Jump to content

Алтан Орд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алтан Орд
ᠠᠯᠲᠠᠨ
ᠣᠷᠳᠤ

اولوغ اولوس
ойр. 1225–1502[1]
Алтан Ордны нутаг дэвсгэр 1300 онд
Алтан Ордны нутаг дэвсгэр 1300 онд
ТөлөвТалын эзэнт гүрэн
Нийслэл
Нийтлэг хэлДундад Монгол,[a][2] Кипчак Түрэг[b][2][3]
Шашин
Төр засагХагас-сонгох хаант засаг, хожуу удамшлын хаант засаг
Хан 
• ойр. 1225
Зүчи (анхны)
• 1226–1280
Орда хан (Цагаан Орд)
• 1242–1255
Бат хаан (Хөх Орд)
• 1379–1395
Тохтамыш хан
• 1459–1465
Махмуд хан (Их Орд)
• 1481–1502 (сүүлчийн)
Ахмед хан
Түүхэн эринХожуу Дундад зуун
• Байгуулагдсан
ойр. 1225
• Хөх Орд ба Цагаан Орд нэгдсэн
1379
• Их Орд болж задарсан
1466
1480
• Крымын ханлиг Сарайг дээрэмдсэн
1502[1]
Газар нутаг
1310[4][5][6]6,000,000 км2 (2,300,000 миль2)
Мөнгөний нэгжПул, сум, дирхам[7]
Өмнө нь
Дараа нь
Их Монгол Улс
Узбекийн Ханлиг
Астраханийн ханлиг
Крымын ханлиг
Их Орд
Казанийн ханлиг
Казахын ханлиг
Ногай улс
Сибирийн ханлиг
Касимын Ханлиг
  1. Алтан Орд байгуулагдсанаас хойш албан ёсны хэл бөгөөд бичиг хэрэгт хэрэглэгдэж ирсэн.
  2. Ялангуяа баруун Кипчак аялгууд, энэ хэлээр Хар тэнгисийн тал нутгийн ихэнх оршин суугчид болох Монгол бус Түрэгүүд болон Ханы армийнхан ярьдаг байв. Монгол хэлнээс Түрэг хэл рүү 1350-д онд буюу түүнээс өмнө шилжсэн бөгөөд үүнийг бичиг хэрэгт ашигладаг.

Алтан Ордны Улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутагт оршин тогтносон, монголчуудын төрт улс юм. Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн Улс буюу Алтан Ордны Улс хэмээн нэршиж үлджээ. 1227 онд Зүчи нас барж түүний хүү Бат хаан ширээнд сууснаар Алтан Ордны Улс бий болж төлөвшиж эхэлсэн байна.

Чингисийн залгамжлагч Өгэдэйн кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн аян дайныг 1235 онд Бат хаан удирдан явсан юм. Монголчууд Урал голыг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Русьт нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд Польш, Силези, Унгарт очиж 1240 онд Люблин, Харьковыг газартай тэгшилсэн байна. Бат 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны цэргийн нэгдсэн армийг бут цохисон.

Неостадын бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Москвагийн бослогуудаас болж сульдсан ба Төмөр 1395 онд Алтан Ордны Улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Васильевич татвар төлөхөө больж, улмаар 1502 онд Крымын ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больсон байнa. Алтан ордны улс унасан ч Крымын ханлиг хүчирхэгжиж Русь руу үе үе хүчтэй довтлох болсон тул Русь довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Русийн I Пётр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан Ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымын хараат байдалтай байсан гэсэн үг биш юм.

Алтан ордны улсыг яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болсон гэж үздэг ба хэдийд, хэрхэн түрэгжсэн талаар эрдэмтэд маргасаар байна. Крымын хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ.[8][9] Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангй. Крымын ханлиг, Астраханийн ханлиг, Казанийн ханлигийн хангууд бүгд Зүчийн угсааных байв.

Төрийн бүтэц, тогтолцоо

[засварлах | кодоор засварлах]

Чингис хаан баруун зүгийн Сартуул, Харкидан, Карлуг, Кипчак улсыг дайлан эзэлсний дараа тус нутгийг ахмад хөвүүн Зүчидээ эзэмшил болгон өгсөн. Энэ үеэс Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмаас умарш хойд туйл хүртэл нутгийг мэдэх болж энэ улсыг Зүчийн улс, Алтан Орд гэх зэргээр нэрлэх болсон. Зүчи ханы дараа Бат хаан ахмад хөвүүдийн аян дайнаар орос, кипчакийг эзэлж газар нутгаа баруун зүгт тэлсэн.

Анх төрийн бүтэц нь Чингис хааны Зүчид өгсөн дөрвөн мянгат ардаас бүрдсэн хагас цэргийн байгуулалтыг ашиглаж байсан. Улмаар суурин соёлт иргэнийг дагуулснаар шинэ бүтэцд шилжсэн.

Бат хаан улсаа байгуулсны дараа газар нутгаа зүүн баруун гарт хувааж, баруун гарыг Бат хаан өөрөө Ижил мөрнөөс, Болгар хүртлэх нутгийг захирсан нь хожим Хөх Орд, Алтан Орд гэх нэртэй болж, ах Ордад Эрчисээс Яик мөрний хоорондын нутгийг өгснийг хожим нь Цагаан Орд хэмээв. Харин Батын улс, Ордын улс хоёрын завсрын нутгийг дүү Шибанд өгч захируулсныг хожим Саарал Орд гэх болжээ. Алтан Ордын хааныг сонгохдоо анх их хуралдайгаар ноёдын шийдвэр, өмнөх хааны гэрээсийг харгалзан үзэж шийддэг байсан. Энэ ёсыг 1313 онд Тохта хааныг тэнгэрт халих хүртэл хэрэглэж байгаад, Өзбег хааны үеэс хойш Их Засаг хуулийг огоорч, зөвхөн хуйвалдаан, цуст урсгасан тэмцэж байж хэн хүчтэй нь ялж хаан болдог харгис тогтолцоо руу шилжсэн.

"Алтан Орд нь арван тойрогд хуваагдаж байсан.

  1. Хорезм
  2. Дешт-и Кипчак
  3. Хазарын улс: Дагестан орчмын нутаг
  4. Крым
  5. Азовын хязгаар
  6. Черкес
  7. Булгар
  8. Валахи буюу одоогийн Румын улсын нутаг
  9. Ас буюу Алан
  10. Орос орон"[10]

Төрийн хэргийг цэрэг, иргэний гэсэн хоёр аппаратд хувааж, Их Засаг хуулийг ёсчлон хэрэгжүүлж байв. Иргэний захиргааг вазир хэмээх түшмэл тэргүүлж, санхүү, захиргаа, түшмэдийн асуудлыг хариуцдаг. Төрийн бүх асуудалд везир чухал нөлөөтэй учир вазир үгүйд орлогч түшмэл нь алба үүргийг хариуцдаг байв. Вазирийн доор их бичээч, бичээч, эмир, наиб, баскак буюу даргач болон бусад тушаалтан ажиллаж байв.

Цэргийн захиргааны үндэс нь Чингис хаанаас хувьлан өгсөн дөрвөн мянгатын ноён, сүүлд дагасан харь орны цэргүүдээс бүрдэж байсан. Энэ улсын хааны доорх цэргийн дээд тушаалтныг беклярбек гэнэ. Беклярбек нь орчин үеийнхээр цэргийн сайдын тушаалтай дүйцүүлж болно. Беклярбекийн дараа дөрвөн улус эмир, өөр гурван эмир байна. "Зарлиг тушаал дээр султаны нэрний дараа, вазирийн өмнө бичигдэнэ. Тэднээс нэг нь үгүй байсан ч, тухайн баримтад дөрвүүлэнгийнх нь нэрийг бичдэг."[11] Харин Оросын хотуудаас авах татвар, гувчуурыг эхэн үедээ түшмэл томилж хураадаг байсан нь тэдгээр түшмэд хумслах, завших асуудал үүсч байсан тул Өзбег хааны үеэс хойш Оросын вангууд уг үүргийг хариуцах болсоноор Оросын вант улсууд эдийн засгийн хувьд биеэ даах боломж олгосон.

Тус улсын эхэн үеийн татварын тогтолцоо нь Их Монгол Улсын төрийн бодлогын салшгүй нэг хэсэг байсан. Баруун зүгт хийсэн Чингис хаан, Өгэдэй хааны үеийн аян дайнуудаар Зүчийн удмынхны захирсан улс Эрчис мөрнөөс Дорнод Европ хүртэл, Азербайжанаас умард Оросын нутаг хүртлэх суурин, нүүдэлчин соёлыг багтаасан өргөн уудам нутгийг эрхшээх болсноор малчдаас тогтмол бус хугацаанд авч байсан гувчуур татахаас гадна, хот сууринын хүн амаас зоос, үр тарианы хэлбэрээр татвар авдаг болсон. Чингис хааны үед Зүчийн улсын татварыг Махмуд Ялавач сайдаар захируулж байснаа, Өгэдэй хааны үед Чинтөмөр, Кургуз зэрэг түшмэдээр тус улсаас авах татвар гувчуурыг захируулдаг болсон. Өгэдэй хааны зарлигаар 1235 оноос эхлэн Их Монгол Улсад нэвтрүүлсэн татварын шинэчлэлээр малчдаас 100 мал тутмаас 1 толгой мал, суурин иргэдийн ургацын 10 хувьтай тэнцэх үр тариа татах[12] буюу малчдаас 100-ны 1 хувиар бодож татварлах бол, тариачдаас 100-ны 10 хувиар бодож үр тариаг татварлах болжээ. Өгэдэй хааны хэрэгжүүлсэн бас нэг ажил нь улс даяар өртөөны зам байгуулж, эзэмшил бүртэй холбох ажлыг эхлүүлсэн нь худалдаа арилжаа аюулгүй өнгөрөхөд дэмжлэг болсон.

Өгэдэй хааны зарлигаар 1230-аад онд хүн амын тооллого явуулахад Зүчийн Улсад уг ажлыг Кургуз сайд 1243 он хүртэл гардан хариуцаж, газар бүрийг хариуцсан даргач ноёд эмирийн татварын мөнгөнөөс хумсалж, дур зоргоор аашилдаг байсныг болиулж, хүний тоонд үндэслэж татварыг ногдуулан татаж, улсын санд төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байсан.

1247 онд Бат хан, Аргун ага нар тус улсын шинээр эзэлсэн Оросын вант улсуудад хүн амын тооллого явуулжээ. Татвар төлөхөөс зайлсхийсэн хүн бүрт ял оноож боол болгох арга хэмжээг хүртэл авч байсан.

Мөнх хааны үед хүн бүрээс биш өрх айлын хөрөнгийн хэмжээг харгалзан жилд баян өрхөөс 10 алтан зоос, ядуу хүнээс 1 алтан зоос байхаар хуульчилж, Зүчийн улсын татварыг хариуцах түшмэлээр Бэрх гэх ноёныг илгээсэн нь Орос дахь Мөнх хааны татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан.

Мөнхтөмөр хааны үеэс тус улсын биеэ даасан байдал бэхжиж, гувчуур, худалдаа гаалийн Тамга татвар, тариалангийн газрын татвар, Яам татвар буюу зам өртөөний татвар, усан тээврийн татвар зэрэг тогтмол татвар авахаас гадна тогтмол бус татварууд байсан. Алтан Ордны Улсын татвар нь газар орны байдлаас шалтгаалж анжис тутмаас, зөгийн үүр, загас болон агнасан амьтан тутмаас зэрэг харилцан адилгүй эд зүйлээс татварыг орлуулж авдаг байсан. Алтан ордны улс Оросын нутгаас татварыг Оросын ван ноёд цуглуулсан татвараа анх даргач буюу баскакт тушааж байснаа 1330-аад оноос Оросын вангууд өөрсдөө татвараа цуглуулж тушаах болж, баскак томилогдон очих явдал зогсож, Монгол хаан-Оросын ван гэсэн харьцаагаар татварын харилцаа шийдэгдэх болсон.

Алтан ордны хаад

[засварлах | кодоор засварлах]
  1. Бат хан (1227-1256)
  2. Сартаг хан (1255-56)
  3. Улагчи хан (1257)
  4. Бэрх хан (1257-1266)
  5. Мөнхтөмөр хан (1266-1282)
  6. Тодмөнх хан (1282—1287)
  7. Тулабуга хан (1287—1291)
  8. Тохта хан (1291—1312)
  9. Өзбег хан (1312-1341)
  10. Тинибег хан (1341-1342)
  11. Жанибег хан (1342—1357)
  12. Бердибег (1357—1361)
  13. Кульпа (1359-1360)
  14. Наурузбег (1360-1361)
  15. Хызр (1361-1362)
  16. Төмөрхожа (1362)
  17. Кильдибег (1362-1363)
  18. Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
  19. Мурид (1362-1367)
  20. Азиз (1367-1369)
  21. II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв
  22. Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв
  23. Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв
  24. Айбек (1373-1376)
  25. Араб шах (1376-1379)
  26. Хаанбек (1375-1376)
  27. Хажи Черкесс (1375-1376)
  28. Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв
  29. Тохтамыш (1380-1395)
  30. Төмөркутлуг (1396-1399), Эдигугийн тоглоомын хаан
  31. Шадибек (1399-1407), Эдигугийн тоглоомын хаан
  32. Болд султан (1407-1410), Эдигугийн тоглоомын хаан
  33. Төмөр (1410-1412), Эдигугийн тоглоомын хаан
  34. Желал Ад Дин (1411-1412), Литваас дэмжлэгтэй хаан
  35. Керим Берди (1409, 1412-1413, 1414), Оросоос дэмжлэгтэй хаан
  36. Кебек (Алтан Орд) (1413-1414), Литваас дэмжлэгтэй хаан
  37. Жаббар Берди (1414-1415, 1416-1417), Литваас дэмжлэгтэй хаан
  38. Чэкрэ (1414-1416), Эдигугийн тоглоомын хаан
  39. Кадыр берди (1419), Литваас дэмжлэгтэй хаан
  40. Дервиш (1417-1419), Эдигугийн тоглоомын хаан
  41. Хажжи Мухаммед (1419)
  42. Бег Суфи (1419), Эдигугийн тоглоомын хаан
  43. Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
  44. Давлет Берди (1419-1421)
  45. Барак (1422-1427)
  46. Сайид Ахмед (1433-1435)
  47. Күчүк Мухаммед (1435-1459)
  1. Махмуд (1459-1465)
  2. Ахмед (1465-1481)
  3. Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
  4. Муртаза (1498-1499)
  1. Halperin 1987, х. 78.
  2. 2.0 2.1 Kołodziejczyk (2011), х. 4.
  3. Мустафаева, А. А.; Аубакирова, К. К. (2021). "The language situation and status of the Turkic language in the Egyptian Mamluk state and Golden Horde". Journal of Oriental Studies. 97 (2): 17–25. doi:10.26577/JOS.2021.v97.i2.02. ISSN 2617-1864. Татаж авсан: 2026-03-07.
  4. Турчин, Петер; Адамс, Жонатан М.; Холл, Томас Д (2006). "East-West Orientation of Historical Empires". Journal of World-Systems Research. 12 (2): 222. ISSN 1076-156X. Татаж авсан: 12 September 2016.
  5. Рейн Таагепера (1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly. 41 (3): 498. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793.
  6. Bang, Peter Fibiger; Бэйли, Ц. А.; Шайдел, Вальтер (2020). The Oxford World History of Empire: Volume One: The Imperial Experience (Англи хэлээр). Оксфордын Их Сургуулийн Хэвлэл. х. 92–94. ISBN 978-0-19-977311-4.
  7. Fedorov-Davydov, German A. "The Monetary System of The Golden Horde". Translated by L. I. Smirnova (Holden). Татаж авсан: 2017-07-14.
  8. Гайворонский О. Повелители двух материков. Т.1: Крымские ханы XV-XVI столетий и борьба за наследство Великой Орды. (2007)
  9. Часть III Мехмед I Герай 1515-1523 «ПАДИШАХ ВСЕХ МОГУЛОВ» А в 1515 году крымский хан Мехмед I Герай взял себе даже титул «падишах всех могулов (монголов)», ориентируясь уже не на величие золотоордынских ханов Батыя и Тохтамыша, но на самого Чингисхана"
  10. С., Цолмон (2006). Алтан ордны улс. Улаанбаатар: ШУА-Түүхийн хүрээлэн. х. 25–27.
  11. П., Дэлгэржаргал (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх - Зүчийн Улс. Улаанбаатар: МУИС. х. 187. ISBN 9919-9552-2-1.
  12. МУИС, Монгол Судлалын Хүрээлэн (2019). Монголын Эзэнт Гүрний Түүх: Зүчийн Улс. Улаанбаатар: Степпе Паблишинг ХХК. х. 252.