Рэгзээгийн Амарсайхан
Рэгзээгийн Амарсайхан нь 1962 оны 12-р сарын 29-н Завхан аймгийн Нөмрөг сумын төв Өвөр Шивэртийд төрсөн Хотгойдын Орхид овгийн гаралтай хүн билээ.
Р.Амарсайхан 1985 онд Санхүү, Эдийн засгийн техникум, 1992 онд Төр, нийгэм судлалын академи төгссөн, магистр, дэд профессор, БНСУ-ын их сургуулийн Хүндэт доктор цолтой. Р.Амарсайхан нь 1985-89 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны иниститутийн нягтлан бодогч, 1992-96 онд Баянзүрх дүүргийн санхүүгийн хэлтсийн дарга, 1996-2000 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 он хүртэл МУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч,Санхүүгийн зохицуулах хорооны зөвлөлийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан манай сумаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтэн хүн юм.
Р.Амарсайхан нь санхүүгийн болон засаг, захиргааны байгууллагад ажиллаж, төсөв, санхүү, татвар, эдийн засгийн харилцааг, зохицуулах хуулиудыг, хэрэгжүүлэх, арга барил эзэмшсэн, гүйцэтгэх засаглалын албаны ажлын болон зохион байгуулах арга дадлага суусан, онол, улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн өргөн мэдлэгтэй, нийгмийн өндөр идэвхтэй, манай шилдэг боловсон хүчин байсан.
Р.Амарсайхан УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Монгол улсын төрийн байгууллагын болон санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хяналтын салбарт хийгдэх шинэтгэлийг эрчимжүүлэх, иргэдийн бизнес, эрхлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж, тус салбарын харилцааг зохицуулах шинэ эрх зүйн орчинг буй болгоход жинтэй хувь нэмэр оруулсан төрийн түшээ байлаа.
Р.Амарсайхан нь төрийн алба хашиж байх үедээ төрсөн нутаг орноо хөгжүүлэхийн төлөө байнга анхаарч, сэтгэл тавьж, удаа дараа нутаг усандаа ирж, ард иргэдтэйгээ уулзаж, тэднийхээ санал бодлыг сонсож байсан төрийн түшээ байсан юм. Тэрээр улс нийгэм, ард түмнийхээ төлөө ид хийж бүтээх үедээ 2008 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.