Хотгойд
Хотгойд («Хотогойд») ястан | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Бүгд — 15,460 хүн. Үүнээс: Монгол — 15,460 (2010) |
Хэл аялга | Монгол хэл (төв аялгуу) |
Бичиг үсэг | Монгол кирил үсгийн монгол бичиг |
Шүтлэг | Буддын шашны буяны ёс (шарын шашин), Тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | бусад Монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан |
Хотгойд (Хотогойд) нь 16-р зууны дундаас 17-р зууны эхээр Даян хааны ач Ашихай дархан хунтайжийн хүү Түмэндарь дайчин ноён болон түүний удмынхны захиргааны Халхын Жалайр отог, Ойрадын Хойд зэрэг аймгийн дундаас үүссэн монгол угсаатны нэг ястан юм.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Хотгойд удмын хүмүүс одоо Завхан аймгийн Баянхайрхан сум, Баянтэс сум, Тэс сум, Асгат сум, Нөмрөг сум, Тэлмэн сумд бүтнээр Түдэвтэй сумын Ойгон нуур баг мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Цэцэрлэг сум, Бүрэнтогтох сум, Хатгал сум, Алаг-Эрдэнэ сум, Арбулаг сум, Их-Уул сум, Тосонцэнгэл сум, Түнэл сум, Мөрөн сум, Баянзүрх сум сумдад бөөнөөр оршин сууж байна. Мөн түүнчлэн Архангай аймгийн Их тамир сум, Говь-Алтай аймгийн Баян-Уул сум, Шарга сум, Тонхил сум, Дорнод аймгийн Матад сум, Халхгол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Увс аймгийн Баруунтуруун сум, , Хяргас сум, Малчин сум, Наранбулаг сум, Ховд аймгийн Дөргөн сум, Дуут сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Завхан аймгийн Алдархаан сум, Шилүүстэй сум, Цагаанчулуут сум зэрэгт Хотогойд, Хотогойлог гэх овгууд бүртгэгдсэн байна.[1]
ХОТГОЙДЫН ТҮҮХ
[засварлах | кодоор засварлах]Хотгойд нь нутгийн хойд хэсэг Хангайн нурууны араар Халхын Засагт хан аймгийн баруун ба баруун хойд хэсгээр Хөвсгөл нуураас Увс нуур өнгөрөх өргөн уудам нутагт нутаглаж ирсэн овог аймаг юм. Халхын Ойрад руу хийсэн довтолгооноор зарим хойд хүмүүсийг Халхын нутагт авчиран суулгасан нь халхтай холилдон одоогийн хотгойдууд болжээ. XVI-XVII зууны үед Хотгойдын Алтан ханы улс оршин тогтнож байсан.
Хотгойдын Алтан ханы улсын хойд хил Красноярск хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд тэд Тува, Енисейн киргизүүдийг нэг хэсэг захирч байв. Ойрад, хотгойдууд Баруун Монголд ноёрхохын төлөө тэмцэлдэн хотгойдууд ойрадуудыг баруун тийш шахсан боловч 17-р зууны дундаас хотгойдуудын хүч буурчээ.
Хотогойдуудыг 1627-1657 оны хооронд Шолой убаши хунтайжийн хүү Омбо эрдэнэ хунтайж захирч байгаад 1657 оноос Лувсанринчин сайн хунтайж залгамжлан захирах болсон.
Энэ тухай “Энх амгалан хааны бодлогын бичигт, “… Эебээр засагчийн 12-р он (1655 он)–д Халхад найман хошуу байгуулахад Лувсан тайжийг нэгэн хошуу болгосон.”[2] гэсэн байна. Энэхүү хошуу нь 1655-1691 хооронд Хотогойд нэгэн хошуу, 1691-1911 оны үед Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1911-1923 оны үед Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу зэрэг 5 хошуу болж задарсан, 1923-1931 оны үед Дэлгэрхаан уулын хошуу хэмээн нэрлэгдэж байсан Хотогойдын гол хошуу юм. Хэдийгээр Хотогойдууд Засагт хан аймагийн нэгэн хошуу хэмээгдэж байсан авч Засагт ханд захирагдахгүй харьцангуй бие даасан байдалтайгаар оршин тэргүүлэгчид нь Алтан хан хэмээн өргөмжлөгдөж байв.
Тэд өөрсдийн ханлиг улсыг бий болгон төв Азийн улс төрийн амьдралд Засагт ханаас үл хамааран бие даан оролцож байв. “Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир”-т, "… Хотогойдын газар нь Халхын адгийн захад орхигджээ. Баруун этгээдэд нь Өөлдөд ойр, умарт этгээдэд Орост ойр буюу. Тэдний зан байдал нь Цахар дүртэй … Хотогойд хэдий Засагт хан аймагийн харъяат мөн боловч үнэхээр өөр нэгэн аймаг билээ." [3] хэмээсэн нь тэднийг өвөр Монголын Цахар аймгийн адил эрэмгий зоригтой, Манж үндэстэний эсрэг байнга тэмцэж байдгийг нь илтгэн харуулсан явдал юм.
Хотогойдууд бие даан Ойрад болон Орос улстай харилцаж элч төлөөлөгчөө илгээж, мөн тэдний элч нарыг хүлээн авч байжээ. Нэн ялангуяа шинэ тутам хүчирхэгжин байсан их Орос улс Хотогойдуудыг ихэд анхааран үзэж хожмоо манай улсад нэгдэж болох юм, нөгөөтэйгүүр Хотогойдоор дамжуулан Халхад хяналтаа тогтоох зорилгоор ихэд ойшоон харилцах болсон юм. Энэхүү бодлогын үүднээс Хотогойдын захирагч нарт Алтан хан цол өргөж, тэдний улсыг нь Алтан ханы улс хэмээх болжээ.
Алтан ханы захиргааны улс 17-р зууны эхээр нилээд хүчирхэгжин нутгийн зах нь зүүн зүг Сэлэнгэ, Тамирын эх, баруун хойш Алтай, Красноярск, умар зүг Тагна уул хүрэх болжээ. Энэ үеэс зах нийлэн орших болсон Тува Урианхай, Енисейн хиргис, тэлэнгэд зэрэг овог аймгуудыг уулгалан довтолж зарим үед алба бариулж, тэдний заримаас олзлон Хотогойд дотор суулгах ч явдал байлаа. Энэ үеэс Оросын хаант улс зүүн зүгт хаяа тэлэн Сибирь, Алс дорнодод орж ирэх болсон ба оросын хаанаас монголчуудтай харилцахыг хүсэж ялангуяа тухайн үед хүчирхэгжээд байсан Шолой убаши хунтайжтай харилцаа тогтоох, болбол Орост алба бариулах, өөрийн түшмэг хараат орон болгохыг зорьж элч төлөөлөгч удаа дараа илгээх болов. Шолой убаши хунтайж ч Ойрадуудтай байлдахад түшиг болгох, мөн худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох зэрэгт Орос улсыг ашиглахыг зорьж найртай ёсноор элчийг угтан авчээ. Убаш хунтөйж өнгөн дээрээ Орос улсын эзэн хааныг хүндэтгэн үзэж буй мэт түүний ивгээлд орж цалин пүнлүү хэргэм зэргийг нь хүртэхэд бэлэн буйгаа илэрхийлж байвч үнэн хэрэг дээрээ өөрийгөө эзэн хааны хэмжээнд тавьж байжээ. Алтан хангууд Оростой харилцах эхлэл нь 1606 оны үеэс эхэлсэн гэх бөгөөд 1616-1617 онд Оросын элч Василий Тюменец, Иван Петров, Куракин нар Алтан ханы өргөөнд ирж бараалхаж, Алтан хан тэдэнтэй цуг өөрийн элч Даян, Хичээнгүй нарыг Москвад илгээж байжээ. Ийм харилцаа Шолой убаши хунтайж, түүний хөвгүүн Омбо-Эрдэнэ нарын үед хэвийн үргэлжилж байсан юм. Хотогойдыг захирч асан Омбо-Эрдэнэ хунтайж бие даасан гадаад бодлого явуулж, Орос улс Ойрадуудтай найрсгаар харилцан улс төрийн дипломат аргаар Хотогойдыг бие даасан нэгэн улс болгохыг эрмэлзсэн бодлого явуулж байжээ. Энэ бодлого Омбо-Эрдэнийн хөвгүүн Лувсанренчингийн үед нилээд алдарсан юм. Лувсанринчин 1696 онд нас нөгчсөний хойно түүний албат ард нь 1709 оны үед уугуул нутагтаа буцан ирсэнд Манж үндэстэнын хаан зарлиг гарган Лувсанринчингийн хүү Намримчимбод захируулан нэгэн хошуу зохиосон байна. Энэхүү хошуу нь Хотогойдын Цогтой вангийн хошуу юм. Харин нутагтаа үлдсэн Хотогойдуудыг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Дорж дай хунтайжийн удмын Гэндэн бэйлд захируулжээ. Ингэснээр Хотогойдууд хоёр хэсэг тасарсан бөгөөд нэлээд хэсэг нь Лувсан сайн тайжийн харъяанд байсан бол үлдэх хэсэг нь Гэндэн бэйлд захирагдах болжээ. Чингэснээр Хотогойдын таван хошууны дөрвийх нь өвөг дээдэс нь Дорж дай хунтайжийн шууд удамд хамаарах болж харин Цогтоо вангийн хошууны ноёд л Омбо-Эрдэнэ хунтайжийн үртэс болжээ. Гэндэн Хотогойдын ноён суусан цагаасаа Манж үндэстэнийн төрд идэвхитэй зүтгэж байгаад 1694 онд Манж үндэстэнд дагаар ороход түүнд төрийн бэйл цол өргөн үе улируулан засаг өргөмжилжээ. Гэндэнг 1697 онд нас нөгчихөд түүний хүү Сүнчинсэнгэд захируулж байгаад түүнийг 1704 онд нас нөгчихөд үргүйн учир Гэндэнгийн үрчилсэн хүү Бүүвэй Хотогойдын ноён суусан байна. Түүний хойно 1730-1737 онуудад түүний ахмад хөвгүүн Банди, 1737-1757 онд Банди бэйлийн хүү Шадар ван Чингүнжав нар угсаа залган захирч байв.
Бүүвэй бэйл, Банди ахай нар Манж үндэстэн чин гүрний бодлогыг хүлээн зөвшөөрч хүчин зүтгэж байсан бол шадар ван Чингүнжав анхнаасаа Манж үндэстэний төрийн бодлогыг эрс эсэргүүцэн албыг хайш яайш хуумгайлж байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр зэрэг тушаал ч буурч байсан аж. 1750-иад оны эхэн үеэс Чингүнжав өвөр Монголын Сэвдэнбалжир, Ойрадын Амарсанаа нартай үгсэн нийлж Манж үндэстэний эсрэг зэвсэгт тэмцэл хийхээр товлосон авч Манж үндэстэн нар энэхүү оролдлогыг нь өөрсдийн туршуулуудаар дамжуулан заншлан мэдсэний үндсэн дээр тэдний хүчийг нь салган Амарсанааг Ойрад тийш, Чингүнжавыг Халхад илгээн Сэвдэнбалжирыг барьж хорьсон байна. Ийм явдал гарсныг мэдсэн Чингүнжав Хотогойд голдуу цэргээ удирдан Манжийн эсрэг босох тэмцлээ эхэлсэн ажээ. Хэдийгээр Чингүнжавын тэмцлийг аялдан дагалдсан хэд хэдэн тэмцэл Халхад тэрхүү дуулианаар гарсан хэдий ч нэгдсэн удирдлага зохион байгуулалт байгаагүй учир Манж үндэстэн нар тус тусад нь цохисон ажээ. Манжийн эсрэг хийх тэмцлийг манлайлсан Чингүнжав бусад босогчидтой хүчээ нэгтгэж чадаагүйн дээр Халхын олонх ноёд Манж үндэстэний талыг илэрхий баримтлан түүнд туслахгүй байсан зэргээс үүдэн аргагүйн эрхэнд хүчин мөхөсдөн 1757 оны эхээр Манж үндэстэн нарт баригдан гэр бүлийн хамт хороогдсон байна. Манж үндэстэн нар Хотогойдын бослогыг дарсаны хойно тэднийг хуваан бутаргах явдлыг улам эрчимжүүлж нэмж 3 хошуу байгуулсан байна. Хотогойдууд нь Тоос, Халиучин, Шэжнүүд, Их Хотогойд, Бага Хотогойд, Мянгад[4] гэсэн үндсэн 6 отогтой бөгөөд тэднийг бутарган хошуу зохиохдоо ч мөн энэ 6 отгоор нь буй.
ХОТГОЙД ХОШУУД
[засварлах | кодоор засварлах]Хотогойдууд нь 1697 оноос хойш Засагт хан аймагт таван хошуунд хуваагдсан нь "Хотогойд таван хошуу" хэмээгдэн явжээ.
1. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу: Чингүнжавын хошууны гол нутгийг тусгаар тогтнолын төлөөх бослогыг даралцагч Вамбуудоржид Жүн ван цол өргөн захируулсан байна. Энэхүү хошуу нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу гэгдэж байгаад 1931 онд Хөвсгөл аймгийн Баян-Уул, Баянхайрхан, Цэцэрлэг, Цагаан уул, Бүрэнхаан сумд үүссэн байна.
2. Цогтой вангийн хошуу: Шолой уваши хунтайжийн ахмад хүү Омбо-Эрдэнийн хүү Лувсанринчин, түүний хүү Намринчимбогийн албат нь Цогтой вангийн хошууны эхлэл болж өгчээ. Эл хошууг 1709 онд Хөх нуураас эргэн ирсэн Лувсанринчингийн албатаар нэг сумтайгаар байгуулсан байна. Манжийн үед Халхын баруун замын дундад баруун гарын адгийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн тийш Буга өндөр хүрч, өмнө зүгт Дунд Самгалтай, умар зүг Баян-Айраг уул, баруун зүг Байцас уул, зүүн хойш Муу түлээт, баруун хойш Өвөр Улаагчин, зүүн өмнө Булан, баруун өмнө Босго уул хүрч байв. 1911 оноос 1923 онд Засагт хан аймгийн Цогтой вангийн хошуу хэмээн дотроо Баруун Ангирт, Зүүн Ангирт, Ойгон, Тэлмэн, Нөмрөг таван багтай явжээ. 1911 оны байдлаар 33 өрх, 346 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 530 өрх 1283 хүн амтай, 17 сүм хийдэд 619 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос улс даяар хийгдсэн орон нутгийн засаг захиргааны шинэчлэлтийн дагуу Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэй болж дотроо Баянхайрхан, Баян-зүрх, Мандал, Уранхайрхан гэсэн 4 сумтай байгуулагдав. Цогтой вангийн хошууг Намринчимбо, Жамъян, Гомбоцэрэн, Ларь, Банди, Сэндэвдорж, Цэсүрэндорж, Галдангүнтүв, Магсаржав, Загдсамбар, Дамдинавшаа нар угсаа залган захирч байжээ.
3. Далай гүний хошуу: Ашихай дархан хунтайжийн дэд хүү Түмэндара дайчингийн хүү Шолой увш хунтайжийн дэд хүү Дорж дай хунтайж, түүний хүү Гэндэн бэйлийн дөтгөөр хүү Шагжагт байгуулсан гавъяаг нь үнэлж Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунаас тасдан өгсөн албат нь 1724 оны үеэс Далай гүний хошуу гэгдэх болжээ. Манжийн үед Халхын өрнө замын баруун гарын баруун этгээдийн хошуу хэмээгдэн нутгийн хил нь зүүн зүг Нарийн Дөлбөр, баруун зүг Хар хоргон голын булаг, өмнө зүг Чацарт, умар зүг Ачин булаг тус тус хүрнэ. Богд хаант монгол улсын үед Засагт хан аймгийн Далай гүний хошуу хэмээн нэрлэгдэж, Өвөр Баруун, Ар баруун, Ар зүүн, Өвөр зүүн гэсэн 4 отогтой байсан байна. 1911 оны байдлаар 84 өрх, 234 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 654 өрх 1848 хүн амтай, 29 сүм хийдэд 735 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923-1931 оны үед Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу хэмээн нэрийдэгдэж байсан бөгөөд 1924 онд Бөгдгөөн хан уулын хошуутай нийлэн 1929 онд Наранжаргалант уулын хошуутай нэгдэв. Одоогийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Бүрэнтогтох сум болсон ажээ. Далай гүний хошууг Шагжаг, Доржцэдэн, Цэдэвдорж, Шагдаржав, Доржжав, Төгсдэлгэр, Базаррагчаа, Доржпалам нар үе улиран захирч байв.
4. Мэргэн гүний хошуу: Шолой Увш хунтайжийн 3-р хөвгүүн Лувсандаш Мэргэн дайчингийн ахмад хөвгүүн Увашийн ахмад хүү Цэвэгжавт албат таслан сум үл хүрэх албаттайгаар нэгэн хошууг 1756 онд байгуулан өгсөн нь Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу юм. Манжийн эрхшээлийн үед Халхын дундад зүүн гарын баруун этгээдийн засаг улсад туслагч гүнгийн хошуу хэмээгдэн зүүн зүгт хар бургас, өмнө зүг цагаан бургас, баруун зүг Чандаган тал, умар ба баруун хойд зүг Их тахил, зүүн өмнө зүг Баянзүрх, баруун өмнө зүгт Сэлэнгэ мөрөн хүрэх нутагтай байв. Богд хаант Монгол улсын үед Засагт хан аймгийн Мэргэн гүний хошуу хэмээн нэрлэгдэж 1 сумтай байв. Хантайшир уулын аймгийн Бөгөдгөөн хан уулын хошуу гэгдэж байгаад 1931 оноос Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум болсон ажээ. Мэргэн гүний хошууг Цэвэгжав, Батжаргал, Чойсүрэн, Жамбал, Гүндорж, Баянжаргал нар үе улиран захирч байв.
5. Ахай бэйлийн хошуу: Ахай бэйлийн хошууг 1757 онд Эрдэнэдүүрэгч вангийн хошуунаас таслан Дорж дай хунтайжийн дэд хүү Гэндэн бэйлийн дэд хүү Тувагийн хүү Дашпунцагийн албат дээр тулгуурлан байгуулсан байна. Манжийн үед Халхын өрнө замын дундад зүүн гарын адгийн хошуу хэмээн нэг гүйцэд сумын албатай, нутаг дэвсгэр нь зүүн зүг Баянзүрх уул, баруун зүг Дэлгэр гол, умар зүг Номт, өмнө зүг Оодос, зүүн хойд зүг хилийн харуул, баруун хойш Соёг толгой, баруун өмнө зүг Бор бургас хүрч байв. 1911-1922 онд Засагт хан аймгийн Ахай бэйлийн хошуу гэж нэрлэгдэн явсан бөгөөд 1911 оны байдлаар 85 өрх, 308 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 823 өрх 3471 хүн амтай, 153 сүм хийдэд 2345 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1923 оноос Хантайшир уулын Наранжаргалант уулын хошуу нэрээр байгуулагдаж хожим Цэцэрлэг Мандал уулын аймагт шилжсэн. Тус хошуунаас Арбулаг, Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул сум бүтнээр Түнэл, Алаг-Эрдэнэ сумын зарим баг нь байгуулагджээ. Ахай гүний хошууг Дашпунцаг, Гомбожав, Жигмидчавдан, Чойгончигдаш, Нилханвар, Намхайдорж, Цэдэндорж нар үе улиран захирч байв.
6. Жалханз хутагтын шавь: Жалханз хутагтын шавийг байгуулахдаа Хотогойдын Дүүрэгч ван, Ахай засгийн хошуунаас таслан нутаг олгосон тул мөн Хотогойдын түүхэнд хамаарал бүхий юм. Жалханз хутагтын уг эх нь энэтхэгийн Базарваань, Цогтсарха, Зундуйёндон, Их түгээмэл гүндүү, хан Махасуха, Чойгүцагаан, Чимэдманабадар, гэсэн 7 үе хувилж, түүний хойно түвдэд Дүвчиннамхайжалцан, Батлужав хэмээх Мижиддорж, Жамагарбо, Жамьянмоломпил, Балжиржамц, Чойжилжамц гэсэн 6 үе хувилаад манжийн Тэнгэрийн сэцэн хааны 4-р он (1630 он Д.Б)-д монгол газар халхын Засагт хан аймагт Лувсанданзанжамц нэрээр хувилж, Эеэр засагчийн 11-р он (1645 он Д.Б)-д жанч халжээ. 2-р үе хувилсан нь Лувсанданзанбалсан (1657-1741), 3-р үе хувилсан нь Галсандамбийеримпил (1747-1785) Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг 11 жил захирч суужээ. 4-р үе хувилсан нь Лувсанбалжирлхүндэв (1796-1847) Ховдын Түгээмэл амаржуулагч сүмийг 4 жил захирч байв. Төр гэрэлтийн 4-р он (1824 он Д.Б)-ы XII сард гуулиар цутган үйлдсэн “Халхын Засагт хан аймгийн Жалханз хутагтын тамга” гэсэн манж, монгол, түвэд гурван үсгээр бичсэн тамгыг олгожээ. [“Засагт хан аймгийн чухал хэргийн данс” хэвлэлд бэлтгэсэн Г.Дашням, На.Сүхбаатар, С.Чулуун УБ., 2002 тал 41] Чингэснээр Жалханз хутагт нь тамга барьж шавь захирах эрхтэй болсон байна. Жалханз хутагтын шавийг байгуулахдаа Хотогойдын Дүүрэгч ван, Ахай засгийн хошуунаас хувь таслан байгуулжээ. 5-р үе хувилсан нь Чоймболжалцан (1849-1855), 6-р үе хувилсан нь Чойжижалцан (1857-1874), 7-р үе хувилсан нь Дамдинбазар (1875-1923), 8-р үе хувилсан нь Билэгдэмбэрэл (1923-1978) нар тус тус тодорчээ. Жалханз хутагтын шавийн нутгийн цэс нь баруун зүгт Загастайн даваа, баруун хойд тал нь өвөр Улаагчин өртөө, хойд тал нь Хоньт холбоо нуур, зүүн тал нь Хантийн дөрвөлжийн өндөрлөгт хүрч байв. 1911 оны байдлаар 61 өрх, 558 хүн амтай байсан бол 1918 оны И.М.Майскийн мэдээгээр 545 өрх 1051 хүн амтай, 28 сүм хийдэд 433 лам нар шавилан сууж байсан мэдээ байна. 1925 оноос Хантайшир уулын аймгийн Өлзийт Баянзүрх уулын хошуу гэгдэж байгаад 1926 онд Дэлгэрхан уулын хошуунд нэгтэгсэн байна. Одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сум.
ХОТГОЙДЫН ҮЛГЭР ДОМОГ
[засварлах | кодоор засварлах]Хотгойдын хонгор халзан морины домог
[засварлах | кодоор засварлах]Хотгойд нутагт нэгэн ядуу эр их хурдан Хонгор халзан морьтой байжээ. Тэр морийг нь ноёд, хаад өөрийн болгон авч, нэр дээрээ уралдуулж, алдар хүндийг олох гэж хичнээн оролдовч хараахан чаддаггүй байж. Нэг удаа нутгийн ноён ядуу эрийн морийг булааж аваачаад, зориуд хүн томилон мануулжээ. Морь болон түүнийг манаж байгаа хүнийг үүрээр түр цурам хийх зуур ядуу эр ногт барин хөл нүцгэн гэтэж ирээд, мориныхоо чихэнд:
Ноёд ноёдын үүдэнд
Ногттойгоо дүүхэлзэнэ
Ногтлоод ирсэн хүүдээ
Нойрон дундаа үүрсэнэ . . . гэж дуулаад дагуулаад харьдаг байжээ. Тэгэхээр нь нутаг ойрхон болохоор буцаж гүйгээд байна гээд хаанд хурдан морь бэлэглэж нүүр тал олохыг горилон, ядуу эрээс хонгор халзан морийг дахин булаан авч харь газар, хааны сүрэгт хүргүүлжээ. Ядуу эр тэр хол газар явж очиж чадахгүйн эрхээр мөн л адуу хүн хоёр нойр хичнээн даавч үл тэвчин дуг хийх үүрийн харанхуйгаар хазаар барин хотныхоо овоон дээр гарч:
Хаад хаадын үүдэнд
Хазаартайгаа дүүхэлзэнэ
Хазаарлаад ирсэн хүүгээ
Харан харан баясана аа . . . гэж дуулахад Хонгор халзан морь нь хоногтоо гүйгээд ирдэг байжээ. Үүнээс хойш тэр ядуу эр хурдан сайхан хүлгээрээ жил болгоны наадамд түрүү магнай авч, нутгийн олны дунд нэр хүндтэй нэгэн болжээ. Хонгор халзан морийг хорин таван насандаа хошуу наадамд түрүүлэхэд нь атаархсан нутгийн ноён энэ яавч эгэл амьтан биш, язгууртан хүнд л байваас зохих хүлэг хэмээн бодож, тэр морийг эзнээс нь хүчээр булаан авч, хааны газар дахин хүргүүлэхээр хэсэг эрчүүдэд хөтлүүлэн явуулах болжээ. Энэ үед эзэн нь одоо ч эрдэнэт сайхан хүлэг минь эргээд надад ирэхгүй байхаа даа хэмээн харамсаж, мориныхоо сүүлнээс нэгэн туг үс сугалан авч, чагтгандаа зүүгээд: - Миний энэ буянт хүлэг надад л хурдална. Харь газар хүргэгдэж, хаан эзэнд очсон ч эс хурдална. Ингээд Өвгөн Хонгор буяныг минь элдвээр бүү хараагаасай, агдалж битгий зовоогоосой, аяар аяар гуядаасай, муулж бүү хэлээсэй, мөрөөр нь мөнх насжуулаасай хэмээн ханцуй дотроо балбирч:
Алтан алтан амгайгий нь
Амы нь дагуулж татаарай
Алтан сайхан зоогий нь
Аяар аяар гуядаарай
Мөнгөн мөнгөн зуузайгий нь
Марий нь тааруулж тат
Нэг үгээр хэлхэд, хаад ноёдын өмнө хүч мөхөсдсөний эрхээр эзэн хүн эрдэнэт сайхан хүлэг морио өөрийн гар дор байлгаж, олон олон наадамд удаа дараалан түрүүлж, магнайг нь тэнийлгэж явсан тэр их ач буяныг хариулж чадахгүй болсон бухимдал цухлаа тайлж, Хонгор халзан морио хол газар очоод хүний гарт их зоволгүй, насны эрхээр жаргаасай гэж ерөөсөн тайлал бадгууд юм. Эзний энэ ерөөл эрдэнэт хүлэгт нь шингэж, харь газрын хааны нэр дээр хурдалж, түүний цөсийг хөөргөлгүй, эх нутгийнхаа уулын тарилганд толгойгоо өргөсөн гэдэг.[баримт хэрэгтэй]
Бүст нуур, Алтан тэвш уулын домог
[засварлах | кодоор засварлах]Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт буй нэг үзэсгэлэн төгөлдөр нуурыг Бүст нуургэдэг байна. Энэ нуурын дунд уул бий. Урьд шадар ван Чингүнжав Ховдын цагаан түнгээс гарч Орос улсыг зорин манжийн цэргээс зугтаж явахдаа энд хоног тааруулсан гэнэ. Тэгээд өглөө босоход нь анчин гөрөөчнөөс айсан ан амьтан нуурын мөсөн дээгүүр сүрэглэн давхиж нуурын дундах уул руу айсуй харагджээ. Иймд шадар ван: Айсан зовсон бүхний амь авран орогнуулдаг ачтай, тустай нуур юмаа хөөрхий хэмээн бишрээд өөдөө харсан сав алтан тэвшээ дунд ууланд нь булж, нуурын мөсийг цоолж товчлуур мөнгөн бүсээ хийсэн гэнэ. Тэр цагаас уг нуурыг Бүст нуур, дундах уулыг нь Алтан тэвш гэж нэрлэх болжээ.[баримт хэрэгтэй]
Мөн. Хоноглосонхон газар нь Ховдын цагаан түнгээ Ховлоод мордсон цэрэг нь Хоёр живаа цэрэг Бүгсэнхэн газар нь Бүстийн дунд уул Бүслээд мордсон цэрэг нь Хоёр живаа цэрэг Хүлээсэн зорьсон газар нь Хүрмэн тагнын цаахна Хүрээлэн мордсон цэрэг нь Хоёр живаа цэрэг Гурван живаа цэргээ дагуулсан ч болно Гургалдай зээрдээ унасан ч болоосой гэж энэ тухай дуу гарсан гэнэ.[баримт хэрэгтэй]
Хүдэр хүү
[засварлах | кодоор засварлах]Цогтой вангийн хошуунд Хүдэр хэмээх нэгэн бяртай хүн байжээ. Хүдэр хүү ээжийн хамт Хотгойд – ойрадын дайн самуунаар өөлдийн 9 шар баатарт олзлогдон хүний газар, гүний нутагт зарцлагдан амьдарч байжээ. Ийнхүү хэдэн жил болоход Хүдэр ч эрийн цээнд хүрч, нэгэн өдөр ээждээ өөлдийн 9 шар баатарыг алж нутаг зорих тухайгаа хэлжээ. Өөлдийн баатарууд өглөө гарч дээрэм тонуул хийсээр орой уван цуван ирдэг, ингэхэд нь Хүдэр хүү мориноос буулгаж үүд өргөн оруулж, морь малыг янзлан, ээж нь хоол цайг нь хийж өгдөг байжээ. Иймээс эхээр зөвшөөрүүлсэний эцэст Хүдэр орой цувж ирсэн баатаруудыг нэг нэгээр нь гэр лүү үүд өргөн оруулахдаа ар голыг нь тас шааж алсаар, хамгийн сүүлд ирсэн ахмад баатар нь сэжиг авч “Хөвүүний нүд яасан улаан байна” гээд зугтахыг завдтал барин авч ноцолджээ. Тэрхүү хоёрыг ач тач ноцолдон буй ахуйд ээж нь Хүдэрийн урьд захисан ёсоор бэлдэн өгсөн хутгаар эрээн булчинг нь тас огтлон алж даржээ. Ингээд Хүдэр хүү бор гэрээ баглан үүрч нутгийн зүг явах замдаа газарын уруу шогшиход ээж нь”Аяар гэм. Хөгшин хүн унагаж алах нь уу? ” гэж таягаараа толгой руу нь тогшиж байсан гэдэг. Хүдэр хүү нутагтаа ирээд хар бор амьдралаар амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд хүрээн дээр худалдаа хийж явсан эгнэшгүй хүчтэй оростой барилджээ. Барилдах болоход нөгөөх орос хоёр гартаа хунз цай барин дэлэхэд Хүдэр хоёр засуулаа өргөн дэвсээр гарчээ. Барилдаан болоход Хүдэр мөнөөх оросыг газарт хүргэлгүй нуруугаар нь тас тэврэх алжээ. Хожим Хүдэр Тахилт /Нөмрөг/ уулын оройд байсан бага шиг гэрийн буурин чинээ дайтай бүдүүн модыг : “Хааны аварга дийлэх нь үү? Хангайн аварга дийлэх нь үү?” хэмээн ам гаран тэврэн тонгорсон боловч оройн өмхөрсөн хэсэг нь хугарч түүнийг цохин алжээ. Хүдэрийн шарил Тахилт ууланд байсан ба хавирга нь завсаргүй бөгөөд цээжний хөндийд чоно гөлөглөсөн байсан гэдэг. Түүний шарилыг хожим өөлдүүд хулгайлан авч нутагтаа тахиснаар өөлдийн нутаг хошууд сайн бөхчүүлтэй болсон гэж одоо хүртэл нутгийн ардууд хуучилдаг билээ.[баримт хэрэгтэй]
Алдартанууд
[засварлах | кодоор засварлах]- Шолой убаши хунтайж
- Бадма Эрдэнэ хунтайж
- Ринчин сайн хунтайж
- Гэндэн эрх дайчин
- Хатан Бүүвээ баатар
- Хотгойдын шадар ван Чингүнжав
- Жалханз хутагт С.Дамдинбазар
- Дилов хутагт Жамсранжав
- Гомбожавын Очирбат
- Санжаагийн Баяр
- Дэмчигжавын Моломжамц
- Ялгуусан хутагт Лувсанданзан
- Арь гэгээн Дамдинчогдон
- Рэгзээгийн Амарсайхан
- Өлзийсайханы Энхтүвшин
- Чойсүрэнгийн Дагвадорж
- Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
- Ринчиннямын Амаржаргал
- ↑ Очир.А, Сэржээ.Ж “Монголчуудын овгийн лавлах” УБ., 1998 тал 20-32
- ↑ Пүрэвжав.С “Хотогойдын угсаа гарал ба түүхийн асуудалд” УБ., 1970 тал 41
- ↑ Зарлигаар тогтоосон гадаад Монгол, Хотон ван гүнгүүдийн Илтгэл шаштир” УТНС гар бичмэл 63-р дэвтэр
- ↑ Галдан Туслагч “Эрдэнийн эрих “ Хэвлэлд бэлтгэсэн Насанбалжир.Ц УБ 1960 тал 121