Аюурбарбад буянт хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Аюурбарбад буянт хаан
Юань улсын хаан
YuanEmperorAlbumAyurbarvadaBuyantuPortrait.jpg
Буянт хааны хөрөг
Хаанчлал 1311.04.07–1320.03.01
(9 жил, дөрөвдүгээр хаан)
Хаан суусан 1311 оны 4 сарын 7
(26 настайдаа Дайду
дахь Даминдянь ордонд)
Төрсөн огноо 1285 оны 4 сарын 9 (1285-04-09)
Өнгөрсөн огноо 1320 оны 3 сарын 1
(34 насалсан)
Өмнөх Хайсан хүлэг хаан
Удаах Шадбал гэгээн хаан
Хатан Раднашири хатан
Эцэг Дарамбал ван
Эх Таж хатан
Ургийн овог Боржигин
Төрсөн нэр мон. Аюурбарбад (ᠠᠶᠦᠷᠪᠠᠣᠠᠳᠠ)
Өргөсөн нэр мон. Буянт хаан (ᠪᠣᠶᠠᠨᠲᠦ ᠬᠠᠭᠠ)
хят. 元仁宗 (Рэньзун)

Аюурбарбад буянт хаан (1285–1320 он; 35 насалсан) — Юань улсын дөрөвдүгээр хаан байв. 1311–1320 онд төр барьсан.

Нэр, цол[засварлах | edit source]

Төрсөн нэр — Аюурбарбад, Аюурбарвад.[1] Нэхэн өргөмжилсөн монгол нэр — Буянт, сүмийн хятад нэр — Юань Рэньзун (元仁宗 Rénzōng).[2] Төрсөн нэр нь аюур (насан, анагаагч),[3][4] барвад (уул, өндөр)[5] гэсэн самгарди үгсийн нийлэмж.

Бага нас[засварлах | edit source]

Боржигин овогт Аюурбарбад 1285 оны 4-р сарын 9-нд төрсөн. Дарамбалын (1264–1292) хүү, Чингимийн (1243-1285) ач, Хубилай хааны гуч юм. Хонгирад аймгийн Таж хатнаас мэндэлсэн. Хайсан хүлэг хааны дүү. Аюурбарбадын багад Дарамбал эцэг нь Солонгосын Чэжү аралд цэрэг захиран сууж байсан ба 1292 онд нийслэл Дайдуд ирсэн.[6]

Ордны тэмцэл[засварлах | edit source]

1305 онд 20 настай Аюурбарбадыг Төмөр өлзийт хаан авга нь 1000 лан алт, 75000 лан мөнгө, 13 түмэн зоосоор шагнаж[7] Дарамбал эцгийнх нь эзэмшил нутгийг захируулахаар Хөнань явуулсан. Мөн онд Төмөр хааны угсаа залгах Даш ханхүү таалал төгсч, Аюурбарбадын ах Алтайд нутагласан Хайсан ханхүү болжээ.[баримт хэрэгтэй]

1307 оны 1 сард Төмөр хаан таалал төгсч, бэлэвсэн хатан Булган, зүүн этгээдийн Ахуудай чинсан, Булагсаг нарын ноёд хуйвалдан Мангалын хүү Ананд ванг хаан болгоё хэмээв. Харин баруун этгээдийн Хархасун чинсан Дарамбалын хөвүүдийг хаан сууринаа дэмжин Хуайжоуд сууж асан Аюурбарбадад элч довтолгон эл хэргийг дуулгажээ.

Аюурбарбад, эх Таж хатан нар Дайдуд ирж Хайсаныг хаан болгоё хэмээн зөрчил хурцдаж, Хархасуны удирдлаган доорх нийслэл хотыг сахих цэргийг хөдөлгөн ордныг эзэлж Ананд ноёны талынхныг баривчлан хорьсны дараа Хөхчү, Яхуд нар Аюурбарбадыг хаан бол хэмээн ятгахад Аюурбарбад «Би энд самуун үүсгэх гэснийг баривчилж, төрийн цаазыг чангатгах гэснээс өөрөө хаан суух гэсэн юм биш. Хайсан ахыг залж сууринд өргөмжилье» хэмээжээ.[8]

Ханхүү[засварлах | edit source]

Хайсан хүлэг хаан юун түрүүнд Аюурбарбад дүүг ханхүүгээр өргөмжилж алтан тамга хүртээв. Ингэхдээ Хайсан тэнгэрт халивал Аюурбарбад хаан болно. Аюурбарбад тэнгэрт халихад Хайсаны ахмад хүү, түүнийг нас барахад Аюурбарбадын хүү хаан болно гэж ээлжлэхээр тангаргалцгаажээ.

Аюурбарбад ханхүү Төвлөн засах яам, Үйл таслах яамны аливаа хэргийг 4 жил хамаарав.

Хаан[засварлах | edit source]

Аюурбарбад 1311 оны 4 сарын 7-нд нийслэл Дайду хотын Даминдянь ордонд Юань улсын хаан сууринд заларчээ.

Бичиг суртал[засварлах | edit source]

Аюурбарбад хаан бичгийн эрдэмтнийг цэргийн жанжнаас илүү эрхэмлэж байв. Монгол бичгийн хүн Чойжи-Одсэр алдарт бүтээл туурвилаа хийж байв. Хээл хахуулиар шийдэгддэг байсан түшмэдийн шалгалтын хуучин ёсыг халж шинэ журмыг батлан зарим үед өөрийн биеэр шалгалтын явцтай танилцдаг байв.

1315 онд зарлиг буулган сударч түшмэдээр Чингис хаан болон түүний дараах хаан, сайд, жанжны намтрыг эмхтгэн бичүүлж Хааны нууц номын санд хадгалуулсан гэдэг. Түүний үед Тан улсын Ү Жэний бичсэн «Жэнь Гуангийн төрийн товчоо» зэрэг хятад түүхэн зохиол, күнзийн сонгодог зохиол «Шүүмжлэл өгүүлэл», «Ачлалт ном», «Их суртахуй» зэргийг монгол хэлнээ орчуулуулж монгол сайд нарт уншуулж күнзийн суртлыг эрхэмлэжээ.

Тэмцэл өдөөсөн нь[засварлах | edit source]

Аюурбарвад буянт хаан хятад ёсыг их эрхэмлэснээс 1317 онд монгол ноёдын ширүүн эсэргүүцэлтэй тулгарав.

1316 онд Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Тэмүдэрийн ятгалгаар Хайсан хүлэг хааны гэрээс, ах дүүсийн тангаргаа зөрчиж, Хайсан ахын ахмад хүү Хүслэнг биш, өөрийн хүү Шадбалыг ханхүүгээр өргөмжилсөн нь олны дургүйцлийг хүргэж хаан ширээний төлөө илэрхий талцлыг өдөөв.

1319 онд хаан Тэмүдэр чинсанг ханхүүгийн багш болгоход 40 гаруй түшмэл «зоргоор засгийг явуулдаг зальхай түшмэл» хэмээн эсэргүүцэхэд хаан Тэмүдэрийг шийтгэе хэмээвч Таж хатан эхийн өмгөөлөлд автсанд яаж ч чадалгүй орхижээ.

1320 онд Хүслэнг Юньнань (замаасаа буруулсан), Төвтөмөрийг Хайнань гээд алс холын мужийг захируулахаар илгээв.[9]

Нас барсан нь[засварлах | edit source]

Хааны бие чилээрхэж 1320 оны 3-р сарын 1-ны өдөр Дайду хотын Гуантяньгун ордонд 35 насандаа тэнгэрт хальжээ. Шадбал ханхүү хааны ор залгав. Аюурбарбад хааныг «Үлэмж мэргэн тахимдуу богд хаан» (Рэньхуй шюаньшяо) хэмээн нэхэн өргөмжилж, «Буянт» хаан (Рэньзун) хэмээн нэхэн цоллов.[10]

Гэр бүл[засварлах | edit source]

Орчин үеийн хөрөг
  • Эцэг — боржигин овогт Дарамбал ван (1264–1292)
  • Эх — хонгирад овогт Таж хатан

Хатан[засварлах | edit source]

Үр хүүхэд[засварлах | edit source]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. хятад галиг нэр нь Айюлибалибада (愛育黎拔力八達 Àiyùlíbálìbādá)
  2. 1312–1313 оны хятад оны цол нь Хуанчин, 1314–1320 оных Янью.
  3. http://hinduism.about.com/od/ayurveda/p/ayurveda.htm
  4. http://forum.asuult.net/viewtopic.php?f=102&t=133003&start=130
  5. http://sanskritdictionary.com/parvata/131246/1
  6. Ч. Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 157-р тал. Улаанбаатар. 2010 он.
  7. Enkhbold Narkhuu.Монголын Юань улсын хаад – Буянт хаан Аюурбалбад
  8. Ч. Содбилэг. 154-155-р тал.
  9. Ч.Содбилэг. 168-177-р тал.
  10. Ч.Содбилэг. 177-р тал.
  11. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 48 дахь тал
Өмнөх
Хайсан хүлэг
Юань улсын хаан
1311–1320 он
Дараах
Шадбал гэгээн