Jump to content

Долгорсүрэнгийн Сумъяабазар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Долгорсүрэнгийн Сумъяабазар
Монгол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020 оны 10 сарын 23-
ӨмнөхЖанцангийн Батбаясгалан (үүрэг гүйцэтгэгч)
Монгол Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд
2017 оны 10 сарын 19-2020 оны 7 сарын 8
ӨмнөхЦэдэвийн Дашдорж
ДараахГэлэнгийн Ёндон
 Монгол
2012-2020 оны 10 сарын 23
Овог нэрДолгорсүрэнгийн Сумъябазар
Төрсөн1974 оны 1 сарын 7 (1974-01-07) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Монгол, Өвөрхангай аймаг
УлсМонгол Монгол (БНМАУМУ)
Нам эвсэлМонгол Ардын Нам
СургуульШУТИС-ийн КТМС (2005, Бизнесийн удирдлагын бакалавр)
Долгорсүрэнгийн Сумъяабазар
Алдар цол
Бөхийн цолулсын аварга
Дуурьсгаж
явсан газар
Өвөрхангай аймгийн
Хужирт сум (байнга),
Улаанбаатар хот (2006 онд)
Цол ахисан он жил
Улсын аварга2006 — мөнхөрсөн
Улсын арслан2006 — нэг минут
Улсын гарьд2003 — гурван жил
Улсын заан1996 — долоон жил
Улсын начин1994 — хоёр жил
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2006)
Үзүүрлэсэн4 (1998, 1999, 2003, 2005)
Шөвгөрсөн14 (1994—2008 оны хооронд)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн2 (2002, 2003)
Үзүүрлэсэн4 (2001, 2005, 2006, 2007)
Бусад бөх барилдааны амжилт
Улс орон Монгол
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Долгорсүрэнгийн Сумъяабазар (1974 оны 1 сарын 7-нд төрсөн) нь Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа, Засгийн газрын гишүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар нэг удаа ажиллаж байсан, одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилладаг, Нийслэлийн МАН-ын дарга, үндэсний бөхийн Монгол улсын аварга, чөлөөт бөхөөр олимпын наадамд оролцож байсан улс төрч, бизнесмэн, тамирчин хүн юм. Тэрбээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2020 оны орон нутгийн сонгуульд нийслэл хотод үнэмлэхүй олонхын санал авч, ялалт байгуулсан Нийслэлийн МАН-ын багийг удирдахаар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын албыг хаших болсон байна.

Намтар

1974 оны 1 сарын 7-нд Д.Долгорсүрэн, Х.Пүрэвбадам нарын гэр бүлд хоёр дахь хүүхэд нь болон төрсөн.

1991 онд Нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуулийг төгссөн.  

1996 онд Ардын хувьсгалын 75 жилийн ой, Улсын баяр наадмын бөхийн барилдаанд Ц.Цэрэнпунцаг заанаар долоо давж улсын заан цол хүртэв.

1998 онд Монгол Улсын Ардын зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Чуваамэдийн охин, Монголын сайхан бүсгүй титмийн эзэн Ч.Мичидмаатай гэр бүл болов. Өдгөө эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг.

2003 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн ерөнхий захирал болсон.

2005 онд ШУТИС-ийн Компьютер, техникийн менежментийн сургуулийг Бизнесийн бакалавраар төгслөө.

2006 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдов.

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Улсын баяр наадмаар 1024 бөх барилдсанаас арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртэв.

2008 онд улс төрд орох шийдвэр гаргаж, НИТХ-ын сонгуульд нэр дэвшин, төлөөлөгчөөр сонгогдов.

2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов.

2013 онд УИХ-ын 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулан УИХ-ын гишүүний тангараг өргөв.

2014 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гишүүдийн үнэмлэхүй олонхын саналаар сонгогдож, тус дүүргийн МАН-ын хорооны дарга болов.

2016 онд УИХ-ын 73 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо.

2017 онд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүдийн олонхын саналаар дэмжигдэж, ажлаа эхлүүллээ.

2018 онд Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо.

2020 онд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулан гуравдахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов

2020 оны аравдугаар сард болсон Орон нутгийн сонгуульд түүний удирдсан Нийслэлийн МАН НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулснаар тэрбээр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэллээ.

Спортын амжилт

Монгол Улсын заан Донровын Долгорсүрэнгийн гэр бүлд төрж өссөн түүний хүүхэд насны дурсамж спортын амжилтын түүхээр бичигддэг бөгөөд үндэсний бөхийн Монгол Улсын аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын мөнгө, Азийн Аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Зүүн Азийн наадмын алтан медальтай, ийн олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин юм. Тэрбээр 1997 оны улсын наадамд төрсөн ах дүү нар болох том ах Д.Сугаррагчаа, улсын начин Д.Сэржбүдээ, мэргэжлийн сумо бөхийн аварга /ёкозүна/ Д.Дагвадорж болон аав, улсын заан Д.Долгорсүрэнгийн хамт зодоглосон нь өдгөө ч Монголын үндэсний бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гайхалтай тэмдэглэлт үйл явдлын нэг болон дурсагддаг билээ. Мөн тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан бөгөөд энэ төрлөөр Атланта, Сиднейн олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан түүхтэй.

Чөлөөт бөх

Тэрбээр 1987-1988 онд хуучны Октябрийн район, одоогийн Баянгол дүүргийн хүүхдийн “Соёл” спортын төвд хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багш нь Ардын багш, чөлөөт бөхийн дасгалжуулагч Ч.Дамдиншарав, Н.Ганбаатар нар юм. Н.Ганбаатар багшийнхаа тухай тэрбээр “Ч.Дамдиншарав багш маань Өвөр Монголд ажиллах болоод, намайг Н.Ганбаатар багшид хүлээлгэж өгсөн. Тэр жилийн есдүгээр сард залуучуудын шигшээ багт орсноор миний бөх болох үндсэн суурь тавигдсан. Би анх баруун өрөөтэй байсан. Н.Ганбаатар багш намайг зүүн өрөөтэй барилдуулж сургасан. Багш ингэж л миний барилдааныг 100 хувь өөрчилсөн” хэмээн дурссан байдаг.

1996-2000 онд Чөлөөт бөхийн улсын Аварга, “Монгол говь” олон улсын тэмцээний аварга, алтан медаль

1996 оны Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн мөнгөн медаль

1997 онд Зүүн өмнөд Азийн орнуудын чөлөөт бөхийн аварга

1996, 2000 оны олимпын тоглолт

1998 оны Дэлхийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн шилдэг 10 бөхийн нэгээр шалгарлаа.

1998 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байранд шалгарав.

1998 оны Чөлөөт бөхийн аварга шалгаруулах Азийн тоглолтын мөнгөн медаль, Турк, Иран, Герман, Болгар, Грек улсуудад зохиогдсон олон улсын тэмцээнүүдийн мөнгө хүрэл медалиудыг хүртсэн.

Үндэсний бөх

Чөлөөт бөхийн багш нарынхаа “Та нар үндэсний бөхөөр барилдах гэж яарч болохгүй” гэсэн захиасын дагуу 1994 оныг хүртэл тэрбээр үндэсний бөхөөр барилдаж байгаагүй гэдэг. Энэ тухайгаа тэрбээр хожим “Хаа нэгтээ нууцаар үндэсний бөхөөр барилдаж байгаад багш нартаа баригдаж загнуулдаг байсан. Гэхдээ 1994 оныг хүртэл чөлөөт бөхөөрөө тууштай хичээллэж, долоон жил шар дэвжээн дээр өдөр шөнөгүй нухлуулсан хүний хувьд хэр баргийн бөхийн хийх гэж байгаа мэхийг мэдэрдэг болчихсон байсан” гэж дурссан бөгөөд 12 жилийн дараа үндэсний бөхөөр Улсын аварга цолыг хүртсэн байна.

Үндэсний бөхийн амжилт

Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2008 Улс 512 Улсын Аварга 6 Үнэн Итгэлт
2007 Улс 512 Улсын Аварга 6 Үлэмж Дэлгэрэх
2006 Улс 1024 Улсын Гарьд 10 Улсын Аварга
2005 Улс 512 Улсын Гарьд 8 Бууршгүй Хүчит
2004 Улс 512 Улсын Гарьд 7 Өлзий Бадрах
2003 Улс 512 Улсын Заан 8 Улсын Гарьд
2002 Улс 512 Улсын Заан 6 Цогт Гарамгай
2001 Улс 1024 Улсын Заан 6 Үнэн Зоригт
2000 Улс 512 Улсын Заан 6 Уран Барилдаант
1999 Улс 512 Улсын Заан 8 Хурдан Шаламгай, Хуйрнан Шуугигч
1998 Улс 512 Улсын Заан 8 Үлэмж Бадрах, Саруул Сайжрах
1997 Улс 512 Улсын Начин 4
1996 Улс 512 Улсын Начин 7 Улсын Заан
1995 Улс 512 Улсын Начин 5 Өсөх Идэр
1994 Улс 768 Залуу Бөх 5 Улсын Начин


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Гавьяа шагнал

  • Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан цол
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • Ардын Хувьсгалын 90 жилийн ойн хүндэт медаль
  • “ФИЛА”-ийн дээд шагнал “Алтан одон”
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Улс төрд

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Тэрбээр 2006 онд үндэсний бөхийн улсын аварга болсноор спортын карьераа өндөрлүүлж, 2008 оноос албан ёсоор улс төрд карьераа эхлүүлсэн байдаг. Улмаар 2008 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас өрсөлдөж ялалт байгуулснаар  хотын парламентад Сонгинохайрхан дүүргийг төлөөлөх эрхтэй болсон юм. Түүнчлэн түүний улс төрийн намтарт бусад улстөрчдөөс ялгарах нэг онцлог нь анх удаа МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийг хариуцсан нарийн бичиг гэдэг статус бий болгож, Д.Сумьяабазарыг томилсон явдал юм. Ийнхүү 2013 онд хүлээсэн түүний энэ үүрэг Нийслэлийн МАН-ыг удирдах эхлэл болсон аж.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх тухайн үеийн МАХН-ын 45 дугаар үүрийн гишүүнээр 2008 оны 8 дугаар сарын 26-нд элсэж, улмаар тус үүрийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдов.

2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

2012-2018 онд Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга

2013-2017 онд МАН-ын Нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга

2013-2017 болон 2019 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2018 оны  есдүгээр сарын 22-нд  Нийслэлийн МАН-ын хорооны нийт гишүүдийн 50.4 хувийн саналын дэмжлэг авч Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон

УИХ-ын гишүүн

УИХ-ын 2012 оны сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, 53.3 хувийн санал авч ялалт байгуулан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын гишүүний тангаргаа өргөв.

УИХ-ын 2016 оны сонгуулийн 73 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж 52.5 хувийн санал авч УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдлоо.

УИХ-ын 2020 оны сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулж, гурав дахиа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллуулах шийдвэр гарсантай холбогдуулан 2020 оны 10 сарын 23-нд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн байна.

Санаачлан батлуулсан хуулийн төслүүд

2013 он
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
2014 он
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
2015 он
  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийн төсөл
  • Ард нийтийн санал асуулга зохион байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл
2016 он
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
2017 он
  • Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
2018 он
  • Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
2019 он
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль
  • Ашигт малтмалын тухай хууль
  • Газрын тосны тухай
  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

УИХ-ын чуулганы 2017 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар нийт гишүүдийн 89.6 хувийн саналаар Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон. Уг албыг хаших хугацаандаа тэрбээр “Монгол хүн баялгийнхаа эзэн байх” зорилтыг дэвшүүлж, уул уурхайн чиглэлийн дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, төрийн мэдэлд шилжүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас ард түмэнд эзэмшүүлэхээр сүүлийн арав гаруй жилийн турш ярьж хэлэлцсэн 1072 хувьцааг эзэнжүүлж, ногдол ашгийг олгох шийдвэрийг баталгаажуулсан.

Тавантолгойн IPO-г олон улсын зах зээлд хангах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, үүний эхлэл болгон 1072 хувьцааны ногдол ашиг болох 96 мянга 480 төгрөгийг иргэдэд олгохоор шийдвэрлэв.

“Хариулцлагатай уул уурхайн төлөө” зорилтын хүрээнд уул уурхайн 420 лицензийг цуцалж, 650 га талбайд нөхөн сэргээлт хийлгэв.

Удаа дараагийн хэлэлцээрийн дүнд өргөн хэрэглээний авто бензин, дизель шатахууны үнийг литр тутамд нь  300-400 төгрөгөөр бууруулав.

Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт орох орлогыг огцом нэмэгдүүлсэн бөгөөд 2017 онд 1.9 их наяд, 2018 онд 2.4 их наяд, 2019 онд 2.92 их наяд төгрөгийг тус бүр төвлөрүүлсэн байна.

Салхитын мөнгөний ордын орлогыг барьцаалан үнэт цаас гаргаснаар 229.4 мянган ахмадын зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэв.

“Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг эхлүүлж, анхны сайжруулсан  түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас удирдаж ажилласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулав.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах газрын тосны боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтэц болох төмөр зам, автоа зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2019 оны аравдугаар сард дуусгалаа.

Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах, нүүрс-хими, нүүрс-эрчим хүч, метан хийн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах асуудлыг судлах судалгааны нэгж байгуулан ажиллуулах, Тавантолгойн ордыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тухай санал дүгнэлтийг боловсруулж,  УУХҮЯ-ны зүгээс бодлогын хэмжээнд дэмжин ажиллав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудлыг эрчимтэй судлах ажлын хэсэг байгуулж, төсөл боловсруулав.


Нийслэлийн Засаг дарга

Тэрбээр нийслэл Улаанбаатар хотын 34 дэх Засаг дарга юм. Нийслэлийн МАН-ын даргын хувьд түүний удирдаж орон нутгийн сонгуульд орсон баг нийтдээ НИТХ-ын 45 суудлын 34 суудалд нь ялалт байгуулсан юм. Энэ удаагийн нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд УИХ-аас шинэчлэн баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэдгээрээ ихээхэн давуу талтай бөгөөд уг хуулийн хүрээнд хотын эрх зүйн байдлыг сайжруулахуйц 30 орчим дагалдах хуулийн шинэчлэл боловсруулагдах ёстой. Иймд тэрбээр “Хөрөнгө оруулалт, хөгжил рүү зүтгэсэн Засаг дарга байна” хэмээн хэвлэлээр өөрийн тодорхой зарласан бөгөөд цаашид Улаанбаатарын ирээдүйн хөгжлийг дараах таван гол концепцид тулгуурлан хөгжих ёстой гэж үзэж байгаа аж. Үүнд:

  • Хүүхэд залуучуудын хот
  • Ногоон хот
  • Аюулгүй хот
  • Түгжрэлгүй хот
  • Бүтээлч хот

Цахим холбоос