Jump to content

Шадбал гэгээн хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Гэгээн хаан-с чиглүүлэгдэв)
Гэгээн хаан
格堅汗
ᠭᠡᠭᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ
Юанийн Инзун хаан
元英宗
Монголын эзэнт гүрний 9-р хаан
(эзэнт гүрний хуваагдлаас үүдэн нэрлэсэн)
Хятадын эзэн хаан
(5 дахь Юань улсын эзэн хаан)
14-р зууны Гэгээн хааны хөрөг
Юань улсын эзэн хаан
Хаанчлал4 сарын 19, 1320 – 9 сарын 4, 1323
Титэм зүүх ёслол4 сарын 19, 1320
ӨмнөхАюурбарбад буянт хаан
ЗалгамжлагчЕсөнтөмөр хаан
Төрсөн2 сарын 22, 1302
Өнгөрсөн9 сарын 4, 1323(1323-09-04) (21 насалсан)
Наньпу, Юань
ХатанИхирэс аймгийн Сугабал хатан (г.?–1323)
Нэр
Монгол:ᠰᠢᠳᠡᠪᠠᠯᠠ
Хятад: 碩德八剌
Shidebala
Бүтэн нэр
Эрин үеийн огноо
Жыжы (至治) 1321–1323
Хааны цол
Житянь Тидао Жинвэнь Рэньвү Дажао Шяо хаан (繼天體道敬文仁武大昭孝皇帝);
Гэгээн хаан (ᠭᠡᠭᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ; 格堅汗)
Нас барсны дараах нэр
Рүэйшэн Вэньшяо хаан (睿聖文孝皇帝)
Сүмийн нэр
Инзун (英宗)
Гэр бүлБоржигин
ДинастиЮань
ЭцэгАюурбарбад буянт хаан
ЭхРаднашири хатан

Шадбал[1] гэгээн хаан (1303–1323 он; 20 насалсан) — Юань улсын тавдугаар хаан байв. 1320–1323 онд төр барьсан.

Шадбал (самгарди хэлээр: शुद्ध पाल्) 1302 оны 2 сарын 2-нд Аюурбарбад буянт хааны ахмад хүү болж, хонгирад овогт Раднашири хатнаас төрсөн.

Хайсан хүлэг, Аюурбарбад буянт ах дүү хоёр хаан өөрсдийнх нь үр хүүхэд ээлжлэн хаан ширээнд суухаар тохирсон боловч Буянт хаан ахынхаа гэрээс, тангаргаа зөрчин Хүлэг хааны ахмад хүү Хүслэнг бус өөрийн хүү Шадбалыг 1316 онд ханхүү өргөмжилж олны дургүйг хүргэж, алтан ургийн ноёдын дунд хаан ширээний төлөө эрээ цээргүй тэмцлийг өрнүүлжээ.

Шадбал гэгээн хаан 1320 оны 4 сарын 19-нд нийслэл Дайду хотын Даминдянь ордонд Юань улсын хаан сууринд заларч, төрийн хас тамгыг атгажээ.

Шадбал хааны зарлигаар судар бичгийн хүрээлэнгийн түшмэд «Буянт хааны үнэн түүх», «Хатадын намтар», «Гавьяат сайд нарын шастир», «Их Юань улсын нэвтэрхий толь», «Их Юань улсын хууль цаазын бичиг» зэрэг номыг эмхтгэн гаргасан.

Хаанд жалайр овгийн Байжу (1298-1323) залуу түшмэл дотно үйлчилж, күнзийн суртлыг төрийн хэрэгт хэрэглэж байв.

Хаан хуулийг ширхэгчлэн мөрдөхийг журамлан, зөрчсөн Нангиадай, Лю Гуй нарыг цаазаар аваачив. 1322 онд Тэмүдэрийн шадар бараа бологч Жан Шимөн хээл хахуулийн хэргээр алагдав. Мөн нөлөө бүхий Таж хатан эмэг, Тэмүдэр чинсан нар дараалан нас барсан ба Тэмүдэрийн цолыг нэхэн огцруулж, гэр бүлийг нь гудамжинд хөөжээ.[2]

Тэмүдэрийн талын түшмэд жанжид болох Тэгш, Есөнтөмөр, Чинтөмөр, Юан Же, Шүсүнан, Хуйш, Тогооч, Түмэн, алтан ургийн Гантбух, Ерүтөмөр, Хүлэгбух, мөн Шадбал хааны эцэг нэг дүү Улусбух нар хааныг түлхэн унагаахаар сэм хэлэлцэв.

1323 оны 9 сарын 4-нд Шадбал гэгээн хаан Байжу чинсангийн хамт нийслэл Дайдугаас гарч Шанду орох замд Морины өвчүү (Наньпу) гэдэг газар буухад Тэгш, Чинтөмөр нар цэрэг дагуулан ирж 20 настай хааныг хөнөөсөн.[2]

Нэхэн өргөсөн нэр

[засварлах | кодоор засварлах]

1324 онд Есөнтөмөр хааны зарлигаар Шадбал хааныг «Гэгээн богд мэргэн ачлалт хаан» (Руйшөнвэньшяо), 4-р сард «Гэгээн» хаан (Инзун) хэмээн нэхэн цоллов.[2]

Сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. Хааны нэрийг олон янзаар бичиж байна. Шадбал, Шидбал, Содбал, Сэдбал. Хятад галиг нэр нь Шүодөбала (硕德八剌 Shuòdébālá). ШУА. Монгол улсын түүх 2004 онд «Шадбал» гэсэн. Ч.Содбилэг 2010 онд «Содбал» гэсэн. 1321-1323 оны хятад оны цол нь Жижи.
  2. 2.0 2.1 2.2 Ч. Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. 178-186-р тал. Улаанбаатар. 2010 он
  3. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 49 дахь тал
  4. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 49 дахь тал
Өмнөх
Аюурбарбад буянт
Их Юань Улсын Их Хаан
1320–1323 он
Дараах
Есөнтөмөр