Пунцагийн Цагаан
Пунцагийн Цагаан | |
---|---|
Монголын Сангийн сайд | |
Албан тушаал хашсан 1996 оны 7 сарын 29 – 1998 оны 4 сарын 22 | |
Ерөнхий Сайд | Мэндсайханы Энхсайхан |
Өмнөх | Эрдэнийн Бямбажав |
Дараах | Бат-Эрдэнийн Батбаяр |
Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд | |
Албан тушаал хашсан 2004 оны 9 сарын 28 – 2006 оны 1 сарын 28 | |
Ерөнхий Сайд | Цахиагийн Элбэгдорж |
Өмнөх | Алтангэрэлийн Цанжид |
Дараах | Өлзийсайханы Энхтүвшин |
Монголын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга | |
Албан тушаал хашсан 2012 оны 7 сарын 9 – 2016 оны 8 сарын 29 | |
Ерөнхийлөгч | Цахиагийн Элбэгдорж |
Өмнөх | Дашжамцын Баттулга |
Дараах | Цэвэлмаагийн Баярсайхан |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1959 оны 4 сарын 4 |
Эхнэр, Нөхөр | Даяндоржийн Эрдэнэцэцэг |
Хүүхэд | 2 |
Алма матер |
|
Мэргэжил | Эдийн засагч, олон улсын эрх зүйч |
Пунцагийн Цагаан нь Монгол Улсын Сангийн сайд, Боловсролын сайд асан бөгөөд Монголын нийгмийн зүтгэлтэн, бизнесмен юм.
Боловсрол, хүүхэд нас
[засварлах | кодоор засварлах]П.Цагаан 1959 оны 4 дүгээр сарын 4-нд Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Булган, Сөнхөл голын бэлчир Ихэм хэмээх газар Пунцагийн 3 дахь хүү болж төрсөн. Алтайн Урианхай.[1] Түүний аавыг Луузангийн Пунцаг, ээжийг Бүүвэйн Ядам гэдэг.
1966-1976 онд Ерөнхий боловсролын сургуульд сурсан. Төрсөн нутагтаа анх бага сургуульд орж, тавдугаар анги төгсөх үед гэр нь Улаанбаатар хот руу нүүж, улмаар Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг төгссөн. 10 дугаар ангиа "5 онцын эзэн" тэмдэгтэй дүүргэж, сурлагаараа сургуульдаа хоёрдугаарт жагсаж байв.
Тэрээр 1976-1979 онд Хууль цаазны дунд сургууль, 1979-1985 онд Москвагийн ОУХДС-д суралцаж төгссөн, олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Хууль цаазын дунд сургуульд суралцаж байхдаа эхнэр Д.Эрдэнэцэцэгтэйгээ танилцсан гэдэг.
П.Цагаан 1992 онд Маастрихтийн Засаглалын сургуульд монголоос анх удаа, мөн Гаагын олон улсын хуулийн академид тус тус мэргэжил дээшлүүлсэн. 1994 онд АНУ-ын Жорж Вашингтоны Их сургуульд зочин судлаачаар уригдан ажиллахдаа үндсэн хуулийн эрхзүй, үндэсний аюулгүй байдал, банк, санхүү, хүний эрхийн чиглэлээр судалгаа хийсэн гэдэг. Мөн Вартоны бизнесийн сургуульд суралтад хамрагдаж байх үе буюу 2000-2004 оны хооронд Конгрессын номын санд гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар судалгаа хийж байв.
Ажлын түүх
[засварлах | кодоор засварлах]1985-1990 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд ажиллаж байгаад улс төр уруу орж, 1990-1992 онд Монгол Улсын УБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бираагийн Чимэд агсны туслах, 1992 онд Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газарт Хөдөлмөрийн дэд сайд (1992.01-1992.10), 1992.11-1995.03 хооронд Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын шадар туслах, 1995-1996 онд монголын анхны хувийн арилжааны банкуудын нэг Голомт банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Сангийн сайд, 2004-2006 онд БСШУ-ны сайд, 2006 оноос УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байв. 2008 оноос агаарын бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих зорилгоор шинэ техник технологи нэвтрүүлэх цэвэр эрчим хүчний Степпе Солар ХХК-ийг үүсгэн байгуулж "эко байшин" "байшингаа дулаалцгаая" аян өрнүүлж, энэ чиглэлээр хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. 2009 оны 6 сарын 19-нөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, 2010-2013 онд Оюутолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаа өгч, улс төрөөс бүрмөсөн гарсан.
2016 оноос бизнес, олон нийтийн байгууллагад ажиллаж байна. Түүний сүүлийн үед амжилттай удирдаж, хэрэгжүүлсэн төслүүдээс дурьдвал, гидрометаллургийн орчин үеийн өндөр технологийн үйлдвэр болох Ачит-Ихт, Байт харвааны стандартын "Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360" талбай, Монголд анх удаагаа олон улсын олимпын хорооны стандартын дагуу баригдаж буй "Мөсөн өргөө" төсөл зэргийг дурьдаж болно.
П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа олон улсын хил дамнасан хууль бус наймааны золиос болж, Нью-Иоркийн Хэритэйж аукшны дуудлага худалдаагаар 1 сая ам доллараар зарагдсан "Т-Батаар"-ыг эх нутагт нь буцаах ажиллагааг амжилттай удирдаж, эх орондоо эргүүлэн авчирсан юм.
Мөн 2016 оны 7 дугаар сарын 16-нд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтыг хүлээн авахад гол үүрэгтэй ажилласан билээ. Тэрээр зочдын хурлын байр, зочид буудлын асуудлыг хариуцсан ажлын хэсгийг удирдаж байв.
2010 онд Монголын эдийн засгийн форум, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг үүсгэн байгуулалцаж, өнөөг хүртэл удирдлагын багт нь ажиллаж байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний эхнэрийг Д.Эрдэнэцэцэг гэдэг ба эхнэр нь Ачит Ихт компанийн Ерөнхий захирал ажилтай, Монголын боловсруулах үйлдвэрлэлийн салбарын шилдэг бизнес эмэгтэйчүүдийн нэг юм.
Бизнес
[засварлах | кодоор засварлах]2016 оны 8 дугаар сард улс төрөөс гарснаасаа хойш бизнес, олон нийтийн салбарт ажиллаж байгаагийн нэг нь Степпкупер ХХК-ийн Гүйцэтгэх захирлын алба юм. Түүний компани нь гадаад худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төслийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирдоггүй, балансын бус хаягдал овоолгыг түшиглэн жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн өндөр технологийн Ачит Ихт үйлдвэрийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч юм. Үйлдвэрлэлийн гол технологи нь уусгах, хандлах, цахилгаан химийн дамжлагаас бүрддэг. 2020 оны байдлаар үндэсний шилдэг татвар төлөгч топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр 4 дэхь удаагаа шалгарсан, улсад нийтдээ 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн аж ахуйн нэгж байна. Ачит Ихт ХХК нь 2019 оны 1-р сарын 23-нд Лондоны метал биржд бүртгэгдсэн[2] нь Монголоос тус биржид бүртгүүлсэн анхны компани болсон юм. [3]
Степпе Арена компанийн үүсгэн байгуулагч, Мөсөн өргөө төслийн санаачлагч юм. Мөсөн өргөө төсөл хэрэгжиснээр Монгол улс анх удаагаа олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн, улирал үл харгалзах өвлийн спортын өргөөтэй болж байгаа юм[4]. Ингэснээр Монголчууд улирал үл харгалзан өвлийн спортын зарим төрөл, тухайлбал хоккей, уран гулгалт, шорт трэйкийн спортоор хичээллэх, олон улсын тэмцээн уралдаанд хүчтэй өрсөлдөх боломж бүрдэж байна. Мөсөн өргөөний барилгын ажил нь дууссан боловч ковид-19 цар тахлын улмаас нээлт хийх хугацаагаа товлоход хүндрэлтэй байгаа тухай мэдэгджээ. [5]
Талын метал нунтаг төсөл нь Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрлэл нэвтрүүлэх ач холбогдолтой төсөл юм. Төсөл нь одоогоор хэрэгжилтийн явцтай байгаа ба Монгол Улсад металлыг нунтаглах анхны үйлдвэр болно. Ингэснээр ажлын байр, металл түүхий эдийн үнэ цэн, экспортын орлого, валютын орох урсгал нэмэгдэх зэргээр улс орны хөгжилд олон талын эерэг нөлөө үзүүлнэ. [6]
Степпе Солар[7]
[засварлах | кодоор засварлах]Степпесолар компани нь “Агаарын бохирдлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийг нэвтрүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 11 сард байгуулагдсан. 2009 оны 1 сард Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн компани болон өргөжсөн. 2009 оноос сэргээгдэх эрчим хүчинд суурилсан халаалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, суурилуулдаг дэлхийд алдартай Германы Viessmann Групптэй хамтран ажиллаж, улмаар Viessmann группийн Монгол дахь Албан ёсны төлөөлөгч болсон.
Дельта сан
[засварлах | кодоор засварлах]2002-2004 оны 9 дүгээр сар хүртэл бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг Дельта сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Премиер Интернэшнэл
[засварлах | кодоор засварлах]1998-2002 оны хооронд гадаад худалдааны Премиер Интернэшнэл ХХК-ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан.
1995 оны 3-р сарын 6-нд байгуулагдсан Монголын анхны хувийн банкуудын нэг Голомт банкыг үүсгэн байгуулалцаж, анхны Гүйцэтгэх захирлаар нь жил гаруй хугацаанд буюу 1996 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. "Эх орныхоо хөгжлийн түүчээ, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө Сайн сайхныг санхүүжүүлнэ уриаг өмнөө тавин, үйл хэрэг бүхнээ зориулж ирсэн Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-нд үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан Монголын ууган арилжааны банкуудын нэг юм. Анх 400 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаж байсан Голомт банкны нийт актив 2015 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ний дөрөвний нэг, банкны системийн 20 орчим хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна.
Голомт банк нь төр засгаас үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэгч төдийгүй Монгол улсад хийгдсэн томоохон бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэхэд гар бие оролцож ирсэн бүтээгч хамт олон юм." [8]
Эрдмийн зэрэг цол, хэвлүүлсэн нийтлэл, ном зохиол
[засварлах | кодоор засварлах]Доктор зэрэгтэй. Түүний бүтээлүүдийн заримаас дурьдвал, 1997 онд бичиж, хэвлүүлж байсан "Дэлхийн хөгжлийн чиг хандлага ба Монгол орны давхар даваа" нэртэй ном байдаг. Дараа нь 1999 онд "Монгол Улс 2050 онд" нэртэй нийтлэл, 2013 онд Хуульзүйн латин-англи-орос-монгол толь бичиг, 2015 онд "Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино" цуврал нийтлэл, 2016 онд "Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг", "Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам", 2017 онд "Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын даргаа сонгосон шигээ тодруулъя", "Япон, Монгол даргын ялгаа", 2018 онд "Даргын эрх ямбыг хязгаарла, иргэний эрхийг нэм", "About the problems of enhancing the competitiveness of the Mongolian economy", "О проблемах повышения конкурентоспособности экономики Монголий", 2019 онд "Чимэд дарга бид хоёр" дурсамж өгүүлэл, 2020 онд "Corporate raiding and Mongolia" зэрэг нийтлэл бичиж, хэвлүүлсэн.
Нийтлэл
- "Дэлхийн хөгжлийн чиг хандлага ба Монгол орны давхар даваа", 1997
- "Монгол Улс 2050 онд", 1999
- "Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино-1", 2015
- Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино-2 буюу Төрийн хоймрын тухай эргэцүүлэл 2015
- Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино-3 буюу Сонгуулийн тухай эргэцүүлэл, 2015
- "Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг", 2016
- "Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам", 2016
- "Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын даргаа сонгосон шигээ тодруулъя", 2017
- "Япон, Монгол даргын ялгаа", 2017
- "Даргын эрх ямбыг хязгаарла, иргэний эрхийг нэм", 2018
- "About the problems of enhancing the competitiveness of the Mongolian economy", 2018
- "О проблемах повышения конкурентоспособности экономики Монголий", 2018
- "Чимэд дарга бид хоёр" дурсамж өгүүлэл, 2019
- "Corporate raiding and Mongolia", 2020
Дэмжиж хэвлүүлсэн бүтээлүүд
Өөрийн бичиж хэвлүүлсэн бүтээлээс гадна Талын хэвлэх хэвлэлийн компани, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Чулуун Шастир ТББ-аараа дамжуулан эдийн засаг, хууль эрхзүй, түүх, нийгмийн сэдэвтэй олон бүтээлийг хэвлэгдэж нийтийн хүртээл болоход дэмжлэг үзүүлжээ. Тухайлбал, 2010 оноос хэвлэгдэж эхэлсэн Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тайлан, Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайлан, Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны тайлан, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварын тухай "Бид хаана явна вэ?", "Халх-ойрадын цаазын бичиг", "Монгол бичиг номын өв", "Монголын сая өдөр", "Монголын эзэнт гүрний түүхийн 5 боть", "Монголын эх түүхийн 7 боть", "Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө", "Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945 он", "Монгол Алтайн Чулуун Шастир", "Дархад дууны цоморлиг", "Хөвсгөлийн Урианхайн аман билиг", "Хотгойд дууны цоморлиг", "Хөвсгөлийн Буриад дууны цоморлиг", "Дархадын цагаан адуу", "Шаштирт Шишгэд, шогч Дархад", "Алтайн Урианхайн аман билгийн жишээ", Рашид Ад дины "Шаштирын чуулган буюу Монголчуудын түүх оршвой", "Мөнххайрханы аялгууны Мөнхийн хэлхээс", "Хөх аргалын илч" зэрэг ном зохиолыг ивээн тэтгэж, дэмжин хэвлүүлсэн[9] байдаг.
Спорт
Цагааны аав нь сур сурвадаг байсан учраас бага наснаасаа сурын харвааг сонирхдог болжээ. П.Цагаан 2014 оны 6 дугаар сараас Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байна. Байт харвааны холбоо нь өдгөө 6 салбар, 19 спорт бэлтгэлийн клубтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба Токио 2020 зуны олимпын наадамд байт харвааны ганцаарчилсан болон холимог багийн төрлөөр ОУХМ БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ, ОУХМ БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД нар эрх аваад байна. П.Цагааны санаачилга, удирдлагаар Монгол Улсад анхны стандартын "Дайчин чанар тэсвэрийн талбар-360" задгай талбай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2018 оны 8 дугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. 360 талбай нь олон нийтийн хандив тусламжаар боссон гэдгээрээ мөн онцлог юм. Цагаан мөн ууланд алхах, дугуй унах, боксоор хичээллэх сонирхолтой ба шатар муугүй тоглодог байна.
Филантропи
Цагаан төр, хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж байхдаа нийгэм, олон нийтэд тустай сайн үйлсийн ажлууд олныг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Түүний оролцсон хамгийн анхны ажлуудаас дурьдвал сүйдэж үрэгдсэн бурхан шашныг сэргээн дэлгэрүүлэх, соёлын үнэт өвүүдийг сэргээх, хадгалан хамгаалах үйлсэд идэвхитэй оролцсон байдаг. Бөхийн өргөөг барих, Гандантэгчинлэн хийдийн Мэгжид Жанрайсиг бурханыг сэргээн бүтээх, Монголчуудын нандин өв зээгт наамал, наамал бүтээлүүдийг сэргээх, хадгалах, хөгжүүлэх ажлуудыг идэвхитэй дэмждэг байсан.
Сүүлийн үед "Билгүүнзул" сангаар дамжуулж нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийн эрх ашгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх, өдрийн хоол, амин дэмээр хангах үйл ажиллагаа явуулж байна[10].
Мөн хүн төрлөхтний соёлын нандин өв хадны зургийн хадгалалт, хамгаалалт, түүний ач холбогдлыг нийгэмд таниулахын тулд "Чулуун Шастир" ТББ-ыг үүсгэн байгуулж хадны зургийн дахин давтагдашгүй чанар, эмзэг байдал, нийгмийн ач ач тусыг нийтэд таниулах чиглэлд ажиллаж байна. Чулуун Шастир ТББ-ын шугамаар Монгол Улсад анх удаа олон улсын хурал зохион байгуулж, хадны зургийн чиглэлийн дэлхийн тэргүүлэх эрдэмтдийг 2016 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаар хотод хуралдуулж, шинжээчдийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан юм. "Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан" сэдэвт олон улсын экспертүүдийн уулзал, эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад зохион байгуулснаас хойш хадны зургийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, "Чулуун соёлын өв" үндэсний хөтөлбөр батлагдаж, Монгол Улс хадны зургийн өвдөө ихээхэн анхаарах болсон байна. Цаашдаа ч энэ чиглэлд хийх соён гэгээрүүлэх ажил их байна[11].
Сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]Дотоодод
[засварлах | кодоор засварлах]Эдийн Засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга[12], Монголын эдийн засгийн форумын ТУЗ-ын дарга[13], МГИМО буюу Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч, Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч[14], Монголын хадны зураг сонирхогчдын нэгдэл болох "Чулуун Шастир" ТББ[15]-ын Ерөнхийлөгчийн албыг тус тус хашдаг.
Гадаадад
[засварлах | кодоор засварлах]Давосын эдийн засгийн форум[16]ын гишүүн[17], ЮНЕСКО-гийн Москва дахь Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх хүрээлэнгийн ТУЗ-ын гишүүн[18], Балар болон өнө эртний судлалын олон улсын хүрээлэнгийн гишүүн[19].
Гавьяа, шагнал
[засварлах | кодоор засварлах]ШУА-ийн дээд шагнал "Хубилай хаан" медаль
Хөдөлмөрийн хүндэт медаль
Спортын холбооны шилдэг Ерөнхийлөгч (2018)
Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дээд шагнал "Гавьяаны одон"
2021 оны "Шилдэг нийгмийн зүтгэлтэн"
Олимпын хорооны дээд шагнал "Алтан од"
МҮЭХ-ны дээд шагнал "Хөдөлмөрийн хүний төлөө медаль"
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Пунцагийн Цагаан [1]
- ↑ www.ikon.mn [2]
- ↑ Achit Ikht LLC [3]
- ↑ Steppe Arena - Мөсөн өргөө Archive copy (Memento 22. Долоодугаар сар 2021 цахим архивт)
- ↑ Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө
- ↑ Steppe Metal Powder [4]
- ↑ www.gogo.mn [5]
- ↑ Голомт банк — Википедиа нэвтэрхий толь (wikipedia.org)
- ↑ Пунцагийн Цагаанын намтар хуудас www.tsagaan.mn [6]
- ↑ Билгүүнзул сан [7]
- ↑ Чулуун Шастир ТББ Archive copy (Memento 13. Тавдугаар сар 2021 цахим архивт)
- ↑ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв [8]
- ↑ Монголын эдийн засгийн форум Archive copy (Memento 26. Долоодугаар сар 2021 цахим архивт)
- ↑ Монголын байт харвааны холбоо Archive copy (Memento 20. Долоодугаар сар 2021 цахим архивт)
- ↑ Чулуун Шастир ТББ Archive copy (Memento 13. Тавдугаар сар 2021 цахим архивт)
- ↑ Дэлхийн эдийн засгийн форум [9]
- ↑ World Economic Forum [10]
- ↑ ЮНЕСКО-гийн Москва дахь Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх хүрээлэн[11]
- ↑ International Union of Prehistoric and Protohistoric Sciences (Union Internationale des Sciences Préhistoriques et Protohistoriques – UISPP) Archive copy (Memento 22. Долоодугаар сар 2021 цахим архивт)