Jump to content

Хошуудын хант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хошуудын хаант улс
1642–1717
Хошуудын хант улс улсын далбаа
Энэ бол Гүш хааны тулалдаанд ашигладаг туг юм.
Location of Хошуудын хант улс
НийслэлЛхас
Албан ёсны хэлХошууд хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлТөвөд хэл
Угсаатны бүлгүүд
Хошууд
Шашин
Шарын шашин
Түүх 
 Байгуулагдсан
1642
 Мөхсөн
1717

Хошуудын хант улс (тод бичиг: ᡍᡆᠱᡇᡉᡑ ᡅᡕᡅᠨ
ᡍᠠᠨᡐᡇ ᡇᠯᡇᠰ
; монгол бичиг: ᠬᠤᠱᠢᠭᠤᠳ ᠤᠨ
ᠬᠠᠠᠲᠤ ᠤᠯᠤᠰ
) нь дөрвөн ойрадын хошууд аймгийн ноён Гүүш ханы удмынхан 1642-1717 онд Хөх нуур, Төвөдийн нутгийг эзэгнэн захирч байсан хант улс юм. 1717 онд зүүнгарын хаант улсын их Цэрэндондов ноёноор удирдуулсан цэргийн довтолгоонд, дотоодын зөрчил тэмцэлтэй байсан учраас амархан ялагдаж хошуудын хант улс мөхсөн.

1634 онд халхын Түшээт хан аймгийн ноён Түмэнхэн Цогт хунтайжаар удирдуулсан халхын үлэмж хэмжээний цэрэг хүн ард Хөх нуурыг дайлан орж, тэр нутгийг захирч байсан түмэд аймгийн ноёдыг ялж тэнд эзэн суусан. Энэ мөчөөс эхлэн төвөдийн улааны урсгалыг дэмжигч хаад ноёдтой холбоо тогтоож, шарын урсгалынханы эсрэг аллага хядлага хийж эхэлсэн. Иймээс Далай лам, Банчин богд нарын шашрын шашны лам хуврагууд хэлэлцээд ойрадын ноёдоос цэргийн тусламж гуйсан. Дөрвөн Ойрадын ноёдын чуулганаар хошууд аймгийн ноён Төрбайх гүүш тэргүүлэн ойрадын цэргийг удирдаж Хөх нуурыг дайлахаар болж, урьдаар өөрөө мөргөлчний дүрээр цөөн хүнтэй Хөхнуур, Төвөдөөр хэрэн хэсч тандсан. Цогт хунтайж 1635 онд ахмад хүү Арслан тайжд нэг түмэн цэрэг удирдуулж төвөдийг эзлүүлэхээр илгээсэн ч, Арслан тайж Далай ламын талд орж бүтэлгүйтснийг Төрбайх гүүштэй холбон тайлбарлах тохиолдол байдаг.

1636 оны намар Дөрвөн Ойрадын их цэргийг удирдан нутгаасаа мордож, Булингарын голын их шавар намгийг намар, өвлийн заагаар туулж, хожим Мянган Ямаат хэмээн нэрлэгдсэн уулын дэргэд буун цэрэг, агтаа амраан өвөлжөөд, 1637 хаврын тэргүүн сард Хөх нуурын эхэнд хүрч Цогт тайжийн цэрэгтэй зууралдан байлдсан аж. Тулалдаан тун ширүүн болж, орчны газар цусаар бялдсан тул тэндэх уулын хошууг хожим Их, Бага улаан хошуу хэмээн нэрлэсэн гэх домог бий. Тулалдаанд Цогт тайжийн цэрэг дарагдаж, үлдсэн цэрэг нь дутаахад Төрбайхын хүү Даян тайж тэргүүлэн их цэргээр мөшгөн хөөж, хэргэлийн хөлдүү мөсөн дээр хөөн дарж, үлдсэн заримыг зүүн этгээдийн голын тохойд шахаж барьжээ. Тулалдаанд Цогт тайж өөрөө амь үрэгджээ. Цогт тайжийн албат ардыг хураамжлан авч, нэлээд хэсгийг нь Ойрадын нутаг руу хүчээр хүргэсэн байна.[1]

Ойрадын цэрэгт Хошуудаас Гүүш хан Төрбайх, Дүүрэгч ноён, Цоросоос Баатар хунтайж, Мэргэн дайчин, Торгуудаас Мэргэн Тэмнээ, Мэргэн тайши, Бумба Илдэн, Хойдоос Султан тайши, Сүмэр тайши, Дөрвөдөөс Далай тайши, Бумба илдэнгийн удирдсан их цэрэг оролцож, Хошуудын цэрэг гол rap, Цоросийн цэрэг зүүн rap, Торгуудын цэрэг баруун rap, Дөрвөд, Хойдын цэрэг ар талыг хамгаалах үүрэг хүлээн оролцжээ.[2]

Энэ ялалтыг Далай лам урамшуулж Төрбайхд "гүүш хаан" цол, Хотогчин баатарт "эрдэнэ" цол тус тус соёрхожээ. 1637 онд Гүүш хан хүү Даян тайжд 1 цэрэг өгч төвөдийн Кам мужийн Бэри аймгийн Донъёддорж ноёныг довтлон олзлов.[1] 1639 онд Мэргэн тэвнэ, Хотогчин баатар нарын ноёд цэргээ авч буцахын өмнө Гүүш хан тэдэнд нутагтаа үлдсэн түүний албат ардыг авч ирэхийг хүсээд, цоросын Эрдэнэбаатарт охин Аминдараг гэргий болгон өгөөд "баатар хунтайж" цолыг өгснөөр цорос, хошууд аймгийн ноёд худ ургийн харилцаатай холбоотон аймгууд болсон.[2][3]

Удалгүй Дөрвөн ойрадын чуулганаар Хөх нуур руу илгээх ноёд тэдний өрхийн талаар хэлэлцээд хошууд аймгаас зөвхөн Гүүш хааны харьяат өрхүүд, цоросын Баатар хунтайжийн хүү Өнчин сэцэн, хошуудын Буян одох, Хөндлөн убаш, торгуудын Мэргэн тэмнээ нарын ноёдын хөвгүүдийг албат ардтай нь хамт илгээхээр шийдэж ёсоор болгожээ.[3] Мөн Равжамба хутагт, Зүүнгарын Бошгот, Мэргэн лам, Торгуудын Номтын лам тэргүүлэн таван зуу илүү хүний хамт нүүлгэн суурьшуулжээ.[2]

1642 оны 1 сард Гүүш хаан цэргээ удирдан төвөдөд цөмрөн Данзанвамбо хааныг ноёдынх нь хамт олзлон, 2 сарын дотор бүх төвөдийг эзлэн 3 сарын 15 нд Лхас хотод чуулган болж[3], Далай ламыг төвөдийн шашны тэргүүнээр зарлаад, Төрбайх гүүш хааныг "Данзанчойжил" буюу "Шашныг баригч номын хаан" цолоор өргөмжлөн Төвөдийн хаан болсныг тунхаглажээ. 1645 онд Төрбайх Түвэдэд ноёрхох байр сууриа бэхжүүлэх үүднээс Дашлхүнбэ хийдийн ширээт лам Лувсанчойжижалцанд "Банчин Богд" гэдэг цол шагнаж, 5-р Далай лам Лувсанжамцын эрх мэдлийг ихэд бууруулан, шинэ өрсөлдөгчийг буй болгов.[4]

Лхавзан хааны тамганы дардас

Хошуудын хаант улсыг байгуулсны дараа Лхас хотод Гүүш хаан төвлөрөн сууж, Хөх нуур Төвөдийг нэгтгэн захирч, дэргэдээ 6-р хүү Дорж далай баатарыг тодорхой тооны хошууд цэргийг захируулан Дамын хөндийд суулгаж туслуулж байсан. Хөх нуурт хошууд аймгийн гол цэргийн хүч тархан нутаглаж, Гүүш хаан өөрийн найман хүүдээ хуваан захируулсан. Ингэхдээ чуулганд хувааж баруун, зүүн гарт хуваахдаа баруун гарыг 6-р хүү Дорж далай баатар хунтайжаар захируулж, зүүн гарыг ахмад хүү Даян тайжд захируулсан. Хөх нуурын ноёдын чуулганыг жил бүрийн хавар, зуны цагт "Цагаан толгой" гэдэг газарт хуралдуулж, Хөх нуурыг хуваан захирсан Омбо сэцэн дайчин, Далантай тайж, Илдэч тайж, Дорж далай баатар хунтайж, Хорумш, Сангаржа, Гомбочахун, Дашбаатар гэх найман тайж улс орны чухал асуудлыг хэлэлцэж хамтын саналаар шийддэг байсан.

Төвөд орныг захирахдаа орон нутаг бүрт төлөөний түшмэл томилон суулгаж, Хөх нуурын тайж нарын дэргэд Далай ламаас томилсон төлөөлөгч ламыг суулгаж байсан.

Овог Нэр Хааны цол Хаанчилсан

хугацаа

Тайлбар
1 Галгаас Төрбайх Шашныг баригч номын хаан 1642-1654 Хошуудын Ханай ноён Хонгорын хүү
# Дорж далай хунтайж[5] 1654-1660 Гүүш хааны 6-р хүү, Төвөд дэх хошуудын цэргийг захирагч, хааныг орлон 6 жил захирсан
2 Даян Очир хаан 1660-1668 Гүүш хааны ахмад хүү, Хөх нуур дахь бүх цэргийг захирч байсан.
# Дорж далай хунтайж 1668-1671 Гүүш хааны 6-р хүү, Төвөд дэх хошуудын цэргийг захирагч, хааныг орлон 3 жил захирсан
3 Гончиг Далай хаан 1671-1701 Даян Очир хааны ахмад хүү
4 Ванжил хаан 1701-1702 Гончиг далай хааны ахмад хүү
5 Лхазан хаан 1703-1717 Гончиг далай хааны хүү. Хошуудын сүүлчийн хаан.
  1. 1 2 ШУА, Түүхийн хүрээлэн (2002). Монголын Улсын Түүх. Vol. 4. Улаанбаатар. х. 78.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  2. 1 2 3 ШУА, Түүхийн хүрээлэн (2002). Монгол улсын түүх. Vol. 4. Улаанбаатар. х. 79.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  3. 1 2 3 На, Сүхбаатар (2018). Хошуудын түүх. Улаанбаатар: Соёмбо паблишинг. х. 39.
  4. ШУА, Түүхийн хүрээлэн (2002). Монгол улсын түүх. Vol. 4. Улаанбаатар. х. 81.{{cite book}}: CS1 maint: location missing publisher (link)
  5. На, Сүхбаатар (2021). Гаваншарав: Дөрвөн Ойрадын түүх (1 хэвлэл). Улаанбаатар: Соёмбо принтинг. х. 39.