Jump to content

Бүгд Найрамдах Монгол Ард Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(БНМАУ-с чиглүүлэгдэв)

Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)
1924–1992
БНМАУ-ын далбаа 1949–1992 БНМАУ-ын сүлд 1960–1991
Төрийн далбаа Төрийн сүлд
Холбоос
Албан хэл Монгол
Нийслэл Улаанбаатар
Төрийн хэлбэр Бүгд Найрамдах Улс
Засаглалын хэлбэр Социализм [нэг намын засаглал]
Төрийн тэргүүн Нам, төрийн удирдагч
Засгийн газрын тэргүүн Ерөнхий Сайд
Газар нутгийн талбай
– 1992

1.564.116 км²
Хүн ам
– 1992

2.318.000
Мөнгөн тэмдэгт Төгрөг (1 ₮ = 100 мөнгө)
Оршин тогтносон 1924–1992 он
Төрийн дуулал Интернационал 1924–1950
БНМАУ-ын төрийн дуулал 1950–1991
Цагийн бүс ГЦ+7, ГЦ+8
Утасны бүсчлэлийн дугаар +976
БНМАУ-ын байршил дэлхийн бөмбөрцөгт

Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол 1924-1992 оны хооронд оршин тогтнож байсан нэг намын тогтолцоотой Бүгд найрамдах засаглалтай социалист улс юм. 1989 онд болсон Ардчилсан Хувьсгалын үр дүнд шинэ Үндсэн хууль батлагдан, Монгол Улс байгууллагдсан.

Үндсэн өгүүлэл: Ардын хувьсгал

Богд хаан 1924 онд таалал төгсөж Богд Хаант Монгол Улс буюу хэмжээт эрхт хаант засаглал оршин тогтнохоо больсон билээ. Монголын Тагнуулын Төв Газар сүүлийн үед илэрсэн баримт мэдээн дээр түшиглэн түүнийг Зөвлөлтийн тагнуулуудад хорлогдсон гэж үзэж байна. Социалист системийн үед Богд хааныг өвчний улмаас өнгөрсөн гэж бичдэг байсан ба Оросын тал Богдыг оросын тагнуул хороосон гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Оросын судлаач С. Л. Кузьмин ба Монголын судлаач Ж. Оюунчимэг нарын номд түүнийг хорт хавдраар нас барсан гэж бичсэн байдаг.

Богд хааны хойт дүрийг тодруулахыг Ардын засгийн газраас хориглосон шийдвэр гаргасны үр дүнд Бүгд найрамдах төрийг тунхаглах үндэс бүрдсэн байна. Үүний дараа 1924 оны намар МАН-ын Их хурлыг зарлан хуралдуулж үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг тогтоохооор шийдвэрлэсэн бөгөөд энэ Их хурлын үеэр Хөрөнгөтний бүгд найрамдах засаглалын талыг баримтлагч Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин С. Данзанг Зөвлөлт орос улсын болон Коминтерний төлөөлөгчдийн шууд удирдлагаар баривчлан буудан хороосон байна. 1924 оны 11-р сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг зарлан тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулийг баталсан байна. Ийнхүү БНМАУ тунхагласан 11-р сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баяр" хэмээн нэрлэн тэмдэглэн өнгөрөөх болсон.

1924-1937 онуудад БНМАУ-ын Төр, Засгийн удирдлагад Балингийн Цэрэндорж, Цэрэн-Очирын Дамбадорж, Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Агданбуугийн Амар, Пэлжидийн Гэндэн, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан зэрэг хүмүүс ажиллаж байсан бөгөөд энэ үед ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920-д онд БНМАУ-ын удирдагч нар нь төвийг сахисан Швейцар шиг улс байгуулах, өөрийн тусгаар тогтнолыг ЗХУ, БНХУ төдийгүй европын улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх тэд нартай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоох оролдлогуудыг уйгагүй хийж байжээ. Үүний үр дүнд Герман, Францад 50 хүртэл тооны залуусыг сургахаар илгээсэн төдийгүй Швед, Дани зэрэг улсуудтай худалдааны харилцаа тогтоож, мөн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байсан байна. Гэхдээ гадаад харилцаанд ЗХУ-ыг түшиглэн Хятадын болон Японы түрэмгийллийг эсэргүүцэх бодлого барьж байжээ. БНМАУ нь дотооддоо бүх хүн тэгш эрхтэй болохыг тунхаглан, язгуур угсаа болон шүүхийн харгис аргуудыг устган хамжлагт ёсыг халсан байна. Мөн бүх нийтээр бичигтэн болох нийт ардын боловсролын болон эрүүл мэндийг хамгаалах системийг тогтоох арга хэмжээнүүдийг авч байсны үр дүнд олон арван бага сургууль, Багшийн сургууль байгуулагдсан ба хүн болон мал эмнэлэгүүдийг олноор байгуулж эхэлжээ. Түүнээс гадна үндэсний жижиг үйлдвэрийг байгуулан өөрийн хэрэгцээг хангах үүднээс ноос угаах, хувцас оёх, эсгий эдлэл хийх, гэр ахуйн эдлэл хийх зэрэг жижиг артель, цехүүдийг байгуулах, үндэсний худалдааны байгууллага болох "Монгол хоршоо" зэргийг байгуулсан төдийгүй Зөвлөлт Оросын тусламжтайгаар Үндэсний Улсын банкийг байгуулан өөрийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргасан байна. Түүнээс гадна гааль, худалдааны татварыг чангатгасан ба байгалийн баялгийг хайж илрүүлэн ашиглах зорилгоор ЗХУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн томоохон экспедицүүдийг монголд урьж ажиллуулж байжээ. БНМАУ-ын бие даасан үйл ажиллагаа явуулж Коментерн болон ЗХУ-ын хяналтаас гарах гэсэн бодлогыг мэдэрсэн ЗХУ-ын удирдлага Монголын удирдагч нарын хооронд яс хаясан бодлого явуулсны үр дүнд ЗХУ-д түр хугацаагаар сургасан хөдөөний залуу хэт хувьсгалч нарын гараар баруунтан, зүүнтэн гэсэн нэр томъёололыг гарган үндэсний удирдагч нарт оноон төрийн удирдлагаас ээлж дараалан хэлмэгдүүлэн зайлуулж байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан, Цэрэн-Очирын Дамбадорж, Золбингийн Шижээ, Өлзийтийн Бадрах, Пэлжидийн Гэндэн, Агданбуугийн Амар нар хохирогч болж алагджээ. Энэ үед МАХН нь төрийн дээд удирдлага болон гүйцэтгэх засаглалыг бүрэн хянаж, удирдаж байсан байна. 1930-д оноос эхлэн ноёд баян лам нар, баячуудын хөрөнгийг хураан, малчидыг хүчээр хамтралжуулах бодлого баримталсны үр дүнд 1932 онд зэвсэгт бослого гарсан төдийгүй олон тооны хүн хилийн чанадад дүрвэн гарах хөдөлгөөнүүд гарчээ. 1932 оны бослого нь “гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй байсан. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ. ЗХУ-ын шууд дэмжлэгээр 1928 онд Хорлоогийн Чойбалсан төр, засгийн удирдлагад гарсан бөгөөд 1937 оноос эхэлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн өртөн амь үрэгджээ.

Дамдины Сүхбаатар, маршал Гэлэгдоржийн Дэмид зэрэг монголчуудын дунд асар их нэр хүндтэй хүмүүсийг шууд хороож болохгүй байсан тул Зөвлөлт улс энэ хоёрыг нууцаар хороосон гэж үздэг. Монголын Тагнуулын Төв Газар шинээр илэрсэн баримтад тулгуурлан Дамдины Сүхбаатарыг оросууд хороосон гэж үзэж байна.

Хорлоогийн Чойбалсан ба Георгий Жуков

БНМАУ-ын гадаад байдал энэ үед хурцадсан байсан бөгөөд ЗХУ нь 1924 онд Бээжинд БНХУ буюу Гоминданы Засгийн газартай байгуулсан Зөвлөлт-Хятадын гэрээгээр БНМАУ-ыг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байсан ба үүнийгээ Монголын талд эсрэгээр тайлбарлан хоёр нүүр гаргасан бодлого баримталж байсан байна. Үүний тод жишээ нь 1946 он хүртэл БНМАУ-тай дипломат харилцаа тогтоогүй байсан бөгөөд БНМАУ-д "төлөөлөгч" л суулгаж байсан ба албан ёсны нэг ч гэрээг хоёр улсын хооронд байгуулаагүй байна. Алс дорнодод Японы эзэнт гүрний түрэмгий бодлогын үр дүнд Манжуур Японд эзлэгдэн ЗХУ-ын дорнод хил тайван бус болсонтой холбоотойгоор ЗХУ-ын удирдлага БНМАУ-ыг жийргэвч бамбай улс болгон ашиглах, стратегийн давуу байрлал эзэмших үүднээс 1936 онд харилцан туслалцах Протоколыг л байгуулсан байна. Энэ үед БНМАУ-ын дорнод хилийн дагуу Япон болон тэдний байгуулсан Манж-го улсын цэргүүд байнгын халдлага довтолгоон өдүүлж байсан төдийгүй Халхын сүмийн хэсгийн цэргийн хүчээр булаан эзэлсэн байна. Хилийн мөргөлдөөнийг зохицуулахын тулд БНМАУ болон Япон-Манж-гогийн талтай хилийн будилааныг зохицуулах Манжуурын бага хурлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗХУ нь өмнөх Протоколын дагуу 57-р армийн корпусыг Монголын нутагт байршуулжээ. Улмаар хилийн мөргөлдөөн нь 1939 оны Халх голын дайнд хүргэж, энэ дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ.

Зөвлөлт-Монголын хамтын ажиллагаанд зориулсан Зайсан дурсгалын цогцолборын мозайк

БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д бүх талаар дэмжиж тусламж илгээж байсан ба дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. Энэхүү дайнд морь чухал үүрэгтэй байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийн 5 морь бүрийн нэг нь монгол морь байв. Зөвлөлтөд Америк 665,000 тонн махан бүтээгдэхүүнийг ленд-лизээр зарсан бол, Монгол 500,000 тонн мах үнэгүй өгчээ. Харин нэхий дээл, шинель өвлийн цагт төдийгүй зун цагт ч окопонд даарахгүй байхад чухал байсан ба АНУ 54,000 тонн хонины ноосыг мөн зарсан байхад, Монгол 64,000 тонныг Зөвлөлтөд бэлэглэсэн байна. 1942-45 онд Зөвлөлтийн цэргийн 5 шинель бүрийн 1-ийг монгол ноосоор хийж байв. Вольфрам нь Германы "Барс", "Ирвэс" танкуудын хуягийг нэвтлэхэд шаардлагатай сумыг хийх гол түүхий эд байсан бөгөөд Зөвлөлтөд хамгийн ойр вольфрамын орд Монголд байсан байна. Ийнхүү их хэмжээний тусламж илгээсэн Монгол өөрөө хүнд байдалд орж 1944 оны өвөл Зөвлөлтийн зарим мужийн адил өлсгөлөнд нэрвэгджээ. Квантуны армийн довтолгооноос сэрэмжлэн олон тооны цэрэг Алс Дорнодод байлгаж байсан Зөвлөлт тагнуулын мэдээгээр Япон ойрын үед довтлохгүй гэж мэдсэний дараа зарим цэргээ Германы эсрэг илгээжээ. Монгол улс эрэгтэй, эмэгтэй бүх хүн цэргийн алба хаах хууль гарган цэргийн тоогоо нэмсэн нь Алс Дорнод дахь хүчний харьцааг өөрчлөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.

Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв. Гэсэн ч энэ бодлого амжилтанд хүрээгүй юм. Дэлхийн хоёрдугаар дайнд японы эсрэг дайнд ЗХУ-ыг оруулах сонирхолын үүднээс АНУ, Англи нь Ялта болон Подстамын бага хурлуудаар БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрч, үүнийг Гоминьданы Хятадаар зөвшөөрүүлэх асуудлыг АНУ-ын ерөнхийлөгч хариуцахаар болсон байна. Үүнийг Чан Кайши тэргүүтэй Хятадын удирдлага эрс эсэргүүцсэн боловч Их гүрнүүдийн удирдагч нарын шахалтад орсны үр дүнд Бүх ард түмний санал хураалтаар шийдвэрлэх тохиролцоонд хүрчээ. Иосиф Сталины хүчтэй шахалтаар 1945 онд Чан Кайши дээрхи саналыг гаргасан ба 1946 онд явагдсан санал хураалтын үр дүнд Тайвань нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Хятадын иргэний дайны дараа Мао Зэдун тэргүүтэй коммунистууд засгийн эрхийг авахад БНМАУ нь БНХУ-тай байгуулсан дипломат харилцаагаа тасалж шинээр бий болсон Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоожээ.

Дайны дараах үе

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ-ын Наушки өртөөнөс Улаанбаатар хот төмөр зам барьж 1949 оны 11-р сарын 7-нд анхны галт тэрэг нийслэлд орж ирж хөдөлмөрчдийн цуглаан болжээ. 1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөж улс оронд "дулаарал" болжээ.

1950 оны 4-р сард Зүүн Европын социалист Герман, Чех, Польш, Унгар, Болгар, Румын зэрэг орнуудтай дипломат харилцаа тогтоосон байна.

Үндсэн өгүүлэл: Нэгдэлжих хөдөлгөөн
Үндсэн өгүүлэл: Атрын аян
Зайсан хөлийн газар. Улаанбаатар хот, 1972.

БНМАУ 1946 оноос хойш олон удаа НҮБ-д элэх өргөдлөө өгсөн боловч дөнгөж 1961 оны 10-р сарын 27-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох эхлэл тавигдсан байна. Өрнөдийн хөгжингүй орнуудаас хамгийн эхэнд 1963 онд Их Британи БНМАУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Харин 1960-аад оны дунд үеэс ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа хүйтрэн сөргөлдөх болоход социалист Монгол нь ЗХУ-ын талд оржээ. Энэ үед ЗХУ-ын цэрэг БНМАУ-д дахин байрласан байна. Ингэснээр ЗХУ-ын нөлөө улам бүр ихэсчээ. Монголын эдийн засаг 1960-аад оноос эрчимтэй хөгжиж, 1970 онд бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Азийн анхны улс болжээ.

БНМАУ 1962 оны 6-р сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн /СЭВ/ гишүүнээр элссэн байна. Үүний зэрэгцээ БНМАУ-д хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбаруудыг ЗХУ болон бусад социалист улсуудын эдийн засаг болон мэргэжилтний хүчээр эрчимтэй хөгжүүлж эхэлсэн байна. Эдгээрийн үр дүнд Монгол нь социалист улсуудад хөдөө аж ахуйн болон уул уурхайн хямд түүхий эд нийлүүлэгч түүхий эдийн бааз болсон бөгөөд харин гадаад худалдааны хувьд алдагдалтай байсныг зээлийн хөрөнгөөр нөхөж байжээ. ЭЗХТЗ-ийн гишүүн орнууд болох БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСРУ, БНУАУ, БНСЧСУ-ын тусламжтайгаар мах комбинат, нэхий, нэхий эдлэлийн үйлдвэр, шилэн дарлага бүхий хүнсний ногооны газар, жимс, ногооны цогцолбор, биокомбинат, оёдлын үйлдвэр, гүн хэвлэл, хивсний үйлдвэр, мод боловсруулах комбинат, хөнгөн бетоны завод, царууц тоосго, шохойн үйлдвэр, автомашины засварын газар, мебель картон үйлдвэрлэх фабрик, гутал, арьс ширний үйлдвэр, цементийн завод, Улсын клиникийн төв эмнэлэг зэрэг нийгэм соёлын олон газруудыг барьж байгуулсан байна.

1984 онд ЗХУ-ын удирдлагын бүрэлдэхүүнд Михаил Горбачёв орж ирснээр социализмыг шинэчлэх, өөрчлөн байгуулалт, ил тод байдлын тухай бодлого түлхүү хэрэгжиж эхэлсэн байна. Ийнхүү аядуу социализмын гол төлөөлөгч болсон 40 жил удирдсан Ю.Цэдэнбалыг нам, төрийн эрхээс зайлуулах бодлогыг ЗХУ баримтлан, 1984 онд Цэдэнбал Москвад "эмчилгээ"-нд цөлөгдсөн байхад нь Монгол дахь ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны (КГБ)-ын төлөөлөгч генерал Всеволод Радченко болон Элчин сайд Сергей Павлов нар ЗХУКН-ын шууд заавраар тайван эргэлтийг Монголын "эдийн засгийн шинэчлэгч" нарын гараар хийлгэсэн байна. Үүний үр дүнд Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгожээ. Өөрчлөн байгуулалтын үр дүнд ЗХУ задран унаж улмаар нийт социалист систем устахад ЗХУ-ын болон ЭЗХТЗ-ийн социалист орнуудын эдийн засаг-санхүүгийн тусламж шууд зогссон нь БНМАУ-ыг улс төр-эдийн засгийн хямралд оруулжээ. Энэхүү хямралын үр дүнд БНМАУ-д ардчилал ялж, чөлөөт зах зээлийн эдийн засгийг байгуулах шийдэлд хүрсэн байна. Түүнчлэн Үндсэн хуулийг 1992 онд шинээр дахин боловсруулж Монгол улс гэж нэрлэн Парламентын засаглал бүхий улс болохыг зааж тусгаж БНМАУ оршин тогтнохоо болж Монгол Улс байгуулагдсан түүхтэй.

Төрийн байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

1924 оны анхны Үндсэн хуулиар Улсын Их Хурал, Улсын Бага хурлыг байгуулсан. Уг бүтцийг 1949 он хүртэл хадгалсан бөгөөд Улсын Их Хурал 9 удаа, Улсын Бага хурал 30 гаруй удаа хуралдсан. 1940, 1960 онуудад Үндсэн хуулийг дахин баталж, төрийн социалист хэв маягт багтах Бүгд Найрамдах улсын төрийн хэлбэрийг сонгон хөгжиж байв. 1950-иад оны эх хүртэл үйлчилж байсан төр-намын тогтолцоог нам-төрийн тогтолцоонд шилжүүлсэн. 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг удирдлага болгосон Монгол Ардын Хувьсгалт нам мөн” гэж заасан. 1960-1990 оны хооронд Ардын Их хурлын сонгууль 9 удаа явагдаж, Их хурлын чуулган 40 гаруй удаа чуулжээ.

1990 оны 5 дугаар сард БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн эрхийг шинэчлэн, нам төрийн үүргийг зааглан, парламентын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллыг бүх талаар хөгжүүлэх чиглэлийг баримтласан. БНМАУ-ын Ардын Их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өнөөгийн шинэ Үндсэн хуулийг баталсан. 1992 оны Үндсэн хууль ёсоор төрийн хэлбэрийн хувьд Монгол улс бол парламентын Бүгд Найрамдах Улс юм.[1]

Зөвлөлтийн тал вольфрам, ураны ордтой Увс аймгийн Давст уул, Хөвсгөлийн Шишгидийн нурууг 1930-1960-аад онд БНМАУ-аас тасдан авчээ.

Халхын сүм орчмын хэсгийг Япончууд гэнэт довтлон эзэлснийг Халхын голын дайнаар чөлөөлсөн ч Буйр нуурын зарим хэсэг болон Халхын сүм орчмын нутаг нь 1960-аад оны Монгол-Хятадын хилийн гэрээгээр Хятадын талд оржээ. 1960-аад оны үед одоогийн Монгол-Хятадын хилийг 2 талын гэрээгээр тогтоожээ.

Мөн Байтаг Богд уул бүхэлдээ БНМАУ-ын нутаг байсан ч хилийн гэрээгээр урд хэсэг нь БНХАУ-ын нутагт оржээ. БНХАУ, Зөвлөлт улсууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч зарим нутгийг тасдан өгөхийг шаардаж байв. 90-ээд оныг хүртэл урд хилийн хамгаалалтад голчлон анхаардаг байсанаас хойд хилийн хамгаалалт суларсныг ашиглан Зөвлөлтийн тал хилийн шонгуудаа аажим аажимаар урагш зөөдөг байсан гэдэг.

Үндсэн өгүүлэл: Монголын Ардын арми

Зөвхөн нэг намын үзэл суртал Монголын ард түмний үзэл санааны үндэс боллоо гэсэн дүгнэлт хийж олон ургальч үзлийг хаан боогдуулсныг ийнхүү баталгаажуулж өгсөн.1960-иад он гэхэд соён гэгээрэл гэхэд, оюун санааны талаар ихээхэн амжилт олсон бөгөөд түүний дээд оргил нь Марксизм-ленинизм гэж үзэж байв.

Нийгмийн бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч мөлжигч, дарлагч ангийг хүчээр устлаа. Монголын нийгэм одоо ажилчин анги хоршоолсон ард, ардын сэхээтнүүдээс бүрдэх боллоо гэсэн дүгнэлт хийх болсон байна. Ийнхүү 1921 оноос эхлэн ядуу дорд ардыг дэмжих бодлогын үр дүнд ямар нэг хувийн өмчтөн үгүй болж гагцхүү нийтийн өмч дээр суурилсан өвөрмөц давхаргынхан бүрэлдэн тогтсон байна.[2]

1941-1990 оны хоорондох 50 жил бол БНМАУ-д социалист эрүүлийг хамгаалахын зарчмуудыг тууштай хэрэгжүүлсэн он жилүүд бөгөөд төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн дэс дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд тус улсын хот, аймаг, сум, сангийн аж ахуйн төв зэрэг төвлөрсөн суурин газрын хүн амыг их эмчийн ерөнхий мэргэжлийн тусламжаар үндсэнд нь бүрэн хамарч, анагаах ухааны гол салбаруудаар эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг хөгжүүлж, үндэстний мэргэжилтгүүд цээжний хөндийн болон тархины мэс засал, сэхээн амьдруулахын тусламжийг үзүүлэх арга барил, ур чадварыг эзэмшиж, дотуур дурандалт, дүрс оношлогоо, хүний генетик, вирус болон дархлал судлалын аргуудыг эмнэлгийн практикт нэвтрүүлж эхэлсэн байлаа.[3]

Үндсэн өгүүлэл: Шинэ эргэлтийн бодлого
Гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгт, Монголын үндэсний түүхийн музей

Манай орны эдийн засгийн өсөлт өмнөх үеийг бодоход өндөр хурдацтай болж, зөвхөн 1940-1960 онд нийгмийн нийт бүтээгдэхүүн 3.7 дахин, үйлдвэрлэсэн үндэсний орлого 3.8 дахин, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 33.7 дахин өссөн. Аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин нэмэгдэж байгаа нь социализмын материал баазыг байгуулах үндсэн нөхцөл гэж үзэж байсан. Иймд 1940 онд аж үйлдвэх үндэсний орлогын 10 хувийг үйлдвэрлэж байсан бол 1960 онд 30 гаруй хувь болж БНМАУ ХАА үйлдвэрийн орон боллоо гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн байна. БНМАУ төвлөрсөн 5 жилийн төлөвлөгөөт эдийн засагт тулгуурлаж байв.

  1. Бүгд Найрамдах Монгол Ард Улс
  2. 1960-аад оны үеэс БНМАУ-ын нийгэм эдийн засгийн амьдрал
  3. "Түүхэн замнал". Archived from the original on 2019-09-25. Татаж авсан: 2019-09-25.
Өмнөх
Хэмжээт цаазат Богд Хаант Монгол Улс
БНМАУ
1924-1992
Дараах
Монгол Улс