Jump to content

Өндөрхангай сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өндөрхангай сум
ᠥᠨᠳᠦᠷᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвЖаргалан
Газар нутаг
  Нийт4,700 км2 (1,800 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,233
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85030

Өндөрхангай нь Увс аймгийн сум юм. Хан Хөхийн нурууг дамжсан 422.4 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатараас 1080 км, Улаангомоос 268 км зайтай. 2022 оны байдлаар хүн ам 3,233; үүнээс эрэгтэй 1,625; эмэгтэй 1,608 оршин суугчтай. Нийт 5 багтай ба мөн адил 2022 оны байдлаар 1-р баг буюу Цалуу нь 620 хүн амтай, 2-р баг буюу Батсайхан нь 479 хүн амтай, 3-р баг буюу Цагааннуур нь 617 хүн амтай, 4-р баг буюу Жаргалант нь 734 хүн амтай, 5-р баг буюу Цэцэрлэг нь 783 хүн амтай байна.

XYII зууны эхээс Халхын баруун гарын Дайчин хатанбаатарын Элжигэн отог гэж явжээ. Өндөрхангай сум нь ХХ зууны эхээр, Халхын Засагт хан аймгийн Ачит вангийн хошууны нутгийн төв хэсэг болж байв. Ачит вангийн хошуунд өнөөгийн Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд, Зүүнхангай сумын ихэнх газар хамарч байв. 1924 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж байгаад 1931 онд Ханхөхий сум тасарч даргаар нь Пунцагнамжил (улсын начин Цэдэнбалжирын аав) сонгогдон, сум дотроо арав хүртэл дугаартай хорингуудад хуваагдаж байснаа 1932 онд Өндөрхангай сум гэж нэрлэгдэх болж, хорингууд татан буугдаж 11 багтай болжээ. 1934 онд мал эмнэлэг, 1937 онд хүн эмнэлэг, 1938 онд гар үйлдвэрийн артель байгуулагдаж, 1939-1940 онд хүн, малын бага эмчийн салбар, 1940 онд бага сургууль өмнөх сургуулийн суурин дээр байгуулагдаж барилга байшинтай болж, орон тоо төсөв нэмэн өргөжжээ.

1939 онд улаанбулан, 1947 онд сүү тосны завод, 1949-1952 онд “Улаан энгэр”, “Бадрал”, 1958 онд “Ханхөхий” нэгдлүүд байгуулагдаж, 1959 он гэхэд цөм нэгдэж “Шинэ зам” нэгдэл болжээ. 1955 онд малын их эмчийн салбар, 1957 онд хүний их эмчийн салбар, 1960 онд 7 жилийн дунд сургууль, ХАА-н цаг уурыг ажиглах цэг, 1963 онд цэцэрлэг, 1963 онд ҮЗХ-ийн станц, банкны тооцооны касс, 1964 онд радио узель, 1965 онд ясли, онгоцны буудал, 1967 онд 8 жилийн дунд сургуультай болжээ. 1958-1966 он хүртэл 30 ортой эмнэлэг, 320 хүүхдийн хичээлийн байр, сумын клуб, артелийн үйлдвэрлэлийн байр, бригадын улаан булангууд, нэгдлийн 4 айлын сууц, халуун ус, гуанз зочид буудал, контор, номын сан, орон нутгийг судлах кабинет, авто гараж, барааны агуулах зэрэг барилгууд нэмж баригджээ.

2000 он гарсаар олон өрх айл Орхон, Дархан, Төв, Сэлэнгэ аймагт малтайгаа шилжсэн зэргээс шалтгаалж хүн амын тоо нилээд багассан байна.

Өндөрхангай сумаас соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч С.Лувсандондов, төрийн сайд Л.Гончигдамба гүн, төрийн сайд П.Дамдин, генерал Ч.Түмэндэмбэрэл, генерал Г.Рагчаа хөдөлмөрийн баатар Л.Гангиа, Х.Дэлэг, Ө.Санхувраг, З.Шархүү, Монгол Улсын гавьяат хуульч Даниагийн Алтангэрэл, ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Ж.Лхамхүү, төрийн соёрхолт Л.Шаравдорж, улсын заан М.Яринпил, Ж.Ганболд, начин П.Цэдэнбалжир, В.Малиа, Д.Даваасамбуу, С.Дангаасүрэн зэрэг бөхчүүд, академич М.Даш, эрдэмтэн Б.Ганболд, Б.Бат-Очир, Ж.Бат-Очир, Ц.Гүндсамбуу, Д.Дамдин, Д.Лханаг, М.Отгон, Р.Рагчаа, М.Тайван, М.Баатархүү, Т.Мэндсайхан, Б.Нямгэрэл, Д.Мянганбаяр, У.Мягмарсүрэн, Т.Батболд, Т.Буянхүү, яруу найрагч Г.Санжжав, Зураач яруу найрагч Б.Пүрэвсүрэн, Гэгээн Муза наадмын гранпри шагналт зохиолч, яруу найрагч Б.Цогнэмэх, МУ-ын алдарт уяач Д.Цэнд-Аюуш, Сүхээ, Ж.Дамдин зэрэг хүмүүс төрөн гаржээ.

Сумын эдийн засагт мал аж ахуй голлоно. 1990-ээд оны ардчиллын жилүүдэд мал хөрөнгө хувьчлагдсанаар малын тоо өсч 1990 онд 102,000 толгой мал тоологдсон бол 1999 онд 130,333 толгойд хүрч 30 шахам мянган толгойгоор өссөн боловч 2000 онд 93178 мал тоолуулжээ. 2013 оны байдлаар 131,991 мал тоолуулснаас ямаа 57593, үхэр 6790, адуу 6572, тэмээ 329, хонь 60707 байна.