Jump to content

Зэрлэг гахай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зэрлэг гахай
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан (Artiodactyla)
Дэд баг: Хивдэггүй
Овог: Гахай
Төрөл: Зэрлэг гахай
Зүйл: Зэрлэг гахай

Зэрлэг гахай (Латин: Sus scrofa), буюу Бодон нь — Хөхтөн амьтны аймгийн, туруутан овгийн амьтан юм. Гэрийн Тэжээвэр гахай ны үүсгэгч юм.

Бараан хүрэн бор сараал зүстэй. Урт, өтгөн ширүүн үстэй. Хоншоор урт, хүзүү богино,бахим, сүүл богино, Бодон ил гарсан хүчирхэг махир соёотой. Мөч богино. Бахим биеийн урт нь 125-180 см, сэрвээ 80-100р см орчим өндөр сүүлний урт 20-30 см, биеийн  жин нь 125-200 кг  хүрнэ. Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ. Их азарган гахайг хаван, хамгийн том бодонг ногтмол бодон, түүний дараа хангал бодон, хязаалан хадаргаа бодон, соёолон залуу бодон гэх мэтээр нэрлэнэ. Хоёр настай тооройг ховс, гурван настай тооройг шавшуурга гэнэ.

Тархац, байршил нутаг

[засварлах | кодоор засварлах]
Хүний хүчээр нутагшуулсан газрууд (Цөөн толгойтой Умард Америк, Карибын сав газар, Африк болон бусад газруудыг оруулаагүй болно)}}[1][2]

Монгол орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы салбар уулсын ойд тархсан.

Амьдралын онцлог

[засварлах | кодоор засварлах]

Ороо нь 11-р сараас 1-р сар хүртэл явагдаж, 5-6 дугаар сард 3-8 тоорой гаргана. Элдэв идэшт амьтан. Гол төлөв ургамлын ногоон хэсэг, үндэс, хушны самар, элдэв үр жимс, булцуу, нугаламгүй амьтан, жижиг нугаламгүй амьтнаар ч хооллоно чийгийн улаанаас өгсүүлээд элдэв төрлийн шавж, мэлхий, үхэр огдойг хүртэл идэж орхино. Гэхдээ л хамгийн дуртай хоол нь будааны хаягдал, сүрлийн лай, чихэр амттан гэнэ. Гахайн хэвтрийг логш гэх бөгөөд ихэвчлэн мөчир навчаар засна. Зэрлэг гахай сүргээрээ амьдардаг. Зэрлэг гахайн тоо толгой сүүлийн үед хулгайн анчдын балгаар эрс цөөрчээ.

х=Экосистемд үзүүлэх нөлөө=

[засварлах | кодоор засварлах]

Зэрлэг гахай бүхэл ургамлуудыг, эсвэл үр жимс, булцуу, гуурсыг нь идэхдээ ургамалжилт, тэдгээрийн олон янз байдалд нөлөөлдөг. Зэрлэг гахай ургамлын үндсийг идэхдээ хөрсийг сэндийчдэг тул хөрсний Ca, P, Mg, Mn, Zn, Cu, H, катионуудын солилцоонд нөлөөлж, хөрсний дээд давхарга дахь тэжээллэгийн эргэлтийг түргэтгэдэг байна. Үүний үрээр эвэрлэг мод (Fagus grandifolia) соёолох нь ихэсдэг байна (Lacki, Lancia 1986). Зэрлэг гахай газар сэндийчин үндэс идэх явцад унасан навч, өвс зэрэг зүйлс хөрсөнд холигдон ялзмагтах нь түргэсдэг байна (Jezierski, Myrcha, 1975). Герман улсад зэрлэг гахайг зулзаган шилмүүст мод тарьсан талбайд нутагшуулснаар өрсөлдөгч ургамлын хэмжээ багасаж, норвег гацуурын (Picea abies) нөхөн сэргэлт, ургалт эрчимжсэн байна (Kepka 1989, Brownlow, 1994).

Жимстэй ургамлын үр бүтнээрээ зэрлэг гахайн хоол боловсруулах системээр дамжиж гардаг тул зэрлэг гахай ургамлын үр тараадаг гэж үздэг. Тухайлбал, Гавийн Галт уулын байгалийн цогцолборт газарт эзэнгүй гахай үр тараах үүрэг гүйцэтгэж байгаа (Aplet et al. 1991), Газрын дундад тэнгисийн ургамлын үрүүд зэрлэг гахайн ялгадаст олноороо олдсон тул зэрлэг гахай тэдгээр ургамлын тархалтыг дэмждэг гэж үзэж болно (Massei et al., 1996). Мөн Австралийн Квинсланд муж улсад эзэнгүй гахай модлог ургамлын үрийг соёолох боломжтой хэвээр нь тарааж байгааг тогтоосон байдаг (Lynes and Campbell, 2000).

Зэрлэг гахай маш олон зүйлийн сээр нуруутан ба сээр нуруугүйтэн амьтдаар хооллодог гэдгийг олон судалгаагаар тогтоосон байна. Шавжны авгалдай, газрын өт, эмгэн хумс зэрэг сээр нуруугүй амьтад зэрлэг гахайн хүнсний чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Зэрлэг гахай ургамлын ялаа (sawflies), цагаан эрвээхэйн (moths) авгалдайг идсэнээр эдгээр амьтад таримал ургамал гэмтээх нь эрс багассан байна (Genov,1981.a).

Сээр нуруутан амьтад зэрлэг гахайн хүнсэнд гол байр эзлэхгүй, хааяа амьтны сэг, жижиг мэрэгчид, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас идэх тохиолдол байдаг. Австралид зэрлэгшсэн гахай жил бүр дөнгөж төллөсөн хурганы 32 хувийг агнадаг гэж тэмдэглэсэн байна (Choquenot et al. 1996).

Зэрлэг гахай амьтдын популяцид нөлөөлөх байдлын тоон судалгаа цөөн хийгдсэн нь байна. Австрид гацуурын тарьц бүхий талбайд зэрлэг гахай нутагшуулснаар, хөрөөт Cephaleia abietis ялааны тоо 35.2% буурчээ (Führer and Fischer 1991, Brownlow1994). Гавийн ширэнгэ ойгоос зэрлэгшсэн гахайнуудыг авснаас хойш 7 жилд Collembola spp. хорхой 3.5 дахин ихсэжээ (Vtorov, 1993). Мөн тэр талбайд зэрлэгшсэн гахайнууд байхгүй болсоноос хойш ойн бичил хачигийн (microarthropods) нягтшил хоёр дахин нэмэгдэж, биомасс нь 2.5 дахин ихэссэн байна. Мөн Их Утаат уулын байгалийн цогцолборт газар зэрлэг гахай нутагшуулсанаас хойш 20 гаруй жилд макро сээр нуруугүйтний олон янз байдал өөрчлөгдөөгүй боловч тооны хувьд 2.2x106/ha хэмжээтэй байснаас багасаж 0.5x106/ha болж буурчээ (Howe et al., 1981).

Томоохон махчин амьтад байгаа газар зэрлэг гахай гарцаагүй тэдгээрийн нэгэн чухал ан болдог. Жишээлбэл: умард Итали (Meriggi et al. 1996), Польшид чонын (Canis lupus) хүнсний чухал бүрэлдэхүүн хэсэг болдог (Okarma et al. 1995). Балба оронд зэрлэг гахай барын (Panthera tigris) хүнсэнд хоёр дахь чухал байр эзэлдэг (Stoen and Wegge 1996), Австралид динго (Canis familiaris) зэрлэг нохой гахай агнадаг байна (Woodall 1983).

Зэрлэг гахай хэрээн (corvid) төрлийн шувуудтай симбиоз харьцаанд оршдог. Жишээлбэл, хар хошуут шаазгай (Pica pica) зэрлэг гахайн хорхойг цэвэрлэдэг (Massei, Genov 1995b), мөн ердийн хэрээ (Corvus brachyrhynchos) зэрлэг гахайтай мөн адил симбиоз харьцаатай байдаг (Kilham 1982).

Зэрлэг гахай (Sus scrofa L.) хувьслын явцад бий болсон нутгийн амьтан бөгөөд экосистемд чухал үүргүүдийг гүйцэтгэдэг билээ. Зэрлэг гахай экосистемүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдэд (хөрс, ус, ургамал, мөөг, амьтны аймаг) нөлөөлөх байдлын судалгаануудыг авч үзвэл энэхүү зүйл нь экологийн хувьд нэн чухал ач холбогдолтой газрын экосистемийн шинж байдлыг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Зэрлэг гахайн экосистем дэх нөлөөллийг сөрөг талаас нь өгүүлсэн судалгаа олон байдаг боловч тэдгээр нь хүний эрх ашгийн үүднээс хандсан өрөөсгөл талтай байдаг. Үнэндээ зэрлэг гахай байгаль орчинд эерэг нөлөөлөл ихтэй, тухайлбал, амьтдын амьдрах орчныг бүрдүүлж биологийн олон янз байдлыг тогтвортой нэмэгдүүлэх, ургамлын үр, нам дор ургадаг мөөгийг тарааж түгээдэг, зарим хортон шавжийн тоо толгойг бууруулдаг, амьтны сэг зэмийг устгадаг, томоохон махчин амьтны хүнсний чухал үүсвэр болдог байна. Гэтэл зэрлэг гахайн эдгээр эерэг үүргийг судлаачид ерөнхийдөө анхаардаггүй. Тиймээс цаашдаа зэрлэг гахайн экологийн ач холбогдлыг системтэй, бодитой авч үзэн, нөлөөллийг нь илүү оновчтой, иж бүрэн судалж, тодорхойлох хэрэгтэй байна.

  1. Oliver, W. & Leus, K. (2008). Sus scrofa. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 5 April 2009-д авсан. Database entry includes a brief justification of why this species is of least concern.
  2. Kingdon, J. (1997). The Kingdon Guide to African Mammals. Academic Press Limited. ISBN 0-12-408355-2