Хишигтэн

Хишигтэн (худам монгол: ᠬᠡᠰᠢᠭᠲᠡᠨ) цэрэг нь Монголын Эзэнт Гүрний их хаан болон түүний гэр бүлийн амь нас, орд өргөөг хамгаалж, өдөр тутмын үйлийг засагч торгон цэрэг байв. 15-17-р зуунд Монголын хааны өмч аймаг Цахарын шууд харьяанд Хишигтэн отог нэртэйгээр багтаж байсныг Даян хаан дунд хүү Очирболдод хувьлан өгснөөр түүний үр хүүхэд үе улиран залгамжлан захирсаар Чин улсад дагаар орохдоо Зуу-Удын чуулганд багтаж байсан.

Хишигтний үндсэн үүрэг нь хаан болон хатан, хан хөвүүд, бэхи авхай гүнж нарыг өдрийн болон шөнийн цагаар хамгаалж, тэдний идээ ундааг хариуцагчид юм. Тэднийг дотор нь гурав хуваадаг ба хэвтүүл хэмээх шөнийн харуул, хорчин хэмээх өдрийн манаа, турхаг хэмээх харваач цэрэг. Тэд энгийн цэргүүдээс ялгаатай ба тэдэнтэй хамт аян дайнд явдаггүй. Харин эзэн хаан дайнд мордсон нөхцөлд хааныг хамгаалж явна, хаан дайнд мордоогүй үед эх нутагтаа үүргээ гүйцэтгэж байсан. Хишигтний турхагийн ахлагчийг Чэрби, хорчны ахлагчийг Хорчи, хэвтүүлийн ахлагчийг Хэшиг гэхээс гадна, хааны орд өргөөд гүйцэтгэх алба үүргээс хамаарч илдэч, үүдэч, шонхорч, шүхэрч, буурч, бичээч, тэргэчин, нутагчин, улаач зэрэг албан тушаалыг гүйцэтгэж байсан.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Хишигтэн

Өрсөлдөгч Монгол овог аймгуудын удирдагчдын амь насанд халдах нь энгийн үзэгдэл байсан. Учир нь Монголын овог аймгууд байнгын урвалт зөрчилдөөн дунд байсан учир ихэс язгууртныг хамгаалж байсан нь маргаангүй. Монголын гэр нимгэн ханатай учраас шөнө дунд маш их эрсдэлтэй байдаг. Тиймээс илд болон жадаар ханыг хялбар нэвтлэн дотор байгаа хүнийг хөнөөх боломжтой байсан тул хаад ноёд хувийн хамгаалагч нартай байсан. Хэрэйдийн Тоорил хан, Хори Ширэмүн ноёноор захируулсан мянган турхаг хэмээх хамгаалагчтай байсан.[баримт хэрэгтэй]

Анхандаа Тэмүүжин ханы үед 70 турхаг, 80 хэвтүүл, Архай Хасарын захирсан мянган баатраас бүрдэж, далан турхагийг Өгэлэн чэрби ахлаж, Худус халчинтай зөвлөж байсан. 1206 онд Тэмүүжин хан Их Монгол Улсыг байгуулж, Чингис хаан цолд өргөмжлөгдсөний дараа шадар хамгаалагч цэргийг өргөтгөн байгуулахдаа аравт, зуут, мянгат, түмтийн ноёдын хөвүүд дүү нар болон бусад цэргийн дундаас бие сайтай шилдгийг сонгож, хишигтэн цэргийг байгуулсан.

Их Монгол Улсын хишигтэн[засварлах | кодоор засварлах]

Чингис хаан зарлиг буулгасан нь:

"Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтнийг ялгаж өг. Хэвтүүл, хорчин торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй! ... Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайг нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй. Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харьяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хөвүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж, эчнээ хол газар цөлье"[1]

Бүтэц, ажил үүрэг[засварлах | кодоор засварлах]

Энэ ёсоор хишигтэн цэргийг байгуулж, 80 хэвтүүлийг 1000 хэвтүүл, 70 турхагийг 8000 турхаг болгож, 1000 хорчин болгож нэг түмэн болгон ахлагч ноёдыг томилов.

Чингис хааны үеийн хишигтэн
Хэвтүүл Хорчи Турхаг
Ахлагчид
1 Их Нэүрин ноён Есүнтэй Өгэлэн чэрби
2 Бүгидэй Буха
3 Хорхудаг Алчидай
4 Лаблаха Додай чэрби
5 Доголху чэрби
6 Чанай[2]
7 Ахудай
8 Архай Хасар
Өгэдэй хааны үеийн хишигтэн
Хэвтүүл Хорчи Турхаг
Ахлагчид
1 Хадаан ноён Есүнтэй Элжигдэй
2 Булхадар Бүгидэй Алчидай
3 Амал Хорхудаг Хонхордай
4 Чанар Лаблаха Тэмүдэр
5 Хадай Чормаган Жэхү
6 Хорихачар Ширхан[3]
7 Хараудар Доголху чэрби
8 Ялбаг Мангудай

Мянган хэвтүүл Их Нэүрин ноён захирч, мянган хорчиныг "дөрвөн ээлж болгон Зэлмийн хөвүүн Есүнтэй захирч, Түгэгийн хөвүүн Бүгидэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорхудаг гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблаха дөрөвдүгээр ээлжийн хорчныг захирч"[1] бүх хорчныг Есөнтэгэ ахлах болов.

Найман мянган турхагийг хуваарилахдаа:

  1. Боорчийн ураг Өгэлэн чэрби
  2. Мухулайн ураг Буха
  3. Илугайн ураг Алчидай
  4. Додай чэрби
  5. Доголху чэрби
  6. Жорчидайн ураг Чанай
  7. Алчийн ургаас Ахудай
  8. Архай Хасар нараар захируулж, дөрвөн ээлж хэшиг болгон Буха, Алчидай, Додай, Доголху гэсэн дөрвөн чэрбиг сонгон томилжээ. Хэшиг гэх ээлж нь гурван хоногт хааны их ордосыг хамгаалах болов.

Хорчин: "Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэй"[4] гэв.

Хэвтүүл: Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. "Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя... Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг буулгатугай... Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэй"[4]

Турхаг – тэд өдрийн хамгаалагчид бөгөөд тэд эзнийгээ дайнд ч өдөр тутмынх нь ажилд ч дагаж ойрхон явдаг.

Хууль цааз[засварлах | кодоор засварлах]

Өдрийн цагт хорчин, турхаг тус бүрийн үүргээ гүйцэтгээд, наран шингэхэд хэвтүүлд үүргээ тушааж өгөөд хааны орд өргөөнөөс гарч хонож, өглөө хаан шөл идсэний дараа хааны орд өргөөнд орж, ажил үүргээ гүйцэтгэнэ. Шөнийн цагаар хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг хэвтүүл барьж хоноод өглөө байцаадаг байсан. Шөнийн цагаар хааны ордод мэдээ ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдэж, хэвтүүлийн ахлагчтай уулзаж мэдүүлдэг байв. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү?[1]

Ээлжээ эхний удаа тасалбал 3 бэрээ занчиж, дахин тасалбал 7 удаа, гурав дахь удаа тасалбал 37 бэрээ занчаад, алс хол газар цөлнө.

Юань Улсын үеийн хишигтэн[засварлах | кодоор засварлах]

Эзэнт улс маш хурдан өргөжихөд Чингис хааны угсаа залгамжлагч нар Зүрчид, Тангуд, Хятад, Кипчак, Гүрж, Армен, Алан, Солонгос, Итали, Оросын цэргүүдийг албанд татсан. Хааныг хамгаалагч хишигтэн цэргүүд нь монгол нутгийн хүмүүс байсан. Хааны угсаа залгамжлагч нар тэдгээрийг өвлөж аваагүй. Түүний оронд үхсэн хаадын хишигтэн цэргүүд нь гэр бүл болон гэрийн ажилд тусалдаг байсан.

Хубилай хааны үед 1264 оны 2 сард дараах зарлигийг буулгажээ:

"... Олон түшмэдийн хөвгүүд, дүү нарыг бараалхуулан ирүүлж турхаг цэрэг болгогтун. Түүний хууль нь түмт турхаг нэг, морь арав, үхэр анжис хоёр, тариа тарих хүн дөрөв, мянгатын одоо захирах цэрэг таван зуу эс бөгөөс таван зуугаас дээш нь турхаг нэг, морь зургаа, үхэр, анжис нэг, тариа тарих хүн хоёр... түмт, мянгатын хөвгүүд, дүү нарыг турхаг болгосон болбоос түүний эм, хөвгүүдийг авч ирнэ. Дагалдах хүнд тогтоосон тоог баримтлахгүй... Түмт, мянгатын ноёдын зарим нь төрсөн хөвгүүнгүй, зарим нь төрсөн хөвгүүнтэй боловч нас балчир болбоос дүү ба ач нараар орлуулж, төрсөн хөвгүүн арван таван нас хүрэхийг хүлээж мэдүүлбээс болно..."[5]

Хубилай хаан урьдын дүрэм журмыг хэвээр хэрэглэхдээ суурин иргэншилд тааруулж, шинэ зүйлс нэмэгдсэн. Тэдгээр нь монгол, өнгөт нүдтэн, зүрчин, гуулин, хятад, тангуд, асуд, кипчак, харлуг зэрэг угсаатнаас бүрдсэн таван хамгаалагч цэрэг, тусгай чиг үүрэгтэй 17 харуул, 10 хишигтэн цэргийн захиргааг байгуулжээ.

Таван хамгаалагч цэрэг (五衞)[засварлах | кодоор засварлах]

Энэ цэргийн нэгжийг 1264-1279 оны хооронд байгуулахдаа 1264 онд Баруун хамгаалагч цэрэг (右衞), 1271 онд Зүүн, Дунд хамгаалагч цэрэг (左衞、中衞), 1279 онд Хойд, Өмнөд хамгаалагч цэргийг (後衞, 前衞) байгуулсан.[5] Эдгээр таван харуулын цэрэг дараах үүрэг гүйцэтгэж байсан.

  1. Хүрээлэн хамгаалах цэрэг[5] (圍宿軍): олон ван, сайд түшмэд хаанд бараалхах үед хүрээлэн хамгаалахдаа, таван хамгаалагч цэрэг дотроос нэг түмэн хүнийг сонгож хэрэглэж байсан.
  2. Ёслолын хамгаалах цэрэг[5] (儀仗軍): хаадын дээдсийн тахилын сүм, найман цагаан гэр зэрэг тахилга хийхэд сахин хамгаална.
  3. Хамгаалан дагалдах цэрэг[5] (扈從軍): Хаан, хатныг ордноос гадуур гарахад хамгаалах үүрэгтэй. Цэргийн тогтсон тоо үгүй, гурван зуугаас хэтрэхгүй цэрэг дагалдана.
  4. Харж манах цэрэг[5] (看守軍): Улсын сан хөмрөгийг хамгаалах үүрэгтэй томилогдсон цэргүүд. Сан бүрд таван цэрэг томилогдоно.
  5. Цагдан сэргийлэх цэрэг[5] (巡邏軍): шөнийн харуул манаа буюу хэвтүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Жил бүр Шандуд залрахад 370 цэргээр хамгаалдаг байсан.[6]
  6. Хориглон хамгаалах цэрэг[5] (鎮遏軍): усан замаар ирэх амуу будааг мянган цэргээр хамгаалах үүрэгтэй.

Тусгай чиг үүрэгтэй 17 харуул цэрэг[засварлах | кодоор засварлах]

  1. Зүүн гарын сүрт харуул (左都威衞): 1279 онд нэг түмэн цэргийг сонгож, хунтайжийн зүүн ордны хамгаалах цэрэг болгов.[6]
  2. Баруун гарын сүрт харуул (右都威衞): 1284 онд таван түшээ аймгаас цэрэг сонгож, хунтайжийн зүүн ордны хамгаалах цэрэг болгов.[6]
  3. Тангуд харуул (唐兀衞): 1281 онд 3000 тангуд цэрэг сонгож байгуулсан.
  4. Гүйгч харуул (貴赤衞): 1285 онд байгуулсан.
  5. Шиюү шадар цэрэг (西域親軍). 1295 онд байгуулсан.
  6. Хамгаалагч цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс (衞候直都指揮使司): 1264 онд байгуулсан.
  7. Баруун гарын Асуд харуул (右阿速衞): 1272 онд асудын Бату даргач 3000 мянган цэргийн хүчтэйгээр байгуулсан.
  8. Зүүн гарын Асуд харуул (左阿速衞): 1309 онд Хүлэг хааны зарлигаар байгуулсан.[6]
  9. Лунжэнь харуул (隆鎮衞): 1308 онд Нанькоу, Бэйкоу, Тайхө газрыг сахих мянгатын шилтгээнийг байгуулсан. 1311 онд зүүн баруун сүрт харуул, тангуд, гүйгч, зүүн баруун асуд харуулаас 3000 хүнийг сонгож, 693 хятад цэргийг нэмэв. 1312 онд нэрийг лунжэнь шадар хамгаалагч цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс гэж өөрчлөв. 1315 онд харлуг цэргийн мянгатыг нэмсэн.
  10. Зүүн гарын дайчлах шилтгээн[5] (左衞率府): 1308 онд дунд хамгаалагч цэргээс түмэн цэргийг сонгож, хунтайжийн зүүн ордонд томилох гэхэд хунтайж Аюурбарбад татгалзав. Жяннань мужаас 1 түмэн хятад цэрэг сонгож авав.[6]
  11. Баруун гарын дайчлах шилтгээн[5] (右衞率府): 1318 онд Түмэндарь, Сүхнайр нарын түмт болон зүрчидийн хоёр түмтийг нэмж, хунтайжид захируулав.[6]
  12. Канли харуул[5] (康禮衞): 1310 онд канли аймгийн цэргээр байгуулсан.
  13. Шадар хичээнгүй харуул[5] (忠翊侍衞): 1292 онд байгуулж, 1321 онд шадар хичээнгүй шадар хамгаалагч цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс гэж өөрчлөн нэрлэв.[6]
  14. Хааны угсааг энэрэх харуул[5] (宗仁衞): 1322 онд Байжу чинсангийн санаачилгаар ихирэс аймгийн нэг зуут, боолоос чөлөөлсөн 3000, чинжоугийн дархан 2000 хүнийг нэгтгэн 5000 хүнтэйгээр байгуулсан.[6]
  15. Баруун гарын Кипчак харуул[5] (右欽察衞): 1286 онд байгуулсан.
  16. Зүүн гарын Кипчак харуул[5] (左欽察衞): 1322 онд баруун гарын кипчак харуулаас салгаж байгуулсан. Өлзийт хааны үед Жиргалан, Тэгнэ нарын хоёр мянгатыг нэмсэн. 1312 онд дөрвөн мянгатыг нэмсэн.
  17. Сүрт хичээнгүй харуул[5] (龍翊侍衞): 1329 онд зүүн гарын кипчак харуулын Тэнгис нарын 9000 цэрэгтэйгээр байгуулав.[6]

Хишигтэн цэргийн захиргаа[засварлах | кодоор засварлах]

  1. Барс шадар цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (虎賁親軍都指揮使司)
  2. Зүүн гарын Монгол шадар цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (左翊蒙古侍衞親軍都指揮使司)
  3. Баруун гарын Монгол шадар цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (右翊蒙古侍衞親軍都指揮使司)
  4. Дэлгэрэнгүй шудрага улсын дагалдан хамгаалагч шадар цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (宣忠斡羅思扈衞親軍都指揮使司)
  5. Сүрт зэвсэгт Асуд хамгаалагч шадар цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (威武阿速衞親軍都指揮使司)
  6. Зүүн замын Монгол шадар цэргийн бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (東路蒙古侍衞親軍都指揮使司)
  7. Зүрчид шадар цэргийн түмтийн шилтгээн[5] (女直侍衞親軍萬戶府)
  8. Курё, зүрчид, хятад цэргийн түмтийн шилтгээний дарга, зүрчид шадар цэргийн түмтийн шилтгээн[5] (高麗女直漢軍萬戶府管女直侍衞親軍萬戶府)
  9. Далайн амыг тохинуулан сахих шадар хамгаалагч цэргийн албаны хадгалах бүгд дохигч түшмэлийн хэлтэс[5] (鎮守海口侍衞親軍屯儲都指揮使司)
  10. Дэлгэрэнгүй тохинуулах шадар хамгаалагч[5] (宣鎮侍衞)

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 "Монголын нууц товчоо: Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь". www.mongolian-art.de. Retrieved 2023-11-07.
  2. Өгэдэй хааны үед нутагчин болж, говьд худаг малтах ажлыг хариуцсан.
  3. "Монголын нууц товчоо: 278-р зүйл". www.mongolian-art.de. Retrieved 2024-02-24.
  4. 4.0 4.1 "Монголын нууц товчоо. 232".
  5. 5.00 5.01 5.02 5.03 5.04 5.05 5.06 5.07 5.08 5.09 5.10 5.11 5.12 5.13 5.14 5.15 5.16 5.17 5.18 5.19 5.20 5.21 5.22 5.23 5.24 5.25 П., Дэлгэржаргал (2019). Монголын эзэнт гүрний түүх. Их Юань хэмээх Их Монгол Улс. Улаанбаатар: МУИС. pp. 204–208.
  6. 6.0 6.1 6.2 6.3 6.4 6.5 6.6 6.7 6.8 "元史/卷099 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (in хятад). Retrieved 2023-11-07.