Аньтун
Аньтун (хятадаар: 安童, пиньинь: Ān tóng, перс хэл: انتون نويان, Antūn Nūyān) буюу Хантум (هنتون نويان, Hantum nuyan) (1245–1293) нь Монголын Юань улсын эхэн үеийн улс төрийн зүтгэлтэн. Аньтун нь Чингис хааны хөлөг баатар жалайрын гоо ван Мухулай ноёны омбол Баатар ноёны ахмад хөвүүн байсан тул Хубилай хааны эхэн үед төвлөн засах яамны баруун гарын чинсангийн тушаалд томилогдоход нөлөөлсөн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Аньтун нь бага наснаас монгол, хятад бичиг, номонд суралцаж, бага наснаас Хубилайн хишигтэн цэрэгт элсэж, 1257 онд зуутын дарга болж, 1260 онд 16 настайдаа хишигтэн цэргийн мянгатын ноён болжээ. 1265 онд 21 настайдаа төвлөн засах яамны баруун гарын чинсан болсон. 1275 онд хааны зарлигаар Цагаадайн улсын зүүн хэсэг, Өгэдэй хааны хуучин өмч нутгийг багтаасан шинэ улс байгуулсан Хайду ханыг номхотгохоор умардыг төвшитгөгч ван Номуханы хамтаар монгол, хятад цэрэг захиран Шандугаас хөдлөн Хархорум төвтэй уугуул монгол нутагт ирээд, 1276 онд барууншлах замдаа түүний удирдаж байсан цэрэгт багтаж явсан Мөнх хааны хөвүүд, Аригбуха хааны хөвүүд нарын алтан ургийн хан хөвүүд тэргүүтэй ноёд бослого гаргаж, Аньтун чинсан, Номухан ван нарыг баривчлан Хайду ханд илгээн, Хубилай хааны эсрэг хамтран байлдах санал тавьсан. Хайду хан баригдаж ирсэн хан хөвүүн, ноёдыг хүлээн авчсан ч, бослого гаргасан хан хөвүүдийн саналаас татгалзсан байдаг. Хайду хан Аньтуныг өөртөө үлдээж, Номухан хан хөвүүнийг Зүчийн улсын Мөнхтөмөр ханд илгээн, Хубилай хаантай шууд тулалдахаас зайлсхийж, цаг хожихыг эрэлхийлжээ. Олзлогдсон хан хөвүүн, ноёдыг буцаан суллах гэрээ хэлэлцээр удаан үргэлжилсээр 1284 онд Тодмөнх хан, Хайду хан нар буулт хийж, тэднийг Юань улсад нь буцаан илгээжээ.
Аньтуныг Юань улсад очсоны дараа Хубилай хааны дэргэд хишигтэн цэргийн албаа гүйцэтгэж байв. 1287 онд Хубилай хааны зарлигаар түүнийг эрхин сайдын яамны чинсан буюу тэргүүн сайдаар томилж, 3 жилийн дараа тус яамыг татан буулгаж, төвлөн засах яамыг дахин байгуулснаа Аньтуныг сайдын суудлаас огцоруулсан. Түүнийг буцан ирсний дараа хааны ордны ноёд ихэсийн дунд Хайду ханы тагнуул байх болзошгүй гэж хардах сэрдэх зэргээр багагүй төвөг удаж байсан. 1293 оны 2 сарын 26 нд өвчнөөр 49 насандаа нас барсан.[1][2] Хожим нь 1303 онд Өлзийт хааны зарлигаар түүний гавьяа зүтгэлийг нэхэн дурсаж, тайш (太师), кайфу итун санси (开府仪同三司), дээд улсын түшээ (上柱国), дунпин ван (东平王) цолыг нэхэн олгож, дурсгалын хөшөө босгожээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]- Өндөр өвөө: Мухулай гоо ван
- Өвөө: Булу гоо ван
- Эцэг: Баатар ноён
- Эх: Хонгирадын Анчин ноёны охин Тэмүлүн (Чаби хатны эгч эсвэл дүү)
- Хөвүүн: Удудай (兀都帶) (1272-1302) гэх ганц хөвүүнтэй. Удутай нь Байжу хэмээх ганц хөвүүнтэй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "元史/卷126 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2023-05-21.
- ↑ Дорно дахины ард түмэн эртнээс хий нас, төрсны дараах нас хоёрыг хамтатган тоолдог. Европ тооллоор 48 насалсан болно.