Jump to content

Хяргас нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хяргас нуур
Хяргас нуурын зүүн өмнөд эрэг
Хяргас нуур, Монгол
Хяргас нуур
Хяргас нуур
Landsat-8 хиймэл дагуулаас авсан зураг. Доод хэсэгт харагдах нуур нь Айраг нуур.
БайршилХяргас, Увс аймаг
Солбицол49°08′N 93°25′E / 49.133°N 93.417°E / 49.133; 93.417Солбицол: 49°08′N 93°25′E / 49.133°N 93.417°E / 49.133; 93.417
ТөрөлХаагдмал
ЦутгалЗавхан гол Айраг нуураас
Гарах урсгалбайхгүй
Ай савд багтдаг улсМонгол
Урт75 км (47 бээр)
Өргөн31 км (19 бээр)
Талбай1,407 км2 (543 миль2)
Дундаж гүн47 м (154 фут)
Хамгийн гүн цэг80 м (260 фут)
Усны хэмжээ66.034 км3 (53,535,000 acre⋅ft)
Хадгалагдах хугацаа54.2 жил
Хөвөөний түвшин1,028.5 м (3,374 фут)
Аралнэг нэргүй
Сууринбайхгүй

Хяргас нуур нь Монгол Улсын Увс аймагийн Хяргас сумын нутагт орших, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.[1][2] Улаанбаатар хотоос баруун зүгт 1272 км зайнд оршдог нуур.

Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар нэмэгддэг ажээ.[3]

Нуурын урт: 83 км, өргөн: 31 км, эзлэх талбай: 1,481.1 км², дундаж гүн: 50.7 м, хамгийн гүн цэг: 80 м, усны хэмжээ: 75.2 км³.

Өвөрмөц тогтоцтой Хяргас нууранд хар галуу, цахлай зэрэг шувуу чуулдаг байна.

1881-1901 онд Оросын судлаач Григорий Потанин тус нууран дахь усны химийн найрлагыг анх шинжлэх ухааны аргаар судалж байжээ. Тухайн үед ерөнхий эрдэсжилт нь 2.55г/л байсаас NaCl 1.02г/л, Na2SO4 0.99г/л эзэлж байхыг тогтоожээ. 1926 онд эрдэмтэн В.А.Смирновийн судалгаагаар ерөнхий эрдэсжилт нь 7.46г/л байсан ба Na2SO4 3.38г/л, NaCl 1.98г/л агуулгатай байгааг тогтоосон. Үүнээс үндэслэн тэрээр Хяргас нуур болон Монгол орны бусад нуурууд маш түргэн хугацаанд ширгэж байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ. 1941 онд Н.Д.Беспалов, 1952 онд Ш.Цэгмид, 1955-1967 онд Ш.Лувсандорж нар гидрохимийн шинжилгээ хийж, дээрх дүгнэлт буруу болохыг нотолсон. Эдгээр эрдэмтдийн шинжилгээгээр бол усны ерөнхий эрдэсжилт 7.27-8.37г/л байсны ихэнхийг нь сульфат, хлорт натри эзэлж байв.[3]

Хяргас нуураас 2005 оны 7 сард, 2006 оны 7 сард хоёр цэгээс дээж авч, химийн ерөнхий шинжилгээ хийснээс анионуудаас гидрокарбонатын ион (2373.9мг/дм³) зонхилж, сульфат ион 1318.1мг/дм³, хлорид 1203.2мг/дм³-ын хооронд тус тус хэлбэлзэж байна. Катионуудын найрлагад натрийн ион (1668.1мг/дм³) зонхилж байгаа бөгөөд кальцийн ион 295.52мг/дм³, магнийн ион 32.83мг/дм³ байна.[3]

Усны тэнцвэр[4]
(нэгж: мм/жил)
Гадарга дахь оролт Гадарга дахь гаралт Гүний усны
оролт-
гаралт
Хур тунадас Оролт Ууршилт Гаралт
55.9 652.4 937.1 0 +228.8

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Аскар Акаев Монгол Улсад 2002 оны зун албан ёсоор айлчлах үер түүний хүсэлтээр Хяргас нуурын хөвөөнд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун дагалдан онгоцоор хамт очиж үзүүлсэн. Киргизүүд энэ нуурын орчмоос гаралтай гэж тэд үздэгийг ярьж өөрийн тусгайлан авчирсан Иссык-Куль нуурын усыг Хяргас нуурт зутгаж буцаад Хяргас нуурын уснаас авч Иссык-Куль нууранд хийнэ гэж авч явжээ.

  1. "Mongolia", by Jane Blunden, from Bradt Travel Guides series, 2nd edition, 2008, ISBN 1-84162-178-1, p. 372
  2. "Mongolia", by Michael Kohn, 2008, ISBN 1-74104-578-9, p. 242
  3. 3.0 3.1 3.2 "ХЯРГАС НУУР". altai-eco.mn. 2011-10-11. Эх хувилбараас архивласан: 2011-11-18. Татаж авсан: 2012-05-15.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Surface

Топографийн зургууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Хяргас нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан