Jump to content

Тайш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тайш цол нь XII-XVIII зууны үед монгол угсааны улс, аймгийн их ноёдын зүүж хэрэглэж байсан өндөр хэргэм юм. Уг гарал нь хятадын Шан улсын үед тус улсын вангийн хүү хүртэж байсан цэргийн цол юм.

Хамаг Монгол улсын үед өөрөөр хэлбэл Амбагай хаан/1147-1155/ хаанчлалынхаа үед Тайш буюу улсын цэргийг ерөнхийлөн захирагч хэмээх албан тушаал бий болгож Хабул хааны хүү Хадаан тайш болж байжээ.

Тайш цолны утга нь хааны багш, их багш, сургагч хэмээсэн утгатай эртний хятад түшмэлийн цол юм.[1] Тайш цол бол хятадын төрийн ёсонд гурван гүнгийн зэрэгт багтаж байсан. Энэ нь Тайши (Их багш), Тайбао (Их хадгалагч), Тайфу (Их номлогч) юм. Тайш цол нь анх Монголын нууц товчоонд Нэгүүн тайш гэж дурдагддаг. Гэхдээ энэ нь Мин улсын үед дахин хуулагдсантай холбоотой байж магадгүй. Их Юань улсын үед төрийн дунд 8 түшмэлийн нэг болж байсан бөгөөд тэднийг төрийн түшмэд, албан тушаалтны 2-рт дөрвөн төрийг дөрвөн тайш мэд гэж байжээ.[2] Тэдгээр 4 тайш нь:

  1. Дээд номч тайш
  2. Дээд төрч тайш
  3. Иргэн ургуныг аврахын дээд эрхлэгч тайш
  4. Улсыг сахихын дээд өлзий тайш зэрэг юм.[3]

Харин 1368 онд Юань улсын хятад дахь ноёрхол дуусаад монголдоо ирснээр улс төрийн бутрал эхэлж, тайш цолыг цэргийн их эрх мэдэл барьсан хүн авдаг болжээ.

XV зуунд тайш цол бол Монголын Их Хааны дараах хамгийн хүндтэй цол байсан. Зарим үед Хаан цолоос ч илүү эрх мэдэлтэй, хаадыг сонгох, огцоруулах эсэхийг шийддэг байсан нь энэ үеийн онцлог юм.

Тайш цол бол Алтан ургийн бус язгууртнуудын хэрэглэж байсан хамгийн том цол юм . Орчин үеийн ойлголтоор ерөнхий сайдтай дүйцэж байв. Даян хааны үе хүртэл Тайш цолтон хаадын хувь заяаг шийдэж байгаад, Даян хааны үеэс хүч нөлөө нь мэдэгдэхүйц суларч, зүүн монголд Чингис хааны онгоныг сахих 8 тушаалтны нэг болж үлдсэн. Харин баруун монголд XVII зууны үеэс төдийлөн хэрэглэхээ больж эхэлсэн.

Монголын түүхэн дэх тайш цолтой хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  1. Хадаан тайш (1150-1160)
  2. Нэгүн тайш (?-1160?)
  3. Мухулай
  4. Их Юань улсын тайш нар (1271-1368)
  5. Хөхтөмөр
  6. Аругтай тайш (1408-1434)
  7. Тогоон тайш (1434-1438)
  8. Эсэн тайш (1438-1452)
  9. Амасанж тайш (1452-1454)
  10. Алагтөмөр тайш (1454-1455)
  11. Болай тайш (1455-1465)
  12. Бэгэрсэн тайш (1472-1479)
  13. Исмэйл тайш (?-1483)
  14. Ибрай тайш (?-1512)

Холбоотой өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]
  1. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 50. ISBN 99929-78-82-1
  2. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 50. ISBN 99929-78-82-1
  3. Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 51. ISBN 99929-78-82-1