Цогт хунтайж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Булган аймаг, Дашинчилэн сумын нутагт орших, Цогтын цагаан байшингийн балгас

Цогт хунтайж гэж алдаршсан Түмэнхэн (1581–1637) нь Халхын язгууртан юм. Цахар харьяаны зарим монгол отгууд Лигдэн хаантай зөрчилдөж Өмнөд монголоос Халхад ирээд Далай жононг Сэцэн хан болгосон явдалд дургүйцэж Цогт тайж Халхын ноёдтой эвдрэлцжээ. Улмаар тэр Халхыг орхиж Хөхнуур зүг цэрэг, ардаа авч нүүв. Хожим, тэрээр Төвөдийн Буддизмын Гармапа урсгал (Улааны шашин)-ыг дэмжиж Амдо (одоогийн Хөхнуур) хүртэл довтолсон ч Гэлэгпа урсгал (Шарын шашин)-ыг дэмжигч Гүүш хаан болон Баруун халхын цэрэгтэй тулалдан ялагдаж, амь үрэгдсэн.

Цогт Туул голын орчимд төвлөрч суудаг байсан бөгөөд улааны шашны сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн соён гэгээрүүлэгч байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.

Тэрээр Төвөд уруу довтлохдоо Их Монгол Улсын Лигдэн хаантай хүч хавсрахаар хэлэлцсэн байсан боловч Лигдэн хаан 1634 онд, Цогттой нийлж амжилгүй нас эцэслэсэн. Гэвч Цогт давшилтаа үргэлжлүүлэн, мөн онд Хөхнуурын Түмэдүүдийг цохиж, тэнд төвлөрөн суужээ. Тэгээд улааны шашныхны хүсэлтээр хүү Арслангаа 1635 онд Төвөд рүү цэрэг удирдуулж явуулсан байна. Гэвч Арслан 5-р Далай ламтай уулзаж, шарын шашинд орж, аавынхаа холбоотнуудыг довтолсон тул Цогт хүүгээ цаазлахыг тушааж, Арслан алагджээ.

Ийнхүү шарын шашинтнууд Хошуудын Гүүш хаанаас тусламж хүссэнээр 1636 онд Зүүнгарын цэргүүд Төвөдөд ирж, мөн үүнд Халхын баруун гарын жононгийн цэргүүд оролцсоноор 1637 онд болсон шийдвэрлэх тулалдаанд Цогт алуулжээ. 1945 онд дэлгэцнээ гарсан Цогт тайж кинонд Коммунистууд үнэн түүхийг гуйвуулж өөрчилж, шашныг эсрэг тэмцэгч эх оронч хүн байсан мэтээр харуулсан байдаг.

Хожим Цогт хунтайжийн ач хүү Сутай Илдэнгийн үр сад Сайн ноён хан аймгийн Илдэн засгийн хошууг үе залгамжлан захирч иржээ.

Мөн үзэх[засварлах | edit source]