Айсингиоро
Айсин Гиоро (манжаар: ᠠᡳᠰᡳᠨ ᡤᡳᠣᡵᠣ галиг: Aisin gioro, хятадаар: 爱新觉罗, пиньинь: Ài xīn jué luō) овог нь Манжийн Чин гүрний (1616-1912) хааны ургийн овог юм.
Гиоро овогтой Нурхач баатар улс үндэслэсэн 1616 онд өөрийн биеэс эхлэн ургийн овгийн өмнө алтан хэмээх үг нэмж айсингиоро буюу алтан гиоро хэмээх овог болов.
Айсин гэдэг нь «алтан» гэсэн утгатай манж үг бол Гиоро нь манжийн унаган нутаг буюу Хармөрөн мужийн Иланьд байгаа нэгэн газрын манж нэр юм.
Айсин буюу «алтан» гэсэн үг манжуудад танил дотно юм. Тухайлбал тэдний зүрчид өвөг дээдэс 12-р зуунд Алтан улсыг (1115–1234) байгуулж явсан ба Нурхач Хожуу Алтан улсыг байгуулсан юм.
Орчин цагт Пүигийн дүү Айсингиоро Пүрэн овог нэрээ хятад болгохдоо утгыг хадгалан Жинь (金) овогтон болсон.
Гарал үүсэл
[засварлах | кодоор засварлах]Айсин Гиоро овгийн үүсэл гарлын тухай нэгэн домог түгээмэл тархжээ. Тус домогт Чанбай уулын дэргэд Булхури Омо нэрт нууранд Энгүлэн, Жингүлэн, Фэкүлэн нэрт эгч дүү тэнгэрийн дагинас тэнгэрээс бууж ирж усанд ордог байв. Нэгэн удаа Фэкүлэн нь Чанбай ууланд ирж усанд орохдоо нэг улаан жимс түүж идсэнд жирэмсэн болсонд онгон байтлаа бие давхар болсон хэмээж эцэг нь тэнгэрт нь хүлээн авсангүй гэнэ. Хоног гүйцэн нэгэн хөвгүүн төрүүлснийг Букури Ёншон гэж нэрлэжээ. Букури Ёншоныг өссөний хойно эх нь тэнгэртээ буцан нисэн одсон гэдэг. Букури Ёншон нь Гиоро газарт Одоли нэрт суурин барьж суугаад Гиоро овогтон болжээ. Түүний хөвгүүн нь Мэнтэмү эсвэл Мөнхтөмөр (1370-1433) гэх нэгэн төрөн гарч, 1388 онд Одоли суурингаа төлөөлж Мин улсад дагаар орж Жянжоу Зүрчидийн Одоли овгийн дуду болжээ. 1395 онд Чосон улсын Тэжу вантай харилцаа тогтоож, алба барих аргаар худалдаа хийж, зарим үед цэргийн алба хааж, хэргэм зэрэг хүртэж байсан. Мөнхтөмөрийн үр удам үргэлжлсээр Нурхачийн үед бүх зүрчид овог аймгуудыг байлдан дагуулж, хожим нь Чин гүрнийг байгуулсан.
Нурхачи 1601 онд өөрийн эзэлсэн нутагтаа дөрвөн өнгөт туг бүхий хошууг байгуулж өөрөө шар тугийн хошууг захирсан. Ингэхдээ Гиоро хэмээх өөрийн овгийн нэрийн өмнө Айсин буюу Алтан гэх үг нэмж Айсин Гиоро овгийг байгуулснаар бусад Силин Гиоро, Иргэн Гиоро, Тонян Гиоро, Аяан Гиоро гэх мэтийн овгоос ялгахар боломжтой болсон. Нурхачийг Хожуу Алтан улсаа байгуулж байх үед шинээр овог үүсэх явдал олширч байсан. Хуучны нэг гарлаас бүрдсэн хала (монголоор овог) задарч, мүкүн хэмээх садан төрлийн холбоогүй, газар нутаг, ажил мэргэжлээр ижилссэн шинэ овог байгуулагдаж байсан. Тэдгээр шинэ мүкүн хала бүхий овгуудыг нийтэд нь 1635 оноос эхлэн Манж үндэстэн гэх болжээ. Энэ Манж үндэстэнийг Айсин Гиоро овог захирч байв.
Овгийн тэргүүлэгчид
[засварлах | кодоор засварлах]Айсин Гиоро овгийн тэргүүлэгч нь Дайчин гүрний эзэн хаан байсан учраас уг албан тушаал нь ганц овог бус тухайн улсын хамгийн чухал албан тушаал байсан. Чин гүрний эзэн хаан өөд болохоос өмнө өөрийн олон хөвгүүд дундаас нэгийг сонгож дараагийн хаан сэнтийд залрах нэгнийг нэр зааж бичдэг байв.
Айсин Гиоро овгийн тэргүүлэгч, эзэн хаад | |||
---|---|---|---|
Хаанчлалын жилүүд | Нэр | Оны цол | Тайлбар |
Жянжоу Зүрчидийн ноён | |||
1571–1583 | Такши | Нурхачийн аав. | |
1583-1616 | Нурхач | Такшигийн хөвгүүн. 1588 онд Жянжоу Зүрчидийг нэгтгэсэн. | |
Хожуу Алтан улсын хаан | |||
1616–1626 | Нурхач | Тэнгэрийн сүлдэт | |
1626–1636 | Хон тайж | Тэнгэрийн сэцэн | Нурхачийн 8-р хөвгүүн |
Дайчин гүрний хуанди | |||
1636–1643 | Хон тайж | Дээд эрдэмт | 1636 онд Чин гүрнийг байгуулав. |
1644–1661 | Фулин | Эеэр засагч | Хон тайжийн 9-р хүү |
1661–1722 | Сюанье | Энх амгалан | Эеэр засагчийн хөвгүүн. 61 жил төр барьсан. |
1723–1735 | Иньжэн | Найралт төв | Энх амгалангийн 4-р хөвгүүн |
1736–1796 | Хонли | Тэнгэрийн тэтгэсэн | Найралт төвийн 4-р хөвгүүн |
1796–1820 | Ёнян | Сайшаалт Ерөөлт | Тэнгэрийн тэтгэсэн хааны 15-р хөвгүүн |
1821–1850 | Миньнин | Төр Гэрэлт | Сайшаалт ерөөлтийн 2-р хөвгүүн |
1851–1861 | Ижу | Түгээмэл Элбэгт | Төр гэрэлтийн 4-р хөвгүүн |
1862–1875 | Зайчүнь | Бүрэн Засагч | Түгээмэл элбэгтийн ууган хөвгүүн |
1875–1908 | Зайтянь | Бадаргуулт Төр | Чүнь чин ван Ишюаний хөвгүүн |
1908–1912; 1917 | Пүи | Хэвт Ёс | Чүнь чин ван Зайфэнгийн ууган хөвгүүн. |
1912 оноос хойшх овгийн тэргүүд | |||
1912-1967 | Пүи | Манжийн сүүлчийн эзэн хаан | |
1967–1994 | Пүже ван | Пүигийн дүү | |
1994–2015 | Пүрэнь | Пүигийн эцэг нэгтэй дүү | |
2015–хойш | Жинь Южан | Пүрэний хүү |
Цол хэргэм
[засварлах | кодоор засварлах]Тус овог нь манжийн төрийн тогтолцооны дээд түвшний эрх мэдэлтнүүд байсан учраас Дээд эрдэмт хааны үеэс эхлэн хаан угсааны хүн бүрийг угсаа гарал, хичээл зүтгэл, байгуулсан гавьяа шагналаас нь хамаарч эрэгтэйчүүдийг цол хэргэмээр нь 12 дэс, эмэгтэйчүүдийг 8 дэсд хуваарьлаж өгснөөр тодорхой хэмжээний эрх мэдэл эдэлж, жил бүр сул цалин авах болсон.
Эрэгтэй
[засварлах | кодоор засварлах]- Хошой чин ван (和碩親王)
- Төрийн жүн ван (多羅郡王)
- Төрийн бэйл (多羅貝勒)
- Хошууны бэйс (固山貝子)
- Хишигийг сахих улсын түшээ гүн (奉恩鎮國公)
- Хишигийг сахих улсад туслагч гүн (奉恩輔國公)
- Найман хувьд оруулаагүй улсын түшээ гүн (不入八分鎮國公)
- Найман хувьд оруулаагүй улсад туслагч гүн (不入八分輔國公)
- Улсын түшээ жанжин (鎮國將軍)
- Улсад туслагч жанжин (輔國將軍)
- Улсын сахигч жанжин (奉國將軍)
- Хишигийг сахигч жанжин (奉恩將軍)
Эмэгтэй
[засварлах | кодоор засварлах]- Гүрний гүнж[1] (固倫公主): нийслэлд амьдрах цалин 400 лан мөнгө, 200 таар будаа, монгол нутаг дахь цалин 1000 лан мөнгө, 30 зах торго[2]
- Хошой гүнж[3] (和碩公主): нийслэлд амьдрах цалин 300 лан, 150 таар будаа, монгол нутаг дахь цалин 400 лан, 15 зах торго[2]
- Хошой гэгэ[4] буюу Жүнжү[5] (郡主): нийслэлд амьдрах цалин 160 лан, 80 таар будаа, монгол нутаг дахь цалин 160 лан, 12 зах торго[2]
- Төрийн гэгэ буюу Шяньжү[6] (縣主): нийслэлд амьдрах цалин 110 лан, 55 таар будаа, монгол нутаг дахь цалин 110 лан, 10 зах торго[2]
- Төрийн гэгэ[7] буюу Жүнжюнь[8] (郡君): нийслэлд амьдрах цалин 60 лан, 30 таар будаа, монгол нутаг дахь цалин 60 лан, 8 зах торго[2]
- Хошууны гэгэ[9] буюу Шяньжюнь[10] (縣君): нийслэлд амьдрах цалин 50 лан, 25 таар будаа, монгол нутаг дахь цалин 50 лан, 6 зах торго[2]
- Гүнгийн гэгэ[11] буюу Сяньжюнь[12] (鄉君): нийслэлд амьдрах цалин 40 лан, 20 таар будаа,монгол нутаг дахь цалин 40 лан, 5 зах торго[2]
- 6-р дэсийн гэгэ (六品格格): нийслэлд амьдрах цалин 30 лан, 30 ху будаа,монгол нутаг дахь цалин 30 лан, 3 зах торго[баримт хэрэгтэй]
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Айсин Гиоро овгийн хүмүүс 1912 онд 29,000 гаруйд хүрч байв. Энэ нь Мин улс мөхөх үед Жу овгийн хаадын гэр бүл 200,000 гаруй хүнтэй байсантай харьцуулбал маш бага тоо юм. Энэ нь манж, хятад үндэстэний ялгаа, хаад ноёдынх нь хатад татвар эмс авах ёс дүрэм өөр байсны илрэл юм. Мин улсын үед бүх иргэдийн охидыг хааны татвар эм болох шалгаруултанд оруулж, тэр хэрээр улсын сангаас гарах зардал их байсан. Чин гүрний үед зөвхөн манж, монгол, хотон, хятад, чосон үндэстэний ноёдын авхай нарыг л хатан, татвар эм болгож авдаг байсан. Үүнээс гадна манж хаад ноёд бэлгийн дур хүсэл хятад иргэдийнхээс бага байсан бололтой. Энэ овгийн гишүүд 1660 онд 378 хүн байсан бол 1915 онд 29292 хүнтэй болсон. Харин Мин улсын Жу овгийн хаад 1398 оны үед 58 хүн байсан бол 1604 он гэхэд 80,000 гаруй хүн амтай болсон нь манж, хятад хоёр үндэстэний хаадын удмынхны өсөлтийн ялгааг харж болно. БНХАУ байгуулагдснаас эхлэн хятад бус угсаатнуудад хятад овог нэр хэрэглэх хууль гарснаар Айсин Гиоро овгийнхон янз бүрийн овог хэрэглэх болсноос ихэнх нь Алт буюу Жинь (金) хэмээх ханз бүхий овгийн нэрийг хэрэглэж байна.
Холбоотой хуудас
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Манжийн хааны их хатнаас төрсөн охиныг хэлнэ. Заримдаа Хошой гүнжийн нөхөр гавьяа байгуулвал уг цолыг урамшуулал болгон шагнадаг байсан.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 2.6 Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны Хууль Зүйлийн Бичиг (Монгол бичиг хэлээр). Vol. 1 (1 ed.). Хөх хот: Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо. 1989. pp. 251–256.
{{cite book}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Манжийн хааны татвар эмээс төрсөн охиныг хошой гүнж гэдэг.
- ↑ Хошой чин вангийн охиныг заах манж үг
- ↑ Чин вангийн охиныг хэлэх хятад үг
- ↑ Жүн вангийн охиныг хэлэх хятад үг
- ↑ Төрийн жүн ван, төрийн бэйлийн охиныг илэрхийлсэн манж үг
- ↑ Чин вангийн татвар эмээс төрсөн охин, Төрийн бэйлийн охидыг хэлэх хятад үг
- ↑ Хошууны бэйсийн охиныг заасан манж үг
- ↑ Бэйсийн охиныг хэлэх хятад үг
- ↑ Түшээ гүн, туслагч гүнгийн охидыг заах манж үг
- ↑ Улсын түшээ гүн, Улсад туслагч гүнгийн охид, Төрийн бэйлийн татвар эмээс төрсөн охин, Чин ван болон жүн вангийн ач охидыг илэрхийлж байсан хятад үг