Өзбег
Султан Мохаммед Өз-бег буюу Өзбег (Үзбек, Узбек) (1282-1341, 1313-1341 онд төр барьсан) нэрээрээ алдаршсан энэ хан Алтан Ордыг хамгийн удаан захирч, оргил үед нь хүргэсэн хан юм. Өзбегийн дараагаар түүний хүү Жанибег хан болсон.
Тэрбээр 1267-1280 онд Алтан Ордын хан байсан Мөнхтөмөрийн ач бөгөөд Тогрилхагийн хүү юм.
Өзбег авга ах Тохтаг нас барсны дараа 1313 оны нэгдүгээр сард төрийн эрхийг авчээ. Тэр Лалын шашинг төрийн шашин болгосноос үүдэн бөө мөргөлт ханхүү нарын дунд түүний эсрэг хуйвалдаан гарсан боловч нухчин дарагджээ. Лалын шашинг төрийн шашин болгосноор хан Ордын доторхи зөрчил тэмцлийг дарж, төрийн байгууллагуудыг тогтворжуулж чадсан байна.
Өзбег дэлхийд хамгийн томд тооцогдох 300000 хүнтэй армитай байлаа. Тэрбээр 1319, 1335 онд Арранд Ил Хан улсын эсрэг аян дайн явуулахдаа цэрэг дайны нөлөөгөө ашиглажээ. Өзбег Ил Хан улсын эсрэг Египетийн Мамлюкуудтай эвсэхэд, Каир хотын нэгэн талбайг түүний нэрээр нэрлэж байв. Өзбег мөн Болгар, Византийн дайнд оролцсон. Харин Сербид Монголчуудын хяналтыг дахин тогтоох гэсэн түүний оролдлого талаар болсон ажээ.
Русь дахь улс төрийн хувьд Өзбег Москвагийн эхэн үеийн вангууд болох өөрийн хадам ах Москвагийн Юрий, Юрийн залгамжлагч Иван Калита нарыг дэмжиж, өрнийг түшиглэж байсан Тверийн вангуудыг дарж байлаа. Тверийн гурван ван, тухайлбал Тверийн Михаил, түүний хүү Александр, ач Теодор нарыг Өзбегийн зарлигаар Сарайд цаазалж байлаа. Ордын эсрэг Тверийн бослогыг 1327 онд Москва, Татарын нэгдсэн хүч цус урсган дарсан юм.
Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]
Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]
- David Morgan, The Mongols
Өмнөх Тохта |
Хөх ордын хаан 1312-1341 |
Дараах Тинибег |