Монгол Улсын төрийн дуулал

Монгол улсын төрийн дуулал
Монгол улсын төрийн дууллын нот

Монгол Монгол улсын
төрийн дуулал

ШүлгийгЦ.Дамдинсүрэн
ХөгжмийгБ.Дамдинсүрэн, Л.Мөрдорж
Баталсан1950 оны 4 сарын 26
Улаанбаатарт босгосон төрийн дууллын нот бичээст хөшөө

Монгол улсын төрийн бэлгэ тэмдэгийн нэг болох Монгол улсын төрийн дуулал 1950 онд батлагджээ.Цэндийн Дамдинсүрэн үгээр Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын зохиосон энэхүү төрийн дуулал нь сүүлд 2006 онд засвар оруулж байжээ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1950 оныг хүртэл Монгол Улсад албан ёсны төрийн дуулал байгаагүй юм. Төстэй үүрэг бүхий дуу хэд байсан гэдэг.

"Эртний сайхан" дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсан энэ дууг 1935 онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр номонд оруулсанаар дууны үг нь хадгалагдан үлджээ. Мөн МУГЖ, алдарт уртын дууч Ж. Дорждагва 1970 онд хэвлүүлсэн "Уртын дуу"- ны түүвэр номондоо "Эртний сайхан" дууны үгийг тухайн үеийн үзэл суртлын нөхцал байдалд зохицуулан өөрчилжээ. Английн цэрэг Түвдэд цөмрөн ороход 13-р далай лам Түвдэнжамц дайжиж 1904 онд Монгол оронд залран ирж жил гаруй (1906 он хүртэл) байх хугацаандаа энэхүү дууны төгсгөлд "Банчин далай ламдаа бараа болон жаргая" гэж нэмж дуулдаг болсон байна. 1911 онд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд заларсны дараа энэхүү дуунд "Хаан эзэн Богдын хамт бүгдээрээ жаргая" хэмээн түрдэг болжээ.

Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед "Зуун лангийн жороо луус" дуу төрийн сүлд дуулал болж байв.

Хэдийгээр төрийн сүлд дуулал хэмээн албан ёсоор цоллоогүй боловч 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс эхлэн дуулагдаж, хэрэглэгдэж XX зууны дунд үед хүрч ирсэн дуу бол “Монгол интернационал” (1922 оны үе) хэмээх дуу юм. Шинэ цагийн монголын утга зохиолыг үндэслэгчдийн нэг С. Буяннэмэхийн үг, ая болох энэ дууг монголчуудын нэгэн үеийнхэн төрийн дууллын хэмжээнд хүндэтгэн дуулж байжээ.

Түүхийн баримтаас үзвэл төрийн шинэ дууллын шүлэг зохиох, түүний сонгон шалгаруулалтын ажил 1945 оны үеэс эхлэж байжээ. Тухайн үеийн урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг өгчээ. Шүлгийн уралдаанд 1945 оны 12-р сарын 31 гэсэн хугацаа тогтоож өгсөн хэдий боловч бүтээлүүд нь 1946 оны 4 дүгээр сар хүртэл ирсээр байсан ба энэхүү шүлгийн уралдаанд Ц. Дамдинсүрэн, Ц. Цэдэнжав, Д. Даржаа, Ч. Лодойдамба, Тойвгоо, Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Д.Цэдэн, Д. Сэнгээ, Г. Чүлтэм, Наваандоо, Цэрэнжав зэрэг зохиолч, яруу найрагчид оролцжээ. Харин бэлэн болсон шүлгүүдэд нь Б. Дамдинсүрэн, Лха. Дорж, Ж. Дорждагва, Л. Мөрдорж, Д. Лувсаншарав, Г. Жамъян нар ая зохиож оролцсон нь 1949 оны эхээр бэлэн болов. Шинэ дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан өөрийн биеэр оролцон ая, дууны олон хувилбараар харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал  хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст баталж Улсын Бага Хурлын зарлиг гаргажээ.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг батлах тухай.

Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гаргасан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж, Улсын бага хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.     Үгийг Ц.Дамдинсүрэн зохиож, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг баталсугай.

2.     Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн улс даяар дуулж хэрэглэсүгэй.  

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр

1950 оны 4-р сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот.

  • 1960 оны үндсэн хуульд тохируулж 1961 онд сүлд дууллын үгийг Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимэд нарын зохиосноор сольж байв.
  • Улс төрийн байгуулал өөрчлөгдөж «Бүгд Найрамдах Монгол Ард Улс»-аас зүгээр «Монгол улс» нэртэй болсон 1992 оны үндсэн хууль, 1994 оны «Төрийн билэг тэмдгийн тухай хууль»-д төрийн дууллын тухай заасан нь Монгол улсын хуулинд анх удаа төрийн дууллын тухай бичсэн тохиолдол болжээ. Тус хуулинд хаана, хэзээ эгшиглүүлэх, хэрхэн хүндэтгэхийг тодорхой заасан юм. Тэр дашрамд 1961 оны үгийг 1950 оны үг рүү буцааж, хүний нэртэй хоёрдугаар бадгийг нь хасч хоёр бадаг, дахилтын хамт авчээ.
  • 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойг угтан зургаан ззохиолчийг дайчлан үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Ажвал харийн дарлалаас мултарсан шинэ тулгар улсынх гэхээргүй, харин өв соёл, буурал түүхээр арвин улс юм гэмээр болгон засчээ.

Үг[засварлах | кодоор засварлах]

2006 оноос хойш (Ц. Дамдинсүрэн)
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
1991—2006 он (Ц. Дамдинсүрэн)
Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
1961—1991 он (Ц. Гайтав, Ч. Чимид)
Урьдын бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
1950—1961 он (Ц. Дамдинсүрэн)
Дархан манай хувьсгалт улс
Даяар монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхөжнө.
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.
Ачит Ленин Сталины заасан
Ардын чөлөө, жаргалын замаар
Агуу Монгол орноо удирдсан
Ачит Сүхбаатар, Чойбалсан.
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.
Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв.
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг, бүхий чадлаар
Хайрт Монгол орноо мандуулья.

Хавсралт[засварлах | кодоор засварлах]

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]