Jump to content

Хидан Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хидан Улс
"хятан Улс" / 契丹國
Их Ляо
大遼
916–1125
Ляо улс (Хидан улс) болон Азийн томоохон улсууд c. 1000.
Хиданы аймгууд, c. 1111
Хиданы аймгууд, c. 1111
ТөлөвЭзэнт гүрэн
НийслэлШаньжин (Линьхуан)1
Нийтлэг хэлКидан, Хятад хэл, Зүрчид хэл
Шашин
Олонх:
Ард түмний нэршилКиданчууд
Төр засагХаант засаг
Эзэн хаан 
• 907–926
Тайзү
• 926–947
Tайзун
• 947–951
Шизун
• 951–969
Музун
• 969–982
Жиньзун
• 982–1031
Шэньзун
• 1031–1055
Шиньзун
• 1055–1101
Даозун
• 1101–1125
Тянь Зуо
Түүхэн эринДундад зууны Ази
• Амбагян Хиданчуудын хан болов
907
• Амбагян Тэнгэрийн эзэн хаан цолыг авав
916
• "Их Ляо" нэрийг авав
947
• Чаньюанийн гэрээг Сүн улстай байгуулав
1005
• Алтан улс үүсэв
1114–1115
• Елюй Яньши хаан Алтан улсад олзлогдов
1125
• Баруун Ляо улс байгуулагдав
1124
Газар нутаг
947 тоо.[1][2]2,600,000 км2
Мөнгөний нэгжИхэвчлэн нүүдэлчин газар бартер, зоосон мөнгө өмнөд аймгуудад.
Өмнө нь
Дараа нь
Киданчууд
Тан улс
Енисейн киргиз
Хожуу Жинь
Татабууд
Шивэй
Бохай улс
Зүбү
Харлуг
Алтан улс
Умард Ляо улс
Тангуд улс
Баруун Ляо
Хамаг Монгол
Кочо
Өнөөдөр

Хидан Улс[3] буюу бүрнээрээ Ляо Улс, X-XII зууны үеийн Зүүн хойд Азид оршин тогтнож байжээ. Кидан Монголчууд нь анх Лууха голын баруун талаар, Шар мөрний умард саваар (Ордосын Шар мөрөн биш) нутаглаж байсан бололтой бөгөөд яваандаа Шар тэнгисийн эрэг хүртэлх нутагт тархан суужээ. Тэд Сяньби нарын адил дорнод ху нарын удам байсан ба тэдний ихэнх нь өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл нутгаа тэлж соёл, түүхийн олон зүйл дурсгал Монгол нутагт үлдээжээ.

Кидан үндэстэн уг удмын хувьд дунху аймгийн сяньби нараас гаралтай учир удам гарвалын хувьд өвөг Монголчууд гэж үздэг. Хэл судлалын талаар хийсэн судалгаагаар ч монгол хэлтэн байсан нь нотлогдсон. Кидан нарын 100 үг тутмаас 70 нь Монгол үг байдаг. Жишээ нь: Боули-Боол, шава-шувуу, ике-их, найхэ-нохой, толи-туулай гэх мэт. Тан улсын сударт Кидан нарын аж ахуй, үг хэл зан заншил нь Монголын шивэй нартай адил гэсэн байдаг. Антропологийн судалгаагаар Монгол төрхтөн болохыг нь судалжээ. Кидан нар MЭ IV зууны үеэс түүхэнд тэмдэглэгдэх болжээ.

Кидан аймгийн холбоо

[засварлах | кодоор засварлах]

Киданчуудын дунд овгийн байгуулал задарч цэргийн ардчиллын шатанд шилжих үйл явц явагдаж байжээ. Тухайлбал: III-IV зууны үед овгийн ахлагч болон найман аймаг холбооны тэргүүлэгчийг сонгож Да-Хэ гэж нэрлэдэг, тэр нь бусад долоон аймгийн тэргүүлэгчдийг захирдаг бөгөөд гэрийх нь өмнө туг хэнгэрэг байрлуулдаг байжээ. Энэхүү Да-хэ гэдэг нэр нь цаашдаа эрх барих овог аймгийн нэр болсон байна.

Кидан нар
* Хэв хуулиар нийгмийн амьдралыг зохицуулдаг.
* Хүрээ нүүдэл хийдэг
* Овог дотрооо гэрлэхийг цээрлэдэг байсан нь овгийн ёст байдлыг илрэл байв.

V зууны сүүлчийн хагасаас VII зууны эхэн хүртэл Тобагийн Их Вэй улс ба Түрэгийн хаант улсын харьяанд байжээ. Сяньбийн олон аймгийн нэг нь Шар мөрөн, Лууха гол орчмоор нутаглах болсон нь Киданчууд байлаа. Харин 648 онд Нанхиадын Тан улсад дагаар орж 682 он хүртэл түүний харьяанд найман муж болон захирагдаж байв. Кидан аймгууд Нанхиад-ын Тан (618-907) он улс болон Түрэг ийн захиргаанд орж зарим үед биеэ даасан байдлаа хадгалан оршин тогтнож байв. 699 онд Түрэгт эзлэгдэн харьяалагдах болсон боловч харьцангуй биеэ даасан байдалтай байв. Энэ үеэс кидан нарын дунд төр улсын эх үүсгэл тавигдсан байна.

Тухайлбал: Торгон цэрэг, Харцгай цэрэг гэсэн 2 төрлийн цэрэг эртэй болсон, сайн, түшмэл, зонхилогчид зэрэг албан тушаал бий болсон, албаны хэрэгт уналга, хөсөг залгуулах үүрэгтнүүд бий болж түүгээр мөнгөн, модон, загасны дүрсэн пайзтан түшмэлүүд "зар" бичигтэй зорчиж байв. Пайзны бичиг нь "угтуул" гэсэн үгтэй бол цэрэг дайчлах хэргээр явдаг, "довтлон морилох" гэсэн үгтэй бол алба татвар хураагч нар байдаг байв.

Газар эдэлбэрийн хуультай болж, газрыг
# Язгуурын эдэлбэр газар
# Тариа ногооны
# Бэлчээрийн
# Ан гөрөөний
# Хүүр оршуулгын гэсэн хэлбэрүүдээр эзэмшүүлэх болсон.

Албан татвар нь Боомтын, Давсны, Архины онцгой албан татвар гэх мэт нэртэй байв.

Нанхиад айл өрхийг "олзлогдогсод" гэдэг, Монгол улс ын биш нүүдэлчдийг "буруу хэлтэй" гэдэг байлаа. Нанхиадуудаас торго, бөс даавуу, цай, эм тан, цагаан хүдэр, цагаан шаазгайгаар алба авдаг байжээ. Үүнийгээ "алба" гэдэг, гар урчуудаас "түрээс", худалдаачдаас худалдааны "гааль" хэмээн нэрлэдэг байв. Хууль цаазын түшмэлтэй болж ялт хүнийг газар гянданд хорих болсон.

VIII зууны дунд үеэс Киданууд аль нэг улсад харьяалагдахаа больж гадаад байдлаа бэхжүүлэн хүчирхэгжиж 8 аймаг 38 болтлоо өссөн байв. Энэ үед Киданчууд тэргүүнээ хан гэх болжээ. Киданчууд VIII-IX зууны үед олзны хүнийг боол болгож аж ахуйн ажилд ашигладаг байв. 907 онд Елюй овгийн Амбагян ханд өргөмжлөгдсөнөөр улсаа Хидан гүрэн гэж нэрлэснээр язгууртны эрх мэдэл нэмэгдэж, засаг төрийн байгууллагууд байгуулагдсан ба нүүдэлчин иргэдээ захирах умард өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваан захирчээ.

Энэ үеийн Нанхиад орон "Таван ус, арван ханлиг-ийн үе" хэмээн нэрлэгдсэн төр засаглалтай байсан боловч Кидан нарыг хүчирхэгжихэд саад хийж чадсангүйгээр барахгүй Нанхиадын урвагч түшмэлүүд Киданы язгууртнуудад зулгуйдан нөлөөлж, Киданы төр ёсоо бэхжүүлэхэд түлхэж болжээ. Тухайлбал Хань Яньхуй гэгч Амбагян ханы албан ёсны зөвлөгч нь болж хот байгуулах, орд харш цоглох, суурьшмал иргэдэд газар олгож тариа тариулах, цааз хууль, түшмэдийн зэрэг дэв тогтоох хэрэгт тус дэм үзүүлжээ. Амбагян хан 907 оноос хойш нийт есөн жил төр барьж Киданы ханг гурван жилд нэг удаа сонгох цаг хугацааг зөрчөөд зогсоогүй хан ширээг залгамжлах ёсыг бий болгосон нь Нанхиад зөвлөхтэй холбоотой байв. 922 оны үед улсын цэргийн ерөнхийлөн захирах тушаал бий болгож, 50000 хүнтэй их цэрэг байгуулжээ. 923 оноос Киданы гадаад байдал үлэмж бэхжин Азийн бусад улсуудтай харилцаа тогтоосон байна. 923 онд Перс улсаас, 924 онд Солонгосын гурван хаант улсын нэг Силла улсаас Хидан Улсад элч ирж байжээ. 923-924 онд Зүүн далай (Шар тэнгис)-гаас Алтайн уулс, Цагаан хэрмээс Хэрлэн хүртэл нутгийг эрхэндээ оруулсан байна. 924 онд Дорнод тэнгисийн захын Бохай улсыг эрхшээлдээ оруулж түүнийг Дундань (кидан. Дон Гур) хэмээ түшмэг улс болгож жил бүр 150000 бөс бараа, 1000 мориор алба бариулж байв. Хятад нар Нанхиад орны төв хэсэгт довтлон 938 онд Бээжин хотыг эзлэн авчээ. Ийнхүү Кидан нар Нанхиад орны төв болон зүүн хойт хэсгийг бүхэлд нь эрхшээлдээ оруулснаас хойш тэдгээр нутгийн соёл иргэншил бүхэлдээ Кидан болж түүхэнд тэмдэглэгджээ.

Киданчууд 10-р зууны үед Киргизийн хаант улсыг эзэлж байсан байж болох юм.[4]

Харин 1005 оны үед өмнөт нутгийн Сүн улстай найрамдсаны дараа хүлгийн жолоо, зэвсгийн үзүүрийг Солонгос, Уйгур, Тангуд зэрэг газар орнуудад хандуулжээ. Хидан Улсын бүрэлдэхүүнд өөр өөрийн хэл заншил, амьдралы ахуйтай эрээвэр, хураавар аймаг угсаатан багтаж агсан нь ирээдүйн хувь тавиланд нь сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж.

Киданчуудын үлдсэн хэсэг нь баруун тийш нүүв

[засварлах | кодоор засварлах]

Их аймаг бүрийг Илижин (эл эзэн) толгойлж түүний дор зүүн баруун зайсан, тайш, сыту тушаалтан нар захирч байжээ. Эзлэгдсэн олон аймаг, улс ард түмний тэмцэл хөдөлгөөн XI зууны дунд үеэс улам хүчтэй болж XII зууны эхэн үеэс зэвсэгт бослогын хэмжээнд хүрчээ. Хамниган угсааны зүрчид аймаг 1113 онд бослого гаргаж өөрийн нутаг Хидан гүрний зарим нутгийг ч эзлэн авч 1115 онд Алтан улсыг байгуулжээ. 1118-1125 онд Алтан улс Сүн улстай хүч хавсран Хидан гүрнийг хоёр этгээдээс нь хаввсайдан газар нутгийг нь жилээс жилд эзлэн танасаар 200 гаруй жил тогтносон Хидан гүрнийг мөхөөжээ. Киданы нэг хэсэг нь тэдний хаан угсааны Елюй Дашийн захиргаан доор баруун тийш зайлан одож Төв Ази газар орныг байлдан эзлээд 1124 онд биеэ Гүр ханд өргөмжилжээ. Елюй Дашийг улсыг Баруун Ляо гэдэг ба Араб, Перс сударт Кара Китай, Монголоор Хар Хидан гэдэг.

Засаг захиргааны бүтэц, байгууламж

[засварлах | кодоор засварлах]

Төрийн байгууламж

[засварлах | кодоор засварлах]

Ляо улсын газар нутаг нь орчин үеийнхээр Шэньси, Хэбэй мужийн хойд хэсэг, Ляонин, Гирин, Хармөрөн, Өвөр Монголын ихэнх нутаг, Монгол Улсын төв болон зүүн хэсгийн үлэмж нутаг, Солонгосын хойгийн хойд хэсэг, Оросын Хабаровск, Приморийн хязгаарыг эзэгнэж байсан.

Энэ улс нь суурин, хагас суурин, нүүдэлчин, анчин гөрөөчин соёлтой ард түмнийг багтаасан байсан учраас 947 онд Шизун хаан Елюй Уюйгийн үед өмнө зүгийн суурин соёлт нангиад иргэдийг хэргийг Өмнөд орд, хойд хэсгийн нүүдэлчин аймаг түмний хэргийг Умард орд гэх байгууллагад захируулж, тус бүрт их ван, цэрэг иргэний хэрэг хариуцсан сайд түшмэд томилж, тэдгээр хоёр ордын дундын хил хязгаарыг хуульчилсан. Киданы хаад жил бүр өмнөд нийслэл, дээд нийслэлийн хооронд нүүж төрийн хэргийг шийддэг байсан.

Ляо улс нь 1041 оны байдлаар "5 нийслэл, 6 фу, 156 жоу (жюнь, хот), 209 шянь, 52 овог аймаг, 60 хараат улсад[5]" хуваагдаж, нийт нутаг нь умард болон өмнөд орд хэмээх байгууллагаас тогтож байв.

Хидан Улсад эзэн хааны дараа зайсан (宰相) гэх албан тушаалтан умард орд, өмнөд ордыг ерөнхийлөн захирч, тэдний доор дараах тушаалтан яамдыг захирч байсан.

  • Их ван (大王): умар, өмнө ордоны их ван өрхийн яамыг хариуцаж байсан.
  • Ти-инь (惕隐): Хааны угсааны хэрэг эрхлэгч түшмэл
  • Шумиши (枢密使): умард ордонд цэргийн яамны сайд, өмнөд ордонд түшмэлийн яамны сайдын үүргийг гүйцэтгэж байсан.
  • Ди-ле-маду (敌烈麻都): Ёслолын хэрэг эрхлэг түшмэл
  • Илиби (夷离毕): Шүүх яамны сайд
  • Сюаньхуй (宣徽): Үйлдвэрлэлийн яамны сайд
  • Линь-я (林牙): Бичиг хэрэг хариуцсан сайд

Умард орд нь дээд нийслэл Линьхуан хотод төвлөрч, киданы 16 аймаг, зүбү татарын холбоо, зүрчид, бохайгийн аймаг овгийг захирч байсан. Тус ордоны захирагчаар ихэнхдээ киданы сяо овгийн язгууртныг "умард ордын их ван" (北院大王) гэх тушаалд томилдог байсан. Засаг захиргааны тогтолцоо нь киданы уламжлалыг хадгалж байсан. Умард ордод дараах байгууллага ажиллаж байсан.

  1. Умард цэргийн явдлын хүрээлэн (北枢密院)[6]
  2. Өмнөд цэргийн явдлын хүрээлэн (南枢密院)[6]
  3. Умард зайсангийн өргөө (北宰相府)[6]
  4. Өмнөд зайсангийн өргөө (南宰相府)[6]
  5. Умард их вангийн хүрээлэн (北大王院)[6]
  6. Өмнөд их вангийн хүрээлэн (南大王院)[6]
  7. Сюань хуй умард хүрээлэн(宣徽北院)[6]
  8. Сюань хуй өмнөд хүрээлэн (宣徽南院)[6]
  9. Их Юйюэгийн өргөө (大于越府)[6]
  10. Их ордны Ти-инь хэлтэс (大内惕隐司)[6]: Хааны угсааны ноёдыг захирах хэлтэс.
  11. Илиби хүрээлэн (夷离毕院)[6]
  12. Их Линья хүрээлэн (大林牙院)[6]
  13. Дилемаду хэлтэс (敌烈麻都司)[6]
  14. Тэнгэрийн доорх цэрэг, морины их юаньшуайн өргөө (天下兵马大元帅府)[7]

Өмнөд орд нь өмнөд нийслэл Яньжин хотоор төвлөрч, Янь-Юний 16 жоугийн газар нутгийг захирах болсон. Өмнөд ордны их ван, цэргийн явдлын хүрээлэнгийн сайд зэрэг дээд шатны албан тушаалд ихэвчлэн елюй, сяо зэрэг киданы язгууртнаас томилохоос гадна нангиад угсааны хань, жао, лю, ма зэрэг хүчирхэг гэр бүлээс гаралтай түшмэдийг зарим үед томилж байв. Харин засаг захиргааны бүтэц нь Тан улсын үеэс хэрэглэж байсан тогтолцоог шууд ашиглаж байв. Үүнд Жуншушэн (中書省), Мэншяшэн (門下省), Шаншушэн (尚書省) гэх гурван том яамны доор зургаан жижиг яам, бичгийн утгачийн хүрээлэн зэрэг жижиг хүрээлэн, товчоод ажиллаж байсан.

Нутаг дэвсгэрийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Ляо улс газар нутгаа таван нийслэлд төвлөрсөн таван зам буюу муж болгон хуваасан. Таван нийслэл нь Дээд нийслэл Линьхуан фу[8], Дунд нийслэл Дадин фу[9], Зүүн нийслэл Ляоян фу[10], Өмнөд нийслэл Шижин фу[11], Баруун нийслэл Датун фу[12] болой. Эдгээр таван нийслэл нь тус бүртээ фу, жоу, жюнь, шянь гэх засаг захиргааны нэгж, түүнд тааруулсан газар нутагт хуваагдана. Мөн эдгээр нэгжийг захирах албан тушаалтныг томилж, тус бүрдээ хариуцсан нэгж байгууллагатай байв.

Замын нэр Төв хот Харьяалагдах нэгж Өрхийн тоо
Дээд нийслэлийн зам (上京道) Дээд нийслэл Линьхуан фу (临潢府) 1 фу, 23 жоу 128900 өрх[5]
Зүүн нийслэлийн зам (东京道) Зүүн нийслэл Ляоян фу (辽阳府) 2 фу, 10 жоу 69200 өрх[13]
Дунд нийслэлийн зам (中京道) Дунд нийслэл Дадин фу (大定府) 2 фу, 6 жоу тодорхойгүй
Өмнөд нийслэлийн зам(南京道) Өмнөд нийслэл Шижин фу (析津府) 1 фу, 5 жоу 240,000 өрх[14]
Баруун нийслэлийн зам (西京道) Баруун нийслэл Датун фу (大同府) 1 фу, 9 жоу 164800 өрх[15]

Дээрх таван замын дөрвөн замын өрхийн тоо нийт 602,900 болно. Харин ганц Дунд нийслэлийн замын өрхийн тоог түүхийн бичигдэж үлдээгүй. Эдгээрээс зөвхөн таван мужийн төв хотын өрхийн тоо дараах болно.

Дээд нийслэл Линьхуан фу нь "25 жоу (үүнд фу, хот, цэргийн хүрээ багтана), 10 шяньтай. Нийт 36500 өрхтэй."[5]

Зүүн нийслэл Ляоян фу нь "87 жоу болон хот, 9 шянь, 46400 өрхтэй."[13]

Дунд нийслэл Дадин фу нь 10 жоу, 9 шяньтай.[16]

Өмнөд нийслэл Шижин фу нь 6 жоу, 11 шянь, 102,000 өрхтэй[14]

Баруун нийслэл Датун фу нь 2 жоу, 7 шянь, 54000 өрхтэй.[15]

Хидан Улсыг байгуулахаас урьд нангиадын Тан Улсын цагт дахэ аймаг тэргүүтэй найман аймаг нь 43,000 цэргээс бүрдэж байв.[17] Тан Улсын сүүл үед хиданы найман аймаг нь салбарлаж хорин аймаг болж үржив. [17] Тайзун хаан Елюй Яогугийн үед 500,000[18] цэрэгтэй болсон.

"Кидан нь ордны, хувийн, улсын цэрэг гэсэн үндсэн гурван төрлийн цэрэгтэй байсан."[19] Ордны гэдэг нь зөвхөн хааны орд өргөөг хамгаалах үүрэгтэй торгон цэрэг бөгөөд нийт 12 орд байсан бол хувийн цэрэг нь их, бага ноёд жанждын төлөө зүтгэдэг байсан. Уг 12 орд, 1 вангийн өргөөг Елюй Амбагян хааны үеэс байгуулж эхлээд Ляо Улсын эцэс гэхэд 9 хаан, 2 хатан, 1 вангийн эзэмшилд харьяалагдах 101,000 морьт цэрэгтэй арми бий болсон нь Хидан Улс дахь эзэн хааны хүч чадлыг хүчжүүлсэн бол эсрэгээрээ овог аймгийн ноёдын хүчийг илт сулруулжээ.

  1. Амбагян хааны Хун-и орд (弘義宮): хидан хүн 16,000, хятад хүн 14000, морьт цэрэг 6000[18]
  2. Шүлү Пин хатны Чаннин орд (長寧宮): хидан хүн 14000, хятад хүн 12000, морьт цэрэг 5000[18]
  3. Яогу хааны Юншин орд (永興宮): хидан хүн 6000, хятад хүн 14000, морьт цэрэг 5000[18]
  4. Елюй Уюй хааны Жичин орд (積慶宮): хидан хү 10000, хятад хүн 16000, морьт цэрэг 8000[18]
  5. Елюй Жин хааны Янчан орд (延昌宮): хидан хүн 2000, хятад хүн 6000, морьт цэрэг 2000[18]
  6. Елюй Шянь хааны Жанминь орд (彰湣宮): хидан хүн 16000, хятад хүн 20000, морьт цэрэг 10000[18]
  7. Сяо Яньянь хатны Чундэ орд (崇德宮): хидан хүн 12000, хятад хүн 20000, морьт цэрэг 10000[18]
  8. Елюй Вэньшүнү хааны Шиншэн орд (興聖宮): хидан хүн 20000, хятад хүн 40000, морьт цэрэг 5000[18]
  9. Елюй Жигу хааны Янчин орд (延慶宮): хидан хүн 14000, хятад хүн 20000, морьт цэрэг 10000[18]
  10. Елюй Хунжи хааны Тайхө орд (太和宮): хидан хүн 20000, хятад хүн 40000, морьт цэрэг 15000[18]
  11. Елюй Яньши хааны Юнчан орд (永昌宮): хидан хүн 14000, хятад хүн 10000, морьт цэрэг 10000[18]
  12. Елюй Лунчин вангийн Дүньмү орд (敦睦宮): хидан хүн 6000, хятад хүн 10000, морьт цэрэг 5000[18]
  13. Вэньжун ван Хань Дөрангийн өргөө (文忠王府): хидан хүн 10000, хятад хүн 16000, морьт цэрэг 10000[18]

Энэ улсыг бүрдүүлэгч аймгуудын тогтолцоо дараах гурван хэлбэртэй байв. Үүнд:

  • 3000 цэрэг гаргах үүрэгтэй Их аймаг (өөрөөр хэлбэл Киданы гол аймгууд)
  • 1000 цэрэг гаргах үүрэгтэй Бага аймгууд
  • Эзлэгдсэн хараат аймгуудын захиргаа зэрэг болно.

Их аймгийг Илижин хэмээх тушаалтан захирч, түүний доор зүүн баруун гарын зайсан, тайши,тайбао, тайвэй, сыту, зэдуши, шянвэнь[20] (详稳) зэрэг түшмэд захирагдана.[7] Бага аймгийг сыту түшмэл захирч, сыкун, зэдуши, шянвэнь, шилэ зэрэг дунд, доод шатны түшмэд захирагдана.[7] Хараат улсыг ван цолтон үе улиран захирч байв.

"Хиданы цэргийн дүрмээр 15 наснаас 50 насны эрчүүд цөм цэргийн алба хаах үүрэгтэй байв. Цэрэгт татахдаа алтан загастай пайз өгч татна."[19] "Хиданы жинхэнэ цэрэг хүн гурван морьтой, биедээ төмөр хуягтай, дөрвөн нумтай, дөрвөн зуун сумтай урт богино жад, алх, шөвөг, жижиг дарцагтай, гал гаргах хэт цахиур зэрэг зэвсэгтэй байв."[19] Хидан нь морин цэрэг, явган цэрэг, буут цэрэг, оньсон зэвсэгт цэрэг гэсэн төрөл мэргэжилд хуваагдана. Морин цэргийг хидан, зүбү, зүрчид, бохай зэрэг нүүдэлчин, хагас нүүдэлчин аймгаар бүрдүүлнэ. Явган цэрэг нь нангиад голдуу суурин иргэншилтэй өмнө зүгийн газраас гаргана. Харин буут болон оньсон зэвсэгт цэргийг хиданы аль ч бүс нутгаас шилж авч байсан.

Хиданы морин цэргийн анхдагч нэгж нь анги гэнэ. "Анги бүр 500-700 хүнтэй, арван анги 1 зам болдог, 10 зам нь 1 тал болдог."[19]

Хидан гүрний хүн ам нь нүүдэлчин, суурьшмал, хоёр янзын амьдралтай ард иргэд байжээ. Баруун хойд талын нүүдэлчдийн амь зуулга нь мал аж ахуй , газар тариалан, гар үйлдвэр, худалдаа арилжаа болж байв. X-XI зуунд малын тоо толгой ихэд өссөн байна. Үүнд дээрмийн дайны олз, эзлэгдсэн аймаг угсаатнаас авдаг алба татвар нөлөөлсөн гэж үзэж болно. Ийнхүү Киданы малын тоо нэмэгдсэнээр улсын мал сүргийн хэргийг эрхлэх "Адууны сүргийн" яам байгуулагджээ. Албан татвартай холбоотойгоор малыг тоолж дансалдаг байв. Харин жирийн ардууд малаа албаны тооноос нууж дарах явдал гардаг байв. Киданы язгууртнууд ан гөрөөг голдуу зугаа цэнгэлийн хэлбэрээр хийх болсон байна. 1041 онд Цаазтай газарт хийгсдийг ял шийтгэх тухай зарлиг гарчээ. Хидан Улсад тарианы хэсргийг эрхэлсэн байгууллага, тариаланг элдэв сүйдлээс хамгаалах хууль байжээ. Кидан нар төмөр хошуутай анжисыг үхрээр зүтгүүлэн газар хагалж, суваг татан тариалнгаа усалдаг,хар будаа, монгол амуу хоёрыг голчлон хийлгэдэг байв.

X-XI зууны үед Киданд нэхэх, ээрэх ажлыг улсаас зориуд удирдах урчуудын яам байгуулжээ. 940 онд хааны зарлигаар тусгай түшмэл гарган хүн ардад нэхэх, ээрэх сургалт явуулсан байна. Киданд төмөрлөгийн хүдэр хайлуулан төмөрлөгөөр аж ахуйн багаж зэвсэг, цэрэг дайны зэр зэвсэг хийж байснаас гадна зоос, бурхан цутгах цутгуур урлан дэлгэрч байв. Зоос, төмрийн ажил эрхэлсэн байгууллага байв. Мөн чулуугаар урлах талаар ихэд нэрд гарчээ. Киданы бүрэлдэхүүнд багтаж байсан далайн эргийхэн хөлөг онгоц хийх, барилга, гүүр барих зэрэг ажлыг чадамгай хийж байсан нь Киданы түүхэнд бичигдэж байлаа. X-XI зууны үед Кидан нүүдэлчин, суурьшмал иргэдийн хооронд худалдаалах үүрэгтэй худалдааны газрууд ажиллаж байснаас гадна муж, тосгон, гацаанд хүртэл худалдааны ажиллаж байснаас гадна муж тосгон, гацаанд хүртэл худалдааны газар бий болжээ. Барааны үнийг зарим үед улсаас зохицуулан таацуулах явдал байв. Гадагш гаргах худалдаалахдаа сувд, булга, хэрэм, хэрмян загасны арьс, мал аж ахуйн түүхий эдийг гаргадаг байсан ба давсыг зөвхөн хаан мэдэж борлуулдаг байсан. Киданууд баруун зүгт Уйгур, Перс, мөн зүүн талаараа Гүрёо, Сүн улстай нягт харилцаатай байсан бөгөөд янз бүрийн орны худалдаачид бэлчээрийн торгоны замаар Ляо улсад хүрч байжээ.

Хиданы бичгийн соёл

[засварлах | кодоор засварлах]

Хидан нар Хятад, Солонгос, Дундад Азийн улсуудтай зах нийлж, улс төр, эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь тэдгээр улсын эдийн засаг, соёлын харилцаатай байсан нь нүүдэлчдийн соёл, суурьшмал иргэдийн хосолсон өвөрмөц соёл нутагшиж байв. 920 онд "Хиданы их бичиг"-ийг Амбагяны ач хүү Елюй Лубугу, эрдэмтэн Тулюйгу нар ханз үсгээр үлгэрлэн зохиосон байна. Уг бичиг нь хятадын ханз үсгийн шинжийг дууриасан ч, хидан хэлний авиа бүрийг ялгах бие даасан олон зурлагатай байв. Бичихдээ дээрээс доош, зүүнээс баруун мөр тийш бичдэг тул эрдэмтэд шугаман шинжтэй бичиг гэдэг. Уг бичгийг хятад ханзнаас үлгэрлэж зохиосон ч, ханзнаас өөр утга илэрхийлдэг. Их бичгийн дурсгал орчин үед цөөн тоогоор үлдсэн агаад тэдгээр нь 986-1176 оны хооронд хамаардаг.

925 онд "Хиданы бага бичиг"-ийг Амбагяны дүү Елюй Дэла ханз үсгээс санаа авсан ч, нэг дүрс тэмдэгт нь нэг авиаг илэрхийлж, нэг үг бүтэхэд хоёроос гурван авиат ханзыг хайрцаглан багцалж нэг үг бүтнэ. Энэ дүрэм нь орчин үеийн Солонгос бичгийн гийгүүлэгч, эгшиг нийлж үе юмуу үг бүтэх дүрэмтэй төстэй юм. Хиданы их, бага бичгийн судлагаа 20-р зууны сүүлийн хагасаас эхлэж, 21-р зууны эхээр БНХАУ-ын өвөрмонгол эрдэмтэн Чингэлтэй, Японы иргэн манж судлаач Айсингиоро Улхичүн зэрэг цөөхөн судлаач уг чиглэлээр судлагаа хийж, уг бичгийн ихэнх дүрс үсгийн авиа, утга, үг бүтэх дүрэм зэргийг тайлж, уншиж чадсан.

Хидан нар түүхийн тэмдэглэл туурвиж хойч үедээ сурвалж болгожээ. "Морилон саатсаны тэмдэглэл", "Гурван сайдын замын тэмдэглэл", "Хаант төрийн тэмдэглэл" 70 боть гэх мэт түүхийг улсын сударч хэмээх албан тушаалтан эзэмшиж байв. Киданд Эрдмийн Хятад, Монгол хоёр хүрээлж байсан ба түүнд "Улсыг мөчих" гэдэг нэртэй шалгалт өгч зэрэг горилдог байжээ. Кидан нар төрөлх хэлээрээ бичсэн утга зохиолтой байжээ. Жишээ нь: Елюй Амбагяны ач хүү Елюй Луньсянь "Цэцэрлэгт хүрээлэн" хэмээх уран зохиолын цоморлиг эмхэтгэн зохиожээ. Мөн Цэнгэлдэх шүлэг, Засах шүлэг, Гэрэлт хөшөө Пайлуурын шүлэг, Угсаатны шүлэг гэх мэт олон төрөр шүлэг зохиодог, дуу зохиож хоолой нийлүүлэн дуулцгаана. Хааны ордонд дуу хуур, ший янгууны ажил эрхэлсэн "Хэнгэрэг бишгүүрийн эзэн" албан тушаалтан байв. Мөн үндэсний цаг тооны бичиг зохиодог "Тэнгэрийн улирлын үзэх түшмэл" ажиллаж байжээ. Түүхт хүмүүс, бурхны болон байгалийн зураг зурах уран зураачидтай, өөрийн нутгийн газрын зурагтай байсан гэдэг. "ӨМӨЗО-ны Баарин хошуунд Киданы үед баригдсан чулуун гүүр одоо ч ашиглагдсаар байна."[баримт хэрэгтэй] XI зуунд Хидан гүрэнд дарь хийдэг болж улмаар галт зэвсэг туршиж байсан мэдээ бий. "Нөхөр, эхнэрийн ёс" гэдэг гэр бүлийн дүрэм, журам тогтоож мөрдөж байв. Кидан нар 5-н Хятад сургууль байгуулж хүүхдүүдийг бичиг ном сургадаг болсон бөгөөд 995 онд Солонгосоос арван залуу ирүүлж хидан хэл сургаж байсан.

Манай улсын нутагт хиданы үеийн арав гаруй хот цайзын үлдэгдэл байдаг.

  1. Харбухын балгас (Хадаасангийн балгас). 1970 онд хийсэн малтлагаар Монголын бичиг, соёлын үнэт дурсгал "Үйсэн ном" олдсон юм.
  2. Чинтолгойн балгас: Чэньжоу буюу Хатан балгас. Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Чин толгойд хиданы Чэньжоу байсан. Тэнд Киданы 20000 дарангуй цэрэг хуарагнаж байжээ. Мөн энэ хотод Нанхиад бол зүрчидийн 700 гаруй өрхийг цөллөгийн журмаар авчирч суулгаж байсан гэдэг. амьдралд оршин тогтнож байсан нь тодорхой байна.
  3. Зүүн хэрэм: Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байдаг.
  4. Баруун хэрэм: Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байдаг.
  5. Өглөгчийн хэрэм: Хэнтий аймаг, Батширээт сум
  6. Хэрлэн Барс: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хэрлэн Барс гэдэг хааш хаашаагаа 1800 метр талбай эзэлсэн хотын үлдэгдэл нь Киданы Дунчэн хот байсныг тогтоожээ.
  7. Талын Улаан балгас: Булган аймгийн Баяннуур сумын нутагт байдаг.
  8. Дэрсэн хэрэм: Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг.
  9. Хэрмэн дэнж: Төв аймгийн Заамар суманд байдаг цэргийн бэхлэлт хэрэм.
  10. Эмгэнтийн хэрэм: Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байдаг.
  11. Цагаан хэрэм: Төв аймгийн Заамар сум. Талын Улаан балгасаас зүүн тийш 30 км-д байдаг.
  12. Сүмтийн туйр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Молцог элсний өмнөд хэсэгт байх киданы үеийн байгууламж.
  13. Модонгийн хэрэм: Хэнтий аймгийн Баянхутаг сумын Модонгийн хөндийн хойд хэсэгт байх шороон хэрэм

Киданы зан зашлаас зарим нэгийг нь авч үзвэл:

  • Кидан нар бусдын нутагт довтлохдоо өвөг дээдсийн сүнсэнд "Нүгэл наминчлах өргөл" үйлдэж түүндээ хэн нэгэн хэрэгтэн ялтан хүнийг 1000 сумаар хавж алдаг. Дайснаа дараад ирэхдээ нөгөө сүнсэндээ "Талархлын өргөл" үйлдэж олзлон авчирсан хүмүүсийн нэгийг нь алдаг байжээ.
  • Гавьяа байгуулсан гэж үнэлэгдсэн хүмүүсийг хэдэн зуун айл өрхөөр шагнадаг.
  • Хулгайч нарыг хонь, үхэр, тэмээ, будаа, тариагаар торгодог байснаас гадна жил бүрийн 5-р сарын 13-15 ны хооронд хулгайлахыг зөвшөөрдөг байжээ. Тэр үед хулгай хийж чадсан хүнийг шийтгэдэггүй байв.

1115 онд Киданы харъяат зүрчидүүд Алтан улс байгуулан хятадын Сүн улстай хамтран 10 жил тасралтгүй довтолсноор 1125 онд Хидан Улс унажээ. Кидан унасны дараа Алтан улс үргэлжүүлэн Сүн улсыг довтолж хойд хэсгийг нь эзэлснээр хойд нутгаа алдсан Сүн улс Өмнөд Сүн улс (1127-1279) гэж нэрлэгдэх болжээ.

Киданы эзэн хаад

[засварлах | кодоор засварлах]
Хидан гүрэн 907-1125
Өвгөдийн сүмийн цол (廟號 miàohào) Хааны цол (尊號, zūnhào) Өөрийн нэр Хаанчлалын үе Оны цол (年號 niánhào)
Тайзү (太祖 Tàizǔ) Шэн Тянь Хуанди Амбагян (Елюй Абаожи 耶律阿保機 Yēlǜ Ābǎojī) 907-926 Шэньцэ (神冊 Shéncè) 916-922
Тяньзань (天贊 Tiānzàn) 922-926
Тяншянь (天顯 Tiānxiǎn) 926
Tайзун (太宗 Tàizōng) Си Шэнь Хуанди Яогу (Елюй Дэгуан 耶律德光 Yēlǜ Déguāng) 926-947 Тяншянь (天顯 Tiānxiǎn) 927-938
Хуйтон (會同 Huìtóng) 938-947
Датон (大同 Dàtóng) 947
Шизун (世宗 Shìzōng) Тянь Шоу Хуанди Уюй (Елюй Руань 耶律阮 Yēlǜ Ruǎn) 947-951 Тяньлү (天祿 Tiānlù) 947-951
Музун (穆宗 Mùzōng) Тянь Шүнь Хуанди Шулү (Елюй Жин 耶律璟 Yēlǜ Jǐng) 951-969 Инли (應曆 Yìnglì) 951-969
Жиньзун (景宗 Jǐngzōng) Тянь Зан Хуанди (Елюй Шянь 耶律賢 Yēlǜ Xián) 969-982 Баонинь (保寧 Bǎoníng) 969-979
Чяньхэн (乾亨 Qiánhēng) 979-982
Шэньзун (聖宗 Shèngzōng) Жао Жэнь Хуанди Вэньшүнү (Елюй Лоншү 耶律隆緒 Yēlǜ Lóngxù) 982-1031 Чяньхэн (乾亨 Qiánhēng) 982
Тонхө (統和 Tǒnghé) 983-1012
Каитай (開泰 Kāitài) 1012-1021
Тайпин (太平 Tàipíng) 1021-1031
Шиньзун (興宗 Xīngzōng) Шяожан Хуанди Жигу (Елюй Зонжень 耶律宗真 Yēlǜ Zōngzhēn) 1031–1055 Жинфу (景福 Jǐngfú) 1031-1032
Чунси (重熙 Chóngxī) 1032-1054
Даозун (道宗 Dàozōng) Тянь Ёу Хуанди Чара (Елюй Хонжи 耶律洪基 Yēlǜ Hóngjī) 1055–1101 Чиньнинь (清寧 Qīngníng) 1055-1064
Шянонь (咸雍 Xiányōng) 1065-1074
Тайкань (太康 Tàikāng) 1075-1084
Да'ан (大安 Dà'ān) 1085-1094
Шоучань (壽昌 Shòuchāng) 1095-1101
Тянь Зуоди (天祚帝) Агүо (Елюй Янши 耶律延禧 Yēlǜ Yánxǐ) 1101–1125 Чянтон (乾統 Qiántǒng) 1101-1110
Тянчинь (天慶 Tiānqìng) 1111-1120
Баода (保大 Bǎodà) 1121-1125
  1. Turchin, Adams, and Hall (2006), 222.
  2. Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly 41 (3): 475–504.
  3. "Монголын эртний түүх судлал Ред Далай Ч." Эх хувилбараас архивласан: 2022-07-27. Татаж авсан: 2022-07-27.
  4. Николай Гусейнов "Кыргызский каганат - тюркское государство на Енисее"
  5. 5.0 5.1 5.2 "遼史/卷三十七/地理志一".
  6. 6.00 6.01 6.02 6.03 6.04 6.05 6.06 6.07 6.08 6.09 6.10 6.11 6.12 "遼史/卷45".
  7. 7.0 7.1 7.2 "遼史/卷46".
  8. одоогийн Өвөр Монголын Баарин зүүн хошуу
  9. Өвөр Монголын Нинчэн шяний ойролцоо
  10. одоогийн Ляонин мужийн Ляоян хот
  11. одоогийн Бээжин хот
  12. одоогийн Шаньси мужийн Датун хот
  13. 13.0 13.1 "遼史/卷38/地理志二".
  14. 14.0 14.1 "遼史/卷40/地理志四".
  15. 15.0 15.1 "遼史/卷41/地理志五".
  16. "遼史/卷39/地理志三".
  17. 17.0 17.1 "遼史/卷三十四/兵衛誌上".
  18. 18.00 18.01 18.02 18.03 18.04 18.05 18.06 18.07 18.08 18.09 18.10 18.11 18.12 18.13 "遼史/卷三十五/兵衞志中".
  19. 19.0 19.1 19.2 19.3 А., Дамдинсүрэн (1990). Монголын зэвсэгийн товч түүх. Улсын хэвлэлийн газар. p. 89.
  20. Цэргийн түшмэлийн цол
Өмнөх
Тан улс
Енисейн киргиз
Бохай улс
Их Ляо Улс
916-1125
Дараах
Алтан улс
Хамаг Монгол
Хар Хидан