Jump to content

Улбар шар хувьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Майдан дахь "Улбар шар хувьсгалын" эхлэл.

Улбар шар хувьсгал (украин. Помаранчева революція. үгчилж орчуулбал "Жүржийн хувьсгал") - Украины олон хотуудад 2004 оны 11-р сарын 22-ноос 2005 оны 1-р сарын 23-ны хооронд гарсан энхийн өргөн эсэргүүцэл, цуглаан болон ажил хаялтууд юм.

Украины Сонгуулийн төв комисс 2004 оны арваннэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулийн урьдчилсан дүнгээр тухайн үед Ерөнхий сайд байсан Виктор Янукович гурван хувиар ялалт байгуулсан гэж заралсаны дараа “Улбар шар хувьсгал” эхэлсэн юм. Януковичийн сонгуулийн гол өрсөлдөгч Виктор Ющенког дэмжигчид болон гадаадын ихэнх ажиглагчид сонгууль зөрчиж Янукович 3% илүү санал авсан гэж үзэж байв.

Нэгдсэн сөрөг хүчний гол бааз нь тус улсын баруун болон төвийн бүс нутаг (нийслэл Киев хотыг оруулаад) байсан бол Виктор Януковичийг гол төлөв зүүн болон өмнөд бүс нутаг дэмжиж байв.

Европын олон орны төрийн зүтгэлтнүүд сөргөлдөгч хүчнүүдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн ба хамгийн идэвхтэй оролцсон нь Польшийн ерөнхийлөгч асан Александр Квасньевски, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан, ЕХ-ны комиссар Хавьер Солана, Литвын ерөнхийлөгч асан Валдас Адамкус, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса нар юм.

2004 оны 12-р сарын 3-нд Украины Дээд шүүх сонгуулийн төв комиссын тухай хуулийн зургаан зүйл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 заалтыг зөрчсөн тул ялагчийг тодруулах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд оролцогчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр ижил тэгш эрхтэй байсан бөгөөд гүйцэтгэх засаглал, нутгийн өөрөө удирдах байгууллагын албан тушаалтнууд сонгуулийн сурталчилгааны хоригийг дагаж мөрдөөгүй байна. Үүний үр дүнд шүүх “сонгогчдын хүсэл зоригийн бодит илэрхийллийн үр дүнг тогтоох” боломжгүй гэж үзээд 2004 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гурав дахь шатны сонгуулийг товлон зарлав. Дахин санал хураалтаар Ющенко 8 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

2004 оны арваннэгдүгээр сарын 22-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Виктор Ющенког дэмжигчид улбар шар тугнууд дор Киев хотын "Майдан Незалежности" гэдэг төв талбайд цугларч эхэлснээр "улбар шар хувьсгал" эхэлсэн. Жагсагчид олон арван майхан барьж, хугацаагүй нээлттэй эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ.