Елюй Хунжи

Елюй Хунжи (хятад хэл: 耶律 洪基, пиньинь: Yélǜ hóng jī) (1032 оны 9 сарын 14 – 1101 оны 2 сарын 12) нь 1055-1101 оны хооронд хиданы Ляо улсыг захирч байсан найм дахь хаан юм. Түүний хятан нэрийг Чала (查剌[1]), өргөсөн нэр Ниелинь (涅鄰[1]). Түүнийг 1101 онд тэнгэрт хальсны дараа дээдсийн сүмийн цолыг Даозун (道宗) хэмээж, Рэньшэн дашяо вэнь хуанди (仁聖大孝文皇帝[2], орчуулбал "Энэрэлт гэгээн, их тахимдуу, эрдэмт хуанди"[3] гэх утгатай) гэх цолыг нэхэн өргөмжилсөн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрбээр 1055 онд эцгийнхээ хаан суурийг залгамжлан хаан суусан. 1066 онд түүний өвөө Елюй Вэньшүнүгийн улсын нэрийг "Их Кидан" гэж сольснийг өөрчлөн "Их Ляо" гэх өмнөх нэрийг сэргээсэн. Өмнөх хаадын адилаар буддын шашныг дэлгэрүүлэж байсны нэг нь 1056 онд Будда бурхны сүм (ханз: 佛宫寺释迦塔; пиньинь: Fógōng Sì Shìjiā Tǎ) гэх таван давхар байгууламжийг бариулсан. Түүний хаанчлалын үед тус улсын төрд авилгал газар авч, кидан болон хятад угсааны сайд түшмэд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байжээ. Аажимдаа киданы уламжлалт засаг захиргааны бүтэцд хятдын төрийн байгууламж, соёл, ёс заншил хүчтэй дэлгэрч, киданы хаан Елюй Хунжигийн дэмжлэгийг авч эхэлсэн бололтой. Иймээс ч кидан угсааны ноёдын зүгээс Елюй Хунжийг алах олон удаагийн оролдлого гарах болсны нэг нв 1063 онд ан хийж байхад алахаар оролдож байсан. 1070-аад оны дундуур хааны садангийн Елюй Ишинь гэх түшмэл нэр нөлөө ихтэй болж, хааны хатан Сяо Гуаньинийг өөр хүнтэй явалдсан хуйвалдаан зохиож, түүндээ хааныг итгүүлж чадсан. Энэ хэрэгт холбогдсон хатан цаазлуулж, хэргийг илчилсэн Елюй Ишинь төрийн өндөрлөгт хүрсэн. Гэвч Хунжи хаан уг ноёныг хүчжихээс болгоомжлон 1083 онд Сүн улсад урвасан хэргээр цаазлав.

Түүний засаглалын үед Ляо улсын улс төр авилгалд идэгдэн ялзарч, хааны үрэлгэн байдлаас болж улсын сан хөмрөг хоосорч татвар гувчуур нэмэгдсэн нь дотооддоо тэмцэл гарч байсан.

1092, 1093, 1094, 1095 онд зүбүгийн удирдагч Мөгүсы буюу Маркуз киданы эсрэг бослого гаргаж хэд хэдэн удаа байлдав. 1096, 1097 онд мэргид бослого гаргаж, байлдан ялагдав. 1094 оны хавар киданы цэрэгтэй байлдав. 1100 оны 2 сард зүбүгийн ахлагч Мөгүсы буюу Маркузыг барьж аван, цаазлав. Энэ мэтээр жил бүр зүбү татаар хэмээх монгол, түрэг аймгуудын бослого хөдөлгөөн гарч байсан.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Хатад, хүүхэд:

  • Сюаньи хатан, сяо овогтон (宣懿皇后 蕭氏, 1040–1075), төрсөн нэр Гуаньинь (觀音)
    • Елюй Жүнь, Жаохуай хунтайж (耶律濬 昭懷太子, 1058 – 1077), ахмад хөвүүн. Елюй Яньши хааны эцэг
    • Вэй гуо гүнж (魏國公主), төрсөн нэр Сагэжи (撒葛只): Сяо Сямо (蕭霞抹)-тай гэрлэсэн.
    • Жао гуо гүнж (趙國公主, ?-1089), төрсөн нэр Жюли (糾里): Сяо Табуюе (蕭撻不也)-тэй гэрлэсэн.
    • Лянсүн гуо да жан гүнж (梁宋國大長公主), төрсөн нэр Тэли (特里): Сяо Чоуву (蕭酬斡), Сяо Тэмо (蕭特末) нартай тус тус гэрлэсэн.
  • Фөн тай хуан тайфэй, сяо овогтон (太皇太妃 蕭氏, ?-1181), төрсөн нэр Таньси (坦思)
  • Сяо овгийн татвар эм (蕭氏), төрсөн нэр Вотэлань (斡特懶)
Өмнөх
Елюй Жигу
Их Ляо Улсын хаан
1055-1101
Дараах
Елюй Яньши

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 "遼史, 本紀第二十一, 道宗 一".
  2. "遼史/本紀第二十六/道宗 六".
  3. Ляо улсын судар (Уг тэмдэглэл) (in монгол хэл). Translated by Д., Ундрах. Соёмбо принтинг ХХК: Монгол Улсын Их Сургууль-Монгол судлалын хүрээлэн. 2021. p. 455. ISBN 978-9919-504-75-5.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)