Хуанди
Хуанди (ханз. 皇帝, пиньинь: Huángdì, монголоор: ᠬᠤᠸᠠᠩᠳᠢ) гэдэг нь эзэн хаан гэсэн утгатай үг бөгөөд хятадын түүхэнд оршин тогтнож байсан төрт улсын хаадын хэрэглэж байсан цол юм. Эртний хятадын улс төрд тухайн улсыг захирагч хуанди нь Дээд Тэнгэрийн хөвгүүн, Тэнгэрийн доорхийг захирах хувьтай нэгэн хэмээх үзэл баримтлал гүн шингэсэн байдаг. Хань үндэстэний төрт улсын түүх НТӨ 2600 гаруй жилийн өмнөөс оршин тогтнож ирсэн ч, хуанди цолтой анхны төрт улс НТӨ 221 онд долоон улсыг нэгтгэсэн Цинь улс байсан. Энэ үеэс хойш бүх хятад орныг нэгтгэсэн олон улс ээлж дараалан гарч ирсээр 1912 онд манж үндэстэний байгуулсан Чин гүрэн мөхөж, хаант засаглал төгсгөл болсноор хэрэглэхээ больсон ч, 1916 онд Юань Шикай, 1932-1945 онд Чин гүрний сүүлчийн хуанди Пүи нар хаант засаглалыг түр зуур сэргээж, хуанди цолыг хэрэглэж байсан ч, Дэлхийн Хоёрдугаар дайнд Япон улс ялагдсны дараа Манжго улс мөхөхтэй зэрэгцээд тус цолыг хэрэглэхээ больсон. Хуанди хэмээх нь Европын Emperor, Монголын Хаан, Арабын Халиф (араб: خِلَافَة, [xi'laːfah]), Персийн Падишах (перс: پادشاه, pādişah) зэрэг цолтой ижил түвшиний статустай албан тушаал юм.
Энэ цол нь тухайн улсын хааны удмын зөвхөн эцгээс хөвгүүнд, зарим үед авга талын ноёдод угсаа залгамжлах байдлаар өвлөгдөж байсан. Ингэхдээ улс төрийн дээд эрх мэдлийг эдлэхээс гадна Күнз, Даогийн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөж, эрх мэдлийн төлөөх өрсөлдөх бүлэглэл хоорондын тэмцэлийг зохицуулж, тэдгээрийн дэмжлэгтэйгээр эрх мэдлээ хэрэгжүүлдэг байсан.
Зарим нэр томьёо
[засварлах | кодоор засварлах]Хятадын хууль дүрэмд хуандийн нэр, цолыг нь шууд хэлэхээс цээрлэж, хүндэтгэлийн нэрлэх хэв маяг түүхийн явцад бий болж тогтожээ. Жишээ нь: Хуандигийн жинхэнэ нэр алдарыг чи эсвэл та гэж хэлэлгүй Бишя (陛下, Bìxià), Хуаншан (皇上, Huángshàng; утга нь "хаан дээдэс"), Шэншан (圣上; 聖上, Shèngshàng), Ваньсуйе (万岁爷; 萬歲爺, утга: "Түмэн наст"), Тяньзи (天子,Tiānzǐ, утга: "Тэнгэрийн хөвгүүн"), Дээдэс (上) гэх зэргээр хүндэтгэн харьцаж байсан.
Мөн хятадын бүхий л төрт улсын хаадад няньхао (年号; 年號) буюу "оны цол", мяо хао (庙号; 廟號) буюу "өвгөдийн сүмийн тахилын нэр", шихао (谥号; 謚號, Shìhào) буюу "нэхэн өргөмжилсөн нэр" хэмээх гурван зүйл нэр цол байдаг.
- Оны цол (年号; няньхао) нь тухайн улсад шинэ хаантай болох эсвэл хааны төрийн бодлого өөрчлөгдснийг тунхаглах зорилгоор өгдөг нэр юм. Хан улсын Уди хуандигийн сууринд заларсан НТӨ 140 оноос эхлээд Мин улсын Хуньү хуанди улсаа байгуулсан 1368 он хүртлэх үед хятад орныг захирсан үе үеийн хуанди нар хаанчлалынхаа хугацаанд хэд хэдэн оны цолыг сольж хэрэглэж байсан бол Мин, Чин гүрний хуанди нар хаанчлалынхаа хугацаанд зөвхөн ганц оны цол хэрэглэж байсан нь хожмын түүхэнд тэдгээр хаадыг оны цолоор нэрлэх болсон. Жишээ нь: Хуньү, Юнлэ, Энх амгалан, Бадаргуулт төр гэх мэт. (Хятад хаадын оны цолыг эндээс дэлгэрүүлж үзнэ үү)
- Өвгөдийн сүмийн тахилын нэрийг заримдаа сүмийн цол (庙号; мяо хао) гэж товчлон нэрлэдэг. Энэ нь тухайн улсын хаан нас барсны дараа хаадын сүнсийг тахидаг өвгөдийн сүмд талийгаач хааны нэрийг хэлэхийг цээрлэж, тахилын нэрийг сонгож хэрэглэдэг. Жишээ нь: Тайзу (太祖, Tàizǔ), Тайзон (太宗, Tàizōng), Шизу (世祖, Shìzǔ), Гаозу (高祖, Gāozǔ) гэх мэт.
- Нэхэн өргөмжилсөн нэр (谥号; шихао) нь талийгаач хааны гавьяа зүтгэл, сайн талыг нь алдаршуулсан нэр юм. Энэ шихао хэмээх өргөмж нэрээр талийгаач хааныг цээрлэн нэрлэдэг. Зарим үед сүмийн цолтой хамтатган бичих тохиолдол байдаг. Жишээ нь Энх амгалан хааныг Чин гүрний үеийн баримт бичигт "Шэньзү Рэнь хуанди (圣祖仁皇帝, Shèngzǔ Rén)" буюу монголоор Шэньзү өршөөлт хуанди гэж бичиж тэмдэглэсэн байдаг.