Буха (Жалайр)

15-р зуунд зурагдсан Бухаг цаазалж буйг дүрсэлсэн зураг

Буха (? - 1289 оны 1 сарын 16) нь Ил хаант улсын Аргун хааны үеийн төрийн сайд, хааны зөвлөх, цэргийн жанжин байсан хүн юм. Буха нь 1284 онд ил хаант улсын везир буюу ерөнхий сайд болж, 1289 онд төрийн эргэлт хийхээр төлөвлөж байгаад цаазлуулжээ.

Тойм[засварлах | кодоор засварлах]

Буха нь жалайр аймгийн Хукулай хорчины хөвүүн бөгөөд бага байхад нь эцэг нь дайнд амь үрэгдэж өнчирөхөд нь Абага хаан түүнийг нас биед хүрэх хүртэл нь ивээн тэтгэж дэргэдээ авчээ. Хожим нь Абага бээр ил хаан болсны дараа түүнд хааны сан хөмрөг, ал улаан тамга зэргийг захируулж их ноёдынхоо нэг болгожээ. 1282 онд Абага хааныг нас барсны дараа хан хөвүүн Аргуныг дэмжиж байсан ч, олонхийн саналыг дагаж Тэгүдэр хааны тамга хадгалагч, цэргийн жанжны үүргийг гүйцэтгэж байв. 1284 онд Тэгүдэр ханы эсрэг Аргун хан хөвүүн бослого гаргаж тэмцэл өрнүүлэхэд Тэгүдэр хааны талд байсан ихэс ноёдыг жалайрын Буха ноён ахалж, Аргуныг дэмжин ил ханы сэнтийд өргөмжлөх бүх хуйвалдааныг голлон удирдсан.

Аргуныг шинээр ил хаан болгосны дараа тус улсын сахиб-и диван буюу ерөнхий сайдын албан тушаалд томилогдсноос гадна, Бухагийн дүү Аруг нь улсын санхүү, сан хөмрөгийг захирах болсон нь улс төр, цэргийн бүхий л эрх мэдэл түүний гарт төвлөрсөн. 1286 онд Хубилай хааны зарлигаар түүнд чинсан цол соёрхож элч илгээжээ. Энэ үед түүний дүү Аруг нь хан хөвүүн Жүшкабын хамтаар Багдадыг захирч, Бухагийн талын Тэгүнэ заргач Анатолиа мужийг хан хөвүүн Хулачугийн хамтаар захирч, Саид Имад уд-дин Алави нь Фарс мужийн захирагчаар сууж байсан. Ингэхдээ тэдгээр ноёд нь орон нутгаас хураах татварыг төв засгийн газарт илгээлгүй, дураар зарцуулах зэргээр аашилж байсан. Энэ байдал нь бусад монгол, перс ноёдын дургүйцлийг хүргэж түүний эсрэг хуйвалдаан явуулахдаа Аргун хааны дэмжлэгтэйгээр 1287 онд Бухагийн тойрон хүрээлэгч Аруг, амир Али, Тэгүнэ заргач нарыг албан тушаалаас нь халж шийтгэж эхэлсэн. Энэ үеэс эхлэн Буха нь Аргуны эсрэг хуйвалдаан хийхээр төлөвлөж энэ хэрэгтээ хан хөвүүн Жүшкаб, Гүржийн ван 2-р Димитрийг оролцуулж байсан нь илчлэгдэж 1289 оны 1 сарын 16 нд баривчлагдан цаазлуулсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Хукулай хорчи
  • Ах дүүс: Аруг, Акбуха
Өмнөх
Шамс ал-Дин Жувейни
Ил Хаант улсын сахиб-и диван
1284 - 1289
Дараах
Сад ал-Давла