Jump to content

Тоба Анчар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анчар (хятадаар: 拓跋氏 按扎兒, пиньинь: Tà bá shì Àn zhā er) нь Их Монгол Улсын тамачи цэргийн жанжин. Эртний Тоба (拓跋氏) овгийн[1] (Хэрэйдийн Түбэгэн[2]) хойчис.

1211 онд Чингис хаанаар удирдуулсан монголын арми Алтан улсад дайран орсны дараа Их Монгол Улсад дагаар орсон. 1217 оноос Мухулай вангийн доорх тамачи цэргийн жанжин болж, Яньнань, Хэбэй, Шаньдун, Шаньси мужийн 10 гаруй тойрог, хотыг эзлэн авсан. 1222 онд монголд дагаар орсон Ши Тяньин жанжны хамтаар Жунтяо ууланд Алтан улсын 100,000 цэрэгтэй байлдахад Ши Тяньин тулаанд амь үрэгдсэн хэдий ч, Анчараар удирдуулсан цэрэг дайсны хүчийг ялаад Хэжун фугийн газрыг эзлэн авав. 1223 онд Мухулай ван таалал төгссөний дараа Пинян фу нутгийг сахин суусан.

1230 онд Өгэдэй хааныг дагаж Алтан улсын Фэнсян фу хотыг довтлов. 1232 онд улсын ван Тас, Тулуй ноён нарын хамтаар Санфэн ууланд Алтан улсын цэргийн хүчтэй тулалдаж ялсан. Улмаар Сүбээдэй баатрын хамтаар Бянжин хотыг довтлон Алтан улсын өмнөд нийслэлийг эзлэх тулалдаанд оролцсон. 1236 онд Өгэдэй хааны зарлигаар Пиняны 614 өрхийг хишиг болгон өгөв.[1] Удалгүй тэрээр өвчнөөр нас барсан.

Анчарын Нүдан (奴丹氏) овгоос[1][3] гаралтай эхнэрээс Манхан (?-1311), Чүчигэ (?-1266) гэх хоёр хөвгүүн төрсөн. Манхан нь 1278 онд мянгатын ноён болж, 1287 онд Наянгийн бослого, 1289 онд Хайдугийн довтолгооныг дарах зэрэг олон удаагийн тулаанд цэрэг захиран оролцож байсан. Найман гэх нэг хөвүүнтэй байсан.

Чүчигэ нь хааны хишигтэн цэрэгт алба хааж байсан. 1266 онд Ли Таний бослогын үеэр амь үрэгдсэн. Хөхөчү гэх хөвүүн нь зарга шийтгэх яамны тэмдэглэгч түшмэл, Хунань мужийн лянфан түшмэлийн албанд ажиллаж байсан.

  • Анчар
    • Манхань
      • Найман
    • Чучигэ
      • Хөхөчү
  1. 1.0 1.1 1.2 "Юань улсын судар - 122-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-08-07.
  2. "Шинэ Юань улсын судар - 130-р дэвтэр". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2024-08-07.
  3. Эсвэл хүний нэр байж магадгүй