Jump to content

Хатгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хатгал сум-с чиглүүлэгдэв)
Хатгал
ᠬᠠᠳᠭᠠᠯ
Тосгон
Хатгал, 2008 оны 8 сар
Хатгал, 2008 оны 8 сар
Хатгал, Монгол
Хатгал
Хатгал
Солбицол: 50°26′15″N 100°09′40″E / 50.43750°N 100.16111°E / 50.43750; 100.16111
Улс Монгол
Аймаг Хөвсгөл
Хүн ам
 (2022)
  Нийт 3,690
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Хатгал тосгон нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын тосгон юм. Хөвсгөл нуурын өмнөд үзүүрт оршино. Хатгал тосгонд нисэх онгоцны буудал, усан боомт, сургууль, шуудан зэрэг албан байгууллагууд бий.

Хатгал тосгоны нутаг нь 1600 оны дунд үе хүртэл Засагт ханы бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм. Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсэгийн төмөр хайлуулдаг газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хатгал орчим нь зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ буудалладаг газар байжээ. 1696 онд халх Монгол манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. Ийнхүү нь 1727 оноос Хатгал суурин газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд Оростой хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондоос Улиастай хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болж байжээ. 1921 онд Оросын цагаан цэрэг Хатгалыг эзлэн авахад Д.Сүхбаатар "...бид умар зүгийн гол стратегийн чухал газраа дайсанд алдлаа гэж онцгойлон төлөвлөгөө зохиож Чойбалсан тэргүүтэй цэрэг хөдөлгөн чөлөөлж байсан" монгол орны чухал газрын нэг юм.

1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг Мөрөн уруу шилжүүлжээ.

1990 оны байдлаар 7000 орчим оршин суугчтай байсан тус тосгонд бага оврын цахилгаан станц баригдсан ч удалгүй модны үйлдвэр хаагдаж, ачаа тээвэрлэлт багассан тул хүмүүс Хатгалыг орхин одох нь нэмэгдсээр 1994 онд 3,756, 2000 онд 2,498 оршин суугчтай гэж бүртгэгджээ. 2006 оны 12 сарын байдлаар 2,796 оршин суугчтай байсан тооцоо байна. ([1]). 2008 онд Хатгал нь төвийн эрчим хүчний шугам болон үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байна.

Хөвсгөл нуурын эрэг дээр байрлах гэр-хотхонууд, амралтын газруудад зочлогсод Хатгалаар дайрч өнгөрдөг тул тус сумын эдийн засагт аялал жуулчлалын салбар ихээхэн нөлөө үзүүлнэ. 2007 онд нисэх онгоцны буудал шинээр баригдаж ашиглалтад орсон [2]. МИАТ компанийн онгоц Улаанбаатар-Хатгалын чиглэлд нисдэг.

Хатгал сумаас төрөн гарсан алдартай хүмүүс:

  • Б.Чадраабал - "Сүхбаатар" усан онгоцны анхны ахмад, гавьяат тээвэрчин
  • Ч.Бат - "Сүхбаатар" усан онгоцны хоёр дахь ахмад үе залгамжилсан ахмад
  • Ламжавын Гүндалай - Эрүүл мэндийн сайд асан, Улсын Их Хурлын гишүүн