингүүдээр удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох Киевийн Русийн төв байсан нь 12-р зуунд хуваагдаж задарсан билээ. 14-р зуунаас хойш Украйны газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж, 19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, улмаар Украйн нь 1922 онд ЗХУ-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн ба дараахан болон 1954 онд ч Крымыг шилжүүлсний дараа ЗСБН Украйн улсын газар нутаг баруун тийш тэлжээ. 1945 онд ЗСБН Украйн улс нь НҮБ-ын анхны гишүүн орнуудын нэг болжээ. 1991 онд ЗХУ задарснаар Украйн нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.

Украин нь нэгдмэл улс бөгөөд 24 муж (область), 1 автономит бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн 2 хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрдэнэ. Украйн нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог. 2004 оны сүүлчээр Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулсны үр дүнд парламент, ерөнхий сайд, кабинетийн хоорондох хүчний тэнцвэр болон тэдний ерөнхийлөгчтэй харилцах харилцааг өөрчилжээ.

Газар зүй[засварлах | edit source]

Украйн 603,628 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Мадагаскараас арай том буюу дэлхийн 46-р том орон юм. Оросын Европ дахь хэсгээс жижиг ч Францаас том болохоор Европт нутаг дэвсгэрээрээ хоёрдугаарт орно.

Физик газар зүйн зураг
Херсон муж дахь тариалангийн талбай

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 44° — 53°, зүүн уртрагийн 22° — 41° дотор дорно Европын өмнөд биед оршдог. Хөндлөн 1316 километр, гулд 740 километр газар сунасан тэгш өнцөгтөрхүү хэлбэртэй. Дорнод талаараа Орос (1955 км хил), умард талаараа Беларусь (1084 км), баруун талаараа Польш (542 км), Словак (98 км), Унгар (135 км), Молдав (1202 км, үүний 405 км нь Приднестр оронтой), Румын (608 км) гэсэн 7 улстай газраар хиллэж, өмнөд талдаа Хар тэнгис, Азовын тэнгист тулдаг. Эргийн урт — 2835 км.

Европ тивийн газар зүйн төв цэг Украйн улсын Закарпат мужийн нутаг Рахов хотоос холгүй байна гэсэн судалгааг Зөвлөлтийн эрдэмтэн гаргажээ.

Газар ус[засварлах | edit source]

Украйн орон ерөнхийдөө Дорно Европын тэгш талд байна. Нутгийн 71% нам доор газар, 26% өндөрлөг , 3% уул нуруу гэдэг. Нам доор газар нь нутгийн өмнөд (тэнгисийн эрэг), хойд (᠌Полесийн), гол дундуур (Днепр орчмын) байдаг бол нутгийн баруун өмнөд бие уулархаг буюу Карпатын нуруу, түүний ар бэл байна. Хажуугаар нь Днеприйн баруун өндөрлөг, Волыний өндөрлөг, нутгийн зүүн талаар Төв Оросын өндөрлөг байхаас гадна Крымын урд эргээр Крымын нуруу гэж бий. Говерла (2061 м) уул хамгийн өндөр цэг бол тэнгисийн эрэг нам доор цэг нь болно. Украйны тал нутгийн дундуур Днепр, Донец, Өмнө Буг зэрэг гол мөрөн урсдаг.

Украйны Карпат

Уур амьсгал[засварлах | edit source]

Украйн эх газрын уур амьсгалтай. Карпатын уур амьсгал арай өөр. Нутгийн баруун биеэр жилд 1,200 мм хур тунадастай бол зүүн хэсгээр 400 мм байх жишээтэй. Өвөл тэнгисийн эргээр арай дулаан, эх газрын гүн рүү арай хүйтэн. Жилийн агаарын дундаж температур 8 °C байдаг.

Украйны дорнод талын зурам

Амьтан ургамал[засварлах | edit source]

Украйны зүүн хэсгээр тал хээр, баруун хэсгээр ой мод, уултай. Амьтан ургамал нь түүнд зохицсон байдаг. Ойд шилүүс, чоно, зэрлэг гахай, хүрэн баавгай, голд минж, халиу, булга байна. Загаснаас мөрөг, зоодой загас байдаг ба орон даяар 6000 зүйлийн ургамал байна.

Ашигт малтмал[засварлах | edit source]

Украйн орон төмрийн хүдэр, нүүрс, манган, шатдаг хий, газрын тос, давс, хүхэр, бал чулууны нөөцтэй.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Яс үндэс Хувь
(2001 он)
Украйн үндэстэн 77.1 %
Орос үндэстэн 17.3 %
Беларусь үндэстэн 0.6 %
Молдав үндэстэн 0.5 %
Крымын татар 0.5 %
бусад ард түмэн 4.0 %
Украин хувцас
Украины муж бүрт төрөлх орос хэлтний эзлэх хувь

Украин дэлхийн 194 улсаас 31–р олон хүнтэй улс юм. Гэсэн ч 1990 оноос Украины хүн амын тоо буурсаар байна. 1993 онд 52 сая байснаа 2001 онд тоолоход 48 сая , 2014 онд тооцоход 44,291,413 болжээ. 2010 оны үед мянган хүн тутамд 10 хүн төрж, 15 хүн өнгөрч байжээ. Одоо нэг км² газарт 77 хүн ноогдож байна. Аж үйлдвэр хөгжсөн дорнод нутаг (Донецк, Луганск, Харьков, Днепропетровск), Карпатын араар (Львов, Ивано-Франковск, Черновцы) хүн ам илүү шигүү оршин суудаг.

Ард түмэн[засварлах | edit source]

Яс үндэс[засварлах | edit source]

Украины хүн амын дийлэнх олонх 77.8 хувийг украин үндэстэн эзэлж байна. Дараах 17.3 хувийг оросууд бүрдүүлж, үлдсэн 4 хувьд беларусь, молдав, крымын татар, болгар, унгар, румын, польш, еврей хүмүүс байна. Украин, орос, беларусь, польш нь слав угсаатан юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө еврей, польш, германчууд одооныхоосоо илүү хувь эзэлдэг байсан.

Хэл бичиг[засварлах | edit source]

Украин, оросын хэл хоёул дорнод слав бүлэгт хамаарагдана. Украин улс ЗХУ-аас тусгаар тогтноод украин хэлээ албан ёсоор хэрэглэх болсон ч ардын дунд орос хэл түгээмэл хэрэглэгдсээр байна. 2001 оны хүн амын тооллогоор 67% нь төрөлх украин хэлтэй, 30% нь төрөлх орос хэлтэй гэж мэдүүлсэн бол 2004 оны нийгмийн судалгаанд 42% украинаар, 45% оросоор хэлэлцдэгээ хэлжээ.

Украин, орос хоёул нэгэн төрлийн, бас кирил үсгээр бичдэг ч үсэг нь шууд хөрвөхгүй. Тухайлбал украины ᠌"г" үсэг /h/ авиагаар хэлэгдэж, "ґ" нь [г], "i" нь [и], "ї" нь [йи], "и" нь [ы] (жишээ нь Київ = Кыйив) болж галиглагдана. Бас лицарь - [рыцарь] гэж гийгүүлэгч сэлгэдэг.

Шашин шүтлэг[засварлах | edit source]

Украинд шашин шүтэх нь хүний эрх дурын хэрэг. Хүн ардын 88 % христийн шашин шүтдэг, гол нь үнэн алдартны, бас католик, протестант шашны ёс уламжлалтай. Энд Үнэн алдартны урсгал Христийн тооллын X—XII зуунаас дэлгэрсэн ба Киевийн, Москвагийн сүмийг дагадгаараа дотроо ялгарна. Социалист дэглэмийн үед шашин шүтлэг хориотой байсан тул 1990-ээд оноос шашин итгэл үнэмшлээ сэргээж эхэлсэн. Крымын татарчууд ислам шашин, еврей нь иудейн шашин шүтдэг.

Хот суурин[засварлах | edit source]

Украины хүн амын 67.2% хот газар суудаг. Украинд одоо 457 хот, 886 балгас (томоохон суурин) , 28552 суурин (гацаа, тосгон) байна.

Украин улсын арван зургаан том хот

Эш түүх[засварлах | edit source]

Эртний үе[засварлах | edit source]

Владимир гүн 988 онд христийн шашинд оржээ

Украинд палеолит, неолитийн үеийн хүний ул мөр олддог. Судлаачид 300 гаруй эртний булш, газрыг нээн судалсан.

Анхны оршин суугч нь киммер байв. Түүнийг иран угсааны скиф аймаг МЭӨ VII зуунд цохьсон. Мөн үеэс өмнөд эргээр Грекийн худалдааны суурин босч байлаа. МӨЭ 200 оноос скифийг сармат залгаж удалгүй баруун хойноос гот нүүн иржээ. Готыг Азиас ирсэн хүн аймаг 380 онд хөөж араас нь VII зуунд булгар, дараа нь хазар зэрэг түрэг угсаатан ирж Украины дорно өмнөд нутагт суужээ. Харин Украины өрнө умард нутагт слав угсаатан байсан бөгөөд тэдгээр хэдэн аймгийг полян, древлян, северян, бужан гэсэн нэрээр ялган судалсан.

Киевийн Русь[засварлах | edit source]

IX зуунаас дорнод славчууд анхны төрт улсаа байгуулжээ. Рюрик хэмээх варяг (умардын усчин, худалдаачин аймаг) хүн байгуулсан гэдэг бөгөөд Новгородод (862—882) эзэн суусныг хүү Олег нь залгаж Днепр мөрнөөр урагшилж Киевт (882—1240) төвлөжээ. Үнэндээ олон аймгийн холбоо байсан ба Киевийн их гүн толгойлдог байв. 988 онд Киевийн Владимир их гүн (980–1015) Византаас христийн шашныг (үнэн алдартны шашин) залж улсын шашин болгосон бол түүний хүү Цэцэн Ярослав (1019–1054) сүм дуган, номын сан, «правда роусьскаΙа» (Русийн үнэн) гэсэн хууль цааз гаргаж улс иргэнээ сайнаар авч явжээ.

Печенегт цохиулаад русийн хүч суларсан бөгөөд Украйн орны дорнод нутагт кыпчак аймаг орж иржээ. Киевийн Русь Владимир Монамах (1113–1125)-аас хойш үндсэндээ бутарч, нүүдэлчин аймгийн дайралтад ихээр өртөн суларч ухраад 1169 оноос хойш их гүн Владимир балгаснаа суудаг болсон ба эцэстээ 1240 онд Батын удирдсан монгол цэрэг Киевийг шатааж нэгэн үеийг дуусгасан.

1619 он. XIV зуунаас Украйны ихэнх нутаг Литва, Польшийн мэдэлд орсон

Хуваагдсан газар[засварлах | edit source]

Зүчийн улс Украины зүүн өмнөд хэсгийг хянаж байсан бөгөөд төв болон баруун хэсэгт слав ноёд урьдын адил байж монгол-татарт алба барьж байлаа. 1321 онд Литвын Гедемин гүн Ирпень голын эрэгт дорнод славын цэргийг ялж Киев, Переяславль, Белгород хотыг эзэлсэн бол 1340–1366 онд Польшийн III Казимир ван Галиц-Волынь нутгийг авчээ. Үүнээс Литва, Польш олонтоо халдаар ирж их газрын эзэн суусан бөгөөд хот, суурин ч олныг үүсгэсэн юм. Үүний хажуугаар Алтан ордны өвийг залгаж 1441 онд Хажи I Герай Крым хавийн газарт Крымын ханлигийг байгуулсан нь 300 илүү жил оршин байсан.

1569 онд Литва Польшийн дээдэс ураг холбосноор Украины ихэнх нутаг Польш-Литвын хамтын нөхөрлөлийн эзэмшил болжээ. Эдгээр зуунд нутгийн ноёд польш эзнээ дагаж католик шашинд орж байсан, нутгийн ард дарлагдаж байсан нь эргээд тэмцэл өдөөж XVI зуунд Польш, Крымын хилээр хазаг анги бүрэлджээ.

Хазаг, Орос, Зөвлөлт[засварлах | edit source]

Харц язгуурт хазагуудыг Польш эхэндээ татарын эсрэг ашиглаж байсан бол Богдан Хмельницкийн удирдсан Запорожийн хазаг 1648—1654 онд Польшийн эсрэг босч өөртөө засах эрх бүхий гетман ноёлох ёсыг үүсгэжээ. Гетман ноёны газар нутаг Украины төв хэсгийг хамаарч зуу гаран жил оршсон (1649—1764) бөгөөд Украйн улс байх оршил болжээ. Польш, крымын татар (Османы туркээр дэмжүүлсэн), Орос, хазагийн (Оросыг түшсэн) газар нутгийн тэмцэл хурцдан 1657–1686 онд гучин жил байлдсаны дүнд Орос Польш хоёр Украйныг таллан авчээ. 1709 онд хазагийн гетман Иван Мазепа (1639–1709) Шведтэй хамсаж Оростой дайтаад алуулсан ба Оросын хатан хаан 1764 онд гетман тодруулахыг болиулж шууд харьяа болгов. 1772-1795 онд Польшийнх байсан баруун нутгаас Галицыг Австри, бусдыг Орос авсан төдийгүй 1783 онд Крым Орост нэгтгэгдсэн. Шинэ эзэлсэн газарт орос, украйнчууд шилжин суурьшиж Запорож (1770), Кривой Рог (1775), Херсон (1778), Севастополь (1783), Николаев (1789), Одесс (1794), Луганск гээд олон хот үүсч хөгжжээ.

XIX зуунаас Украин хөдөө аж ахуйн орон байхаа больж хотжиж, үйлдвэржиж эхэлсэн. Украйн хэлээр бүтээл туурвисан яруу найрагч Тарас Шевченко (1814–1861), эрдэмтэн, улс төрч Михаил Драгоманов (1841–1895) гээд украйн үндэстэн сэргэж босчээ. 1863, 1876 оны Оросын хатан хааны шийдвэрээр украйн хэлээр хэвлэн нийтлэхийг хориглож байв. Зууны төгсгөлд Драгоманов украйн нутаг Галицыг Австриас эргүүлэн авахаар хөөцөлдөж, тэнд тэмцэл өрнөж өөртөө засах эрх нь дээшилсэн ба XX зуунд Украйндаа нэгдсэн.

ЗСБН Украйны газар нутгийн өөрчлөлт

Дэлхийн I дайнд Орос, Австри эсрэг тал болж орсон бөгөөд үр дүнд нь хоёулаа задарсан. 1917–1920 онд Украйнд зорилго нь ижил болоод өөр тав зургаан улс үүсэхээр өрсөлдсөн бөгөөд 1919 онд нутгийн дорнод талд Харьковт төвлөн байгуулагдсан Зөвлөлт Украйн шалгарчээ. 1934 онд Киевт нийслэллэсэн. Зөвлөлт Украйн 1924 онд Зөвлөлт Орост нутаг өгч, 1939–1940 онд Польш, Румын, Чехословакаас нутаг авсан ба 1954 онд Украйн Орос оронд нэгдсэний 300 жилийн ойгоор Крымыг шилжүүлэн авсан байна. 1932–1933 онд хэдэн сая хүн өлсөж үхэж байв. Дэлхийн II дайнд Украйн галын шугам болж их хохирсон бөгөөд 5–8 сая хүнээр хорогдсон гэдэг.

Дайны дараа Украйн аж үйлдвэржсэн бөгөөд төмөрлөгийн хүнд аж үйлдвэр, армийн зэвсэг техник, өндөр технологийн үйлдвэр хөгжиж ЗХУ-ын нийт бүтээгдэхүүний 20–33 хувийг хийж байв. Украйнаас Никита Хрущев, Леонид Брежнев зэрэг нам төрийн тэргүүн, тамирчин, урлагчин, эрдэмтэн гээд олон алдартан төрж гарсан. 1986 онд Чернобылийн АЦС дэлбэрч дэлхий дахиныг сэрээж байлаа.

Тусгаар Украйн[засварлах | edit source]

Улбар шар хувьсгал

1991 онд ЗХУ-ыг ТУХН болгох, Украиныг тусгаар улс болгох бүх нийтийн санал асуулга Украинд болж 70, 90 хувиар тус тус дэмжигдэв. VIII сарын 24-нд Зөвлөлт Украины Дээд Зөвлөлөөс Украин улс тусгаар тогтносныг зарлан тунхаглаж, XII сарын 8, 21-нд Украины ерөнхийлөгч Леонид Кравчук Орос болон Беларусийн удирдагч нарын хамт ЗХУ-г бутаргах, ТУХН-ыг үүсгэх гэрээнд гарын үсэг зурсан.

Тусгаар Украин бусдынхаа адил шилжилтийн хямралд орж, үнийн огцом өсөлт, эдийн засгийн огцом бууралттай 1990-ээд оныг үдсэн. 1996 онд Леонид Кучма улсын ерөнхийлөгч болсон ба төрийн хэлбэрийг холимог бүгд найрамдах засаг болгож үндсэн хуулиа баталжээ.

Орост нэгдэхийн төлөө Донецкийн цуглаан

Шинэ зуунд Украины ард түмэн хоёр тийш зүтгэв. 2004 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Орос улстай найрсаг Виктор Янукович ялсан боловч Европын холбоо рүү зүтгэсэн Виктор Ющенког дэмжсэн олон түмэн «Улбар шар хувьсгал» хэмээгдсэн их жагсаал, цуглааныг үүсгэснээр дахин сонгууль явуулахад Ющенко дийлж 2005 оны эхнээс ерөнхийлөгч болсон. Орос шатдаг хийн нийлүүлэлтээр хавчиснаас 2010 онд Виктор Янукович сонгогджээ.

2013 оны 11-р сард Янукович ерөнхийлөгч Украйн-Европын холбооны хамтран ажиллах гэрээг батлахыг больж, харин Оросоос их хэмжээний зээл хөнгөлттэй авахаар болсонд украйн-орос, баруун-зүүн нутгийнхны эрх ашиг дахин зөрж урьдын адил украйнчууд нь Тусгаар тогтнолын талбайд цугласан («Евромайдан»). 2014 оны 2-р сард Янукович аргагүйдэн Орост дүрвэхэд жагсагч тал төрийн эрхэнд гарчээ. Гэтэл зай өгөлгүй орос үндэстэн олонхийг эзэлсэн Крым, Севастопольд Украинаас салж Орос улсад нэгдэх үйл явц огцом амжилттай бүтээд зогссонгүй дорнод хязгаарын Донецк, Луганск мужид мөн ижил зорилготой дайн одоо ч үргэлжилж байна.

Лавлах холбоос[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 Population by ethnic nationality, 1 January, year. ukrcensus.gov.ua. Ukrainian Office of Statistics. the original on March 23, 2008-с архивлагдсан. April 17, 2010-д хандсан.
  2. Ukrainian population keeps decreasing. National Radio Company of Ukraine (2010). June 20, 2010-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Ukraine. International Monetary Fund. April 22, 2012-д хандсан.
  4. "Ukraine". CIA World Factbook. December 13, 2007. Retrieved December 24, 2007.
  5. HDRO (Human Development Report Office United Nations Development Programme. United Nations (2011). November 2, 2011-д хандсан.
  6. Рішення Ради: Україна 30 жовтня перейде на зимовий час » Події » Україна » Кореспондент. Ua.korrespondent.net. October 31, 2011-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]