Ихирэс
Ихирэс (монгол бичиг: ᠢᠬᠢᠷᠡᠰ, кирилл: Ихирэс) нь монголын эртний овог аймгийн нэг юм. Энэ овгийн үүсэл гарал нь Байгал нуурын хоёр талаар нутаглаж байсан Эхирэд нартай холбоотой гэж үздэг. Тэд Буриад, Хонгирад, Горлос нартай домог зүйн талаас нэг гарвалтай хэмээн үздэг. Чингис хааны эхэн үед Ихирэсийн Буту хүргэн түүнд хүчин зүтгэж байснаас Их Монгол Улсын үед нэр нөлөө бүхий овгуудын тоонд орж, алтан ургийнхантай харилцан ураг төрлийн холбоо тогтоож байсан. Тухайлбал, Мөнх хааны их хатан Хутугуй хатан бол Ихирэс овгийн хүн юм. Юань улсын дараа нэр нөлөөтэй хүн түүхэнд гарахаа больсон. Одоогийн байдлаар Монгол улсад Ихирэс овогтон цөөн тоотой байж, ОХУ-ын Эрхүү, Буриадын нутагт Эхирэдүүд их хэмжээгээр амьдарч байгаа.
Үүсэл гарал
[засварлах | кодоор засварлах]Тус аймгийн үүслийг тэмдэглэсэн одоо мэдэгдэж байгаа анхны эх сурвалж Рашид Аддины бичсэн Судрын чуулганд бичихдээ: "...Алтан савнаас гурван хөвгүүн төржээ...Нэгдүгээр хөвүүн Журлук мэргэн тэр орчин үеийн хонгирадад хамрагдаж байгаа аймгуудын өвөг, Хоёрдугаар хөвүүн нь Күбай Шира. Тэр хоёр хөвүүнтэй. Ихирас, Олхунуд юм. Гуравдугаар хөвүүн нь Түсүбү Дауд. Түсүбү Дауд тэр хоёр хөвүүнтэй. Харануда, Кинклиуда нар билээ..."[1] хэмээсэн нь Ихирэсийн ноёд нь Олхунуд, Хонгирад, Харнууд, Кинклууд (Хонхлууд?) аймгуудын ноёдтой угсаа гарал нэгтэй болохыг баталж байдаг.
Монголын эзэнт гүрний үе
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан эсгий туургатныг нэгтгэн Их Монгол Улсаа байгуулахад ихирэсийн Буту хүргэнийг мянгатын ноёноор өргөмжлөн, хоёр мянган ихирэсийг захируулжээ. Чингис хаан Алтан улстай дайтаж байхдаа 1217 онд нутгийн зүгт буцахын өмнө Мухулай ноёныг улсын ван, тайш цолоор өргөмжлөн зүүн гарын Уруд, Мангуд, Жалайр, Ихирэс, Хонгирад хэмээх таван аймгийн цэргийг захируулж, цаашид Алтан улсын эсрэг байлдахыг тушаасан. Эдгээр таван аймгийг хожим нь Таван түшээ аймаг гэх болжээ. Алтан улсыг эзлэн дагуулсны дараа таван түшээ аймаг, тэр дотроо ихирэс аймаг нь Говиос урагш эзэлсэн хятад иргэдийг дарангуйлан захирах монгол цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан.
Анх Буту хүргэн Чингис хаантай нөхөрлөх болсноор, охин дүү Тэмүлэнтэй хуримлаж, ураг төрлийн холбоо тогтоосон. 1202 оны орчимд Тэмүлүн өөд болсны дараа 1206 онд Чингис хааны зарлигаар худ ургийн харилцааг улам бататгахын тулд охин Хожин бэхийг Бутуд эхнэр болгон соёрхов. Энэ үеэс хойш Юань Улс мөхтөл Ихирэсийн үе үеийн ноёд хиад боржигин овгийн хаад ноёдын охидтой хуримлан хүргэн болж, монголын төрд үнэнчээр зүтгэж байсан.
Ихирэс аймгийн ноёд, гүнж хатад
[засварлах | кодоор засварлах]- Буту хүргэн: Тэмүлэн, Хожин бэхитэй хуримлав.
- Сорха хүргэн: Хүчү хан хөвүүний охин Аньту гүнжтэй хуримлав.
- Жахурчин хүргэн: Хачиуны хөвүүн Алчидайн охин Есүжин гүнж, Мөнх хааны охин Баялун гүнж нартай хуримлав.
- Хурин хүргэн: Мөнх хааны охин Баялун гүнж, Мөнх хааны ач охин Буланши гүнжтэй хуримлав.
- Буха хүргэн: Жахурчин хүргэний хөвүүн. 1254 оны 10 сард Хубилай хааны охин Улужин гүнжтэй гэрлэсэн.
- Аши ван: Сартагчин гүнж, Өлзийт хааны охин Илихайяа гүнж, Мөнх хааны жич охин Майдэ гүнж нартай хуримлав.
- Балашир ван: Янхэяа гүнжтэй (煙合牙公主) хуримлав.
- Шаландор ван: Хүслэн хутагт хааны охин Юэлу гүнжтэй хуримлав.
- Тэлигань ван: Буту хүргэний хөвүүн. 1256 онд Хубилай хааны охин Чалун гүнжтэй хуримласан
- Суоланха (鎖郎哈) нь 1285 онд Нинчан жүн ван цолыг хааны зарлигаар хүртэж, Мангала чинь вангийн охин Нүвүлүн гүнжтэй хуримлаж Ихирэс овгийн хатан төрсөн. Ихирэс овгийн хатнаас Хайсан хүлэг хааны хөвгүүн Хүслэн хутагт хаан төрсөн.
- Суодоугэ нь Нинчан жүн ван (寧昌郡王) цол залгамжлан, Лулухан гүнж (魯魯罕公主), Лулун гүнжтэй (魯倫公主) гэрлэсэн.
- Болинжидай (卜鄰吉歹) нь нинчан жүн ван (寧昌郡王) цолыг залгамжлан, Буянкэлмиш гүнжтэй хуримлав.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Рашид аддин. Судрын чуулган. Орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Тэргүүн боть. т.117