Jump to content

Уруд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уруд аймаг нь 11-р зуунд үүссэн Нирун Монголын угсааны аймаг бөгөөд Начин баатрын хөвүүн Урудайн нэрээр байгуулсан аймаг юм. Монгол хэлэнд Уруд, Урууд, Уругуд гэх мэтээр бага зэргийн ялгаатай бичих явдал тохиолддог. Хамаг Монголын ханлигийн зүүн хэсэгт, Татартай ойр нутаглаж байжээ. Чингис хааны их цэрэг байлдахад мангудын Хуйлдар, урудын Жүрчидэй ноён нар дайн тулалдаанд ямагт манлайд явж, олон удаа гавьяа байгуулдаг байсан учир Их Монгол Улсыг байгуулахад мянгатын ноён болж, үе улиран залгамжилжээ. Алтан улсын хойд нутгийг байлдан эзлэж, жалайрын Мухулайд улсын ван цол соёрхохдоо Монголын зүүн талаар нутагтай жалайр, хонгирад, ихирэс, уруд, мангуд аймгийн цэргийг захируулж, Алтан улстай байлдах хэргийг даатгасан нь хожим Юань улсын үед "зүүн гарын таван түшээ аймаг" гэж алдаршин аймгийн эзэд нь жүн ван цол хүртэж, Өгэдэй хааны үед 1236 онд Дэжоугийн 20,000 өрх айлыг идэх хот болгон авч, жил бүр тэр газраас гувчуур татах эрхтэй болсон.

Юань Улс мөхсөний дараа Уруд аймгийн урьдын сүр хүч сураг алдарч, Даян хаан уругудын Оручи шигүши ноёны охин Жимсгэнийг бага хатан болгон авч, Гэрэболд, Гэрэсэнз нэртэй хоёр хөвүүн төрүүлсэн. Гэрэболдод Цахарын Найман[1], Аохан[1], Уруд отгийг хувь болгон өгснөөр Уруд тайж гэж түүхийн шастирт нэр тодорсон. Гэрэболдын дараа Уругуд отог баруун түмэнд шингэж, түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй.

  1. 1.0 1.1 ., Саган сэцэн (2006). Эрдэнийн товч. Улаанбаатар. p. 137.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)