Jump to content

Санжийн Довчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Санжийн Довчин (1895 онд Сайн ноён аймгийн Илдэн вангийн хошуунд буюу өнөөгийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн-1940 оны 7-р сарын 7-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан)- Монголын улс төрч, Гадаад явдлын яамны дэд сайд, Сангийн сайд.

Довчин сайд 1895 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоо­гийн Өвөр­хангай аймгийн Өлзийт сумын нутаг Есөн зүйл хэ­мээх газар тайж Хасын хамж­лага ард Санжийн хоёр­дугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 12 наснаасаа гэрийн сургалтаар боловсрол олж, 1908-1912 онд хошуу тамгын газар бичээч, аймгийн чуул­ганы жинхэнэ бичээч, түш­мэлийн албыг хаших болжээ. Тэрээр үүнийхээ зэрэгцээ Оросын шинжилгээний ан­гийн хү­мүүс­тэй танилцаж газарчин, туслах ажилтнаар ажиллаж явахдаа орос хэл сурч, хо­шуу­ны эрх баригчдаас явуулж байгаа бодлогыг шүүм­жилж, буруушаасан нь дээдчүүлийн чихэнд хүрч хошуу ноён Норовжанцанд хавчигдан нутгаасаа дайжих шалтаг болжээ.

1913 онд Оросын хайгуулын экспе­ди­цийнхнийг дагаж Нийслэл хүрээнд ирж Түмтийн өр­төөнд улаач хийж байгаад Хужирбулан дахь Сайн ноён хан аймгийн цэргийн хороонд бичээч, цэргийн яамны түш­мэл, эх зохиогч түшмэлээр 1919 он хүртэл ажиллажээ. 1919 оноос Сайн ноён хан аймагт чуулган тамгын Мээ­рэн түш­мэлийн алба хашиж байгаад 1921 оны зун өртөө улаа зэргийг тэгшитгэх, ху­ваах хэргээр дахин Нийслэл хүрээнд ирэхэд нь Монгол Ар­дын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж, хуучин тө­рийн аппаратыг татан буул­гаж, ардын засгийг шинээр бай­гуулсан хувьсгалын өр­нөл­­тийн үе байв. Ийнхүү Довчин нутаг буцахгүй хуучин танил Д.Сүхбаатар нарын хүмүүс­тэй уулзаж 1921 оны 7-р сараас Цэргийн яа­манд ерөн­хий хэлтсийн дар­гаар ажил­лах болов. Энэ хугацаанд Монгол Ардын намд элсч улмаар 1922 оны 12-р сарын 22-ны өдрийн Засгийн газрын 56-р тог­тоо­лоор Зүүн хязгаарыг захиран тохинуулах сайдаар Магсар Хурцын Дугаржавын оронд томилогдов. Тэр үед С.Довчин сайд орос хэл гадар­лах цөө­хөн хүний нэг байсан бөгөөд 1924 оноос ГЯЯ-ны дэд сайдын албан тушаал хашсан.

1926-1939 онуудад Сангийн яамны жинхэнэ сайд, Монголбанкны ерөнхий хо­рооны даргаар хавсран ажил­лаж байсны зэрэгцээ 1935 оноос Ерөнхий сайдын орлогч мөн МАХН-ын Төв хорооны тэр­гүү­лэгч гишүүнээр тас­ралт­гүй ажиллаж байгаад 1939 оны 7-р сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр Улсын бага хурлын дарга, НТХ-ын тэргүүлэгч гишүүн Довчин сайдыг Догсом, НХШХ-ны дарга Лосол, тө­рийн сайд Дорж, Данший-Цоодол нарын хамт барив­чилж, Чита хотоор дамжуулж Москвад аваачиж КГБ-ийн гарт тушаажээ.

Монголын шинэ тулгар төрийн нэр хүндтэй гавьяатай сэ­хээтэн Довчинг 1940 оны 7-р сарын 5-ны өдөр Зөвлөлт холбоот улсын Цэр­гийн онц шүүхээр цаазлах ял оноож 2 хоногийн дараа гүйцэт­гэжээ.

Санжийн Довчинг 1962 онд улс төрийн хувьд нь цагаатгаж, 1990 онд МАХН-ын гишүүнийг нь сэргээжээ.