Арь гэгээн Дамдинчогдон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Арь гэгээн Дамдинчогдон / Чанрав /

/ 1872 – 1931 /

Арь гэгээн Дамдинчогдон 15 – р жарны хөх нохой жилийн намрын дунд сарын 15 /1872.09.10/ - нд Цогтой вангийн хошууны Ойгон нуурын өмнөд бие “Бугын толгой ”- д Хотгойдын хөх тайжийнхан овгийн ард Бадраагийн 3 – р хүү болон мэдэлжээ. Б.Чанрав нь эцэг, эхээсээ 13 – уулаа өнөр өтгөн айлд өсөж хүмүүжсэн бөгөөд 5 наснаасаа эхлэн урьд төрлийн үүх, түүх, эрдмийн ид шидийг үзүүлж эхэлсэнд Хатавчийн хүрээний хамба лам, чойрын гүн ухаанд нэвтэрхий мэргэшсэн Жамсранжавын анхаарлыг татаж хүүг 7 нас хүрмэгц өөрийн хүрээнд шавилан суулгаж улмаар Монголын төр шашны тэргүүн 8 – р богд Живзундамбад уламжилснаар Манжийн хаанд гэгээний нэрийг өргөхөд 1882 онд Арь гэгээний 5 дахь дүрд өргөмжлөн Дамдинчогдон хэмээх сахилын нэр хайрлан, мөн оны намрын дунд сарын 15 – нд Яруугийн хүрээнд /Одоогийн Алдархаан сумын нутагт байсан / гэгээний сэнтийд залжээ. 1890 онд Арь гэгээнд 8 – р богд Живзундамбаас Номч мэргэн цол хайрлаж , түүнийг манжийн хааны зарлигаар 500 тариачин , Түмэд, Сүрэн гүн, Мянгад богд хошууг харьяалуулж Сүрэн гүний хошуунд Ховхорын хүрээнд 18 настайд нь залан суулгасан байна.

Арь гэгээн Дамдинчогдон нь баруун Монголын ард түмэнд хүндлэгдэн шүтэгдсэн гэгээн байсан төдийгүй Монголын төр, шашин, цэргийн нэрт зүтгэлтнүүд болох Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Жалханз хутагт, Дилов хутагт Жамсранжав нартай ойр дотно нөхөрлөж 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг дэмжин хөрөнгө хүч хайрлахгүй тусалж явсан монгол улсынхаа төлөө гэсэн цохилох зүрхтэй халуун эх оронч хүн байжээ. Арь гэгээн Дамдинчогдон 1930 онд Ховд хотноо хилс хэрэгт баривчлагдан хоригдож байгаад 1931 оны өвлийн адаг сард жанч халжээ. Арь гэгээн Дамдинчогдонгийн дурсгалын гэрэлт хөшөө Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын өмнө бие хоёр Овоотын завсар, суварга нь Улиастай хотын Жавхлант толгойд буй болно