Дарийн Дамдин
Төрсөн газар | Монгол улсын Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум |
---|---|
Амьдарсан нь | 1931–2002 он (71 насалсан) |
Алдар цол | |
Төрийн цол | Хөдөлмөрийн баатар (1999) Гавьяат жүжигчин |
Бөхийн цол | дархан аварга |
Дуурьсгаж явсан нутаг | Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум |
Цол ахисан он жил | |
Дархан аварга | 1960 — мөнхөрсөн |
Даян аварга | 1959 |
Улсын аварга | 1958 |
Улсын арслан | 1956 |
Улсын начин | 1952 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 5 (1956, 1957, 1958, 1959, 1960) |
Үзүүрлэсэн | 5 |
Шөвгөрсөн | 23 |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (1970) |
Үзүүрлэсэн | 2 (1965, 1971) |
Дарийн Дамдин нь (1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Уйлган голын хөндийд төрсөн-2002 онд нас барсан) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн Гавьяат Жүжигчин цолтой циркийн жүжигчин юм.
Өсвөр нас
[засварлах | кодоор засварлах]Дарийн Дамдин нь 1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Уйлган голын хөндийд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 6 настайд эцэг нь нас барсан тул эх Дариараа овоглох болсон байна. Багаас адуу малтай ноцолдох, түлээ мод бэлтгэх, хашаа хороо барих зэрэг хар бор ажилд сайн байсан болон Ханх баазад ачигч хийж байсан зэрэг нь бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлжээ. Гурван аваргын өлгий нутгийн хүү арван хэдхэн наснаасаа эхлэн сумын наадмын аманд гардаг болжээ. Гэхдээ хорин нас хүртлээ сумын наадамд гурваас илүү давж чадаагүй байв.
Анх 20 настайдаа сумын наадамд түрүүлж бөхийн гараагаа эхлэжээ.
Циркийн жүжигчин
[засварлах | кодоор засварлах]Тэрээр циркийн тайзнаа хүч тамирын гайхамшгийг үзүүлдэг жүжигчин байлаа. Циркийн хүч тамирын дасгал Дамдин аваргыг сайн барилдахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл байсан гэдэг.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Тэрээр удалгүй Улаанбаатарт цэргийн албанд татагдан ирсэн нь улсын томчуудтай гар зөрүүлэх сайхан боломж байлаа. Тэр оныхоо өвөл циркийн томоохон барилдаанд анх удаагаа барилдаж “Эсгий гуталтай гарч ирдэг ямар хачин бөх вэ” гэж үзэгчдэд хэлүүлж байсан ч уг барилдаанд үзүүрлэж улсын томчуудын хараанд өртөж эхэлсэг гэдэг. Хойтон зун нь буюу 1952 оны улсын наадамд шууд зургаа давж долоогийн даваанд Чимэд-Очир аваргад унаж улсын начин цол хүртжээ. Энэ үеэс эхлэн Дамдингийн сэнжигнээс барих бөх ховор болсон юм. 1953, 1954 онуудад тав, зургаа давав. 1955 оны наадмын өмнө Дамдин түрүүлнэ, эсвэл улсын заан болно гэж амтай бүхэн хэлж байлаа. Гэтэл хоёрын даваанд унажээ. Энэ нь аваргын хамгийн азгүй барилдаан байсан ба үүнээс хойш 29 жил барилдахдаа ийм дор даваанд унаагүй юм.
1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртжээ. 1957 онд түрүүлэхэд нь улсын аварга цол хүртээлгүй “Улам нэмэх” чимэг өгчээ. 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм.
Барилдааны арга барил, мэх
[засварлах | кодоор засварлах]Маш хурдан шуурхай барилддагаараа алдартай аварга байсан тул бөхийн тайлбарлагчид «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг. Улсын заан Ц.Гомбодорж «1960 онд Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа. Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихна» гэж дурсаж ярьж байжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Гэргий Насандэлгэрийн Цэрэндулам. Хүү нь улсын гарди Дамдины Баяраа.