Jump to content

Мээрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мээрэн буюу Мэйрэн (манж хэл: ᠮᡝᡳᡵᡝᠨ ᡳ
ᡝᠵᡝᠨ/
ᠮᡝᡳᡵᡝᠨ ᡳ
ᠵᠠᠩᡤᡳᠨ
, галиг: meiren i ejen/meiren i janggin; хятадаар: 梅勒额真/梅勒章京, пиньинь галиг: méilè é'zhēn/méilè zhāngjīng) хэмээх нь манжийн Чин гүрний үеийн хошууны засаг ноёнд туслах үүрэгтэй албан тушаалтан бөгөөд санхүү, тамгын газрын бичиг хэргийг эрхлэх дэд түшмэл мөн.

Энэ албан тушаалыг анх Нурхач баатарын үед манж найман хошууны эзэн ноёны аливаа үйл хэрэгт туслах үүрэгтэй зүүн, баруун гарын тус бүр нэг мэйриний эзэн (ᠮᡝᡳᡵᡝᠨ ᡳ
ᡝᠵᡝᠨ
, meiren i ejen) албан тушаалтан томилогдож байсан. 1634 онд Абахай хааны зарлигаар мэйрэний эзэн гэх нэрийг нь мэйрэний жангин (ᠮᡝᡳᡵᡝᠨ ᡳ
ᠵᠠᠩᡤᡳᠨ
, meiren i janggin) хэмээн өөрчлөн нэрлэжээ. Мэйрэний жангин хэмээх нь манж хэлэнд дэд жанжин гэх бөгөөд хятад хэлэнд фу дутун (副都统; fù dūtǒng) гэж орчуулан хэрэглэх болсон шалтгаан нь манжууд хятадын Мин улстай удаан хугацаанд дайн хийж байсан нь нөлөөлжээ.

1647 онд Эеэр засагч хааны зарлигаар мэйрэний жангин гэх албан тушаалыг асханы хафан (манжаар: ᠠᠰᡥᠠᠨ ᡳ
ᡥᠠᡶᠠᠨ
, ashan i hafan; хятадаар: 阿思尼哈番; ā'sīní hāfān) гэж өөрчлөн нэрлэсэн нь Чин гүрэн нэгэнт хятадын ихэнх газрыг эзэлж эхэлсэн тул цэргийн гэхээс илүүтэй иргэний засаг захиргааны бүтэц шаардлагатай болсноор асханы хафан гэх шинэ албан тушаалыг буй болгожээ. Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар 1736 онд асханы хафан цолыг хятад хэлнээ нань (男; nán) гэх уламжлалт үгтэй дүйцүүлэн хэрэглэхийг зөвшөөрчээ.

Харин 1636 онд өмнөд монгол, 1691 онд халх монгол, 1757 онд ойрад монгол манжид эзлэгдснээр манжийн төрийн байгууламжийн нэг хэсэг болсон мэйрэн манж нэрийг нь шууд авч хэрэглэхдээ хошууны засаг ноёны өдөр тутмын бүхий хэрэг явдалд туслах чиг үүрэгтэйгээр ажиллаж байлаа.

Түүхэнд алдаршсан хүмүүс

[засварлах | кодоор засварлах]
  • Гаадаа мэйрэн: Хорчины дархан чин вангийн хошууны газар нутагт хятад нутагт тариа тарихыг эсэргүүцсэн монгол үндэстэний баатар
  • Дорж мэйрэн: 1921 онд хятадын гамингийн эсрэг тэмцэгч, уран зохиолын нэрт зүтгэлтэн