Елюй Жигу
Елюй Жигу (1016 оны 4 сар 3 – 1055 оны 8 сарын 28) буюу Шиньзун хаан нь хятаны Их Ляо Улсыг 1031-1055 оны хооронд захирч байсан долоо дахь хаан юм. Түүний хятад нэрийг Зунжэнь (宗真)[1], багын нэрийг Жигу (只骨)[1], өргөсөн нэрийг Ибүжинь (夷不菫)[1] хэмээмүй. Эцэг нь Шэньзун хаан, эх нь Чиньай хатан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр Шэньзун хаан Елюй Вэньшүнүгийн ахмад хөвүүн[2] бөгөөд татвар эм байсан Сяо Ноужингээс 1016 оны 4 сарын 3 нд төрсөн. 1018 онд гурван настайдаа лян ванд өргөмжлөгдөж, 1021 онд 6 настайдаа хунтайж болжээ. 1030 оны 6 сард умард, өмнөд ордны цэргийн явдлын хүрээлэнгийн албыг хариуцах болов. 1031 оны 6 сарын шарагчин туулай өдөр Шэньзун хаантэнгэрт хальсны дараа хаан сууринд суув. Хар морин өдөр төрсөн эх Сяо Ноужиныг юань татвар, өсгөсөн эх Сяо Пусагэ хатныг хатан эхд өргөмжлөв.[1] Мөн хөрш улсуудад элч илгээн шинэ хаан заларсныг мэдэгдэв. Оны цолыг Жинфү (景福) хэмээн зарлав. Хаан сууснаас удалгүй Сяо Пусагэ хатны талын ноёдыг цаазлан шийтгэж, өөрийг нь төрүүлсэн юань татвар Сяо Ноужиныг хатан эх (皇太后) цолоор өргөмжлөв. Түүний хаанчлалын жилүүд хатан эх Сяо овогтны нөлөөнд байсан. Энэ үед төрийн эрх баригчдын дунд авилгал цэцэглэж, өмнөх хааны үеэс эхлүүлсэн төрийг шинэчлэх өөд нь татах бодлогыг тасалдуулан, хатан эх өөрийн дээдэс болон ах дүүсдээ ван, гүн цол шагнаж, ёс уламжлалыг эвдэн гэрийн боолуудаа төрийн түшмэл болгож байсан.
1032 онд төрийн хэргээс холдсон Сяо Пусагэ хатан эхийг анд явах замдаа амийг нь хороосон. Жигу хааны эхний гурван жилд хатан эхийн нөлөө улс төрийн бүхий л шийдвэрт шууд нөлөөлж байсан агаад 1034 онд залуу хаан, Сяо Ноужин хатан хоёрын дунд зөрчил гарсан. 1034 онд хатан эх Сяо Ноужин хааны эсрэг хуйвалдаан зохион байгуулахдаа хааны дүү ци ван Зунюанийг шинэ хаан болгох зорилгоор татан оролцуулах гэхэд, ци ван Зунюань хуйвалдааныг илчилсэн. Ингээд хуйвалдагчдыг цаазлан, хатан эхийг цөллөгт илгээв. Энэ үеэс эхлээд бие даасан бодлого явуулж эхэлсэн.
Юуны түрүүнд хил хязгаар дагуух боомт, цайзыг шинэтгэв. 1041 онд Сүн улс Тангуд улстай дайтаж байгааг ашиглан, цэргийн хүчээ өмнө зүгт шилжүүлэн байршуулж эхэлсэн. Үүний хариуд Сүн улсын элч илгээн удаан хугацаанд хэлэлцээр хийсний дүнд 1042 онд Сүн улсын талаас Тангудтай хийсэн дайнаа зогсоож, жил бүр өгөх төлбөрийг нэмэгдүүлэхээр болж, Чаньюаний гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.
1044 оны 4 сард киданд захирагдах байсан дансяны таван аймаг бослого гаргаж, тангуд улс руу нүүж одов. Ингээд тус жилийн таван сард тэднийг нэхэмжлэн Сяо Пүда, Жан Фунү нарын удирдсан цэргийн хүч тангуд руу довтлон ороод дайсандаа ялагдав. Дахин цэргийн хүч хуралдуулан 1044 оны 10 сард тангуд улс руу дайрч хэдэн мянган хүн алж, олзлов. Тэр тулаанд хааны хүргэн Сяо Худу олзлогдсон тул хоёр тал олзны хүмүүсээ солилцов. 1049 онд Елюй Жигу хаан өөрийн биеэр цэрэг удирдан Тангуд улс руу довтлов. "1050 оны гурван сард тангудын талаас сөрөг дайралт хийхэд киданы жанжин Сяо Дэлидө байлдаж ялав."[3] 1050 оны таван сард жанжин Сяо Пүнүгээр удирдуулсан арми Тангуд руу дайрсан ч, дайсантайгаа тааралгүй буцав. Энэ мэт олон удаа тэмцэлдсний эцэст 1053 онд тангуд улс нь кидантай найрамдаж түшмэг улс гэдгээ хүлээн зөвшөөрөв.
1055 оны 8 сарын 28 нд тэнгэрт хальж, хан хөвүүн Яньжао ван Елюй Хунжи хаан суурийг залгамжлав. 1055 оны 10 сард Шэншэн шяожан хуанди (神聖孝章皇帝) хэмээн нэхэн өргөмжлөн, тахилын сүмийн цолыг Шинзун (興宗) гэж нэрлэхээр тогтов. Шарилыг нь Ёншин бунханд (одоогийн Өвөр Монголын Баарин баруун хошууны нутаг) оршуулав.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Хатад хүүхэд:
- Сяо овгийн Рэнь-и хатан (仁懿皇后 蕭氏, ?-1076), төрсөн нэр Дали (撻里)
- Елюй Хунжи, Даозун хаан (遼道宗 耶律洪基, 1032 – 1101), ууган хөвүүн
- Елюй Хэлуво (耶律和魯斡, 1041 – 1110), 3-р хөвүүн
- Чиньгуо ван Елюй Айлань (秦國王 耶律阿璉, ?-1087), 4-р хөвүүн
- Жиньгуо гүнж (晉國公主), төрсөн нэр Бацин (跋芹), ууган охин: Сяо Саба (蕭撒八), Сяо Асу (蕭阿速), Сяо Вони (蕭窩匿) нартай гэрлэсэн
- Жэнгуо гүнж (鄭國公主), төрсөн нэр Олитай (斡里太), 2-р охин: Сяо Юэле (蕭余里也)-тэй гэрлэсэн
- Сяо овгийн эрхэм татвар (貴妃 蕭氏), төрсөн нэр Саньцянь (三蒨)
- Нэр тодорхойгүй
- Елюы Баошиннү (耶律寶信奴, 1035-?), 2 дахь хөвүүн
Өмнөх Елюй Вэньшүнү |
Ляо улсын хаан 1031-1055 |
Дараах Елюй Хунжи |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 "遼史/卷18/興宗 一".
- ↑ Шэньзун хаан түүнээс өмнө гурван хөвүүнтэй байсан ч, тэд нар бага насандаа нас барсан тул дөрөв дэхь хөвүүн Жигуг ахмад хөвүүнд тооцох болжээ.
- ↑ "遼史/卷20/興宗三".