Jump to content

Булу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Булу[1] (1197-1228) нь Их Монгол Улсын жалайр аймгийн гоо ван Мухулайн хөвүүн. 1223 онд Чингис хааны сартуулд хийж байсан дайнд оролцож байсан үед эцэг Мухулай нь нас барсныг мэдэж хятад нутаг руу очиж, 27 настайдаа гоо вангийн суурийг залгамжилж, Алтан улсыг дайлах их цэргийг ерөнхийлэн захирч, тус нутаг дахь дайны ажиллагааг удирдах болжээ. 1224 оны 9 сард Инжоу хотыг эзлэн түм гаруй хүн, зуун мянган толгой мал сүрэг олзлон авсан. 1225 онд Чингис хаан сартуулын аянаас буцаж, аураг ордонд ирэхэд, бараалхахаар очсон. 1226 онд Сүн улсын жанжин Ли Цюань Шаньдун мужийн Иду хот болон бусад хот тосгодыг довтлон эзлэсний дараа, 9 сард авга ах Дайсун ноёны удирдсан цэргийг Иду руу илгээв. Удалгүй 12 сард нь өөрийн биеэр их цэрэг удирдан Дайсун ноёнд туслахаар очсон. 1227 оны 4 сард Ли Цюань тэргүүтэй Сүн улсын арми бууж өгч, Их Монгол Улсад дагаар орсон. Ли Цюанийг Шаньдун, Хуайнань, Чужоу зэрэг нутгийн захирагчаар томилсон. 1227 оны 9 сард Чингис хааныг тэнгэрт халисны дараа оршуулах ёслолд оролцохоор Монгол нутаг руу буцсан. 1228 оны 5 сард Булу ноён өвчний улмаас 32 насандаа нас нөгчив. Түүнийг ууган хөвүүн Тас нь залгамжлан гоо ван болж, хятад дахь Монгол цэргийн ерөнхий захирагч болсон.

Хожим 1322 онд Гэгээн хааны зарлигаар Булу гоо ванд Жундин (忠定) хэмээх хятад цол нэхэн өргөмжлөв.

Булу гоо ван болбоос долоон хөвүүнтэй байсан.

  1. Тас (1211 - 1239)
  2. Сугунчаг (? - 1251?)
  3. Баатар (? - 1261)
  4. Буйнан
  5. Эмгэн
  6. Өвгөн
  7. Алихиши
  1. Судрын чуулганд بوغول (būghūl/Богол) гэж тэмдэглэжээ. Орчин үеийн зарим түүхийн ном зохиолд Бор, Болу, Боол гэх мэтээр бичсэн нь үзэгдэнэ.