Jump to content

Өлгий сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өлгий сум
ᠥᠯᠦᠭᠡᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Увс
Хүн ам
 (2022)
  Нийт 2,492
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

Увс аймгийн Өлгий сум нь 1959 онд байгуулагдсан.Баруун талаараа Өмнөговь сум, зүүн талаараа Наранбулаг сум, өмнө талаараа Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумдтай хиллэдэг.Улаанбаатар хотоос 1500 км зайтай юм.

Байгалийн үзэсгэлэнт газрууд

[засварлах | кодоор засварлах]

Өгөөмөрийн хөх үзүүрийн бичигт хаднууд

[засварлах | кодоор засварлах]

Өгөөмөрийн хөх үзүүр хэмээх бичигт уул хад нь эрт дээр үед Өгөөмөр гэдэг нэрийг авснаар өвөг дээдсийг бурхан болоход нь нутаглуулж байдаг газар юм. Дээр үед хятадын хар цэргүүд нутаг буцаж яваад гэдэсний хижиг өвчин тусаж хиарч байхад, нэг шинжээчийг энэ өвчнийг эдгээх мөнхийн ус рашааныг шинжиж ир гэхэд уг шинжээч нь Өгөөмөрийн хар уулан дээр гарч харахад баруун хойд зүгт өндөр уулын өвөрт гал шатаж харагдсан гэдэг. Тэр галыг чиглэн очиход уулын орой дээр гэр шиг хадан агуйд рашаан ус байсныг авчирч цэргүүдэд өгөхөд уг өвчин эдгэрсэн. Энэ тухайгаа Хятад цэргүүд магтаж бичсэн хадны бичиг юм.

Баянбулагийн амны Сэнж цохио цахир хад

[засварлах | кодоор засварлах]

Энэ хад нь байгалийн нэгэн өвөрмөц тогтоцтой уул хад юм. Байгалийн нар салхинд идэгдэж сэнж хэлбэртэй болжээ. Сэнж цахир нь эргэн тойрондоо Гозгор цахир, Зэл цахир, Үүдэн цахир, Авдар цахир зэрэг цахир уулсаар хүрээлэгдэн оршино.

Рашаантын рашаан

[засварлах | кодоор засварлах]

Энэ рашаан нь дээрх хятад цэргүүдийн домогтой холбоотой. Далайн түвшнээс дээш 1994 м өндөр Чүрчгэр уулын оройн хадны нүхэн агуйд Тогоо хэлбэрт хаданд тогтсон байдаг. Энэ рашааныг авч уухад хад хясааг туулан маш хэцүү бэрх замаар явж очдог. Энэхүү замыг туулж очиход хүний хамаг муу энерги арилж, рашаан дээр очиход ямар ч муу энергигүй болж хүрдэг гэж нутгийн хөгшид ярьдаг. Рашаантын рашаан нь Өлгий сумын төвөөс 15 км-т оршино. Энэхүү рашаан нь элэг, цөс, ходоод, зүрх болон эмэгтэй хүний савны өвчинд ууж хэрэглэхэд сайн гэж Оросын судалгааны экспедиц тодорхойлон, хадан дээр цэнхэр будгаар бичсэн байдаг. Энэ рашааныг шинжилсэн орос эмэгтэй рашааны тогоонд сууж бузарласнаас болж нас барсан гэгддэг бөгөөд үүнээс болж уг рашаан 30-аад жил ширгэсэн байж байгаад эргэн гарч, өдгөө ойр орчмын иргэд эмчилгээ сувилгаандаа хэрэглэж байна.

Рашаан дээрх хадны хятад бичгүүд

Хятад бичгийг монголчилвоос:

"Орчин тойронд эрүүл мэндийг өршөөтүгэй
Надад заяа буян эрүүл мэндийг хайрлагтун
Орой дээр чинь гарч рашаанаас чинь ууя
Оргилын чинь өндөр утай-шангаас өөр үгүй
Энэ газраас хоёр удаа дайнд явахдаа ийм сайхан газрыг үзэж сэтгэл минь баясаад үүнийг бичвэй. Ба–хан–аа”
“Тэнгэрээс өршөөсөн рашаан үүнээс уухуйяа унд эдэлсэнтэй адил миний эрүүл мэнд улам улмаар нэмэгдэж байна. Даяанчийн энэ ууланд Аминдаваа бурхан рашааны дүрээр судсаар үлджээ. Цэцэг навч өмс ургамлын чинь үзэсгэлэн Диваажинтай адил сонин. Гайхамшигт галуу шувууд төрөлх ёсоо дагаж огторгуйд үелэн нисдгийн адил, энэ газрын жигүүртэн шувууд хүртэл журмыг дагаж нисэх нь сонин. Дайнд явах замын далимд ирж бурханы рашаан үүнээс хүртэж сонирхвой. Өлзий хутгийн насан сүүдэр нэмэх Тэнгэр тэтгэсэн хааны 19-р он”
”Эзний зарлигаар гурван зэрэг нэмсэн гавьяагаа нэгэн удаа тэмдэглүүлсэн 8-р зэргийн бичээч Галдан-Ба Ханаа би бээр цэрэг дайны ажлаар хоёр дахь явалтаараа үүнийг өвсний шүүдэр унахаас хоёр хоногийн өмнө бичвэй. Би бичгийн эрдмээр мөхөс тул уншигч олон өршөөн соёрхмуй”
”Шинэ жилийн баярыг үйлдэхүйн дор Гэгээн гэрэлт замд орлоо. Шаньси нутгийн муу шавь мөргөлийн ёсоор энд ирлээ. Намайг дагуулан ирсэн ... Бийр бэхээр би энэ учрыг түмэн жилийн дурсгал болгож бичвэй. Чинь улсын Төр гэрэл хааны ... он (Оны тоо үсэг балархай болжээ) Ван-ка Ший–Дун" 

Өлгий сумын Баруун улааны ууланд Тэмээн хоншоор гэдэг асар том чулуун тогтоц байдаг. Энэ нь Хүрэмтийн хөндийн эхэн, Бургастайн эхэн рүү давах давааны хойд талд оцойж суусан орой буур шиг, үлгэр домогт гардаг, усаа ууж эврээ хүлээсэн тэмээ шиг харагдана.

Сондуултын голын дээд рашаан

[засварлах | кодоор засварлах]

Сумын төвөөс 14 км зайд, Баруун улааны ууланд Ятгар уулын баруун өвөр Даяанчийн агуйн урд өвөрт цохио хадан дундаас гарч, хүний бие эрхтний дүрс бүхий олон хэлбэрийн хаднаас урсан гардаг өвөрмөц тогтоцтой олон төрлийн рашаан бий. Үүнд хүний хөмсөгтөй хоёр нүд шиг хэлбэртэй хаданд тогтсон рашааныг нүдэнд түрхэж, угааж, уудаг. Нүдний өвчинд хэрэглэдэг. Хүний ходоод хэлбэртэй хаданд тогтсон рашаан нь зуны улиралд дотор нь живэртэй шоргоолж маягийн өт хорхойтой бөгөөд элэг цөс ходоодонд сайн гэдэг. Эхийн умай шиг хадны нүхнээс ундарч гардаг рашааныг эмэгтэй хүний сав, дотор эрхтний өвчинд маш сайн гэж хэрэглэдэг. Мөн хүний бөөр хэлбэртэй хоёр бөөрөг хадан доороос гардаг рашааныг бөөр, царцагийн өвчинд хэрэглэдэг.

Өлгий сумын Баруун улаанд, Ятгар уулын баруун ээмд Яргайтай тагийн эхэнд байдаг. Энэ агуйн өндөр нь 8 м, өргөн нь 4 м, урт нь 10 м. Агуй дотор дээр үед даяанч лам нар ном бясалгаж, зул хүж барьж байсан гэдэг. Үнэхээрийн зул барьж байсан гэмээр хадны нүх ч бий. Мөн дээр үеэс хойш нутгийн иргэд цаг хүндэрсэн жил цөөн тооны малаа өвөлжүүлж онд мэнд оруулж ирсэн энэ агуйд 100 гаруй тооны бог чөлөөтөй багтах том агуй юм. Одоо агуй дотор малын хэвтэр өтөг бууцтай болсон байна.

Сумын төвөөс 16 км зайд байдаг. Монголчууд Манж Чинь улсын дарлалд байх үед энэ газар хятад худалдаачид пүүс барьж арилжаа наймаагаа явуулдаг байжээ. Гэтэл монголчууд бослого гаргаж, Манжийн сайд амбан, худалдаачид сандралдаж, нэг том тогоо дүүрэхүйц хэмжээний мөнгөн гулдмайтай байсныгаа авч явж чадахгүйд хүрээд, маш том, хөөтэй хар тогоонд хийж, дахин нэг тогоогоор хөмрөн том хадан доор булсан гэдэг. Ингэж булахдаа баруун зүгээс мухар хар бух унасан хүн ирж авна гэж шившлэг уншаад хийсэн аж. Тэр цагаас хойш тэр уулыг Мөнгөтийн уул хэмээн нэрийдэх болжээ. Тэр хадан дороос мөнгийг авах гэж олон хүн оролдож ухаж түнхсэн боловч мөнгөнд дөхөөд ирэхээр мөнгө дарсан хад доош суун дардаг ажээ.