Визант

Визант буюу Константинополь нь Зүүн Ромын эзэнт улс буюу Византын эзэнт улсын нийслэл юм. 5-р зууны үед, Баруун Ромын эзэнт гүрэн мөхөж, варварын хэд хэдэн вант улс болон задарчээ. Харин хамгийн баялаг бөгөөд соёлт мужууд Балканы хойг, Бага Ази, Сири, Палестин ба Египетийг багтаасан Зүүн Ромын эзэнт гүрэн нь нэлээд батжилтай байжжээ. Зүүн Ромын эзэнт гүрэн нь Баруунаасаа хүчирхэг бөгөөд баялаг байв. Өрнө дахинд хот, худалдаа унаж байсан үед Константинополь, Антиохи, Александр гэх мэтийн худалдааны том хотууд цэцэглэж байсан. Баруун Ром хоосрон сүйрч байхад Константинопольд хүн ам олшрон, багтахгүй болоод, хотыг нэмж барихад хүрч байжээ. Хотод үзэсгэлэнт сайхан барилгууд баригдаж усан боомтууд нь олон орны хөлөг онгоцууд шахалдаж байдаг байв. Византын гүрэн, Дорно дахины орнуудтай ердийн хөсгийн ба далайн худалдааг өргөнөөр явуулж Иран, Араб, Абиссин, Энэтхэг, Хятад орнуудаас үнэт чулуу, үнэртний зүйл, зааны яс, амтат боов болон торгыг авчирдаг байжээ. Византын гүрний хотуудад гар урчууд, шилэн сав, үнэт нэхмэл, алтан мөнгөн эдлэлийг хийдэг байв. 6-р зууны үеэс эхлэн, Византын гүрэнд хүр хорхой торго нэхэх болов. Визант нь маш олон хөлсний цэрэгтэй байсан ба эдгээр цэрэг нь эх оронч сэтгэлгээгүй байсан тул арми нь бат бөх биш байжээ. Юстиниан хааны үед хөгжлийнхөө оргилд хүрсэн гэж үздэг.