Цагаан-Үүр сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa khövsgöl aimag 2014.svg Хөвсгөл аймгийн
Цагаан-Үүр сум
Улбар шар нь Мөрөн, ягаан нь Цагаан-Үүр
8,730 км² газар нутагтай
2,415 хүн оршин суудаг
22,000 толгой малтай
4 баг нь Уйлган, Үүр, Дархит, Булган
1931 онд үүсгэн байгуулагдсан
Эргэн тойрондоо Хөвсгөлийн Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Ханх гэсэн гурван сумтай хаяалж, ОХУ-ын БНБурУ-ын Түнхэн, Захаамин гэдэг хоёр аймагтай хил залгадаг.
Цагаан-Үүр сумын төв

Цагаан-Үүр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Баруун талаараа Ханх сум, баруун урд талаараа Чандмань-Өндөр сум, урд талаараа Эрдэнэбулган сум, хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэнэ. Сумын төвийн албан ёсны нэр Булган бөгөөд Үүрийн голын баруун талд байрлана. Нийт газар нутаг 8,730 км². Хүн ам 2007 оны байдлаар 2415.

Түүх[засварлах | edit source]

1931 онд Хөвсгөл аймгийг байгуулагдахад Цагаан-Үүр сум байгуулагджээ. 1933 оны байдлаар 690 өрхийн 2,400 оршин суугч, 22,000 орчим толгой малтай байжээ. 1939 онд Уялган нэртэйгээр анх нэгдэл байгуулагдсан ба сүүлд Цог нэгдэл гэж нэрлэгдэх болсон. Сумын нэр нь уг сумын нутгаар урсах Үүрийн голоос үүдэлтэй. Цагаан-Үүр сумын хүн амыг буриад, халх, урианхай ястнууд голлон бүрдүүлнэ. Нутгийн уугуул иргэд буриадууд байсан бол Манжийн дарлалын жилүүдэд хойд хилийн манаанд халх иргэдийг дайчлан нүүлгэн ирүүлж байжээ. Нутгийн амьдрах хэв маяг, ёс заншилд буриад болон оросын нөлөө одоогоор ч их үлдсэн нь уг сумын нутагт орос маягийн улаан дүнзэн байшин, буриад талх, цөцгийн тос, ёпоошиг, арьс элдэх эргүүлэг зэргээс харагддаг.

Эдийн засаг, байгалийн баялаг[засварлах | edit source]

2004 оны байдлаар 22 мянган толгой мал, үүний дотор 3,400 ямаа, 3,900 хонь, 11,300 үхэр ба сарлаг, 3,400 адуу байжээ. Тав дахь хошуу малаас тэмээ байхгүй болно[1].

Цагаан-Үүр сум нь тайгын бүсэд орших тул ой модны нөөц баялаг ихтэй.

Цагаан-Үүр сумын нутагт мэдрэл, дотор эрхтэнд сайн Цагаан турагт, Ганц хушт, Хээгт, Дээрхийн агуйн, Үүрийн эхний зэрэг хүйтэн рашаанууд байдаг.

Ан амьтан, гол горхи[засварлах | edit source]

Үнэг, чоно, хандгай, хүрэн баавгай, хүдэр, зэрлэг гахай, халиун буга, гөрөөс, туулай, тарвага, Нохой зээх, булга, үен гэх мэт үслэг болон ойн хөхтөн амьтад элбэг боловч сүүлийн жилүүдэд ан агнуур зүй бус их хэмжээгээр хийгдсэн тул цөөрөх хандлагатай байна. Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн голын цутгалан болох Үүрийн гол нь тул, зэвэг, хадран зэрэг загасаараа алдартай. Уг нутагт Хойд мөсөн далайн ай савд багтах Үүр, Ариг, Уйлган, Халхант, Дархинт, Хөх, Хар-Ус, Баянгол, Бургалтайн гол зэрэг том жижиг 20 гаруй гол, 150 орчим горхи бий.

Түүхт дурсгалт зүйл[засварлах | edit source]

Сумын төвөөс зүүн тийш 35 км зайд байх, шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн нийт 224 м урт Даян дээрхийн агуй улсын тусгай хамгаалалтанд оршино. Даян дээрхийн агуйн дэргэд шарын шашин, бөө мөргөлийн нэгэн төв болох Даян дээрхийн хийдийг 1864 онд байгуулсан ба 1938-аас 1939 оны их хэлмэгдүүлгийн үеэр нураан, эвдлэн сүйтгэжээ. Хийдийг 2005 оноос сэргээн босгох ажлыг хийж эхэлсэн байна. Агуйн орчим олон тооны хиргисүүр булш, хүн чулуун хөшөөтэй болно. Сумын нутаг нь өндөр уул нуруу, ян сарьдаг, хөвч ой тайга, тунгалаг гол горхи, булаг шанд, рашаан ус, зүйл зүйлийн ургамал, ан амьтан бүрдмэл, онгон дагшин байгалийн үзэсгэлэн цогцолсон хангай дэлхий юм. Хол ойрын хүний сэтгэл татам байгаль дэлхийн үзэсгэлэнг илтгэсэн Зүүн Соёоны нурууны салбар уулсын цаст сарьдгууд, холбоо долоон нуур, дахин давтагдашгүй өвөрмөц сонин тогтоцтой байгаль эхийн бүтээл Даян дээрхийн агуй, Бадарын нуурын мөсөн агуй, Сэнжит хад, арслан барс, аварга могойн дүрс хэлбэртэй байц, хадан цохио, дэвээд гарч байгаа бөх шиг сонин хэлбэртэй уул, нэг үндэснээс олноор салаалан гарсан мод, Онгон давааны элсний нарс зэрэг байгаль дэлхийн гайхамшигт бүтээл болсон газар нутаг энэ суманд элбэг юм. Бадарын нурууны Алмат Улаан зүрх уулын ар биед байгаа Мөсөн агуй бол багавтар амтай боловч дотогш ороход 10 орчим метр урт, 5 метр өргөнтэй уудам зайтай, дээвэр хэсгээс унжсан мөсөн баганатай. Мөсөн агуйн хэсэг нар үздэггүй боловч сүүлийн жилүүдэд дулааралтаас болж зарим хэсэг нар үздэггүй боловч сүүлийн жилүүдэд дулааралтаас болж зарим хэсэг хайлмагтсан байдаг. Байгалийн өвөрмөц сонин тогтолцоотой газар нутгийг УИХ, аймаг сумын ИТХ-н тогтоолоор тусгай хамгаалалтад авч байна. УИХ-ын тогтоолоор Даян дээрхийн Байгалийн дурсгалт газар байгуулж, аймгийн ИТХ-ын 2002 оны тогтоолоор тус сумын Саравслагийн рашааны 1 га газрыг аймгийн тусгай хамгаалтад авсан бол сумын ИТХ-ын 1998 оны 18 дугаар тогтоолоор Үүрийн голын сав дагуух нутгийг орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгосон байна. Даян дээрхийн Байгалийн дурсгалт газар байгуулахаар УИХ 2006 онд 26 дугаар тогтоол гарсан. Байгалийн дурсгалт газрын нутаг дэвсгэрт байгаль эхийн бүтээсэн өвөрмөц сонин тогтоцтой, манай орны хамгийн том агуйн нэг Даян дээрхийн агуй байдаг. Энэ орчны байгаль нь гол мөрөн, уул нуруу хосолсон үзэсгэлэнтэй газар нутаг юм. Агуйнаас урагш Үүрийн голын хөвөөнд Даян дээрхийн хүрээний туурь байдаг. Энэ буурин дээр Байгаль хамгаалах "Монголын тул” сан хүрээний чогчин дуганыг сэргээн байгуулж, 2006 онд нээлт хийсэн юм. Даян дээрхийн Байгалийн дурсгалт газарт агуйны орчны 31,3 мянган га газар нутгийг хамруулж, энэ нутгийн байгаль орчин, биологийн төрөл зүйл, ялангуяа Эг-Үүрийн голын тулыг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийх ажээ.

Алдартнууд[засварлах | edit source]

Уйлган гол

Цагаан-Үүр сум, ялангуяа Уйлган гол нь уг нутгаас төрөн гарсан монгол үндэсний бөхчүүдээрээ улс даяар алдартай бөгөөд уг сумаас гурван аварга (Дарийн Дамдин, Жамсрангийн Цэвээнравдан, Чойжилын Бээжин), нэг хурц арслан (Цэрэннадмидын Бадамсэрээжид), нэг гарьд (Дамдингийн Баяраа), харцага Далайцэрэнгийн Лхагва-Очир болон 10 гаруй начин цолтон төрөн гарчээ. Дархан аварга Дарийн Дамдин нь улсын баяр наадамд 5 түрүүлж 5 үзүүрлэсэн амжилтыг үзүүлсэн ба Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин цолуудыг хүртэж байжээ. Цагаан-Үүр сумын бөхчүүд улсын баяр наадамд нийт 7 түрүү, 9 үзүүр авч байсан ба 1959 оны баяр наадмын үзүүр түрүүнд нэг сумын бөхчүүд үлдэж Дамдин аварга 9 давж түрүүлэн Бадамсэрээжид арслан үзүүрлэж байсан нь Монгол бөхийн түүхэнд нэгэн онцгой түүх болон үлдэж байжээ.

Сумын удирдлага[засварлах | edit source]

  • ИТХ –ын дарга: Н. Мягмарсүрэн
  • Засаг дарга: Д. Далай

Зургийн цомог[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Ном зүй[засварлах | edit source]

М.Нямаа, Хөвсгөл аймгийн лавлах толь, Улаанбаатар 2001, х.195

Гадаад холбоосууд[засварлах | edit source]

 Commons: Tsagaan-Üür – Викимедиа зураг, бичлэг, дууны сан