Сарай (хот)
Сарай хот (Сарáй-Бату́, Сарай I, Сарай ал-Махруса — «Бурханы ивээлтэй Ордон») -дундад зууны үед Алтан Орд улсын нийслэл хот юм. Өнөөгийн ОХУ-ын Астрахань хотоос умард зүгт 130 км зайтай Астрахань мужийн Харабалин дүүргийн Селитренн тосгон орчим байдаг.
Энэ хотыг 1250-иад оны эхээр Бат хаан үүсгэн байгуулсан тухай анх 1254 онд Францискан лам Виллиам де Рубрукийн "Дорнын орнууд руу хийсэн аялал" номонд ("Бату Этили /Ижил мөрөн/ дээр барьсан шинэ хот") гэж дурдсан байдаг.
Хуучин Сарай
[засварлах | кодоор засварлах]Сарай хот нь анх монгол цэргийн түшиц газар байсан бөгөөд хөгжиж тэлсээр Алтан ордын нийслэл хот болсон гэж эрдэмтэд үздэг. "Сарай-Бату" гэж мөн нэрлэж байсан тус хот Алтан Ордны улс төрийн гол төв байсан бөгөөд яваандаа мөн эдийн засгийн төв болсон байна. Хот байгуулагдсанаас хойш 30 орчим жилийн дараа буюу 1282 оны орчимд Бат хааны ач хүү Туда-Мэнгу хааны үед гарсан зоосон мөнгө олдсон нь үүнийг нотолж байгаа юм.
Сарай хот нь Булгар, Крым, Хорезм гэсэн гурван том худалдааны бүс нутгийн огтолцол замд байрлаж байсан бөгөөд тухайн үеийн Евразийн худалдааны гол дамжин өнгөрөх цэг болж байв. Сарай хотод дэлхийн өнцөг булан бүрээс худалдаачид ирж, Алтан ордон улсын бусад хотууд болон Орос, Европ дамжуулан арилжаа наймаа хийдэг байжээ. Мөн тус хотод улсын зоос мөнгийг хэвлэдэг томоохон сан хөмрөг бий болж байжээ.
Сарай-Бату хот Ижил мөрний зүүн суга болох Ахтубы голын зүүн эрэг дагуу 10-15 км үргэлжилж байжээ. Тэр үеийн хотын хүн ам 75 мянга орчим байсан гэж эрдэмтэд таамаг дэвшүүлдэг. Оросын ван Невийн Александр Сарай хотод хэд хэдэн удаа ирж монголын хаадад бараалхаж литвачууд болон шведүүдтэй дайтах, монгол цэргийн дэмжлэг авах талаар зөвлөлдөж байсан түүх байдаг.
Хотын хүн ам нь олон үндэстэнээс бүрдэж байсан бөгөөд энд монгол, кипчак, алан, черкес, орос, булгар болон византчууд амьдардаг байжээ. Үндэстнүүд өөр өөрийн хороололд амьдран суурьшиж байсан бөгөөд тэр дүүрэг хороололд нь хэрэгцээтэй бүх зүйл байдаг байжээ: сургууль, муслим, үнэн алдартны, бурханы болон католик шашны сүм хийд, худалдааны зах, оршуулгын газар. Энэ хотод шаазан ваарчин, үнэт эдлэлийн дархан, шил үлээгч, ясаар сийлбэр хийдэг урлаач, төмөр хийцийн дархан болон бусад гар урчууд байжээ. Ордон, олон нийтийн барилгыг шохойн зуурмагаар хийсэн жирийн тоосгоноос, жирийн оршин суугчдын байшинг шавар тоосго, модоор барьсан байжээ.
„Сарай хот бол ер бусын том хэмжээнд хүрсэн, хавтгай газар, хүмүүсээр дүүрэн, үзэсгэлэнтэй зах, өргөн гудамжтай, үзэсгэлэнтэй хотуудын нэг юм. Нэгэн удаа бид түүний нэг ахмадын хамт морь унаж, түүнийг тойрч, эзлэхүүнийг нь олж мэдэх зорилготой гарсан юм. Бид хотын нэг үзүүрт амьдарч байсан газраас өглөө гараад үдээс хойш л нөгөө үзүүрт нь хүрсэн. Бид үд дундын залбирлыг тэнд хийж, хоол идэж, нар жаргахаас эрт гэртээ ирэв. Нэгэнт бид алхаж, хагас өдрийн дараа буцаж ирэв, энд цэцэрлэг байхгүй дандаа хүнтэй байшингийн тасралтгүй эгнээ үргэлжилсэн юм.“
Тухайн үеийн Сарай хот нь маш үзэсгэлэнтэй, инженерийн цогц шийдэл бүхий гайхамшигтай хот байжээ. XIII зуунд Ром хот 35 мянга, Парис хот 40 мянга орчин оршин суугчтай байхад Сарай хотод 75-150 мянган оршин суугчтай, өргөн том гудамжтай, цэвэр усны вааран хоолой татаж, усан оргилуур хийж, ус зайлуулах сувагтай, нийтийн халаалтын системтэй тухайн үед Европт ч байхгүй тийм сайхан хот байв.
Шинэ Сарай
[засварлах | кодоор засварлах]Узбек хааны (султан Гийас ад-Дин Мухаммед) үед (1313-1341 онд захирч байсан) Алтан Ордны нийслэл Сарайг Ахтуба гол дээрх Шинэ Сарай руу нүүлгэсэн (одоогийн Оросын Волгоград мужийн Ленинский дүүргийн Царев тосгоны ойролцоо) байна. 1395 онд Тамерлан буюу Доголон Төмөр хуучин нийслэл хотыг эзлээд нураасан байна.
1471 онд Сарай хот Новгородын ушкуйник хэмээх дээрэмчдэд олзлогдож тонуулагдсан байна. 1502 онд Крымын хаан Менгли-Гирей тус хотыг эзлэн авсан байна.
Зүчи улсын нийслэл тухайн үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй, том хот байсан бөгөөд европын Генуя, Милан, Парис хотуудтай зүйрлэхээр байжээ. Хотод худалдаачдын аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай дэд бүтэц болох зах, байр, агуулах, гаалийн газруудтай байж улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, татварын орлого нэмэгдэхэд хүргэсэн байдаг. Нийслэл Сарай ба Шинэ Сарай хотууд нь олон улсын худалдааны стратегийн зангилаа уулзвар дээр байрлаж, худалдааны төв болж байсан нь санамсаргүй хэрэг биш байжээ.
Худалдааны зам дагаад хотууд шинээр байгуулагдсан бөгөөд гар урлалын төв болж байсан байна. Сарай хотын "төмрийн үйлдвэр" нь хүрз, сүх, хөрөө, хадуур, хадаас, янз бүрийн тулалдааны зэвсгээр бүх металл бүтээгдэхүүнээр хот, хөдөөгийн аль алиных нь хэрэгцээг хангаж байв. Сарай хотод шаазан хоолойгоор хийсэн усан хангамжийн систем, модон хоолойгоор хийсэн ариутгах татуургын систем, олон тооны усан оргилуур, зүүн хотод угаалгын (халуун усны) газрууд байв.
Удалгүй хот оршин суугчгүй болж аажмаар муудаж, олон барилга нь нуржээ. Хуучин нийслэлийн барилгуудыг барьсан тоосго болон бусад материалыг бусад хотуудын барилгын ажилд ашигладаг байжээ.