Магсаржавын Дугаржав

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Магсаржавын Дугаржав (1893-1946) нь Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин хүн байв.

Тэрбээр эцгийнхээ 24 настайд Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. Эцэг Наваанлувсанцэдэнгийн Магсаржав (1869-1935) нь олноо Магсар хурц хэмээн алдаршсан бичгийн түшмэл, Шүүх яамны сайд, нэртэй эрдэмтэн хүн байсан.

Дугаржав 1910-аад оноос эхлэн Монголын Цэргийн яам (1917-1918) ба Их Шавьд бичгийн алба хашиж явсан. Монголын тусгаар тогтнолын төлөө С.Данзан, Д.Догсом. Д.Сүхбаатар нарын хамт Монгол Ардын Намын эх үүсвэрийг тавьж, төлөөлөгчдийг ЗХУ-д одсон үед Нийслэл хүрээн дэх нууц байгууллагын ажлыг удирдан явуулж байсан.

1921 онд (28 нас) ардын хувьсгал ялмагц Магсар хурцын Дугаржав Сэцэн хан аймгийг хамгаалан тохинуулах сайд, Зүүн хязгаарыг батлан тохинуулах сайд, шинэ тутам байгуулсан 2-р морин бригадын захирагч гэсэн гурван давхар тушаалд тохоогдон үүргээ нэр төртэй биелүүлж, 1922 онд (29 нас) Богд хааны зарлигаар Монгол Улсын Хурц баатар цол шагнуулж байжээ. М.Дугаржав хэн хүнд ховорхон заяадаг зурах, сийлэх, урлах чадвар төгс, дуулах хуурдахдаа үнэхээр гайхам авьяастай нэгэн байлаа. Ардын хувьсгалын сүлд дуу болсон "Шивээ Хиагт", "Улаан туг"-аас эхлээд монгол түмний дуулах дуртай "Жавхлант сүрэг" /сонгодог уртын дуу/, "Идэр жинчин" /бэсрэг уртын дуу/, "Баян Монгол", "Үхэрчин хүү" зэрэг дууны аяыг зохиосон тэрээр БНМАУ-ын Улсын Алдарт Гавьяат дуучин цолыг 1935 онд хүртжээ.

Дугаржав нь 1934 онд "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүлд "Үндэсний дуу хөгжмийг хэрхэн мандуулах тухай" өгүүлэл бичиж, төгөлдөр хуурч Минна Давыдовна Берлин-Печникова, шавь Жигзавын Дорждагва нартай хамтран монгол ардын урт, богино, шинэ, хуучин 100 гаруй дууг эмхэтгэн ноотолж буулган, 1935 онд хэвлэгдэн гарсан "Монгол дуунууд" түүвэр, 1936 онд хэвлэгдсэн "Монгол уртын дууны түүвэр" бүтээлүүдийн "Ерөнхий редактор"-оор ажилласан юм.

"Монгол интернационал" дуу нь түүнийг улс төрийн хилс хэргээр баривчлагдах хүртэл манай улсын Төрийн дуулал болон эгшиглэж байсан билээ.

Ардын засгийн үед БНМАУ-ын Гадаад яамны дэд сайд, Монгол улсаас Тува улсад (1937-1941) суух бүрэн эрхт элчин төлөөлөгчөөр 2 удаа томилогдож, Улсын Төв театрт дууны багшаар ажиллаж байсан.

1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1941 онд хүнд ял заагдан шоронд хоригдож ахуйдаа 1946 oнд амь эрсэдсэн.

Бүтээл[засварлах | edit source]

  • "Шивээ Хиагт", 1921
  • "Улаан туг", 1921 /1929 онд С.Буяннэмэх үгийг шинэчлэн зохиосон/
  • “Сүхбаатарын дуу” /үгийн хамт/ 1923 он
  • “Монгол интернационал”, С.Буяннэмэх 1923 он
  • “Янжуур тамхи” /М.Дугаржавын гэж “Хувьсгалын дууч” номд бий/
  • “Таван эрдэнэ” /үгийн хамт/ 1932 оны орчим гэж дээрх номд
  • “Жавхлант сүрэг” Б.Доржсүрэн, 1932 оны орчим /дээрх номд/
  • "Идэр жинчин", 1934 (бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж)
  • "Баян Монгол",1934 (Н.Наваан-Юндэнгийн шүлэг)
  • "Үхэрчин хүү", 1934 (Н.Наваан-Юндэнгийн шүлэг)