Jump to content

Мухулай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мухулайн хөшөө

Мухулай (бас Мухали, Мукали, Мохули, Мухури гэх мэтээр бичдэг) (1170-1223) нь Чингис хааны доорх хүндэт захирагч бөгөөд итгэмжлэгдсэн хүн болсон монгол жанжин ("боол" ("bo'ol") - албаны "үүрэг хүлээсэн нэгэн") байв. Монголчуудад үнэнч байх тангараг өргөсөн жалайрын ахлагч Гүүн-Увагийн (Gü'ün-U'a) хүү тэрээр Их Хаан болон Монголын эзэнт гүрэнд тууштай, чадварлаг зүтгэснээрээ олсон "Битүү нэгэн" (үг дуу цөөн, гүн бодлоготой) гэх утгатай "Мухали" ("Muqali") (энэ нэрийг одоо "Мухулай" гэж бичиж байна) хэмээх нэрээр алдаршжээ.

Алтан улс руу довтлох үед Мухулай Чингис хааны хоёрдугаар тушаалтны үүргийг гүйцэтгэж, Хятадын амбан захирагчаар дэвшсэн ба Чингис хаан Төв Азийг байлдан дагуулахаар мордсоны дараа түүнд бие даасан байдлын асар их эрх олгосон байна. Аливаа давуу талыг олж авахын тулд үй олноор хөнөөхөд бэлэн байсан олон монгол удирдагчдаас ялгаатай нь Мухулай ихэвчлэн эвлэрлийн арга замаар дайснуудаа өөрийн талд оруулахыг оролддог байжээ.

Өгэдэйн хаанчлалын үед (1229-1241) түүнийг монгол жанждын ер бусын авьяаслаг хэсгийн шилдэг нь гэж үздэг байв. Маш хязгаарлагдмал нөөцтэй байсан ч ялагдал хүлээгээгүй амжилтыг нь авч үзвэл түүнийг түүхэн дэх хамгийн агуу цэргийн жанждын нэг гэж тооцож болох юм. Тэр "маргаангүй Монголын тэргүүлэх зүтгэлтнүүдийн нэг бөгөөд дээд удирдагч" байсан. Түүний орон нутгийн хэргийг шийдвэрлэхдээ мэргэн ухаантайг нь онцлон тэмдэглэсэн байдаг.

Гүүн-Увагийн гуравдугаар хүү Мухулай нь боржигин овгийн үе дамжсан өтөг боол буюу хамжлага Жалайр аймгийн "Жат" овогт төржээ. Юань улсын судрын 119-р дэвтэр дэхь Мухулайн шастирт Мухулайн эцэг "...Күнвэнгува нь Тайзу[1]гийн туг доор байхуйд Мэргидийг түвшитгэж, Найман аймгийг дайлахуйд олон гавьяа байгуулжээ... Нэгэн удаагийн дайсны цэрэгт нэхэгдэж байхад Тайзугийн морь үхсэнд... Күнвэнгува өөрийн морио унуулж, өөрөө нэхэх цэргийг тосч байлдан үхсэн..."[2] гэж бичсэн байна. Гүүн-Ува нь таван хөвүүнтэй байсны гурав дахь нь Мухулай юм. Сурвалж бичигт "Мухулайг төрөх цагт гэрийн дотроос цагаан уур гарсанд бөө гайхаж өгүүлсэн нь: Энэ гайхамшигт хөвгүүн болой"[2] гэжээ. Мөн Мухулайг тодорхойлохдоо "жич өсөөд ухаан нь гүн, мэргэн бодлоготой, гар нь том, харвах намнахдаа чадамгай, нум татах нь хоёр таар (1 таар 20 кг гаруй) татмуй"[2] гэж тэмдэглэжээ.

Түүний Чингис хааны харьяат болсон он цагийг "Монголын нууц товчоо"-д Жүрхинийг дарсан 1196 оноос эхлүүлдэг бол "Юань улсын судар"-ын 119-р дэвтэр "Мухалигийн шастир" дахь таалал төгсөхөөс өмнө хэлсэн гэрээслэлд "...Би улс гэрт зүтгэж их төрийг бүтээхүйд хуяг өмсч хурц илдийг барьж 40 жил болтол зүүн барууныг дайлахуйд огт хорсол үлдсэнгүй..." гэж тэмдэглэснийг нягталбал нилээн эртнээс Чингис хааны төлөө зүтгэсэн байж магадгүй юм.

Улсын ван болсон нь

[засварлах | кодоор засварлах]

1217 онд Чингис хаан Алтан улсыг эзлэх дайныг Мухулай ноёнд хариуцуулахдаа улсын тайш, улсын ван цолоор өргөмжилж, муж хотыг захирах эрх, шар алтан тамга болон есөн хөлт цагаан туг соёрхож, Арулад, Хонгирад, Ихирэс, Уруд, Мангуд, Онгуд, Жалайр аймгуудын 23 мянган цэрэг, Тангуд, Кидан, Нангиад цэргийг захируулж үлдээхдээ, Чингис хаан зарлигдсан нь: “Тайхан уулнаас умард нутгийг би өөрөө зассугай. Тайхан уулнаас өмнөхийг чи застугай” хэмээв.

Чингис хааныг буцсаны дараа тэр ондоо Алтан улсыг үргэлжлүүлэн дайлахдаа Хэбэй мужийн төв болон өмнөд хэсгийг хот тосгодын чиглэлээр довтлохдоо Сижин (одоогийн Датун), Яньжин (одоогийн Бээжин) хотоор хятад нутгийн гүнд довтлох түшиц газраа болгож Яннань(燕南, yannan), Сүйчэн[3] (遂城, sui cheng) жич Лижоу[4](蠡州, li zhou) олон хотыг эзлэн авчээ. 1217 оны өвөл Дамин фуг[5] (大名府, da ming fu) эзлээд түүнээс зүүнш Шаньдун мужийн Иду (益都, yidu), Зи (淄, zi), Дэн (登, deng), Лaй (莱, lai), Вэй(維, wei), Ми (密, mi) зэргийн жоу (州)-г довтлон эзлэн авсан.[2]

1218 он шар барс жилд Мухулай вангийн удирдсан цэргийн хүч Сижин[6] (西京, xijing)-гээс Тайхэлин даваагаар (太和岭, Taiheling) давж Хэдун мужд (河东, Hedong, одоогийн Шаньси мужийн нутаг) нэвтрэн Тайюань (太原)-ийг бүслэн байлдах зуур Шинь (忻, xin), Дай (代, dai), Зэ (泽, Ze), Лу (潞, lu), Фэнь (汾, Fen), Хуо (霍, Huo) зэргийн жижиг хот тосгодыг эзлээд, Пинян[7] (平陽, ping yang) хот руу дөхөж очиход Алтан улсын сахих түшмэл хотыг гээж зугтсан. Алтан улсын дагаар орсон Тоба Анчарт[8] (拓拔按察儿, Tuoba An Cha er) монгол цэргийг захируулан, Пинян хотыг сахиулж, Алтан улсын цэргийг тосч байлджээ. Ижоу[9] (義州, yi zhou)-гийн цэргийг харгалзах түшмэл Ли Тинжи (李廷值, li ting zhi)-гийн дүү Ли Шоужун[10] (李守忠, li shou zhong)-ийг Хэдун замын шуайфу (河东南路帥府, He Dong Nanlu shuaifu)-гийн хэргийг мэдүүлжээ.

1219 он шарагчин туулай жил (己卯, Ji mao), Ши (石, shi), Сижоу[11] (隰州, xizhou)-г байлдаж аваад Жяньжоу[12] (絳州, jiangzhou)-г довтлон эзлэв.

1220 он цагаан луу жил басхүү Яньжин хотоос (одоогийн Бээжин хот) Жао (趙, Zhao)[13], Манчэн[14] (满城, Mancheng) хотыг эзлэсэнд, түшмэл Ушянь (武仙, Wu xian) бээр Жэньдин[15] (真定, Zhending) зэрэг газрын иргэнийг тэргүүлэн дагахаар ирсэнд Хэбэйгийн баруун замын (河北西路, Hebei Xilu) уг ёсоор нь үлдээв. Тус жилд хятан жанжин Ши Тяньни (史天倪, Shi Tianni) өгүүлсэн нь: "Эзэлсэн эл газарт басхүү цэргийг дураар тавьж уулгалан булааваас иргэнийг амаржуулах нь үгүй болой" хэмээсэнд Мухулай: "Зөв" хэмээж цэргийн цаазыг зарлан "Бүү уулгалан булаагтун" хэмээж олсон хулгайлсан тариаг хүмүүст эргүүлэн өгсөнд цэргийн дотор хямгатай болсонд түшмэл, иргэд ихэд баярлав. Фуян голд[16] (滏陽, Fu yang) хүрч, Алтан улсын Шинжоу[17] (邢州, Xingzhou)-гийн зэдуши түшмэл Үгүй (節度使 武貴, Zedushi Wugui), Мухулай ноёныг угтаж дагаар оржээ. Их цэрэг цааш давшиж Тяньпинзай (天平寨, Tianpingzhai) цайзыг эзлэсний дараа, Монголбуха (蒙古不花, Menggu buhua) ноёнд цэрэг хуваан өгч Хэбэйгийн Вэй (衛, Wei), Хуай (懷, Huai), Мэнжоу (孟州, Mengzhou) зэрэг олон газрыг дараалан эзлэж, Жинаньд (濟南, Jinan) орвоос түшмэл Янь Ши (嚴實, Yanshi)-гийн зэргэлдээх Сянь (相, Xiang), Вэй (魏, Wei), Цы (磁, Ci), Мин (名, Ming), Энь (恩, En), Бу (博, Bo), Хуан (滑, Huang), Жюнь (浚, Jun) зэргийн жоугийн 30 түмэн өрхийг эзлэн аваад Мухулайн удирдсан их цэрэгт нийлж ирэв.

Тэр үед Алтан улсын Хуанлинганд[18] (黃陵岡, Huanglingang) төвлөрсөн 20 түмэн гэж алдаршуулсан 2 түмэн явган цэргээр Жинанийг довтлоход, Мухулай ван гавшгай цэрэг таван зууг өөрөө удирдан, дайсны цэргийг довтлоход, дайсны тал ялагдсан дүр үзүүлэн зугтахад, тэднийг нэхсээр Хуанлинганд хүрэхэд Алтан улсын цэрэг голын өмнө ирмэгт жагсаж, өөд байлдахаар зэхсэнд, Мухулай морьт цэргийг мориноос буулгаж явганаар гол гатлан байлдсанд үнэхээр ихэд даржээ. Тэндээс давшиж Чуцюй[19] (楚丘, Chuqiu) хотыг бүслэн байлдахуйд, Чуцюй хот бага бөгөөд бас 4 талдаа цөм усаар хүрээлэгдсэн тул олон цэргээр өвс модоор гууг дүүргэн хэрмийг давж эзлэв. Даньжоу (單州, Danzhou) газрыг довтлон байлдаж аваад Дунпин[20] (東平, Dongping) хотыг бүслэн хаахуйд түшмэл Яньшигаар Шаньдун мужийн баруун замын (山東西路行省, Shandong xilu xingsheng) хятад цэргийг түр захируулан, анхааруулан өгүүлсэн нь: "Дунпингийн амуу барагдаваас эрхгүй хотыг гээж буруулмуй. Чи түүний явахыг үзэж даруй хотод ороод тохинуулагтун. Бүү жюнь, сянийг зовоож хэргийг эвдэлэгтүн" хэмээж Сорхоту (梭魯忽禿, Suoluhuotu) ноёнд монгол цэрэг гурван мянгатыг өгч суулган сахиулжээ.

1221 оны цагаагчин могой жилийн 4 сард Дунпингийн амуу барагдаад Алтан улсын мужийн түшмэл Мангү (忙古, Manggu) нь Бянбян (奔汴, Benbiang) руу зугтахад, Солохоту тосч цохиод 7000 илүү хүнийг алжээ. Мангү хэдэн зуун морьт цэрэгтэй дутаажээ. Мухулайн дүү Дайсун (帶孫, Daisun) Мин (洺, Ming) хотыг байлдан авч чадаагүй тул, Ши Тяньинийг (石天應, Shi Tianyin) илгээж эзлэн авчээ. 5 сард Мухулайн удирдсан цэрэг Үнэгэн даваанд (野狐嶺, Yehuling) буцав. Сүн улсын түшмэл Ляньшүй (漣水, Lianshui) шудрага журмыг дагаж дагаар ирсэнд Жи[21], Ян, Дан (濟、兗、單- Ji, Yan, Dan) 3 жоугийн бүгд нийтийн дарга болгожээ. Хатгамал 5 хас бүс өгч өгүүлсэн нь: "Чи давж гэтлэхээс эмээлгүй хэдэн мянган газар журмыг хүсэж ирсэн тулд цол өгмой. Чи хичээгтүн" хэмээжээ.

Алтан улсын нийслэлийн зүүн амаржуулан тохинуулах түшмэл (京東安撫使, jing dong an fu shi) Жан Лин (張琳, Zhang Lin) дагаар ирсэнд Шаньдунгийн зүүн замын (行山東東路) Иду (益都), Цань (滄), Жин (景), Бин (濱), Тай (棣) зэргийн жоугийн бүгд юаньшуай фу (都元帥府-Dou Yuanshuaifu)-гийн хэргийг захируулжээ. Жэнзүнь (鄭遵, Zhengzun) Гү Зо, Сянсюй сянийг авч дагасанд дэвшүүлэн Юаньжоу (元州, Yuanzhou)-гийн түшмэл болгоод Жэнзүнийг зэдуши түшмэл болгож юаньшуай фугийн хэргийг захируулав.

Цэрэг давшиж Сүйдэ[22] (綏德, Suide)-г эзлэн авч Матизай цайзыг (馬蹄寨, Matizhai) эвдээд, Яньнаниас (延安, Yannan) хот 15 км-т хүрээлэн бууж. Алтан улсын мужийн түшмэл Ваньян Хада (完顏合達, Wanyan Hada) 3 түмэн цэрэг авч хотын зүүн талд гарч жагсаажээ. Монголбухад 3000 цэрэг өгч довтолгон очсонд, тэд бидний цэрэг цөөнийг үзээд дайсныг хөнгөлөх сэтгэл төрөв. Маргааш нь байлдахад дийлэгдсэн дүр үзүүлж, бүгсэн цэргийн байх газарт аваачин дайрваас ялж болмой хэмээж шөнө дөл морьдын аманд мод зуулгаж хотоос зүүнш 15 газар хоёр хөндийн хооронд бүгжээ. Маргааш нь Монголбухагийн цэрэг давшиж Алтан улсын цэргийг хараад даруй хэнгэрэг хиурыг гээж зугтаж Алтан улсын цэргийг бүгсэн цэрэгтээ ойртуулахад, монголын цэрэг бүслэн байлдаж, Алтан улсын цэргийг бут цохин 7000 илүүг нь алаад морь 800 гаруйг олзолжээ. Хада буруулан Яньаньд орж хамгаалан суув. Хотыг бүслээд арваад өдөр болтол бууж өгсөнгүй тул түүнээс урагш Лучуаньд[23] (洛川, Luochuan) хүрч Фужоуг[24] (鄜州, Fuzhou) эзлэн авав. Бэйжингийн түр захирагч (北京權帥, Beijing quanshuai) болсон Ши Тяньин Алтан улсын баатар жанжин Жан Тяожянийг (張鐵槍, Zhang Tieqiang) барьж ирэхэд, Мухулай түүний дагаар орохгүйг буруушаасанд их дуугаар өгүүлсэн нь: "Би Алтан улсын хайр хишгийг 20 илүү жил хүлээжээ. Өдгөө хэрэг үүнд хүрвээс үхсүгэй"[2] гэсэнд Мухулай түүнийг шудрага журамтай хэмээн хүлээсийг нь тайлах гэхэд бусад ноёд жанжид эсэргүүцэн алав. Тэндээс Фаньжоу[25] (坊州, Fangzhou) нутгийг эзлэн аваад цэрэгт ихээр хишиг түгээв. Алтан улс ахин Сижоуг (隰州, Xizhou) авсаныг сонсоод Сюаньчэнийг (軒成, Xuan Cheng) эвлэн заах түшмэл (經略使, Jinglueshi) болгоход, Данжоугээс (丹州, Danzhou) гол гаталж Сижоуг эзлэн авав.

1222 он хар морин жил намрын 8 сард Монголбухаар цэрэг захируулж Чинлон[26] (秦隴, Qinlong) руу илгээн уул гол бэрх бартааг тандуулав. Их цэрэг Юнжунд (雲中, Yunzhong) хүрч байлдаж Мэнжоу[27], Сы, Тай, Жи (孟州, 四, 蹄, 寨, 遷, Mengzhou, Xi, Ti, Zhai) зэрэг газрыг эзлэн аваад тэдгээрийн иргэдийг Юйжоуд (於州, Yuzhou) шилжүүлэв. Жинян, Ихэзай[28] (晉陽, 義和寨, Jingyang, Yihezhai) эзлэн давшиж Санчиняныг (三清巖, Sanqingyan) эзлээд Шаньбаод (山堡, Shanbao) орж түүний хүн иргэдийг Жаочэн сяньд[29] (趙城縣, Zhaocheng xian) нүүлгэв. Чинлон фуд хүрсэнд Алтан улсын Пинян гүн Ху Тяньзо(平陽公 胡天作, Pingyang gong Hu Tianzuo) эсэргүүцэн байлдав.

8 сард од өдөр үзэгдсэнд хятад сайд Цяо Жинжэн (喬靜真, Qiao Jingzhen) өгүүлсэн нь: "Тэнгэрийн байдлыг үзвээс дайлаар орж болохгүй" гэсэнд, Мухулай өгүүлсэн нь: "Тэнгэр эзэн надад тушааж дундад орныг (中原, Zhongyuan) төвшитгөн тогтоогтун хэмээжээ. Одоо Хэбэйг хэдийн түвшитгэсэн боловч Хэнань (河南, Henan), Чинь (秦, Qin), Гун (鞏, Gong) зэрэг газрыг эзлэн аваагүй. Хэрэв тэнгэрийн байдлыг дагаж цэрэг орохгүй болбоос дэлхий дахин ямар цагт тогтнох аж. Бас эзний тушаасныг зөрчивөөс шудрага хэмээвээс болмуй юу?"[2] гээд, өвлийн 10 сард Жинь (晉, Jin)-ийг өнгөрөөд, Цяньд (絳, Jiang) хүрч Рунжоу[30][31] (榮州, Rongzhou), Хэпин баог (胡瓶堡, Huping bao) аваад хүрсэн эл газар бүхэн цэргийн сүрийг үзээд дагаар оржээ. Хэжун[32] (河中, Hezhong) Алтан улст буй аж, одоо ахин дагаар оруулав. Мухулай Ши Тяньинийг дуудан өгүүлсэн нь: "Фужоу (蒲州), Хэдунгийн (河東, Hedong) чухал газар тул би сахихийг сонговоос чамаас өөр бусад нь болохгүй" гээд түүнээр Хэдуны өмнө умар замыг (河東南北路, Hedong nanbeilu) түр мэдүүлэн, Шяши боомтын (陜右, Xiashi) баруун Cинтай (行臺, Xingtai), Пинян(平陽, Pingyang)-гийн Ли Шоужун(李守忠, Li Shoujun), Тайюань (太原, Taiyuan)-ий Юй Харбат[33] (攸哈剌拔都, You Halabadou), Сижоу (隰州, Xizhou)-гийн түшмэл Тяньшюн (田雄, Tienxiong) хамтаар захиран шийтгэхийг хүлээмүй. Ши Тяньинд тушааж хөвөх гүүр тавиулж эгэх цэргийг гатлуул гэж зарлигдав. Тэндээс гол гаталж Тунжоуг (同州, Tongzhou) авч Фучэн[34] (蒲城, Fucheng)-ийг аваад шууд Чан-анд (長安, Chang an) хүрэхэд Алтан улсын Жинжоу мужийн (京兆行省, Jingzhao xingsheng) сайд Ванян Хада 20 түмэн цэргийг авч бэхэлэн сахисан тул авч чадсангүй. Түүнээс цэргийг хувааж Ухуг (兀胡, Wuhu) авч, хонгирадын Тайбухийг (太不花, Taibuhua) 6000 цэрэгтэйгээр сахиулжээ. Мөн Хонгирадын Алчи ноёныг (按赤, Anchi) илгээж 3000 цэргээр Тунгуан боомтыг (潼關, Tongguang) тагнуулаад даруй баруунш Фунсянийг(鳳翔, Fenxiang) цохиж сар илүү болтол авч чадсангүй тул олон жанжидын зүг өгүүлсэн нь: "Би зарлигийг дагаж тухайлан дайлахуйд хэдэн жил болсонгүй Ляоси (遼西, Liaoxi), Ляодун(遼東, Liaodong), Шаньдун(山東, Shandong), Хэбэйг (河北, Hebei) авахуйд нэмэлт хүч шаардагдсангүй бөлгөө. Урьд Тяньпин (天平, Tianping), Яньань-ыг(延安, Yanan) байлдаад одоо Фэнсянийг байлдахад цөм авч чадсангүй нь насан хутаг дуусах шахсан бус хэмээхүй юу?"[2] гээд түүнээс их цэрэг Вэйшүй (渭水, Weishui) голын өмнө суун, Монголбухийг илгээж Нюлин давааг (牛嶺, Niulin) давж Сүн улсын Фэнжоуг (鳳州, Fengzhou) тандуулж эргэжээ.

1223 он харагчин хонин жилийн хавар цэрэг эргэхэд гүүр тавьж дуусаагүй тул олон жанжны зүг өгүүлсэн нь: "Гүүр барьж дуусаагүй тул яахин сууж хүлээвээс болох аж" гээд басхүү байлдаж голын баруун эргийн 10 гаруй цайзыг аваад гол гатлан Вэнши cяньд[35] (聞喜縣, Wenxi xian) ирээд өвчин нь хүндэрсэнд түүний дүү Дайсуныг (帶孫, Daisun) дуудаж өгүүлсэн нь: "Би улс гэрт зүтгэж их төрийг бүтээхүйд хуяг өмсч хурц илдийг барьж 40 жил болтол зүүн барууныг дайлахуйд огт хорсол үлдсэнгүй. Гагцхүү Бянжин (汴京, Bianjing) хотыг аваагүйд хорсож байна. Чи хичээгтүн"[2] гээд 53 насандаа нас нөгчив. Хойно Чингис хаан өөрийн биеэр Тангудыг дайлах үедээ Фэнсян (鳳翔, Fengxian) хотыг эзлэхээр цэрэг илгээн бүслэн байлдах үед өгүүлсэн нь: "Хэрэв Мухулай байсан болвоос би биеэр энд хүрч ирэхгүй болой"[2] гэжээ. Мухулай гоо ванг өөд болсны дараа Алтан улсын цэргүүд өмнө нь алдсан зарим хот тосгодыг буцаан эзлэн, бэхжихийг оролдож байсныг Өгэдэй хааны хийсэн аян дайнаар Тулуй, Сүбэдэй ноёдын амжилттай довтолгооноор Алтан улсын нугасыг таслан байлдан эзлэж чадсан түүхтэй. 1260 онд Сэцэн хааны зарлигаар Гүнгоог Шудрагыг дэлгэрүүлэгч, Мухулайг Шудрага цогтой баатар гэж нэхэн өргөмжилжээ.

Гадаад төрх байдал ба гэр бүл

[засварлах | кодоор засварлах]

Жао Хун түүнийг "өгөөмөр, найрсаг байдалд дуртай бөгөөд түүний тухай хөгжилтэй хэрэг явдлууд Сүнгийн элчийн тайланд хадгалагдан үлдсэн байдаг"[баримт хэрэгтэй] гээд долгиолсон хэлбэр бүхий сахалтай, бараан царайтай, маш өндөр хүн гэж тодорхойлжээ.

Түүний их эхнэрийг Лай-мань (бас Лай-ам (Lai-am), Найман (Naiman), Бухалун (Buqalun) гэх мэтээр бичсэн нь бий) гэдэг. Тэрээр өөр найман эхнэртэй байсан бөгөөд тэдгээрийн дөрөв нь монгол, дөрөв нь зүрчин хүмүүс байв.[баримт хэрэгтэй]

  • Тэргэт баян
    • Гүнгоо
      • улсын ван Мухулай (1217-1223)
        • улсын ван Булу (1223-1228)
          • улсын ван Тас (塔思) (1228-1239)
            • Худуха
              • Худутөмөр
                • Бөхэ
                  • Даотун
          • улсын ван Сугунчаг (速渾察) (1239-1251)
            • улсын ван Хурумши (1251-1260)
            • Наян
              • Сод (碩德, Shuò dé)
              • Бэрхтөмөр/Билигтөмөр (別理哥帖木爾, Bié lǐ gē tiē mù ěr)
                • Доржбал (пинжан жэнши түшмэл)
                  • Төгстөмөр
                  • Дужянтөмөр
              • Баянчар
            • Сянвэй (жянхуай мужийн зүүн гарын чинсан)
              • Алавадин
                • Тогон (Жишянь асрын бичгийн утгач сайд)
            • Саман
              • Тогтох
                • (鐵木兒塔識[36])
                • улсын ван Дорж (1329-1337, 1349-1355)
                  • Түмэнтөмөр (бичгийн утгач сайд)
                  • улсын ван Амгашири (1355-?)
          • Баатар ноён (霸都魯)
          • Буйнан (伯亦难)
          • Эмгэн (野蔑干)
          • Өвгөн (野不干)
          • Жү ван Алихиши (阿里乞失)
            • улсын ван, жи ван Хусухур
              • улсын ван Наймантай (1337-1349)
              • улсын ван Долоодай (?-1328)
                • Эсэнбуха (юйчэн түшмэл)
                • Хонгорбуха
      • Буха ноён
      • Дайсун жюнь ван
        • Мөнх ноён
          • Татардай жанжин

Түүнд аль эрт 1320-иод оноос хойш олон шагнал нэхэн хүртээсэн. Түүнийг нас барсны дараа Мухулайн үр сад монголчуудын Их Хаанд, ялангуяа Хубилай хааны байгуулсан Юань улсын төрд зүтгэж байсны дундаас Аньтун чинсан, Байжу чинсан, Доржбал (Dorjibal/Dorjeban), Дорж (Dorǰi) нар нэр алдартай байв. Мухулайн уг сурвалж болсон жалайр аймгийн гишүүд Толуйн удмын Хүлэгүгийн харьяат албатын хувиар Персийг байлдан дагуулахад оролцсон ба хожим Хүлэгүгийн улс задран унасны дараа Багдадаас засаглаж байсан Жалайрынхны угсаа залгамжлалыг үндэслэсэн аж. Өөр нэг үр удам нь болох Нагачу Юань улсын уналтаас тэсэж үлдсэн агаад Мин угсааныхны дор өөрийн эрх мэдлийг хэвээр хадгалсан юм.

Мухулайг гайхалтай удирдагч бөгөөд "Чингис хааны шийдвэрүүдэд бодит нөлөө үзүүлж чадсан маш цөөхөн хүмүүс"-ийн нэг гэж үздэг. Хойд Хятадад цэрэглэн дайтсан долоон жилийн дотор тэрээр Алтан улсын нутаг дэвсгэрийг зөвхөн Хэнань муж болгон багасгасан байдаг. Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай дахь Чингис хааны хөшөөний хажууд Мухулайн хөшөө Боорчитой хамт бий.

  1. Юань улсын үед Чингис хаанд нэхэн өргөмжилсөн хятад цол
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 2.7 2.8 "Юань ши-119-р дэвтэр: Мухулайн шастир". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2024-11-17.
  3. Хэбэй мужийн Баодин хотын хойно оршиж байсан
  4. одоогийн Хэбэй мужийн Баодин хот
  5. одоогийн Хэбэй мужийн Дамин сянь
  6. одоогийн Датун хот
  7. одоогийн Шаньси мужийн Линьфэн хот
  8. Тоба Анчар нь 1216 онд Чингис хаанд дагаж ороод, Мухулайн доор монгол цэрэг захирч байсан. Хожим Пиняны захирагч болсон. 1234 онд Өгэдэй хаан түүнд Пиняны 614 өрхийг соёрхсон. Тэр жилдээ үхсэн.
  9. Ижоу нь одоо Ляонин мужийн И сянь болсон
  10. Ли Шоужон нь 1218-1227 он хүртэл Пинян хотын цэргийг захирч байсан
  11. Сижоу нь одоогийн Линьфэн хотын Си сянь
  12. Цяньжоу нь одоогийн Шаньси мужийн Юньчөн хотын Шиньжянь сянь
  13. одоогийн Шаньси мужийн Ханьдань хот
  14. Хэбэй мужийн Баодин хотын Манчэн сянь
  15. Хэбэй мужийн Шижяжуань хотын хойд хэсэг
  16. Фуян бол Шижяжуаниас зүүн урд зүгт урсах гол
  17. Шинжоу нь одоохи Хэбэй мужийн Шиньтай хот
  18. Хуанлинган бол Жинань хотоос баруун өмнө зүгт 200 орчим км-т байсан газар
  19. Хэнань мужийн Шаньциү хот.
  20. Шаньдун мужийн Тай ань хотын баруун хэсэгт Дунпин сянь
  21. одоогийн Шаньдун мужийн Жинин хот
  22. одоогийн Шэньси мужийн Юйлинь хотын Сүйдө сянь
  23. Луочуань нь Яньань хотоос өмнө зүгт 70 гаруй км зайд байдаг
  24. Фужоу нь Яньань хотоос 60 орчим км-т байдаг
  25. Фаньжоу нь одоогийн Шэньси мужийн Хуанлин сянь
  26. өнөөгийн Шэньси мужийн Баожи хотоос баруун зүгт 130 гаруй км-т байдаг Тяньшүй хот
  27. Мэйжөү нь өнөөгийн Хэнань мужийн Мэйжөү хот юм
  28. Жинян, Ихэзай гэж өнөөгийн Тайюань хот хавьд байсан эртний хот
  29. Жаочан сянь бол одоогийн Шаньси мужийн Линьфэн хотын Хунтон сянь
  30. Рунжоу нь одоогийн Шаньси мужийн Юньчэн хотын Ваньрун сянь
  31. Рунжоуг монголын цэрэг 1223 онд алдаад, 1231 онд дахин эзлэсэн
  32. Хэжун гэж өнөөгийн Шаньси мужийн Ёнжи хот
  33. бохай угсааны жанжин. 1214 онд монголд дагаар орсон.
  34. Фучэн нь Шэньси мужийн Вэйнань хотын хойд хэсэгт байдаг
  35. Шаньси мужийн Юньчэн хотын зүүн хойд талд байдаг
  36. "Юань улсын судар - 140-р боть: Төмөрташийн намтар". zh.wikisource.org (Хятад хэлээр). Татаж авсан: 2024-04-12.