Jump to content

Бадаргуулт төр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бадаргуулт төр
Чин улсын хаан
Хаанчлал1875.02.25 - 1908.11.14
(33 жил, 11-р хаан)
Төрсөн огноо1871 оны 8 сарын 14 (1871-08-14)
Төрсөн газарБээжин
Өнгөрсөн огноо1908 оны 11 сарын 14
(37 насалсан)
Өнгөрсөн газарБээжин
ОршуулсанЧингийн баруун бунхан
ӨмнөхБүрэн засагч
УдаахХэвт ёс
ЭцэгЧунь ван
ЭхВаньжэнь
Ургийн овогAйсингиоро
Оны цолманж: Бадаранга доро
монгол: Бадаргуулт төр
хятад: Гуаншюй

Бадаргуулт төр (1871–1908; 37 насалсан) – 1875–1908 онд өргөмжлөгдсөн манж Чин улсын арван нэгдүгээр хаан байв.

Ном сурч буй

Зайтянь 1871 онд Чунь чин ван Ишюаний ехэнара овогт Ваньжэнь хатнаас төржээ. Өмнөх Бүрэн засагч хаан залуугаараа хүүтэй бололгүй, бурхан болсон бөгөөд түүнийг хэн залгах вэ гэхэд Цыши хатан эх, өөрийн дүү охин Ваньжэнь, Төр гэрэлт хааны 7-р хүү Чунь чин ван Ишюань хоёрын дундаас гарсан дөрвөн настай хүүг 1875 онд шинэ хаанаар өргөмжилж өмнөөс нь төр барих ажлаа үргэлжлүүлжээ.

Хааны оны цолыг монголоор Бадаргуулт төр, манжаар Бадаранга доро, хятадаар Гуаншюй (Guangxù), хааны сүмийн цолыг хятадаар Чин Дэзун гэдэг. 1881 онд Түгээмэл элбэгт хааны их хатан Цыань хатан эх нас барсанаар, Цыши эх хатан Чин улсын хамгийн их эрх мэдэлтэй нэгэн болжээ..

1886 онд Бадаргуулт төр хаан ордны бичигтэй танилцах болж, дараа жилийн хавар газар хагалах ёслолд оролцжээ. 1889 онд хаан 18 нас хүрэхэд Цыши хатан албанаас буужээ. Үүний дараа эзэн хааныг Цыши хатан түүнд өөрийн ах Гүйшяний охин Ехэнара Жинфөнийг хааны их хатнаар сонгоод, мөн Татара овогт Чаншү сайдын эгч дүү хоёр охидыг татвар эмээр сонгож хамтад нь хуримын ёсыг гүйцэтгэв.

Бадаргуулт төр өөрөө төр барих болсон боловч Цыши эх хатны хараа хяналтанд хэвээр байв. 1894-1895 онд Япон-Манжийн дайнд Чин улс ялагдал хүлээснээр Тайваний 64 арал, Ляодун хойгийн Люйшунь боомт, Чосоны вант улс зэрэг газар нутгийг Японд алдав. Энэ дайнд ялагдал хүлээсний дараа Япон шиг үндсэн хуульт хаант засагтай болоё хэмээн 1898 онд улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан «Зуун өдрийн шинэчлэл»-ийг эхлүүлжээ. Энэ шинэчлэл бол Чин улсын төрийг мөхлөөс аврах гэсэн Шинэ засгийн бодлогийн үндэс суурь байсан юм.

Сайд нарыг сольж, зам харилцаа, аж үйлдвэр, төрийн албаны шалгалтыг өөрчилөх болж, Бээжингийн их сургуулийг үүсгэж, Лу-Ханий төмөр замыг барихаар болов. Төрийн албанаас халагдсан, шинэчлэлийг эсэргүүцэгч талынхан Цыши хатанд гомдоллон очсон бөгөөд Цыши хатан Рунлу, Дун Фушян нарын цуглуулсан цэргийн хүч,цэргийн нөлөө бүхий жанжин Юань Шикай төлөвлөгөө задруулж хатны итгэлийг олж авсан байна. Ингэснээр Цыши хатан Бадаргуулт төр хаанаас төрийн тамгыг хураан авч, эзэн хааны хэрэгжүүлсэн шинэчлэлийг зогсоогоод, хуучин ёсоор төрийг удирдах болсон. Эзэн хаан Зайтянийг дотоод ордонд нь хорьжээ.

1889 оны хурим

1898 оноос хойш хаан албан бусаар төрийн эрх мэдэлгүй болов. 1900 онд Ихэтуаний бослогоос Цыши эх хатны хамтаар дайжиж нийслэлийг орхин гарч, 1902 онд эргэн иржээ. Хаан өрөөндөө цаг нөхцөөж, Дэр Лин гүнжээр англи хэл заалгаж өнгөрөөдөг болсон.

Хаан 1908 оны 11 сарын 14-нд 37 насандаа таалал төгссөн. Маргааш нь Цыши хатан эх өвчнөөр өөд болсон бөгөөд түүхчид Цыши хатан бодлогыг нь өөрчлөхөөс болгомжилж хааныг хордуулсан гэх ба Юань Шикай хааны эрх сэргэхээс болгоомжилж хордуулсан байж ч болох талаар дурддаг.

  1. Ехэнара овогт Лунюй бэлэвсэн хатан, Цыши хатны ах Ехэнара Гүйшянь гүнгийн охин. Жинхэнэ нэр Жинфөн, эзэн хааныг 1908 онд үхсний дараа Лунй хэмээх цол хүртсэн. Хүүхэдгүй.
  2. Татара овогт Жинь татвар эм, Чаншү сайдын охин.
  3. Татара овогт Жэнь татвар эм (хайртай хатан нь Жэнь), Чаншү сайдын охин.

Гурван хатантай байсан боловч аль ч хатан нь хүүхэд төрүүлээгүй өнгөрсөн. Түүний орыг ач дүү 2 настай Пүи залгаж, Бадаргуулт төрийн бэлэвсэн их хатан Лунюй, шинэ хааны эцгийн хамтаар төр барьжээ.

Өмнөх
Бүрэн засагч
Чин улсын хаан
1875-1908 он
Дараах
Хэвт ёс