Jump to content

Дэмчигжавын Моломжамц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэмчигжавын Моломжамц (1951 онд Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан уул багийн нутаг Баянбулаг хэмээх газар төрсөн) БНМАУ-ын Сангийн сайд, Монгол Улсын Засгийн газрын ХЭГ -ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Академич, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Dr.Sc).

1970 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль, 1975 онд ОХУ-ын Эрхүү хотын Санхүүгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр онц дунтэй төгссөн. 1987 онд эдийн засгийн ухааны дэд докторын, 1999 онд Монгол улсын  төсвийн   гүйцэтгэлд санхүүгийн хяналтын үүрэг сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Мөн 2002 онд Оросын холбооны улсын дээд боловсролын шинжлэх ухааны олон улсын академийн жинхэнэ гишүүн–академич цол хүртсэн. 1975-1979 онд Сангийн яамны Валютын газарт эдийн засагч, 1979-1982 онд тус газрын дарга, 1982-1984 онд Сангийн яамны Тесвийн газрын дарга, 1984-1990 онд Монгол Улсын Сангийн сайд, 1990-1992 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, 1992-1996 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр тус тус ажилласан. 1997 оноос одоо хүртэл Москва дахь Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкны орлогч дарга бөгөөд тус банкны удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

2010-2014 онд Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилласан.

Д.Моломжамц Монгол Улсын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтийг бүтээж, хэвлүүлэх ажлыг зохион байгуулсан, үндэсний шинэ мөнгөн тэмдэгт дээр гарын үсгээ зурсан Монголбанкны анхны ерөнхийлөгч, олон улсын санхүүгийн байгууллагуудтай Монгол улс хамтран ажиллах эх суурийг тавихад биечлэн оролцож, тэдгээрээс зээл, тусламж авах, үр ашигтай ашиглах арга замыг тогтооход чухал хувь нэмэр оруулсан, дотооддоо төдийгүй олон улсын санхүүгийн зах зээл дээр нэр нь танигдсан, манай томоохон эдийн засагч, Монгол улсын төр, нийгмийн томоохон зүтгэлтэн юм.

Тэрээр МАХН-ын Төв Хорооны гишүүн, Намын бага хурлын гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдож байсан ба 1984-1990 онд Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож байжээ.

Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2010 онд Монгол Улсын Гавъяат эдийн засагч цол тэмдгээр тус тус шагнагдсан байна.