Дээд монголчууд

Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөхнуур мужид төвөд, хятад болон казах, хуй, салар үндэстэн лалын шашинтнуудын дунд аж төрдөг монголчууд юм. Тэдний ихэнх нь хошууд хүмүүс бол үлдсэн цөөнх нь халх, цорос, торгуудууд юм.
Цинхай мужид Баянхар уул, Голмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хошуудын хант улс
[засварлах | кодоор засварлах]| Монголчуудын түүх |
|---|
Хошуудын хант улс нь анх (1642-1716) 1642 онд хошуудын Гүш хааны Төвөдийн өндөрлөгт байгуулсан улс юм. Хошуудын улс байгуулагдсан нь шарын шашин Төвөд орныг эрхшээх эхлэл болсон. Хошуудын хант улсаас өмнө Хүннү Цинхай мужийн зүүн хэсгийг, дараа нь Сяньбийн угсааны Тугухунь улс Хөх нуурыг хэдэн зуун жил захирч байсан бөгөөд Тугухуний хил уртаашаа 1500 км, хойноос урагш 1000 км үргэлжилж байжээ. Тугухунь улсын сяньбичууд яваандаа монгор гэж нэрлэгдэх болсон бөгөөд Их Монгол Улс унасны дараа ноёд нь хятадын Мин улсад дагаар оржээ. Хэсигийн уйгурууд 11-р зууны дунд үед Тангудын хаант улсын захиргаанд орж яваандаа Хөх нуур, Ганьсу орчмын бусад үндэстэнтэй холилдон шар югур үндэстнийг бүрэлдүүлсэн байна.
1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуур луу довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болжээ. 1566 оны Сэцэн гүний, 1573 онд Түмэдийн Алтан ханы цэргүүд нэмэгдэн ирж монголчуудын нөлөө Хөх нуур орчим улам бэхэжсэн байна. 1633 онд Хошуудын Гүш хааны цэрэг тэнд очсоноор Хошуудын улсын үндсийг тавьжээ. 1636 онд Гүүш хан Камыг, 1642 онд Төвөдийн төв хэсгийг эзэлснээр Хошуудын нөлөө Төвөдөд бүрэн тогтсон байна.
1637 онд Халхын Цогт хунтайж Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвөд рүү довтлох үед шарын шашны толгойлогч IV Банчинбогд болон V Далай лам Хошуудын удирдагч Төрбайхыг Төвөдөд морилохыг урьсан. Улмаар тус ондоо Ойрадын цэрэг ирж Цогт хунтайжийн цэргийг бут цохин устгаснаар Төвөдөд хяналтаа тогтоох эхлэлийг тавьсан. 1641 онд Төрбайх Төвөдийн Замба хааныг довтолж ,1642 онд Замба хаан ялагдаж алагдсан. Үүний дараагаар Төрбайх бүх Төвөдийг эзэлж өөрөө Шигаце орчиыг хяналтдаа байлгаж, ууган хүү Даян ханаар Лхас орчмыг захируулжээ. Ийнхүү тэрээр Төвөдийн хаан болсон ба шарын шашныг мандуулагч сахиус хэмээн алдаршжээ. Тэрбээр найман хүүтэй байсан ба тэд бүгд Хөхнуурт үлдэж хаант улсаа хамгаалах хүнд үүрэг хүлээсэн учраас түүхэнд найман тайш хэмээх нэрээр үлджээ. 1716 онд Зүүнгарын цэрэг Төвөдийг довтолсноор Лхазан хан алагдаж Хошуудын хант улс мөхсөн түүхтэй.
Хошуудын хант улсын дараах үе
[засварлах | кодоор засварлах]Ижил мөрний зүг нүүдэллэсэн Хошуудын зарим нь 1771 онд Торгуудын хамт Шинжаангийн нутагт буцаж ирсэн нь өнөөгийн Хятадын Шинжаангийн хошууд нар юм. Энэхүү Хошуудын 1 хошуу Булган голын хавьд байсан агаад тэд өнөөгийн Монгол улсын Ховд аймгийн Булган сумын нэг багийг бүрдүүлдэг.
Манж нар XVIII зууны эхээр Хөх нуурын Хошуудыг эрхэндээ оруулаад, 21 хошуу болгон зохион байгуулсан нь өнөөгийн Хятадын Хөх нуурын Хошууд юм. Түүнээс гадна Манжийн эрхшээлийн үед Алашаны 1 хошуу, Шинжаангийн Бат сэтгэлт чуулганы 3 хошуу, Чин сэтгэлт чуулганы 1 хошуу нь Хошууд байв. Үүнээс гадна Цахарт Хошууд нар сууж байжээ.
Цахарын Хошууд, Хөх нуурын Хошуудын 21 хошууны засаг ноёд нь Гүш хааны 10 хөвгүүний угсааныхан юм. Харин Шинжаангийн Хошуудын 4 хошууны засаг ноёд нь Гүүш ханы ах Хүндлэн убашийн угсааныхан ажээ.
Алашаны Хошуудын засаг ноёд нь Гүш хааны ах Байбагас баатрын өргөмөл хүү Баян авхай Аюуш (бас Далай убаши гэдэг)-ийн ахмад хөвгүүн Баатар эрх жонон Хоролын угсааныхан юм.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Дээд монголчуудад Хошууд овог аймгийн 21 хошуу, Торгууд овог аймгийн 4 хошуу, Цорос овог аймгийн 2 хошуу, Хойд овог аймгийн 1 хошуу, Халх овог аймгийн 1 хошуу, Цагаан номун ханы хошуу багтдаг.
Чин гүрний үед Дээд монголчуудын тоо цөөрсөөр байв. 1724 онд Лувсанданзаны бослогыг дарсны дараа Чин гүрэн Дээд монголчуудад харгис ноёрхол эхлүүлжээ. Энэхүү бослогын дараа Дээд монголчуудын хүн ам зугтаж эсвэл алагдаж, 17-р зууны дунд үед 200,000 гаруй байсан бол 100,000 гаруй болж буурсан.[1]
Чин гүрний ордон төвөд болон монгол угсаатны бүлгүүдийн хил хязгаарыг тогтоож, хоёр угсаатны малчдыг хилээр нэвтрэхийг хориглосон. Гэсэн хэдий ч үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр Чин гүрэн төвөдүүдийг нууцаар дэмжиж байв. Төвөдийн овог аймгууд өсөн нэмэгдэхийн хэрээр тэд Монголын бэлчээрт халдаж эхлэв. 19-р зууны дунд үед монголчууд төвөдүүдийн эсрэг тэмцэлдээ ялагдаж, найман Төвөдийн овог аймаг Хөхнуурын эрэг дагуух бэлчээрийг амжилттай эзэмшиж, Чин гүрний ордноос хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр найман овог аймгийг "Хуанхай 8 овог" (环海八族) гэж нэрлэдэг байв.[2]
Эхэндээ Чингийн ордон Дээд монголчуудад өөрийн гэсэн чөлгөн даргатай байхыг зөвшөөрөөгүй. Жил бүрийн намар Монголын ноёд байцаагч түшмэлын удирдлага дор нуурын бурханд мөргөхөөр Хөх нуурын эрэг дээрх Цагаан хотод (балгас нь одоогийн Хөхнуур мужийн Хайнань тойрогын Гүнхө шянинд байрладаг) цуглардаг байв. Нуурын бурханд мөргөх ёслолын дараа байцаагч түшмэл чуулганыг даргалж, Монголын ноён тус тусын хошууны нөхцөл байдлын талаар түшмэлд тайлагнана. Шининий Захиран Шийтгэх Сайд (西寧辦事大臣) мөн чуулганд оролцдог байв. 1902 оноос эхлэн Шининий Захиран Шийтгэх Сайд нь тахилын ёслол, чуулганыг удирдах үүргийг гүйцэтгэж эхэлсэн.[3][4] Нуурын бурханд мөргөх энэхүү зан үйл нь ДИУ-ын үе хүртэл үргэлжилсэн. БНХАУ байгуулагдсаны дараа үүнийг засгийн газар зохион байгуулахаа больж, харин төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг болсон.[5]
1823 онд Чин улсын шүүхээс Шар мөрний хойд талын 24 хошуунд зүүн гарын чуулган, баруун гарын чуулганыг байгуулжээ. Хоёр чуулган тус бүрийг нэг дарга, нэг дэд дарга тэргүүлдэг байсан боловч нэрийн төдий оршиж байсан, тэдэнд чуулган хуралдуулах эрх ч байхгүй. Тэр жилдээ "Хуанхай 8 овог"-ийн Төвөдийн удирдагчид Хөх нуурын бурханд мөргөх ёслол болон хуралд оролцохыг зөвшөөрсөн. Шар мөрний өмнөд хэсэгт орших дөрвөн хошуунд чуулган дарга байхыг зөвшөөрөөгүй хэвээр байгаа. Гэсэн хэдий ч зарим эх сурвалжид ДИУ-ын үед эдгээр таван хошуу аль хэдийн хоёр өөр чуулганы харьяанд байсан гэж тэмдэглэжээ[6].
Түүнчлэн, үндэстний зөрчилдөөний улмаас зарим монгол овог аймгууд Ганьсу, Өвөр Монгол руу нүүж оджээ. 1929 онд Хөхнуур муж байгуулагдахад Дээд монголчууд ам ердөө 30,000 гаруй байсан. 20-р зууны эхээр тус бүс нутгийг захирч байсан мусульман дэглэмийн хавчлагын улмаас Дээд монголчууд ам улам бүр цөөрсөн. Хөхнуур мужийн захирагч Ма Буфан (馬步芳) мусульман шашинтан байсан бөгөөд тэрээр Дээд монголчуудад янз бүрийн өндөр татвар ногдуулдаг байсан тул засаг ноёдын мөлжлөгтэй хавсарч малчдын амьдрал туйлын хүнд байв. БНХАУ байгуулагдсаны дараа Дээд монголчуудын хүн ам 20,000-аас цөөн байв. Өмнө нь хүн ам ихтэй байсан Хошуудын зүүн дээд болон Халхын өмнөд баруун хошуунууд одоо байхгүй болсон бөгөөд Цагаан номун ханы хошууны хүн ам бараг бүхэлдээ Төвөд үндэстнүүд юм.[1]
| № | Хошууны нэр | Товч нэр | Байгуулагдсан | Анхны засаг ноён | Өрхийн тоо[1] | Тайлбар | |
|---|---|---|---|---|---|---|---|
| Байгуулагдсан он | 1938 оноос өмнө | ||||||
| 1 | Хошуудын баруун өмнөд хошуу | Хөхнуур вангийн хошуу | 1725 | Засаг, төрийн жүн ван Пунцагванжил | 1200 | 500 | |
| 2 | Хошуудын баруун хойд хошуу | Хөхөд бэйлийн хошуу | 1725 | Засаг, төрийн бэйл Дашцэрэн | 1350 | 600 | |
| 3 | Хошуудын умард зүүн гаран хошуу | Хүрлэг бэйсийн хошуу | 1725 | Засаг, хошууны бэйс Сономдаш | 450 | 1300-3000 | |
| 4 | Хошуудын өмнөд зүүн гаран хойд хошуу | Ах гүний хошуу | 1725 | Засаг, улсын түшээ гүн Галдандаш | 200 | 150 | |
| 5 | Хошуудын умард өмнө хошуу | Бух гүний хошуу | 1725 | Засаг, улсад туслагч гүн Цэрэн | 300 | 500 | |
| 6 | Хошуудын өмнөд баруун гаран хойд хошуу | Том гүний хошуу | 1725 | Засаг, улсад туслагч гүн Норовпунцаг | 200 | 50 | |
| 7 | Хошуудын өмнөд баруун гаран адаг хошуу | Зүлэг засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Жигжиджав | 150 | 60 | |
| 8 | Хошуудын баруун баруун гарын дундад хошуу | Тайж нар засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Цэрэннамжил | 1200 | 1050 | |
| 9 | Хошуудын умард зүүн адаг хошуу | Давсан нуур засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Ишдоржжав | 180 | 60 | |
| 10 | Хошуудын умард баруун адаг хошуу | Хүрлэг засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Дамринсэвдэн | 350 | 300 | |
| 11 | Хошуудын өмнөд зүүн гаран тэргүүн хошуу | Морь вангийн хошуу | 1725 | Засаг, төрийн жүн ван Эрдэнэ-Эрхтогтонай | 600 | 130 | |
| 12 | Хошуудын баруун баруун гаран өмнөд хошуу | Морь засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Равдан | 1200 | 500 | |
| 13 | Хошуудын зүүн дээд хошуу | Баян нуур засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Жаб | өгөгдөл байхгүй | өгөгдөл байхгүй | |
| 14 | Хошуудын өмнөд зүүн гаран адаг хошуу | Цегур засгийн хошуу | 1725 | Засаг, улсад туслагч гүн Лувсанцагаан | 300 | 100 | |
| 15 | Хошуудын баруун зүүн гаран хойд хошуу | Зүүн засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Харгас | 500 | 150 | |
| 16 | Хошуудын баруун баруун гарын хойд хошуу | Баруун засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Сэвдэн-бошигт | 500 | 300 | |
| 17 | Хошуудын умард баруун гаран хошуу | Зүүн бэйсийн хошуу | 1725 | Засаг, хошууны бэйс Дамба | 900 | 40 | |
| 18 | Хошуудын өмнөд тэргүүн хошуу | Хөнань чин вангийн хошуу | 1725 | Засаг, хошой чин ван Цагаанданзан | 1650 | 2000-3000 | |
| 19 | Хошуудын өмнөд зүүн гаран дундад хошуу | Ража засгийн хошуу | 1731 | Засаг, тэргүүн зэргийн тайж Цагаанравдан | 2000 | 160 | |
| 20 | Хошуудын өмнөд баруун гаран дундад хошуу | Дацан засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Равданжамц | 200 (эсвэл 750) | 400 | |
| 21 | Хошуудын өмнөд зүүн гаран дэд хошуу | 1746 | Засаг, тэргүүн зэргийн тайж Цэрэндорж | өгөгдөл байхгүй | өгөгдөл байхгүй | 1806 онд хүчингүй болсон | |
| 22 | Торгуудын өмнөд хойд хошуу | Жонан засгийн хошуу | 1724 | Засаг, тэргүүн зэргийн тайж Данзан | 500 | 130 | |
| 23 | Торгуудын баруун хошуу | Толиных засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Сэтэрбум | 300 | 60 | |
| 24 | Торгуудын өмнөд дундад хошуу | Дамба засгийн хошуу | 1725 | Засаг, тэргүүн зэргийн тайж Сономравдандорж | 600 | 150 | |
| 25 | Торгуудын өмнө өмнөд хошуу | Толиных засгийн хошуу | 1731 | Засаг, тэргүүн зэргийн тайж Даржаа | 1000 | 300 | |
| 26 | Цоросын өмнөд баруун гарын тэргүүн хошуу | Эрх бэйлийн хошуу | 1725 | Засаг, төрийн жүн ван Сэвдэнжал | 600 | 150 | |
| 27 | Цоросын умард дундад хошуу | Харгт бэйсийн хошуу, Шуйся бэйсийн хошуу | 1725 | Засаг, улсад туслагч гүн Равдан | 375 | 200 | |
| 28 | Хойдын өмнө хошуу | Донтох гүний хошуу | 1725 | Засаг, улсад туслагч гүн Гүнгэ | 150 | 150 | |
| 29 | Халхын өмнөд баруун хошуу | Халх засгийн хошуу | 1765 | Засаг, тэргүүн зэргийн тайж Дашдондов | 1000 (эсвэл 300) | 2 | |
| 30 | Цагаан номун ханы хошуу | 1705 | 3-р Цагаан номун хан хутагт Агваанлувсандамбийжанцан | өгөгдөл байхгүй | өгөгдөл байхгүй | Цагаан номун хан хутагтын шавь | |
Нэмж унших
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 青海省编辑组 (1985). 青海省藏族蒙古族社会历史调查 (Хятад хэлээр). 青海人民出版社. х. 139-145.
- ↑ 孙凯佳; 黄伟. "清代青海蒙古族社会变迁研究". 全国哲学社会科学工作办公室 (Хятад хэлээр).
- ↑ "史书记载的青海湖祭海活动". 青海省人民政府 (Хятад хэлээр). 2022-04-30.
- ↑ "华夏三大祭---祭海". 青海省人民政府 (Хятад хэлээр). 2022-06-24.
- ↑ "青海湖祭海". 青海省人民政府 (Хятад хэлээр). 2014-04-25.
- ↑ NLC416-11jh006897-57625 蒙古各盟部旗長官錄