Шагдарын Лувсанжамба
Шагдарын Лувсанжамба нь одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутгийн бөх. 1868 онд төрсөн. Түүний эцэг Шагдар нь 1852 оны уул тайлгын наадамд 5 даван шөвгөрч байсан шонхор цолтой бөх байжээ. Шагдар шонхор 3 хүүтэй. Том нь Жадамба, дундах нь Лувсанжамба, бага нь Намхай билээ. Жадамба бол морь сайн уядаг хүлэгч хүн байсан гэдэг. Намхай нь их даншигт 8 удаа, бага даншигт 2 удаа, уул тайлгад 8 удаа нийтдээ Монгол наадамд 18 удаа түрүүлж өндөр амжилт үзүүлсэн бөх юм.
Лувсанжамба нь анх 1893 оны уул тайлгын наадамд ирж барилдаад 6 давж шөвгөрөн харцага цол, мөн наадамд 1895 онд дахин ирж барилдаад 8-ийн даваанд өөрийн дүү Богдын шавийн бөх Намхай арслан (хожмын дархан аварга)-д буулгуулж үзүүрлэн заан цол, 1897 оны их даншигт 9 даван 3-т үлдэн шөвгөрч арслан цол хүртээд байлаа. Тэрээр 1899 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. 1900 оны их даншигт 11-ийн даваанд дүү Намхай аваргад унаж үзүүрлэн даян аварга болсон байна. Улмаар 1901 оны их даншигт түрүүлэн дархан аварга болжээ.
Лувсанжамба дархан аварга их даншигт 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн. Уул тайлгын наадамд 5 удаа түрүүлж, 4 удаа үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд 6 түрүүлж, 6 үзүүрлэсэн байна.
Лувсанжамба аварга өндөр том биетэй, хүрэн улаан царайтай, толгой, нүд хөмсөг том, бүдүүн дуутай, хуруу шуугаараа их үстэй хүн байжээ. “Би дүүгүй бол даншиг, уул тайлгат олон түрүүлэхгүй байв, Унахаар хүнийг дүү аваад хаячихаж байсан учраас хэд түрүүлсэн, гэхдээ шөвгөрөөд л байх байв. 10 хэд шөвгөрсөн” хэмээн хуучилдаг байжээ. Тэрээр 1912 оны их даншиг наадмаас хойш хүрээнд ирж барилдалгүй байсаар 1938 онд маршалын урилгаар ирж байжээ.