Jump to content

Хан Хөхийн нуруу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хан Хөхийн нуруу
Ноён оргил Алтан Дуулга уул (2928 м)
Газар орон Увс аймаг (Монгол Улс)
Хан Хөхийн нуруу (Монгол Улс)
Хан Хөхийн нуруу (Монгол Улс)
Хан Хөхийн нуруу
Хан Хөхийн нуруу
Солбицол 49° 38′ У, 93° 24′ ЗКоординат: 49° 38′ У, 93° 24′ З

Хан Хөхийн нуруу нь Монгол Улсын Увс аймгийн нутагт орших уулсын систем юм. Ноён оргил Алтан Дуулга нь далай түвшнээс дээш 2928 м өндөртэй.

Хан Хөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг, экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар юм. Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Хан Хөхийн нуруу нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт оршдог. Хан Хөхийн нуруу нь Их нууруудын хотгор луу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Алмас эрдэнээс эхлээд олон төрлийн эрдэнэс бий. Эрт дээр үеэс ургамал амьтнаар баялаг гэдгээрээ алдаршжээ.

YI-YIII зууны үед түрэг үндэстнүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Хан Хөхийн нурууг тахин шүтэж байсан тухай баримт байдаг. Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Хан Хөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ. Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Нарванчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ.

Хан Хөхийн нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтад авчээ.

2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тахилгатай уул болсон[1]. Уг зарлигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж, үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн, хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий уулын тэнгэр та таалан болгоогтун. Арвандолоодугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.

  1. "ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛ". www.touristinfocenter.mn. Archived from the original on 2013-11-13. Татаж авсан: 2013-12-07.