Баабар
Баабар | |
|---|---|
Б.Батбаяр. 2008 он. | |
| Албан тушаал хашсан 1998 оны 4 сарын 30 – 1998 оны 12 сар | |
| Ерөнхий сайд | Цахиагийн Элбэгдорж |
| Өмнөх | Пунцагийн Цагаан |
| Дараах | Янсанжавын Очирсүх |
| Албан тушаал хашсан 1996–2000 | |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Бат-Эрдэнийн Батбаяр 1954 оны 10 сарын 26 (72 настай) |
| Иргэншил | |
| Нам эвсэл | Монголын Социал Демократ Нам (1990–2000) |
| Хань ижил | Лувсандоржийн Амарсанаа |
| Хүүхэд | 2 охин |
| Төгссөн сургууль | Монгол Улсын Их Сургууль Ягеллоны Их Сургууль |
| Ажил үйл | Нийтлэлч, түүх судлаач |
| Мэргэжил | Биохимич |
| Цахим хуудас | www |
Баабар хэмээн алдаршсан Бат-Эрдэнийн Батбаяр (1954 оны 10-р сарын 26-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн) нь XX зууны манлай Монголын нийтлэлч, зохиолч, улс төрч юм. Тэрээр 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцож, түүнээс хойш нийгэм-улс төр, түүх, эдийн засгийн чиглэлээр ном, нийтлэл, өгүүлэл бичин олонд хүргэх болсон.[1]
Шилдэг нийтлэлч, зохиогчийн зэрэгцээ тэрээр 1990 оноос 2000-д он хүртэл улс төрийн томоохон зүтгэлтэн байсан бөгөөд Монголын Социал Демократ Намыг үүсгэн байгуулалцаж, тус намын даргын албыг хашиж явсан. 1996 оноос 2000 он хүртэл Улсын Их Хурлын гишүүн, 1998 онд Сангийн сайд, 2004 оноос 2005 он хүртэл Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байгаад 2006 оноос Нэпко ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.[1]
Бага нас, боловсрол
[засварлах | кодоор засварлах]Аав Бат-Эрдэнэ нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх[2] ба ээж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн.[3] Аав нь Их сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн техникумд хичээлийн эрхлэгчээр томилогдож, жилийн дараа Архангайд Ерөнхий зоо-гоор томилогдсон байна. Б.Батбаяр нь 1954 оны 10-р сарын 26-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн.[1][4] Доороо нэг эрэгтэй (1957) , эмэгтэй дүүтэй (1962).[3]
Түүнийг ой хүрч байхад гэр бүл нь Улаанбаатар хот руу нүүж, гурван настай байхад нь аав нь Москвад сурахаар явсан. Монголд ирснийх нь дараа, Аав нь Хөвсгөл аймгийн даргаар томилогдон, гэр бүлээрээ нүүсэн.[3] Б.Батбаяр Мөрөн хотын найман жилийн сургуульд нэгдүгээр ангид орсон. Гуравдугаар ангид ороход эргээд хотод нүүж, комбинатын 18 дугаар сургуульд сурч төгссөн. Дээд сургууль төгсөөд Хэнтий аймагт жил хэртэй дунд сургуульд багшилсан.[3]
- 1972 онд Улаанбаатар хотод дунд сургууль төгссөн.
- 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцсан.
- 1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягеллоны Их Сургуульд суралцаж байгаад 1981 онд Монгол Улсын Их Сургуульд шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн.
- 1987-1989 онд Зөвлөлт Холбоот Улсын Москвагийн Улсын Их Сургууль,
- 1990 oнд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус суралцсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Б.Батбаяр 1981-1991 онд Микробиологийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвд эрдэм шинжилгээний ажилтан.
- 1989-1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөний удирдагч нарын нэг.
- 1990-1994 онд Монголын Социал-Демократ Намын дарга,
- 1994-1996 онд чөлөөт нийтлэлч,
- 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 1998-1999 онд Сангийн сайд,
- 2004, 2016 онд хоёр хоёр сарын турш Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.[3]
Б.Батбаяр 1980-аад оны үед "Баабар" гэсэн нууц нэрээр Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, хэд хэдэн ном орчуулсныг тухайн үеийн залуучууд гар бичмэлээр тарааж, нууцаар уншиж байлаа. Тэдгээрээс "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэлд Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийг шүүмжилжээ.[5]
1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулахад оролцсон. 1990 оны 2-р сард Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" илтгэл тавьж, коммунист засаглалыг шүүмжилжээ.[5] Удалгүй 1990 оны 3-р сарын 2-нд АСХ нь Монголын социал-демократ намыг байгуулж, 1990 оны 3-р сарын 31-нд болсон намын анхдугаар их хурлаар Баабарыг намын даргаар сонгосон байна.[6] Уг албыг 1994 он хүртэл хашсан ба 1990-ээд оноос эхлэн нийтлэл бичиж монголчууд дунд их нэр алдартай болсон байна.
Тэрээр 1996-2004 онд "ХХ зууны Монгол: нүүдэл, суудал" ном бичжээ. Уг бүтээл нь Англи, Польш, Орос зэрэг хэл рүү орчуулагдсан байдаг.[7] 2006 оноос "Непко" Хэвлэлийн газрын захирлын албыг хашиж байна.[7]
Баабар англи, польш, орос хэлтэй.[4]
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1985 онд Б.Батбаяр судалгааны байгууллагад хамт ажиллаж байсан Лувсандоржийн Амарсанаатай (1962 онд төрсөн) гэрлэжээ. Л.Амарсанаа нь Украины Харьков хотод оптик физик, Москва дахь Зөвлөлтийн Шинжлэх ухааны академи болон Лондон дахь Эзэн хааны коллежид генетикийн инженерчлэлийн чиглэлээр суралцсан байна. Тэрээр 2000 оноос хойш номын салбарт ажиллаж, толь бичиг зохиогчийн хувиар "Оксфордын Англи-Монгол толь бичиг", "Коллинзын Монгол-Англи толь бичиг" болон "Англи-Монгол толь бичиг" зэрэг бүтээл хэвлүүлж байсан. Мөн эдийн засаг, анагаах ухаан, шинжлэх ухааны чиглэлийн арав орчим бүтээлийг англи хэлнээс монгол хэлнээ орчуулсан байдаг.[3]
Тэдний охин Мядагмаа (эдийн засагч) 1986 оны 6-р сард, охин Удвал (UX дизайнер) 1992 оны 8-р сард тус тус мэндэлжээ. Б.Батбаяр, Л.Амарсанаа нар нь одоогоор дөрвөн ачтай.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]Баабарын "Бүү март. Мартвал сөнөнө", "Айл гэр болж тоглох нь", "Алтан гурвалжин", "Монголчууд: Нүүдэл суудал", "Дори идэр дүүдээ зөвлөх нь" зэрэг бүтээлүүд уншигчдын таалалд нийцэн удаа дараа хэвлэгдэж байлаа. Мөн "ХХ зууны Монгол: Олз ба Гарз" ном нь англи хэлнээ орчуулагдаж, дэлхий дахинд монголын түүхийг цогцоор нь өгүүлсэн цөөн бүтээлүүдийн нэг болжээ. Зохиогч 2003 оноос эхлэн "Өдрийн сонин"-д "Баабар ингэж өгүүлэв" буланг хөтлөн явуулж, шилдэг нийтлэлүүдээрээ "Баабар ингэж өгүүлэв" 3 боть ном хэвлүүлсэн.[1]
- Монголчууд: Нүүдэл суудал
- Зугаатай танин мэдэхүй (Б.Цэнддоогийн хамт)
- Баабар ингэж өгүүлэв
- Баабар мөн ингэж өгүүлэв
- Баабар бас ингэж өгүүлэв
- Дори идэр дүүдээ
Шагнал
[засварлах | кодоор засварлах]
Монгол: Монгол Улсын Төрийн шагнал (2009) - "Монголчууд: Нүүдэл суудал" бүтээлээрээ[8]
Япон:
"Мандах нар" одон ("Сарнай цэцэг бүхий Алтан туяа" зэрэглэл) (2022 оны 3 сарын 18)[9]
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- 1 2 3 4 "Батбаяр (Баабар) Бат-Эрдэнийн: Ном, Намтар, Цахим ном, Аудио ном | Интерном". internom.mn. Татаж авсан: 2026-10-12.
- ↑ Баабар (2026-09-13). "ААВ МИНЬ". baabar.mn. Татаж авсан: 2026-10-12.
- 1 2 3 4 5 6 "Баабар: Би шинэ үеийнхэнд найддаг". ikon.mn. 2019-01-31. Татаж авсан: 2026-10-12.
- 1 2 "Би Монголоороо гоёдог: Нийтлэлч: Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар". Би Монголоороо гоёдог. 2011-10-01. Татаж авсан: 2026-10-12.
- 1 2 "Ардчилсан социалист хөдөлгөөн ба Монголын социал демократ нам". www.assa.mn. 2014-12-07. Татаж авсан: 2026-08-24.
- ↑ "МЭНДЧИЛГЭЭ". ikon.mn. 2020-04-01. Татаж авсан: 2026-08-24.
- 1 2 "Сарлаг судлаачаас соён гэгээрүүлэгч болсон Баабарын фото түүх". www.24tsag.mn. 2013-11-21. Татаж авсан: 2026-10-12.
- ↑ "Шилдэг бүтээлүүд Төрийн шагнал хүртэв". news.mn. 2009-11-24. Татаж авсан: 11 сарын 24.
{{cite news}}: Check date values in:|accessdate=(help); Unknown parameter|accessyear=ignored (|access-date=suggested) (help)[permanent dead link] - ↑ П. Сайнжаргал (2022-03-18). "Японы Засгийн газраас нийтлэлч Б.Батбаярыг "Мандах нар" одонгоор шагналаа". ikon.mn. Татаж авсан: 2026-10-12.