Баруунтуруун сум

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Баруунтуруун сум
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠲᠤᠷᠦᠭᠤᠨ ᠰᠤᠮᠤ
сум
Baruunturuun sum
baraɣunturuɣun sumu
барагунтуругун суму
Улс, орон Монгол Улс Монгол (МУ)
Дээд нутаг Mn coa uvs aimag 1999.svg Увс аймаг
Нутгийн хуваарь
(4 багтай)
1. Туруун
2. Шанд
3. Баян-Айраг
4. Зүүнтуруун
Сумын төв Баруунтуруун [1]
ᠪᠠᠷᠠᠭᠤᠨᠲᠤᠷᠦᠭᠤᠨ
Газар нутаг 3.3 мянган км² [2]
Хүн ам (2012) 2,474 хүн [2]
Шуудан-дугаар 85020
Хаяа залгаа
газар, нутаг
Эрзин
Зүүнговь
Баянтэс
Хяргас
Тэс
Зүүнхангай
Цагаанхайрхан
Өндөрхангай
Газар дай-
дын урт
Улаангом (193 км)
Улаанбаатар (1224 км) [2]

Баруунтуруун нь Увс аймгийн сум юм. МАХН-ын Төв Хороо, сайд нарын зөвлөлийн 1943 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 30/36 тоот тогтоолоор тус аж ахуйг үр тариа, мал аж ахуй эрхлэх чиглэлээр Баруунтурууны сангийн аж ахуй нэртэйгээр байгуулж, 1959 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Баруунтуруун сум болгон өөрчлөн байгуулсан. Тус сум нь Туруун, Шанд, Баян-Айраг, Зүүнтуруун гэсэн 4 багтай. Газар нутгийн хэмжээгээр Увс аймгийн 19 сумаас 11-т ордог. 2009 онд Засгийн газрын шийдвэрээр баруун 5 аймгийн тариалангийн тулгуур төв болгосон. Эргэлтийн 43 мянган га талбайтай бөгөөд усалгаатай 2000 га талбайд тариалалт хийдэг.

Түүх[засварлах | edit source]

Ардын засгийн үед /1923-1930 он/ Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу, мөн Чандмань уулын аймгийн Баянмандал уулын хошуунд тус сумын нутаг багтаж байсан. Баруунтуруун сум нь 1933 оны үед Туруунгол нэртэй байсан.[3]

Монгол улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 1 дүгээр сарын 27-ны 22 дугаар тоот тушаалаар "Зэвсэгт хүчний 109 дүгээр ангийн Ан-24 маяг"-ийн онгоцыг тус суманд нислэг үйлдэх зөвшөөрлийг олгож байсан түүхтэй[4]. 2005 он хүртэл МИАТ компани Баруунтуруун хүртэл шууд нислэг үйлддэг байсан ч онгоц хүрэлцээгүйн улмаас цуцлагджээ. Баруунтурууны нисэх онгоцны буудал нь одоогоор ашиглагдахгүй байгаа ч Увс аймгийн хоёрдогч буюу нөөц нисэх онгоцны буудал болно.

Мөн Хилийн цэргийн 0311-р анги оршино.

Газар зүй[засварлах | edit source]

Тус сум нь хойд өргөргийн 49039I зүүн уртрагийн 94024I солбицолд далайн түвшнээс дээш 1232 метр өндөрт байрладаг. Газар хөдлөлийн дундаж мужид багтдаг бөгөөд 4 баллын хүчтэй бүсэд хамрагдана. Тус сумын нутаг нь Тост Агиртаг, Уянга, Соёо, Нисэх зэрэг уул 148.2 мян.га талбай бүхий Алтан элсний дархан цаазат газар, Харцагаан усны байгалийн цогцолборт газар, Дөрөө нуур, Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг, Нарийны гол зэрэг үзэсгэлэнт газартай хангай, говь, хээр тал хосолсон бөгөөд, говь, нуур, гол горхи, булаг шанд бүхий байгаль газар зүйн төрөл бүрийн онцлогт тохирсон олон зүйлийн ургамал, амьтан элбэгтэй.

Баруунтуруун сум нь Увс аймгийн зүүн урд хэсэгт оршдог, 329.2 мянган га газар нутагтай. Хойд талаараа ОХУ-тай 74 км хиллэдгээс гадна Завхан аймгийн Тэс, Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнговь, Хяргас сумдтай хиллэдэг. Сумын газар нутгийн хэмжээ нь аймгийн нийт газар нутгийн 4.7 хувьтай тэнцэнэ. Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төвөөс 188 км зайд байрладаг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур –34.4°C хамгийн хүйтэн нь – 42.8°C. 7 дугаар сарын дундаж температур +17.5°C, хамгийн дулаан + 33.9°C, жилийн дундаж салхины хурд 10-12 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 260-320 мм. Гол мөрний шар усны үер 4, 5 дугаар сард эхэлж 6 дугаар сард дуусна.

Хүмүүс[засварлах | edit source]

Баруунтуруун сумаас нийт 7 хөдөлмөрийн баатар төрсөн. Монгол улсын үндэсний бөхийн аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, 2004 оны Афины олимпын жүдо бөхийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, 2016 оны Риогийн олимпын жүдо бөхийн мөнгөн медальт, 2017 оны дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Д.Сумъяа зэрэг алдартнууд тус сумаас төрөн гарсан түүхтэй.

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. 2.0 2.1 2.2 Увс аймгийн Статистикийн хэлтэс. «2012 оны жилийн эмхтгэл».
  3. Монгол улсын аймаг, хошуу, сумын товчоон. УБ: 2014 он, 132 хуудас
  4. ҮТА.Хөмрөг-594